Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХДХВ, ДОХ-ын халдварын 226 тохиолдол бүртгэгдсэн гэв


-Бэлгийн замын халдварт өвчтэй иргэдийн 42 хувийг 15-24 насныхан эзэлж байна-

Ж.ЖАМУХА

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Тандалт, судалгааны албанаас улсын хэмжээнд ХДХВ, ДОХ-ын халдварын 226 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээллээ. Түүнчлэн, бэлгийн замаар дамжих халдварт өвчний тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн аж. Тэр дундаа тэмбүүгийн халдвар 15-29 насныхан дунд өндөр байгааг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс зохион байгуулсан ХДХВ, ДОХ-ын асуудлаарх уулзалтын үеэр албаныхан онцолжээ. Зөвхөн өнгөрсөн оны байдлаар бэлгийн замаар дамжих халдварын 45.9 хувийг тэмбүү эзэлж байсан бөгөөд энэ нь өмнөх оны үзүүлэлтээс 788-аар нэмэгдсэн тоо аж. Тмбүү өвчний халдвар 2005-2010 онд тогтвортой байсан бол 2011 оноос хойш тогтмол өсөлттэй гарах болсон гэв. Ялангуяа бэлгийн замын халдварт өвчтэй иргэдийн 42 хувийг 15-24 насныхан эзэлж байгаа нь өсвөр насныхан болоод залуусын дунд өвчлөл өндөр байгааг илтгэнэ. Бэлгийн замаар дамжих халдварын тархалт их байгаа нь эргээд ХДХВ, ДОХ-ын халдварыг нэмэх хүчин зүйл болж буйг “Залуус-эрүүл мэнд төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж уулзалтын үеэр онцолж байв. Мөн заг хүйтэн, тэмбүү зэрэг өвчлөл жилд дунджаар 16 мянга бүртгэгдэж байгаа нь ХДХВ-ийн халдварын эсрдэл өндөр байгааг илтгэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ХДХВ-ийн халдвар авсан 226 тохиолдол бүртгэгдсэний 80 гаруй хувь нь эрэгтэйчүүд байна. Өнгөрсөн оны байдлаар ХӨСҮТ-д 400 гаруй мянган иргэн ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ өгчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан нэг халдвар тээгчийн ард хэдэн хүн байх вэ гэдэг тандалт судалгааг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд явуулснаас 450 гаруй хүн ХДХВ, ДОХ-ын халдвартай байх магадлалтайг тогтоосон байна.

Тэгвэл НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад ХДХВ, ДОХ-ын халд­вартай иргэдийн эрх, урьдчилан сэргийлэх ажлын хэрэгжилт ямар байгааг судалж, Засгийн газарт тодорхой зөвлөмж хүргүүлжээ. Уг зөвлөмжид дурдсанаар нэн тэргүүнд ХДХВ, ДОХ-той хүмүүсийн эрүүл мэндийн тусламж авах, хөдөлмөр эрхлэх, нийгмийн халамж хүртэх эрх ихээр зөрчигдөж буйг сануулсан байна. Мөн ХДХВ, ДОХ-ыг илрүүлэх шинжилгээний нууцыг чандлан хадгалахад анхаарах хэрэгтэйг сануулжээ. Улмаар үүнтэй холбоотой хууль эрхзүйн орчныг сайжруулахыг зөвлөсөн байна. Мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, ДОХ-ын асуудлаар Үндэсний хороо байгуулах, ДОХ, ХДХВ-ийн халдвартай иргэдийг ялга­варлан гадуурхалтай тэмцэх, хохи­­рогчийг хамгаалах, ялга­вар­­лан гадуурхалтын эсрэг хуультай болж, өдөөн хатгаж, үзэн ядсан үг хэллэг, хүчирхийллийн эсрэг тэмцэхийг зөвлөжээ.

Цаашлаад ЛГБТ хүмүүсийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах, бэлгийн чиг баримжаа, хүйсээр ялгаварлахыг гэмт хэрэгт тооцох, олон ний­тийн ойлголт хандлагыг нэмэг­­дүүлэх, ялгаварлан гадуур­халтай холбоотой мэдээлэл цуглуулж, статистик гаргахыг зөвлөмждөө дурьдсан байна. Өнөөдрийн байдлаар дээрх өвчлөлүүдтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагаанд төсөв хөрөнгө хангалтгүй байдаг нь гол асуудал болжээ. Тухайлбал, аймаг, сум, дүүргийнхээ иргэдэд эдгээр өвчнөөс сэргийлэх, тогтмол хяналт тавих ажилд төсөв хөрөнгө хангалтгүй байдаг аж. 2010-2013 оны хоорондох судалгааг авч үзвэл ХДХВ, ДОХ-ын эсрэг үндэсний хэмжээнд зарцуулсан нийт төсвийн 80 хувийг “Глобал” сан гаргажээ. Харин 37 хувийг улсын төсвөөс, таван хувийг хувийн хэвшлийнхэн гаргасан гэх тооцоо байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан