Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Галбадрах: НӨАТ-ын буцаан олголтыг ажлын 45 хоногт дуусгавар болгоно


Ж.ЖАМУХА

НӨАТ-ын шинэ хуулийн дагуу иргэн, аж ахуй нэгжүүд аливаа худалдан авалтынхаа 20 хувьтай дүйх хэмжээний урамшууллыг жилдээ нэг удаа авах боломжтой болсон. Мөн худалдан авалт хийсэн баримтаараа НӨАТ-ын урамшууллын сугалаанд оролцож, азтан болох эрхтэй. Энэ жилийн буцаан олголт энэ сарын 15-аас эхлэх бөгөөд одоогийн байдлаар нийт 510 мянга гаруй иргэн авах эрхтэй болоод байна. Энэ тухай болон НӨАТ-тай холбоотой бусад мэдээллийг Татварын ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан татварын улсын байцаагч Н.Галбадрахаас тодрууллаа.

-Хэчнээн хүн НӨАТ-ын буцаан олголт авах эрхгүй болоод байгааг хэлэх боломжтой юу?
-Нарийн тоо хэлэх боломжгүй ч нийт 623 мянга гаруй иргэн НӨАТ-ын буцаан олголт авах боломжтойгоос 510 мянга гаруй нь бүртгэлээ баталгаажуулсан байна. Иргэд “ebarimt.mn” сайт дахь өөрийн мэдээллийн үнэн зөв байдлыг дахин нягталснаар буцаан олголтоо цаг тухайд нь авна. Урд оны баримтаа “ebarimt.mn” сайтад бүртгүүлэх хугацааг энэ сарын 8-ныг дуустал сунгасан, одоо бүртгэлийнхээ мэдээллийг засварлаж, нэгтгэж байна. Гааль татварын мэдээлэл технологийн төвөөс энэ сарын 15 гэхэд эцсийн байдлаар нэгдсэн мэдээ ирнэ. Түүнээс урьдчилсан байдлаар нарийн хэлэх боломжгүй.

-Буцаан олголт авах боломжгүй иргэд баримтаа бүртгүүлэхдээ голчлон юун дээр алдаж байгааг сонирхвол?
-Бүртгэл хийхдээ анхаарах ёстой хамгийн чухал зүйл бол татвар төлөгч иргэд, ялангуяа интернэт хязгаарлагдмал хөдөө орон нутгийн иргэд 131313 гэсэн тусгай дугаарт төлбөрийн баримтынхаа дугаарыг үнийн дүнтэй нь явуулдаг.
Энэ цахим шуудан буюу мессежний хариуд “Таны баримт амжилттай бүртгэгдлээ” гээд нэвтрэх нэр, нууц үгийг нь илгээдэг. Энэ зарчмаар баримтынхаа мэдээллийг оруулаагүй, магадгүй хувь хүн өөрөө дансны тохируулга хийхдээ овог нэр, регистр, утасны дугаар, банкны дансны дугаараа буруу оруулснаас үүдэж бүртгүүлсэн баримт нь хүчингүй болох тохиолдол бий. Энд нэг зүйлийг онцлоход бүртгүүлж байгаа банкны данс тань Монгол Улсад бүртгэлтэй, хамтран эзэмшигчгүй, өөрийн нэр дээр байх ёстойг анхаараарай. Иргэдийн зүгээс мэдээллээ сайн нягтлаагүйн улмаас данс дугаар зөрөх, хамтран эзэмшигчтэй данс бүртгүүлэх гэх мэт зөрчлүүд их гардаг. Мөн овог, нэр, регистрийн дугаараа кирилл үсгээр, алдаагүй зөв бичиж, мэдээллээ баталгаажуулах шаардлагатай байна. Бидний зүгээс энэ тухай холбогдох заавар зөвлөгөө өгсөн.

-40 гаруй мянган хүний зөрчилтэй гарсан гэсэн. Энэ үнэн бодитой тоо мөн үү?
-Дансны мэдээллээ оруулаагүй зөрчил их байна. Угтаа “ebarimt.mn” рүү мессежээр худалдан авалт хийсэн баримтаа илгээчихдэг. Улмаар тухайн гар утасны дугаар дээр татварын албаны “ebarimt.mn” сайтад эрх үүсдэг. Гэтэл үүссэн эрхээрээ овог нэр, дансны дугаараа оруулалгүй орхих нь элбэг байна. Энэ мэт дутуу дулимаг мэдээлэлтэй, эсвэл интернэтгүй орчинд буй иргэд, ялангуяа хөдөө орон нутагт байгаа хүмүүсийн татварын буцаалт зөрчилтэй гарах нь их байна.

-Ямар ч интернэтгүй орчинд байгаа тохиолдолд хэрхэн бүртгэл хийлгэх боломжтой вэ?
-Ер нь, мессежээр ирсэн нэвтрэх нэр, нууц үгээрээ ин­тер­­нэттэй орчинд данс нээлгэх боломжтой. Мөн Татварын албаны 1800-1288 тусгай дугаар руу холбогдож мэдээллээ өгөөд дансаа нээлгэх боломжтой.

-Иргэдийн зүгээс дансны мэдээллээ шинэчилж, өөр­чилж болохгүй байна гэх санал гомдол гарч байсан?
-Баримт бүртгүүлэх хугацаа дууссан өдөр буюу энэ сарын 8-нд дата төв дээр систем унасны улмаас 4-5 цаг үргэлжилсэн саатал гарсан. Үүнтэй холбоотойгоор дансны мэдээллээ шинэчлэх, баримтаа бүртгүүлэхэд хүндрэл гарсан. Үүнээс үүдэж бүртгэлийн хугацааг сунгасан юм.
Одоогоор энэ онд худалдан авалт хийсэн баримт бүртгэх үйл явц хэвийн явагдаж байгаа. “ebarimt” программ болон “ebarimt.mn” сайтуудын үйл ажиллагаа доголдоогүй, хэвийн байгаа. Яахав, хоёр он солигдсон гэдэг утгаараа “ebarimt.mn” сайтын мэдээлэл болон “ebarimt” программын шинэчлэлээс үүдэж зөрүүтэй мэдээлэл гарсан байхыг үгүйсгэхгүй. Жишээ нь, iOS үйлдлийн системтэй “Apple” брэндийн гар утасны программ шинэчлэл оны дараа, 5, 6-нд хийгдсэн. Тухайн үед баримтаа бүргүүлсэн ч цаанаас өгөх хариу нь хэсэг хугацаанд идэвхгүй байснаас иргэдийн дунд болохгүй байна гэх ойлголт үүссэн байсан. Угтаа QR кодоо гар утсандаа бүртгүүлчихээд “ebarimt.mn” сайт руугаа ороод харахад бүртгэл баталгаажсан байсан. Одоо бол баримт бүртгүүлэхэд “iOS”, “Android” үйлдлийн системд аль алинд нь хэвийн байгаа.

-Буцаан олголтын дараалал ямар байх вэ?
-Хувь хүн өнгөрсөн оны арван­хоёрдугаар сарын 31-ний 23:59 цаг хүртэлх хуга­цаанд хэвлэгдсэн барим­таа бүртгүүлсэн байх шаард­лагатай. Гааль татварын технологийн төв энэ сарын 15-ны дотор мэдээллийг нь хувь хүн бүрээр гаргаж, Татварын ерөнхий газрын орлогын газарт илгээж, мэдээллийг хянан баталгаажуулснаар Сан­гийн яамны орлогын газарт хүр­гүүлнэ.
Үүнээс хойш төрийн сан ажлын 45 хоногт багтаан хувь хүний бүртгүүлж баталгаажуулсан данс руу буцаан олголтыг шилжүүлнэ. Буцаан олголт хийгдэж эхэлс­нээс хойш буцаан олголтын мэдээллийг “ebarimt.mn” сайтын хэрэглэгчийн хэсэгт хянагдаж байгаа, баталгаажуулалт, урамшууллыг шилжүүлсэн, “урамшууллыг олгосон”, “бу­цаагдсан” зэрэг төлвүүдээр харуулах болно. Түүнчлэн, энэ оны эхний улиралд багтаан 30 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт хийхээр төлөвлөсөн. Ерөнхийдөө энэ оны төсөвт НӨАТ-ын буцаан олголт болоод сугалааны тохиролд олгохоор нийт 80 тэрбум төгрөг төсөвлөсөн.

-Өнгөрсөн онд НӨАТ-ын сугалааны тохирол хэдэн удаа явагдаж, иргэд хэчнээн төгрөгийн хонжвор авсан нь сонирхолтой байна?
-2016 онд цахим төлбөрийн баримтын 18 удаагийн тохирол болж, нийт 79 мянга 200 гаруй хүн 3.2 тэрбум төгрөгийг азтан болсон байна.

-Нийт хэчнээн ба­римт хэвлэгдэж хэд нь баталгаажсан бэ. Түүнчлэн, интернэт болон мессежээр бүртгүүлсэн иргэдийн тоо ямар харьцаатай байв?
-Өнгөрсөн онд нийт 889 мянга 685 иргэн “ebarimt” системд бүртгүүлснээс 767 мянга нь портал сайт болон гар утасны аппликейшн ашигласан бол 121 мянга нь мессежээр бүртгүүлсэн байна. Мөн 196 сая ширхэг төлбөрийн баримт хэвлэгдсэнээс 75 сая 813 161 нь баталгаажжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан