Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Энх-Амгалан: Өвөлжилт хүндэрч харын зуд болох нөхцөл үүсээд байна


Б.МЯГМАРЖАВ


Манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 13 аймгийн 123  суманд өвөлжилт хүндэрчээ. Цаашид  цас нэмж орж, хүйтэрвэл нийт 17 аймгийн 127 суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй. Тиймээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлуудыг хангаж, шаардлагатай тусламжийг энэ долоо хоногоос малчдад хүргэх талаар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн мэдээллээ.
Тиймээс  орон нутгийн өвөлжилт болон мал аж ахуйн салбар, малчид руу хандсан ямар ажил хийж байгаа тухай Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалантай ярилцлаа.

-Манай улсын нийт нутгаар өвөлжилт хүндрэх төлөвтэй боллоо гэж мэдээлж байна. Танай аймгийн  өвөлжилт ямар байгаа вэ?
-Одоогоор манай аймгийн 12 суманд өвөлжилт хүндрээд байна. Аймгийн Засаг даргын захирамж гарч, Онцгой байдлын албаныхан өвөлжилт хүндэрсэн сумдад биечлэн очиж, нөхцөл байдалтай танилцаж байгаа.
Малчид өөрсдийн гар дээр байгаа өвс тэжээлийнхээ 30 хувийг хэрэглэсэн. Аймгийн удирдлагуудын зүгээс малыг сульдаагүй байхад нь  сайн тэжээх хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн. Дээрх сумдад мал бэлчихэд хүнд байгаа. Гол нь цас хатуурсан. Дээр нь аймгийн нутаг дэвсгэрт Дорноговь, Төв аймаг болон  Багануур дүүргээс мал отроор ирсэн. Зарим газар туурайн зуд буюу харын зуд болох эрсдэлтэй болсон. Малчдад харын зуд хамгийн хүнд бэрхшээл болдог. Энэ жил аймгийн хэмжээнд 18 сумын 88 багийн 6785 өрхөд ойролцоогоор 3.6 сая толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 6.2 сая толгой мал өвөлжих тооцоо байгаа.

-Засгийн газраас “Мах сүүний анхдугаар аян”-ыг эхлүүлсэн. Хэнтий аймаг аянд хэрхэн оролцох төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Өнөөдөр малчдын гар дээрээс борлуулж байгаа мах, малын гаралтай түүхий эд бүгд  ченжээр дамжиж үнэ нь хэд дахин нэмэгдэн хэрэглэгчдэд хүрч байна. Энэ нь нэг талаас малчид, нөгөө талд нь хэрэглэгчид хохирдог. Малчдын гар дээр борлогдоогүй хэдэн мянган тонн мах байна. Үүнийг сүлжээгээр борлуулж малынхаа ашгаар малдаа тэжээл, эмийн бодис авах нөхцөл бололцоог төрийн зүгээс олгох байх. Иймээс анхан шатны нэгжтэйгээ ойр харилцах үүднээс төрийн зохицуулалт хийлээ. Яалт ч үгүй энэ сүлжээг үгүй хийхэд “Мах сүүний анхдугаар аян” үр өгөөжөө өгөх ёстой. Дотоодын мах сүүнийхээ хэрэгцээг  хангахын тулд малаа эрүүл байлгах хэрэгтэй. Эрүүл малтай байхын тулд мал эмнэлгийнхээ системийг зөв зохион байгуулалтад оруулах шаардлагатай. Улсын мал эмнэлэгтэй болж орон нутагт мал эмнэлгийн газар байгуулахаар болсон.

-Аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлж байна вэ. Голдуу ямар төрлийн үйлдвэр цех илүү хөгжиж байна?
-Өнгөрсөн хугацаанд орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж ажлын байр бий болгоход багагүй мөнгө зарсан байдаг. 2016 онд гэхэд улсын хэмжээнд хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулсан гэсэн тоо гарсан байна. Гэтэл эргэн төлөлт, эргэлтийн мөнгөгүй болсон олон аж ахуйн нэгж цөөнгүй. Эргэлтийн хөрөнгөгүй болж зогссон үйлдвэрүүд ч бий. Зарим нэг газар тооцоо судалгаагүй нэг төрлийн бүтээгдэхүүн олон үйлдвэрлэснээс болж борлуулах зах зээлгүй болсон. Иймээс цаашид төрөөс үйл ажиллагааг зөв талаас нь дэмжих хэрэгтэй. Яахав ашигтай ажилладаг ганц хоёр үйлдвэр бий. Манайд голдуу оёдол болон гутлын цех, талх нарийн боовны үйлдвэр байдаг.

-Хэнтий аймагт малын өвчлөл хэр байна вэ. Аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс  малаа эрүүлжүүлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна?
-Малын өвчлөлийг бууруулахад орон нутагт анхан шатны нэгжээсээ эхлэн анхаарч ажиллах ёстой. Гэвч өнөөдрийн нөхцөлд орон нутагт тэгж ажиллах боломж тааруу. Наад зах нь, мал эмнэлгийг хувьчилсан. Тиймээс малчид тэр бүр малаа вакцинжуулж эрүүлжүүлэхэд анхаардаггүй. Малыг эрүүлжүүлэхийн тулд малд хийж байгаа вакцины үр дүн чухал. Мөн мал эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох шаардлагатай. Манай аймагт 18 суманд 53 аж ахуйн нэгж бий. Энэ 53 аж ахуйн нэгж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж чаддаггүй. Энэ жил хоёроос дээш мал эмнэлгийн нэгжтэй сумд мал эмнэлгийн үйлчилгээ буюу нэгдсэн лаборатори байгуулж ажиллахаар төлөвлөөд байна. Ингэснээр малчид мал эмнэлгийн үйлчилгээг нэг цэгээс авах боломж бүрдэнэ. Манай аймагт малын цэцэг өвчин гарсан. Одоогоор Өмнөдэлгэр сумын Баянзүрх, Наран гэсэн хоёр багт цэцэг өвчин гарч хорио цээр тогтоосон.

-Малыг эрүүлжүүлэхээс гадна малын үржил угсааг сайжруулснаар малчдад өгөх үр өгөөж нь нэмэгдэнэ. Малын үржил угсааг сайжруулах талаар юу хийж байна вэ?
-Аймгийн хэмжээнд нийт найман үржлийн аж ахуй бий. Тиймээс малын үржил угсааг сайжруулахаар эхний ээлжинд бог малын үржүүлгийг мэргэжлийн байгууллага хийхээр төлөвлөсөн. Үүнд 650 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Нэг удаа ингэж хөрөнгө оруулахад малаас гарах ашиг шим даруй хэд дахин нэмэгдэнэ. Нэг суманд багадаа 22 сая төгрөгөөр малын үржил угсааг сайжруулахад зарцуулах юм. Мөн малчид ч малын үржил угсааг сайжруулах талаар санаа зовохгүй  мэргэжлийн мал эмнэлгийн эмч гардан хийнэ.

-Дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангахад Хэнтийнхний оролцоо их байсан гэдгийг салбарын сайд онцолж байсан. Газар тариалангийн хувьд ямар төлөв байдалтай байна вэ?
-Аймгийн хэмжээнд газар тариалан эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгж бий. Гэвч цөөн хэд нь үйл ажиллагаа явуулдаг. 57 мянган га эргэлтийн талбай ашигладаг. Үүнээс өнгөрсөн жил 33 мянган га-д тариалалт хийсэн. Нийт 9.8 тоон улаанбуудай хураан авсан. Газар тариалангийн бүс нутагт болох зүүн хойд сумдаар ид ургацын үеэр гантай байсан учир ургац тааруу байсан. Мөн намар оройтож бороо орсноос энэ жилийн буудайн болц муу байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан