Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Эрдэнэбат: Засгийн газар хэн нэгний бизнесийг дэмжих зорилгоор утаатай тэмцэхгүй


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй өчигдөр уулзлаа. “Засгийн газар гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифийг тэглэсэн. Салбарын яам “Ногоон зээлийн сан” бий болгож, орлого багатай айл өрхүүдэд шөнийн тоолуур, цахилгаан халаагуурыг зээлээр олгох боломж бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн энэ хавар, зун, намартаа цахилгаан эрчим хүчний хангамж, хүчдэлийн уналтыг шийдэх чиглэлээр тодорхой үүрэг өгсөн” гэлээ.

Засгийн газраас авч байгаа шат дараатай арга хэмжээнүүд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн төлөөлөл хэлэв. Цаашид иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, тэдний сонголт, идэвхтэй оролцоог дэмжих, шаардлага хангасан техник технологи, тоног төхөөрөмж худалдан авах урт хугацааны зээл, тусламжид хамруулах, аж ахуйн нэгжүүдийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх боломжийг судлан үзэхийг хүссэн юм. Түүнээс гадна агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа бүх аж ахуйн нэгжийн тэгш оролцоог хангаж, шударга өрсөлдөөнийг дэмжих шаардлагатай гэлээ. Дулаан үйлдвэрлэлийн техникийн төв байгуулах саналыг судлан үзэж хэрэгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллахыг Ерөнхий сайд холбогдох хүмүүст үүрэг болгохоо илэрхийлсэн.

Үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн санал, хүсэлтийг сонссоны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газар хэн нэгний бизнесийг дэмжих зорилгоор утааны эсрэг тэмцэхгүй. Айл өрхийг хамгийн сайн халааж чадах, хамгийн аюулгүй, эрчим хүчний хамгийн хэмнэлттэй шийдлийг л дэмжинэ. Ийм зорилгоор үзэсгэлэн зохион байгуулсан, энэ ч үүднээс та бүхэнтэй уулзаж байгаа.
Засгийн газар хэн нэгний бизнесийг сонгохгүй, бодлогоор дэмжихгүй, айл өрхүүдийг ав гэж тулгахгүй. Та бүхний өмнө зах зээлийг чинь нээж өгнө, та бүхний технологи, төхөөрөмжийг зах зээл өөрөө туршиж, хэрэглэгч өөрөө сонгоно. Хэрэглэгчдээ сонголт хийх боломжийг олгоно” гэсэн юм.
Засгийн газрын хуралдаанаас чиглэл өгсний дагуу хотын удирдлагууд Улаанбаатарт ирэх шилжилт хөдөлгөөнийг хориглож, энэ шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжсэн. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар өндөр насжилттай тээврийн хэрэгслийн импортыг үе шаттай хориглох талаар хэлэлцэн тодорхой санал боловсруулахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгоод байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан