Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол дээл моодонд орох цагаар


Б.ЦЭДЭВСҮРЭН

Монголын уламжлалт баяр болох Цагаан сар болоход нэг сар хагасын хугацаа үлдэж. Хэн хүнгүй л баярын гоёлоо бэлтгэх гэж байгаа болов уу. Сүүлийн үеийн загварын чиг хандлагыг харж байхад монгол дээлийг зөвхөн баяр ёслолоор өмсдөг ойлголт халагдаж байх шиг. Учир нь монгол дээлний үндсэн элементүүдийг нь эвдэхгүйгээр өдөр тутмын хувцас урлаж түүнийгээ түлхүү хэрэглэх болж.

Монгол дээл орчин цагт моодонд орж, оргил үедээ хүрч байна гэхэд буруудахгүй л болов уу. Учир нь алдартай загвар зохион бүтээгчид монгол дээлний загварыг сонирхож, цуглуулгандаа монгол дээлнээс сэдэвлэсэн загваруудыг ч оруулах болов. Дэлхийн одууд монгол дээлээр гоёж байна. Нэг үе баяр ёслолгүй үед монгол дээл өмсөөд гудамжаар алхаж байвал хөдөөнийхд тооцогддог байсан бол одоо харин ч үндэсний хувцсаараа гоёчихсон хүнийг хараад бахархдаг болж. Залуучууд ч нэг сайхан монгол дээлтэй болох юмсан гэсэн үгсийг амнаасаа унагадаг үе ирж. Зах зээлээ дагаад үндэсний хувцас урладаг загварын салонууд ч олноор үүдээ нээж, оёдлын газрууд үндэсний хувцасны захиалгад дарагдах болсон байна. Тиймээс монгол дээлний талаар бэлтгэсэн сурвалжлагаа Цагаан сарын баярын гоёл бэлтгэхээр зэхэж байгаа энэ үетэй хамтатган хүргэж байна.

Прада Монгол дээлийг онцолж, дэлхийн од монгол дээлээр гоёв

Дэлхийн алдарт “Прада” брэнд өнгөрсөн есдүгээр сард 2017 оны “SS17” хавар, намрын цуглуулгаа Миланы загварын долоо хоногийн үеэр танилцуулсан. 2017 оны хавар, намрын цуглуулгын дизайнераар Кристофер Раебурн ажилласан бөгөөд зарим загварынхаа санааг монгол дээлнээс авснаа дэлгэсэн билээ. Тэрээр шинэ санаа олохын тулд манай улсад хоёр ч удаа ирж байсан аж.
Тэгвэл Glamour сэтгүүлийн нэрэмжит “оны шилдэг эмэгтэй” шалгаруулах 26 дахь удаагийн ёслолын арга хэмжээн дээр “VOGUE” сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур Монгол дээлээр гоёсон байв. Тэрээр Миучча Прадагийн урласан монгол дээлний энгэртэй, бор шаргал өнгийн атласан материалтай даашинз өмссөн байсан нь тун ч загварлаг харагдаж байсан. Мөн түүний даашинзинд бүсний оронд хажуу ташаандаа хумисан гоёл оруулж, уламжлалт хэв маягийг эвдсэн байв.

Монгол дээл өдөр тутмын гоёл болжээ

Монголдоо л хамгийн томоохонд тооцогддог “Гоёл” наадмаар ирэх жилийн загварын чиг хандлага тодорхойлогддог гэхэд болно. Тэгвэл тус наадамд танилцуулагдсан загваруудаас харахад монгол дээлний үндсэн элементүүдийг хадгалсан ч өдөр тутамдаа өмсч болох загварууд үндэсний хувцасны төрлийг зонхиллоо. Хүннү захтай эртний дээл нэг хэсэг трэнд болж байсан бол одоо уламжлалт загвар эргэн сэргэж байна.

Эдийн засгийн хямралын үед заавал монгол дээл шинээр хийлгэж, худалдаж авах гээд байхгүй охид бүсгүйчүүд маань өөрт байгаа юбка, өмдөн дээрээ үндэсний хувцасны загвартай цамцыг хослуулж өмсч болохоор. Залуучуудын хувьд ч ялгаагүй. Тааран даавуунаас эхлээд төрөл бүрийн материал бүхий цамцнуудыг загварын салонууд санал болгож байна.

Өнгөний хувьд томоохон загварын шоунуудад танилцуулагдсан загваруудаас харж байхад байгалийн өнгө трэнд болж байна. Нарыг санагдуулам шаргал, зуны илэрхийлэл ногоон, бүсгүйчүүдийн мөн чанарыг тодотгосон ягаан болон мөнгөлөг өнгө ноёлох нь. Үүнээс гадна бүсгүйчүүдийн гоёлын хувьд мөрөө гаргасан загварууд ноёлж байгаа бол эрчүүдийн хувьд “street style” зонхилж байна. Тиймээс эдгээр чиг хандлагад нийцүүлэн этник загварыг сонгож цагаан сараар гоёж болох нь.

Үндэсний хувцасыг иж бүрдлээр нь...

Сүүлийн үед үндэсний хувцасыг иж бүрдлээр нь хэрэглэх болсонтой холбоотойгоор загварын шинэ давалгаа түрэн гарч ирж байна. Өөрөөр хэлбэл загварын салонуудад эрэлттэй байгаа захиалгуудыг харж байхад бүсгүйчүүд үндэсний загвартай даашинзыг гадуурх ууж, толгойн гоёлтой нь хамт захиалдаг болж. Харин эрчүүд монгол цамцыг өмдтэй нь хослуулан өмсдөг болжээ.
Өнөө жилийн гоёл наадмын “Шилдэг уламжлалт хувцас”-ны дизайнераар “Ур ундрах” ХХК загвар зохион бүтээгч Баасансүрэн шалгарсан. Түүний цуглуулганд багтсан загваруудын онцлог нь хатгамал болон зээгт наамлаар чимэглэсэн байв. Үнэ ханшны хувьд зээгт наамлаар чимэглэсэн гоёлын хос дээл эрэгтэй загвар нь 750 мянган төгрөг, эмэгтэй нь 700 мянган төгрөг аж. Харин бүсгүйн сувдан толгойн гоёл болон эрэгтэй хүний малгай тус тус 95 мянган төгрөг аж. Мөн зээгт наамалтай эрэгтэй цамц 155-210 мянган төгрөг, энгийн цамц материалаасаа хамаараад 65 мянган төгрөгийн үнэнээс эхлээд гарах юм билээ. Харин хүүхдийн цамц 35-65 мянган төгрөг. Эрэгтэй өмд 130-140 мянган төгрөг гэнэ. Мөн тус компаниас үндэсний хэв маягийг шингээсэн гутал урлаж байгаа бөгөөд үнэ ханшийн хувьд эрэгтэй гутал 290 мянган төгрөг, эмэгтэй гутал 280 мянган төгрөг байдаг аж.

Харин дээд зэргийн үйтэн хуараар урлаж, шигтгээгээр чимэглэсэн даашинз, ууж нийлээд 550 мянган төгрөг бол уужийг нь салгаж авбал 330 мянган төгрөг гэж байна лээ. Гэхдээ эдгээр үнэ нь захиалгаасаа хамаараад материалын үнэ нь хэлбэлздэг талаар ч дуулгасан.
“Ур ундрах” ХХК бол үндэсний хувцасны салонууд дундаа томоохонд тооцогддог. Тиймээс дээрх үнэ харьцангуй үнэтэйд тооцогдоно. Хэрэв материалаа аваад, хувцас захиалгын газруудаар хийлгэвэл хямд тусдаг болохыг манай уншигчид надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.
 
Бүсгүйчүүдийн гоёлын үнэ ханш

Бүсгүйчүүдийн эмэгтэйлэг төрхийг тодотгодог зүйл бол мэдээж дэгжин гоёлууд. Сүүлийн үед торгон утсан гоёл буюу “сутаж” трэнд болж байна. Энэхүү гоёл нь зүүж хэрэглэхэд хөнгөнөөс гадна үндэсний хувцсан дээр илүү тохирдог аж. Дэлхийн миссийн тэмцээнд үндэсний хэмжээнд хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн А.Баярцэцэг л гэхэд тэмцээний үеэр “Сийлэн гоо” брэндийн торгон утсан ээмгээр гоёж байв. 

Торгон утсан гоёл урладаг салонууд олноор үүд хаалгаа нээж, зарим нь бүсгүйчүүдэд сургалт явуулж байгаа аж. Мэдээж хүний хийчихсэн зүйлийг худалдаж авснаас материалыг нь аваад хийвэл илүү хямд тусдаг. Хэмнэх дургүй эмэгтэй хүн гэж хаана байх билээ. Тиймээс цагаан сарын гоёлоо өөрийн гараар урлаж болох нь. Харин гоёл урлах цаг зав хомс бүсгүйчүүд торгон утсаар урласан үсний сам, ээмэг, бугуйвчийг хосоор нь 80 мянга орчим төгрөгөөр худалдаж авч болох нь. Харин ээмэг дангаар нь авах бол 30-80 мянган төгрөгийн хооронд байдаг юм билээ.

Сүүлийн үед гоёл чимэглэл хийдэг салонууд олноор үүдээ нээсэнтэй холбоотойгоор эртний хийцийг санагдуулам толгойн гоёл, шанх мөн балетын чихэвч шиг хийцтэй алт, мөнгө шиг материалаар хийгдсэн гоёл, урт ээмэг зэрэг эрэлттэй байгаа аж. Мөн боломж хэрэгцээндээ тохируулан сонголт хийж болохоор юм билээ.

Захын үнэ ханш

Үндэсний хувцас үнэтэй брэндээс өөр. Чадварлаг оёдолчин урласныг нь олж чадвал Нарантуул зах дээр худалдаалж буй нь дээд зэргийн салонуудад урласантай адилхан. Гэхдээ үнэ өөр. Тиймээс үндэсний хувцасны сонголтыг боломжийн үнээр Нарантуул захаас хийж болохоор. Тэнд эрчүүдийн дээл 70 мянган төгрөгөөс эхлэж байна лээ. Загварлаг, булгаар эмжсэн бол 100-350 мянган төгрөг. Хурган арьсан дотортой бол 1 сая 500 мянган төгрөгөөс үнэ нь эхэлнэ. Харин сэгсүүргэн дээл арай хямд. 800 мянган төгрөгөөс эхлэх аж. Эмэгтэй энгийн дээл эрчүүдийнхийг бодвол арай жаахан үнэтэй ч хурган дээл эрчүүдийнхээс арай хямд  байна лээ. Харин материалаа аваад захиалгаар хийлгэх бол загвараасаа хамаараад нэг дээлийг 40-150 мянган төгрөгөөр хийх ханштай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан