Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Н.Энхбаяр, С.Жавхланд зориулсан хууль”


Л.НОМИН

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслөөр бусад намуудыг оролцуулан хэлэлцүүлэг хийлээ.
Монгол Ардын нам, Монголын Үндэсний ардчилсан нам, Ногоон нам, Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Уламжлалын нэгдсэн намын төлөөлөл хэлэлцүүлэгт ирсэн бол Сонгогчдын боловсрол төв зэрэг судалгааны зарим байгууллагынхан ч оролцсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нэр дэвшүүлэхээс эхлээд санал хураах, санал тоолох, хариуцлага тооцох гэх мэт учир дутагдалтай заалт олон байгааг тэд ярьсан юм. Түүнчлэн зарим улс төрийн хүчний төлөөлөл эрх баригч байхдаа сонсохгүй байж сөрөг хүчин болохоороо жижиг намуудыг ашигладаг хэмээн бухимдлаа илэрхийлж ч амжлаа.

Л.Болд: 76 бие даагч парламентад сонгогдвол төрийн тэргүүнгүй байх нь

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшүүлэх шаардлагыг тусгахдаа УИХ-д суудалтай намууд дангаараа юм уу хамтарч нэг хүн нэр дэвшүүлэх эрхтэй хэмээн заажээ. УИХ-ын гишүүн Л.Болд эрх баригчдыг уг хуулийн төслийг яарч батлуулах гэж байгааг шүүмжлэв. УИХ-ын чуулганаар өчигдөр хэлэлцэхээр оруулж ирсэн ч ажлын хэсгийн ахлагч хуралдалгүйгээр Байнгын хорооны хурлаар зарчмын зөрүүтэй санал хураасан гэнэ. Тиймээс АН-ын бүлэг ажлын гурав хоногийн завсарлага авахыг хүссэн ч нэг л өдрийн завсарлага өгсөн. Хуулийн төсөлтэй танилцаж, судлах хугацаа олгохгүй шууд Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлах гэж яарч байгааг эрх баригчид өөрсдөдөө ашигтай байдлаар шийдэх гэсэн хэрэг хэмээн үзжээ. МАХН-ын гишүүн О.Баасанхүү ч гэсэн үүнтэй санал нэг байгаагаа хэлсэн.

УИХ-ын гишүүн Л.Болд “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхдээ парламентын бүтцээс хамаарч явж ирсэн. Гэтэл одоогийн өргөн барьсан төсөлд Үндсэн хуулиас давсан шаардлага нэр дэвшигчдэд тавьж байна. Парламентад бие даагч гишүүн байвал түүний аль нэг намд орох эсвэл өөрөө нам байгуулан нэр дэвшүүлэх боломжийг Сонгуулийн нэгдсэн хуулийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсэгт заасан. Гэтэл одоогийн хуулийн төсөлд энэ боломжийг хаасан. Хэрвээ 76 бие даагч УИХ-д сонгогдчихвол Монгол Улс түүхэндээ анх удаа төрийн тэргүүнгүй байх боломж бүрдэнэ гэсэн үг шүү” гэлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд Ажлын хэсгийн түвшинд зарчмын зөрүүтэй 64 санал гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 58-ыг нь дэмжиж, чуулганы хуралдаанд шилжүүлээд байгаа аж. Хэдхэн хоногийн өмнө буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд УИХ-д өргөн барьсан хуулийн төслийг энэ сарын 16-наас өмнө батлах гэж яарч байгааг зөвхөн эрх баригч МАН-ын нэр дэвшигчид л зориулсан хууль болгох нь хэмээн хардав.

Зургаан сар гадаадад байсан хүн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй  

Парламент дахь МАХН-ын ганц төлөөлөл УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хуудуутай хэмээн удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Мөн МАХН-аас хоёр ч удаа мэдэгдэл гаргаж, ийм байдлаар хүний эрхийг хааж боосон хууль батлахыг эсэргүүцэхээ мэдэгдсэн. Засгийн эрхийг аваад анх зохион байгуулах сонгуулийг шударга явуулна гэж МАН-ынханд найдсан ч талаар болж байна хэмээв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын даргын захирамжаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд ажлын хэсэг байгуулсан. Гэтэл ажлын хэсгийн гишүүддээ танилцуулалгүй шууд Байнгын хороонд зарчмын зөрүүтэй саналууд оруулж батлууллаа. Парламентад суудалтай улс төрийн гурван хүчнээс гурван субъект нэр дэвшинэ, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлыг төр хариуцна гэж ойлгож байтал өөрчлөгдсөн. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэр дэвшигчдийг хандив цуглуулахгүйгээр сурталчилгаа бусад зардлыг нь төр хариуцвал тэгш гараа болно гэсэн санал хэлж байсан ч түүнийг оруулаагүй. Нэр дэвшигчийг дүрмийнхээ дагуу улс төрийн намаас хассан бол гишүүн биш гэж үзнэ гэдэг заалт төсөлд бий. Үндсэн хуулиар хүн улс төрийн намд орох гарах эрх нь өөрийнх нь шийдвэр ёсоор тооцогдохыг заасан. Гэтэл хэн нэгнийг намаас хасаагүй гэх нь хүний эрхэнд халдсан зүйл болно. Энэ бүгдээс харахад МАХН-д хаалт хийх гэсэн хуулийн төсөл болжээ гэж үзэж байгаа” гэв.
Нэр дэвших шалгуурт, Монгол Улсад таваас доошгүй жил байнга оршин суусан байх гэж заажээ. Тэгэхдээ үүндээ тайлбар нэмж таваас доошгүй жилийн зургаагаас доошгүй сард нь гадаадад байсан бол эх орондоо амьдраагүй гэж үзэх гэнэ. Тухайн иргэн зургаан сар гадаад улсад эмчлүүлсэн эсвэл суралцсан бол нэр дэвших боломжгүй болно. Зургаан сар гэдэг тэр хүн Монголын нийгэм, амьдралаас тасрах хугацаа биш. Нэг нам дангаараа засгийн эрх барьж байгаа үед Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр ганцаараа нэр дэвших нь хэмээн МАХН-ынхан АН-ын бүлэгтэй санал нэг байгаагаа хэлэв.

Д.Оросоо: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн 97 хувь нь Сонгуулийн нэгдсэн хуулийн заалт

АН-ын хувьд Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороо энэ асуудлыг хэлэлцээгүй учраас одоогоор УИХ дахь бүлгийн байр суурь голлоно гэлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хариуцлагын тогтолцоо хэтэрхий сул байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тэд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр л торгоно гэж. Сонгууль будлиантуулна гэдэг төрийн эрхийг хууль бусаар авч байгаа гэсэн үг. Тэгтэл төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн хүмүүст торгууль тавьж л хариуцлага тооцох нь. Өнгөрсөн УИХ-ын болон НИТХ-ын сонгуулиар “царцааны нүүдэл” маш их гарсан. Сонгогч өөр дүүрэгт бүртгүүлсэн байхад түүнийг дахиж бүртгүүлж үү гэдгийг хянах тогтолцоо хуулийн төсөлд алга. Нэр дэвшигч бүртгүүлсний дараа шаардлага хангаагүй юм уу зөрчил илэрвэл Сонгуулийн ерөнхий хороонд шууд хасах эрх өгсөн байна. Тэгвэл СЕХ босоо тогтолцоотой, нэг улс төрийн нам дангаараа засгийн эрх барьж, сонгууль зохион байгуулах гэж байхад ийм зохицуулалт хийж болохгүй” гэв.

УИХ дахь АН-ын бүлгийн хуулийн зөвлөх Д.Оросоо “Сонгуулийн тухай одоо мөрдөж байгаа хууль дахь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хэсгийг одоо хэлэлцэж байгаа  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлтэй харьцуулж үзсэн. Тэгтэл 97 хувь нь одоогийн Сонгуулийн тухай хуулийн заалтуудыг хуулж авсан байна. Жишээ нь, одоогийн хуульд нэр дэвшигч материалаа дутуу юм уу хуурамчаар бүрдүүлсэн бол гэдгийг нэг заалтад тусгасан. Хуулийн төсөлд хоёр заалт болгон салгаж оруулсан байна. Сонгууль болохоос зургаан сарын өмнө чансаа тогтоох судалгаа явуулахыг хориглож байсан бол хуулийн төсөлд үүнийг зөвшөөрсөн. Энэ бол давуу байдал үүсгэх нэг боломж болно. Санал тоолох үед нөөц машин байхгүй бол гар аргаар тоолохыг хуульд оруулсан. Хуулийн төсөлд үүнийг хассан гээд дордуулсан заалт олон байна” гэж танилцуулсан. Үүнийг өмнөх парламентын үед Сонгуулийн тухай хуулийг боловсруулж батлуулсан гишүүний нэг Р.Бурмаа ч мөн хэлж байв. Харьцуулаад харахад нэмсэн болон өөрчилсөн зүйл нь бага учраас Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаад шийдэх боломжтой байж. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд бусад улс төрийн нам, төрийн бус байгууллага, судалгааны байгууллагын байр суурийг сонсч тусгаагүй алдааг хэллээ. “УИХ-ын тухай хуульд Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаж, заалт хүчингүй болох асуудал гараагүй. Үүнээс бусад тохиолдолд сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулийг өөрчлөхийг хориглодог. Нэр дэвшигчдэд Үндсэн хуулиас давсан шалгуур тавьж байгаа нь ч бас буруу. УИХ-ын болон НИТХ-ын сонгуулиар сонгогчийн саналын нууцлал алдагдсан явдал олон гарсан. Энэ алдаагаа СЕХ засаагүй байхад дахиад сонгууль зохион байгуулах нь” гэлээ. Харин МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй гэсэн санал хэлэв. Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол улс төрийн нөхцөл байдалд ахиц гарахгүйг намын дарга нь хөндсөн.
      
Нэг ч удаа хэрэглээгүй хууль хүчингүй болно

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудал парламентад суудалгүй зарим намд чухал асуудал биш бололтой. Төрийн эрхэнд байхдаа дуу хоолойг нь сонсоогүй бол өнөөдөр сөрөг хүчин болчихоод жижиг намуудыг ашиглах гэлээ хэмээн Ногоон намын дарга О.Бум-Ялагч ихэд бухимдав. Жил гаруйн өмнө одоогийн эрх баригч МАН сөрөг хүчин байхдаа жижиг намуудыг цуглуулан хуралдаж, уриалга гаргаж хамтарч ажиллая хэмээн найр тавьж байсан. Гэвч тэдэнд одоо жижиг намуудын хэрэг байхгүй болохоор тоож ч харахгүй нь мэдээж. Үүнээс сургамж авсан гэдгээ голдуу дарга хэмээх ганц хоёрхон хүний төлөөлөлтэй парламентад суудалгүй жижиг намынхан хэлж авав. МАН, АН-ын алинд ч итгэхгүй бие даагч С.Жавхлан гишүүнээр дамжуулан жагсаал цуглаан хийж, хувьсгал хийх юм бол оролцож нэгдэнэ гэдгээ Ногоон намын дарга хэлсэн. Өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын гишүүн байж МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд багтаж, дараа нь Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд орж дарга болсон Г.Уянга ч түүнтэй ижил бодолтой байгаа аж. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудал бусад намуудад хамаатай байх ёстой. “Одоогийн парламентад суудалтай намуудын гишүүнчлэлийг нийлүүлж үзэхэд 300 гаруй мянга болно. Парламентын гурван намаас нэр дэвшүүлнэ гэхээр 300 гаруй хүний эрхийг хангаж байна. Бусад намууд төдийгүй нийт иргэдийн эрхийг хангасан байдал нэр дэвшүүлэхэд харагдахгүй байгаа. Нэр дэвшүүлэхэд элдэв хаалт хийж байгаагаас харахад Н.Энхбаяраас их айж байгаа бололтой” гэж Г.Уянга хэлсэн. УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын таван гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд сэтгэл дундуур байгаагаа тэд ийнхүү илэрхийлсэн.

Монгол Улс 1993 оноос хойш зургаан удаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулж, дөрвөн Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль гурван удаа өөрчлөгдөж, одоогийнх дөрөв дэх нь болж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгууль анх 40 сая төгрөгийн төсвөөр явуулж байсан бол өдгөө 14-15 тэрбум төгрөг болж өссөн. Давхардсан тоогоор Ерөнхийлөгчийн зургаан удаагийн сонгуульд 17 хүн нэр дэвшин өрсөлдөж байж. Үүнээс 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн нам нэр дэвшүүлсэн нь хамгийн олон улс төрийн хүчний өрсөлдөөн юм. Тухайн үед буюу 2004-2008 оны УИХ-д МАХН /одоогийн МАН/ 37, “Эх орон Ардчилал” эвсэл 35 /Ардчилсан нам, Эх орон нам, Иргэний зориг нам/, Бүгд найрамдах нам нэг, бие даагч гурван суудалтай байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН, АН, БНН, Эх орон нам нэр дэвшүүлэн оролцсон. Тэгвэл 2013 оны буюу хамгийн сүүлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг 2012 онд баталсан хуулиар явуулсан. Уг сонгуульд парламентад суудалтай хоёр нам болон нэг эвсэл нэр дэвшүүлэн оролцсон. Бүх сонгуулийг нэгтгэсэн Сонгуулийн нэгдсэн хууль 2015 оны арванхоёрдугаар сард батлагдсан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийг огт ашиглалгүй хүчингүй болох нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан