Эрүү, Зөрчлийн хууль С.Бямбацогт сайдын үед нүд анив
2017 оны 1 сарын 11

Б.БИЛГҮҮН

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн, дэмжлээ. Цаашид Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж, түүнийг нь дагаж мөрдөнө гэж ойлгож болох юм.
Гэтэл бидэнд 2002 оноос хойш ярьж байж гаргасан Эрүү, Зөрчлийн гэх “бэлэн хоол” бий. Энэ хоёр хуулийг батлахын тулд дээр, дооргүй хөдөлж, баталсныг нь тайван замын хувьсгалтай хүртэл адилтган ярьцгааж байсан. Гэтэл МАН Засгийн эрхэнд гарснаар бүх зүйл алга урвуулахын дайтай өөрчлөгдөж, өнөөх хуулийн үзэл санаа, зүйл анги бүрийг газрын гаваар ортол муулах болжээ. Эхэндээ, хуулийн хэрэглэх хугацаа нь давчуу, сурталчилгаа бага гэж байсан бол хэдхэн сарын дараа “шоронжсон хууль”-иас татгалзах нь зөв хэмээн ухуулж, өөрсдийн бэлдсэн хуулийг “хос”-гүй хэмээн сурталчлах болов. Ингэснээр өмнөх Засгийн газар, эгэл жирийн олон хуульч, иргэдийн оролцоотой бүтсэн Эрүү, Зөрчлийн хуулийг хэрэглэж үзээгүй байхдаа буюу хүнээр бол “абортлох” дайтай “хөнөөв”.
Гэтэл Эрүүгийн хуулийг салгах болоод, Зөрчлийн гэх хуультай болсон нь манай нийгэмд цоо шинэ зүйл болсон. Зөрчлийн хуулиар гэхэд л 220 гаруй хуульд байсан зөрчлийг нэгтгэж, энэ бол зөрчил, энэ бол гэмт хэрэг гэдгийг ялгаж салгаж эхэлсэн юм. Энэ нь “...Бүхэлдээ, Монголын эрүүгийн эрхзүйн шинжлэх ухааны хөгжил, практикт үндсэн эргэлт болж, хуулийн философи өөрчлөгдсөн...” гэж хуульчид үзэж, хүний эрх талаасаа дэвшил болсон гэж дүгнэж байсан юм. Жишээ нь, нэр томьёоны хувьд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас “татгалзаж”, шүүх эрх мэдлийг хараат бус илүү нээлттэй болгох эрх зүйн шинэчлэлд орж, байцаан шийтгэх гэсэн “социалист” үгийг шалган шийдвэрлэх болгож, эрүүгийн гэдгийг гэмт хэргийн зэргээр зөөлрүүлж, эрх зүйн шинэчлэлийн суурийг өөрчилж эхэлсэн юм. Тухайлбал, гэрийн хорио, эрх хасах зэрэг зөрчлийн арга хэмжээг шинээр тусгасан. Гэрийн хорионоос гадна таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах зохицуулалт мөн орсон байв. Аль чиглэлийн унаагаар, хаагуур явж, хэнтэй уулзах эрхгүй зэргийг нь зааж өгнө гэсэн үг. Мэдээж, техник, технологийн хөгжилд суурилан, тухайн хүнийг “GPS” ашиглан хянах, цахим гав зүүх зэрэг олон улсад хэрэглэдэг хорихоос өөр төрлийн шийтгэл оруулсан нь маш том дэвшил байлаа. Ингэснээр тухайн ял эдэлж байгаа хүн ажил хөдөлмөр хийж, хохирлоо барагдуулах боломжтойгоос гадна, хамгийн гол нь үр хүүхэд, гэр бүлтэйгээ хамт байх боломжтой болж байв. Хэрвээ зааж өгснөөс өөр чиглэлд явах, хориглосон хүнтэй уулзах зэргээр зөрчил гаргавал гэрийн хорио нь хорих ял болон хувирдаг байхаар зохицуулж байсан юм. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “...440 заалт гэмт хэрэг 100 хувь хорих ялтай болчихсон байсан. Эсрэгээрээ жинхэнэ шоронжуулах хууль баталсан байсан...” гэж өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн юм. Гэвч, анхнаасаа ийм байдлаар харлуулж, цаашдаа хуулийг бүр мөсөн байхгүй болгох гэж байгаа талаар АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ нэг бус удаа хэлж байсан удаатай.

Жишээ нь, “...Нэмж шорон барих шаардлага ерөөсөө байхгүй. Бидний шинээр гаргах хууль дүрмээр хоригдож байгаа хүн буурна уу, гэхээс нэмэгдэхгүй. Хоригдлын тоог аль болох бууруулах, хүний эрхийг дээрдүүлэх чиглэлийн хуулиудыг санаачилж оруулсан. Хорихоос бусад хэлбэр загварыг оруулсан хууль байсныг цохож хэлмээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын одоо ажиллаж байгаа орон тоотой тэнцэх орон тоог ч нэмэх шаардлага байхгүй. Тийм судалгаа тооцоо ч байхгүй. Ийм үндэслэлгүй толгой тархийг угаасан ядмаг тайлбараар Эрүү, Зөрчлийн тухай хуулийг буцаах гэж байгаа нь харамсалтай байна. Нэгэнт хүчин төгөлдөр болсон батлагдсан Эрүү, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулна гэдэг хэрэгсэхгүй болгох эхний алхам гэж АН-ын бүлэг харж байгаа” гэсэн нь хэлснээр болж, өнөөдөр Эрүү, Зөрчлийн хуульгүй, одоогийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа билээ.

Мөн хуулийн сурталчилгаа хийгээгүй гэх нэрийдлээр хуулийн төслийн хэрэгжих хугацааг хойшлуулах гэж байсан нь ч шалтаг төдий гэдгийг бид одоо бүр сайн мэддэг болж байна. Аргаа барсандаа УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл хүртэл Төрийн ордонд шаргал цамцтай орж ирсэн нь саяхан. Тэрээр “Хууль зүйн сайд С.Бямбацогт ард түмэнд сурталчлагдаагүй учраас хойшлуулах гэж байна гэж хэлж байна. Энэ бол дээд зэргийн үндэслэлгүй тайлбар. Би сурталчилсан гэдгээ батлахын тулд шаргал хувцас өмсч ирлээ. УИХ-ын түрүүчийн парламентад байсан эмэгтэй гишүүд эдгээр долоон хуулийг баталсны дараа бүгдээрээ шаргал цамцтай ирээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цогц бодлоготой боллоо гэж өргөн сурталчилгаа явуулсан...Бид 20 гаруй жил хүсэн хүлээсэн эрүүгийн тогтолцоогоо хийсэн. Үүнээс Монгол Улс ухарч болохгүй. Ухарвал хүүхдийн амь нас, эрүүл мэнд, өдөр тутам учирч байгаа хохирогчдын зовлонгоор төлөгдөнө. Муухай үгээр хэлмээргүй байна. Гэхдээ хуулийг ухрааж байгаагаас зовлон, чарлаан, тарчлаан үнэртэж байна. Хаалттай хаалганы ард байдаг зовлонг дуусаасай л гэж бид энэ хуулийг гаргасан шүү дээ” хэмээн халаглаж байв.
Харамсалтай нь, Эрүүгийн хуулийн шинэчлэлийг анхнаасаа дэмжээгүй С.Бямбацогт эрх мэдэлд хүрсэн даруйдаа, олон хүний хөдөлмөөрөөр бүтсэн шинэчлэлийг зогсоож, өөрийнхөө хүссэнээр “эрүүдэн шүүх” болов. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.