Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Адъяасүрэн: Ус бол хойч үедээ авч үлдэх хамгийн үнэ цэнэтэй баялаг



-Монголчууд Байгаль нуурт усны өргүй-

Т.ЖАНЦАН

Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн болон Монголын эдийн засагт асар их хохирол учруулж байгааг судлаачид хэлэх болсон. Монгол орны хувьд ган зудын давтамж ойртож газар тариалан, мал аж ахуйн салбарт хохирол учруулдаг. Энэ нь цаашлаад хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Судлаачдын үзэж буйгаар сүүлийн 70 жилийн хугацаанд хур тунадасны хэмжээ 10 хувиар буурчээ. Ган болсны улмаас жилд дундажаар 14-15 хувийн ургац алдах болж. Мөн жилд дундажаар 300-400 мянган толгой мал хорогддог статистик бий. Монголын хөдөө аж ахуйд 18.5 сая ам.долларын хохирол учруулдаг тооцоо гарсан байна. Ингээд БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны зохицуулагч профессор Ц.Адъяасүрэнтэй дэлхийн болон монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-Хүлэмжийн хийн талаар гэж олон жил ярьсан. Дэлхийн уур амьсгал хэрхэн өөрчлөгдөөд байна вэ?
-Дэлхийн уур амьсгалийн өөрчлөлт 1800 оны дундаас эхлэлтэй. Учир нь хүн төрөлхтөн  техник технологи хөгжүүлж, түлш ахуй амьдралдаа ашигт малтмал ихээр хэрэглэх болсон юм. Тухайлбал, уурын хөдөлгүүр зохиосон. Мөн авто машин, нүүрсээр ажилладаг цахилгаан станц гээд ар араасаа хүний амьдарлын хэрэгцээнд гарч ирж хүлэмжийн хий үйлдвэрлэх болсон. Үүнд  нүүрс, газрын тос шатааж хэрэглэдэг. Ингээд 20-р зуунд дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж байгаад хүлэмжийн хий гол үүрэг гүйцэтгэж байгааг эрдэмтэн судлаачид гаргаж тавиад байна.  Хүлэмжийн хийг бууруулах тухай олон улсын конвенц, хэлэлцээрүүд хийх болсон. Дэлхийн уур амьсгал өнөөдөр 0.8 хэмээр дулаарсан. Энэ нь маш бага хэмжээ мэт санагдаж магадгүй. Гэхдээ бодоод үзэхэд өөр. Хүний биеийн дулаан 36 хэм. Гэтэл 36.8 хэм болоход хүний бие хямарч эхэлдэг. Тэгэхээр дэлхийн уур амьсгалд асар том хямрал үүссэн гэсэн үг юм. Ингээд дэлхий ертөнц, байгалийн тогтоц нь эвдэрч байна. Хур тунадасны бүтэц шинж чанар өөрч­лөгдсөн. Жишээ нь, Мон­гол оронд 30-40 жилийн өмнө зуны улиралд дандаа зүсэрсэн бороо ордог байв. Одоо үе үе хүчтэй аадар бороо орж газрын хөрсийг тэр чигт нь зулгалж орхидог болсон.

-Тэгвэл Монгол орны ну­таг дэвсгэрт уур амьсгал хэ­­дэн хэмээр дулаарав. Цаа­шид хэрхэх төлөвтэй байгаа вэ?
-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт газар зүйн бүс бүрт өөр өөрөөр нөлөөлөх төсөөлөл гараад байна. Уур амьсгалын өөрчлөлт их хүчтэй илэрч бай­гаа. Монгол нутгийн уур амьсгал 2.1 хэмээр дулаарсан. Цаашид зуны улиралд ургамлын гарц багасна. Энэ нь хүнс тэжээлийн хангамж муудахад хүргэнэ гэсэн үг. Жишээ нь, хүнсний ногоо, малын тэжээл байхгүй болох гэх мэт гамшиг дагуулах юм. Товч­хондоо монголчуудын хүнсний аюулгүй байдалд нөлөөлнө.

-Олон улсад хүлэм­жийн хий багасгах талаар янз бүрийн конвенц, хэлэлцээр хэрэгжүүлж эхэлсэн гэлээ. Тэгвэл үүнийх нь ямар үр дүнд хүрч хүлэмжийн хий хэдэн хувиар багасав?
-Дэлхийн улс орон бүр хүлэмжийн хийг багасгах тодорхой хэмжээний үүрэг хүлээж байгаа. Үүнийг өнгөрсөн онд Парист болсон олон улсын хурлаар баталгаажуулсан. Манайх шиг хөгжиж буй улс орнууд хувь нэмэр оруулах ёстой. Ингээд  2030 оноос хүлэмжийн хийг 14 хувиар бууруулах зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл, нүүрсээр ажилладаг цахилгаан станцаа цөөлж нар, салхи, усны эрчим хүч ашигладаг болох чиглэл давамгайлах болсон. Мөн аль болох нүүрс хүчлийн хий бага ялгаруулах хэрэглээг дэмжих шаардлага гарч ирж байгаа юм. Үүнд төр хувийн хэвшил, иргэдийн үүрэг хариуцлага, оролцоо чухал нөлөө үзүүлнэ. Хүлэмжийн хийг дэлхий нийтээр бууруулж байгаа. Тухайлбал, манай урд хөрш сэргээгдэх эрчим хүчний технологид анхаарах боллоо. Ингээд нар салхиар ажилладаг цахилгаан станц олноор барьж байна. Манай улсад салхи, нар, усан цахилгаан станц барих шаардлага бий. Монголд ганцхан салхитын 50 мВт-ын салхин станц ажилладаг. Цаашид усан цахилгаан станц барих ёстой.

-Монголд усан ца­хил­гаан станц барихад хойд хөрш болон манай байгаль хамгаалагчид эсэргүүцдэг шүү дээ?
-Харин тийм. Усан цахил­гаан станц барихад Сэлэнгэ мөрний болон Байгаль нуурын эко системд сөрөг нөлөөлнө гээд байгаа. Үүнийг  тооцох нь зүйн хэрэг. Гэвч үнэн хэрэгтээ Монгол орны нутаг дэвсгэрт бүрдсэн борооны ус бол бидний өмч. Тэгэхээр бид борооныхоо усыг хуримтлуулж голынхоо цүлхэнд том усан сан бий болгоод цахилгаан станц барих ёстой. Монголчууд Байгаль нуурт усны өргүй. Байгаль нуурын усны төвшинг бууруулахгүй ус хуримтлуулах бололцоо бий. Борооны үерийн илүүдэл усыг л нөөцөлж авах гээд байгаа юм. Түүнээс биш Сэлэнгэ мөрний экологийн урсац руу орохгүй. Оросууд манайхыг эсэргүүцсэн хэрнээ өөрийн нутаг дэвсгэрт усан цахилгаан станц барьж байгаа. Оростой хэлэлцэж тохирох хэрэгтэй. Мөн олон улсын байгууллагуудаар өөрсдийгөө дэмжүүлэх шаардлагатай юм. Ядуу буурай Монголыг их гүрэн дээрлэхээд байж болохгүй. Эрдэмтэдийн тооцоолж буйгаар 2050 оноос ус гэдэг зүйл дэлхийд алтнаас илүү үнэтэй болно. Өнөөдөр алт үнэтэй юм шиг байна. Үүний төлөө л хүмүүс үхэн хатан зүтгээд байх юм. Гэтэл  хүн, амьтан, ургамал усгүйгээр амьдарч оршин тогтнож чадахгүй гэдгийг ухаарах хэрэгтэй. Бид өнөөдөр цахилгаан станц барьж том том бассейнд  усаа аваад үлдчихвэл монголчууд нэг хэсэгтээ л санаа зовохгүй амьдарна.

-Ус бол сэргээгддэг бая­лаг. Манай улс ус хамгаалах талаар тодорхой ажил хийж чадаж байна уу?
-Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингээд ус бохирдуулсан нөхдүүдэд төлбөр тавьдаг боллоо. Мөн усны төлбөрийг нэмэгдүүлж эхэлж байна. Гэтэл усны төлбөр нэмэхэд аж ахуйн нэгж байгууллагууд эсэргүүцэж жагсаал цуглаан хийдэг. Энэ үнэндээ өнөөдрөө бодож ирээдүйгээ золиосолж буй явдал юм. Өнөөдөр, ирээдүй хоёроо хамт бодох хэрэгтэй. Үүний тулд ус гамнах технологи нэвтрүүлэх, ашигласан бол төлбөр төлдөг, бохирдуулсан бол нөхөн төлбөр өгдөг байх учиртай. Дахин хэлэхэд зундаа борооны үерийн усаа хадгалж авч үлдэх шаардлага бий. Энэ бол хойч үедээ авч үлдэх хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө юм. Ямар уурхайгаар хэмжигдэхгүй баялаг.

-Дэлхийн дулаарал манай эдийн засагт хэдий хэм­жээний хохирол учруул­сан тооцоо судалгаа бий юу?
-Одоогоор нарийн тооцоо хийсэн зүйл алга. Хийж болно. Хамгийн гол нь асар их хэмжээний хөрөнгө хүч, судалгаа шаардсан ажил юм. Зарим судлаач янз бүрийн тоо баримт хэлдэг. Би өөрөө судалж тогтоогоогүй учраас тэдний өмнөөс тийм ийм гэж яримааргүй байна.

0 Сэтгэгдэл
ЁСТОЙ Л ҮНЭН ХЭЛЖДЭЭ...
оросууд монголыг дуулгавартай байлгах хэрэгтэй бүхнийг маш анхааралтай судалдаг үүний нэг нь усан цахилгаан станц.бид цахилгаан бензинээс хараат бус байх нь хэрэгтэй биз дээ.
Хамгийн их уншсан