Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эхний ээлжинд дотоодынхоо мах, сүүний хэрэгцээг хангана


Монгол Улсыг дэлхий нийт нүүдлийн соёл иргэншилтэй  мал аж ахуйн орон хэмээн тодорхойлдог. Гэтэл манай улс нөхөн төлждөг нөөц баялаг болдог нийт ажиллах хүчний 55 гаруй хувийг ажлын байраар хангаж буй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбараа хөгжүүлэх боломж, бодлогын үйл ажиллагаагаар хомс байна хэмээн тус салбарынхан үздэг.

Тэгвэл эдийн засаг хямралтай байгаа өнөө үед мал аж ахуйн салбарыг түшиглэн эдийн засгаа хөгжүүлэх талаар салбарын сайд П.Сэргэлэн Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын  удирдах ажилтны зөвлөгөөний үеэр онцлон хэлсэн юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ удаагийн зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ХХААХҮЯ-ны  харьяа газар, хэлтсийн дарга нар болон 21 аймгийн ХХААГ-ын  дарга нар оролцлоо.

ХХААХҮЯ-наас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг энэ сарын 1-нээс эхлүүлснээ зарлсан. Тус аяны хүрээнд эхний ээлжинд аймгуудын махны бэлтгэх, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг эрчимжүүлж, малыг эрүүлжүүлэх асуудалд ОХУ-тай хамтран ажиллахаар болсон юм.
70 сая малтай манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд зургаан сая толгой малын мах бэлтгэж экспортод гаргах, 400 гаруй сая литр сүү боловсруулах боломжтой. Гэвч техник тоног төхөөрөмж хуучирсан, түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоо, малын өвчлөл зэрэг олон шалтгаанаас үүдэн экспортод гаргах битгий хэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүй.

Иймд цаашдаа бүх аймгаар явж мах, сүүний чиглэлээр аль аймгийг түлхүү хөгжүүлэх боломжтойг яамны мэргэжилтнүүд судлах юм байна. Энэ хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс эхлээд шийдэх олон асуудал байгааг салбарын сайд нь хэлж байсан. Аяныг хэрэгжүүлснээр дотоодынхоо хэрэгцээг хангахын зэрэгцээ, экспортоо нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн салбарыг улс орны эдийн засгийн тулгуур салбарын нэг болгохоор зорьж байгаа гэнэ. Манай улс зөвхөн ОХУ-аас жилд 4000-6000 тонн шингэн сүү, 200-400 тонн тараг, 1800-2200 тонн хуурай сүү импортоор авдаг. Харин “Мах сүүний анхдугаар аян”-ыг эхлүүлж, дотоодын хэрэгцээгээ хангаснаар сүүнд зарцуулж буй их хэмжээний мөнгө дотооддоо үлдэх юм. Энэ талаар Төв аймгийн ХХААГ-ын дарга Б.Баасанжав “Манай аймагт гурван мах боловсруулах үйлдвэрийн суурь бий. Мөн махны хэд хэдэн цехтэй. Одоо үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглах талаар яригдаж байгаа. Хүнсний аюулгүй байдалтай холбогдуулан  мах нядалгааны анхан шатны жижиг цех байгуулах зорилт тавьсан. Үүнийг сум орон нутгийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан хийнэ. Ингэснээр хээрийн бой хийхгүй гэсэн үг. Мах бэлтгэл суманд байгуулсан нядалгааны цехээр дамжаагүй тохиолдолд махны ариун цэврийн шинжилгээний бичгийг олгохгүй байх зохицуулалт хийж байна.

Сүүний тухайд манай аймгийн малчид олон сая литр сүүг хот руу нийлүүлдэг. Сүүний сүлжээнд орсон сумдынхаа сүлжээг сайжруулж, ашиглалтыг нэмэгдүүлнэ. Одоо сүүгээ хот руу тээвэрлэх боломж муугаас малчид ч малаа саах нь багасч байна. Тиймээс сүүгээ тухайн суманд нь төвлөрүүлж тэндээ цөцгий эсвэл масло үйлдвэрлэдэг байя гэсэн зорилттой.  Мөнгөнморьт, Эрдэнэ сумаас төвлөрүүлж чадахгүй байгаа их хэмжээний сүүгээ тэнд нь боловсруулж, нийт малаас авах сүү сүүн бүтээгдэхүүний ашиг шимийг нь дээшлүүлж түүнийг цуглуулж, нийслэлийн хэрэглэгчдэд хүргэх талаар төлөвлөгөөт арга хэмжээ авна. Гол нь, зун сүү тээвэрлэж хот руу нийлүүлэх нь бэрхшээлтэй байна” хэмээн ярьсан юм.

Харин Архангай аймгийн ХХААГ-ын дарга Х.Гомбодорж “Манай аймаг эдийн засгийн тэргүүлэх салбараа мал аж ахуй гэж тодорхойлсон. 2016 онд таван сая мал тоолуулж малын тоогоороо улсад гуравдугаарт орсон. Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхдээ малын тоо толгой бус чанарт анхааръя гэсэн зорилт тавиад байна. Мөн жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх, малаас гарч байгаа түүхий эдийг чанаржуулахаар ажиллана. Аймгийн малчид жилд ойролцоогоор 1,2 сая ширхэг арьс шир тушаадаг. Аймгийн хэмжээнд ойрын хугацаанд хөдөө аж ахуйн форум зохион байгуулахаар төлөвлөсөн. Мал үржүүлгийн зорилгоор зүүн зүгээс авчирсан 1000 гаруй мал бий. Харин аймгийн мал эмнэлгийн лабораторын барилга ашиглалтад ороод 50 гаруй жил боллоо. Одоо ашиглалтын хугацаа дуусч нурахад дөхчихөөд байна. Иймээс лабораторын барилгыг засварлах шаардлагатай” гэв.

Мөн орон нутагт ажилгүй байгаа иргэдийг ажлын байраар хангах нэг гарц нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Иймээс түүхий эдийн нөөцөд суурилж зорилтот зах зээлтэй уялдуулан үйлдвэржилтийн зураглалыг хийж “Үйлдвэржилтийн 21:100” хөтөлбөрийн хүрээнд зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх аж. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулсан ч одоогоор дорвитой үр дүн харагдахгүй байгаа тооцоо судалгаагүй зээл олгосноос орон нутагт ихэнх үйлдвэр дампуурч байгаа тухай чуулганы үеэр яригдаж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан