Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баршгүй баялгаа ашиглаж чаддаггүй балаг


Т.ЖАНЦАН


Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Гэвч өнөө цагт энэ үг төдийлөн биелэхгүй байна. Ярьснаар болдог бол өнөөдөр бид өдий төдий сааль сүүтэй болж ашиг шимийг нь хүртэж суугаа. Гэтэл сааль ч үгүй, сав ч үгүй бадар барьж суугаа нь монголчууд бидний үнэн төрх. 

Манай төрийн “мэргэн” шийдвэрүүд, монголчуудыг манай, танай намын зөв гэж дөрвөн жилийн давтамжтай талцуулсаар. Эцэстээ миний хийсэн ажил, чиний үйлдсэн буруу гэж ёстой л нөгөө шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тал тал тийш сэрийлдэхэд хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Энэ нь эдийн засгийн өнөөгийн хямралын гол үндэс, хөгжлийг чангааж хөлнөөс уясан хүнд туухай болж байна гэдгийг судлаачид хэлж, ярьсаар байгаа юм.

Хөрөнгө оруулагчид Монгол төрийн бодлого залгамж халаагүй, тууштай байдаггүй тул хөрөнгө оруулахад хүндрэлтэй гэж олон жил хэлж анхааруулж ирсэн. Гэвч энэ алдаагаа зассангүй. Ийм ч учраас өнөөдөр хөрөнгө оруулагчид Монголоос дайжиж одсон гэхэд нэг их хэтийдэхгүй байх. Жилд  дөрвөн тэрбум ам.долларт хүрч байсан хөрөнгө оруулалт одоо бараг тэг утга заахад хүрээд буй.

Тэгвэл Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /ЖАЙКА/, МҮХАҮТ хамтарч  “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг идэвхжүүлэх судалгаа”-ны үр дүнг өчигдөр танилцууллаа. Энэ судалгаанаас харвал Японы хөрөнгө оруулагчид нөгөө л улиг болтол ярьсан улс төр, эдийн засгийн тогтворгүй, хөрөнгө оруулалтын орчин болон тогтолцооны мэдээлэл хангалтгүй, түнш байгууллага олох, зээлийн мэдээллийг нь шалгах арга нь тодорхойгүй, зөвлөгөө авах газаргүй гэсэн бэрхшээлээ тоочсон байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн жил тутамд засаг төр солигдоход төрийн яам, агентлагууд нь нэр, үйл ажиллагааны чиглэлээ өөрчилдөг байдал хөрөнгө оруулагчид мөнгөө бариад ирэхэд саад болдог аж. Үүнээс гадна шинээр байгуулагдсан Засгийн газар нь өмнө нь хэрэгжүүлж байсан бодлого, төсөл хөтөлбөрийг тээршааж залгамж халаагүй ажилладаг явдал хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлдэг улс төрийн тогтворгүй байдал амь бөхтэй үргэлжилсээр. Эдийн засгийн хувьд бас л бүрхэг. Том жийп машин унасан нэг компанийн захирал хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гээд яваад байдаг дүр зураг бий гэдэг. Тэгэхдээ бусдад бид ийм бүтээгдэхүүнтэй. Үүнийгээ  зах зээлд хэрхэн гаргах тодорхой санал, төсөл төлөвлөгөө, танилцуулга байдаггүй, компанийн засаглал муу гэж Японы хөрөнгө оруулагчид шүүмжилж байгаа юм. Мөн төрийн ямар байгууллагад, хэнд хандаж тухайн компанийн бизнесийн үйл ажиллагаа, татвар төлөлт зэрэг мэдээлэл авч болох нь тодорхойгүй байдаг гэсэн.

Нөгөө талаар төрийн зүгээс тэгнэ, ингэнэ гэж бизнест хэт их хутгалдан ордог тухай шүүмжлэл ч олон жил үргэлжилж буй. Үүний улмаас бизнес эрхлэгч төрийн компаниудын дийлэнх нь алдагдалтай ажилладаг. Үүний ард нөгөө шахааны бизнес гэж өхөөрдсөн луйвар нуугдана. Төрийн өмчит компаниудад хамгийн сүүлд хийсэн шалгалтын тоо баримтаас дурьдвал тэдний өр Чингис бондын мөнгөнөөс бараг гурав дахин илүү бөгөөд 10.8 тэрбум ам.долларт хүрсэн гэдэг. Гэтэл эдгээр компанийг удирдаж байсан захирлууд  төр засаг солигдох урсгалд орж, орхиод явдаг билээ. Энэ нь тухайн компани цаашид яаж ажиллах нь тэдгээр захирлуудад хамаагүй болж хувирахад хүргэж буйг мөн л олон жил ярьсан. Эдгээрээс гадна шинээр сонгогдсон төр засаг болгон төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулна хэмээн тоть шиг давтана. Гэвч ажил хэрэг болсон зүйл алга. Хувийн хэвшлийнхэн төрөөс хууль эрх зүйн орчинд ямар нэг өөрчлөлт оруулах, бодлогын баримт бичиг боловсруулахад бидний саналыг авсан ч батлахдаа тусгадаггүй гэсэн гомдол тасардаггүй билээ. Эдгээр шүүмжлэл нь монголчууд саах сааль, үр шимээ л яриад байдаг. Харин тэр саалиа хураах сав суулга байхгүй байгааг тод илтгэнэ.

 

Монголд үйлдвэрлэв шошго дэлхийд танигдах боломж

Монголчуудад бусдын гар харалгүй тов хийтэл амьдрах боломж бий. Манай улсын ДНБ-д уул уурхайн салбар 2000 оноос хойш жин дарж эхэлсэн. Ингээд эдүгээ ДНБ-ий 20 гаруй хувийг эзлэж эдийн засгийн гол хөдөлгүүр болсон билээ. Удаад нь худалдаа, хөдөө аж ахуйн салбар орж байна. Өнөөдөр ашигт малтмалын үнэ, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалттай хамт эдийн засаг унаад буйг хүн бүр мэднэ. Иймд зэс, нүүрс, алт зэрэг ашигт малтмалд суурилсан эдийн засгаас хөдөө аж ахуйд тулгуурласан бүтэц рүү шилжих нь цаг үеийн тулгамдсан асуудал болоод байгаа. Манай улсын экспортын бүтээгдэхүүний 84 хувь нь ашигт малтмал бөгөөд зөвхөн Хятадын эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлээс хамаарч буй юм. Энэ нөхцөл байдалд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг өсгөж эдийн засгийн хөдөлгүүрээ болгоно гэдэг нь хүнд сорилт юм. Гэвч аливаа зүйлд гарах гарц байдаг. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг соронз адил татах хоёр том боломж бий. Тухайлбал, нийт нутгийн 80 хувь нь газар тариалан, мал аж ахуй эрхлэхэд таатай юм. Ийм ч учраас малын тоо толгой жил бүр өсч 56 сая толгойд хүрсэн. Ингээд дэлхийн ноолуурын 30, тэмээний ноосны 50 хувийг хангах тооцоо гарчээ. Мөн махны экспорт хийх нөөц ихтэй гэж тооцдог. Нөгөөтэйгүүр газар тариалан хүрээгээ тэлж улаан буудай, хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ хангадаг болоод байгаа. Эдийн засгийн тулгуур өөрчлөгдсөн ч уул уурхайн салбар ДНБ-д эзлэх жин буурахгүй. Учир нь 80 гаруй төрлийн ашигт малтмалын 6000 орд одоогоор илэрсэн. Зэс, алт, нүүрс, уран гэсэн ашигт малтмалын нөөцөөр дэлхийд дээгүүр байр эзэлдэг. Газар зүйн байрлалын хувьд шинээр хөгжиж буй Хятад, Орос гээд дэлхийн хоёр том зах зээлтэй хил залгаа. Энэ бүгд нь Монголд төрөл бүрийн бизнес хөгжих бүрэн бололцоо байгааг илтгэж  хөрөнгө оруулагчдын сонирхлыг ямагт татсаар байгаа билээ.

Жишээ нь Японы хөрөнгө оруулагчид Монголыг ихээхэн сонирхож буйгаа удаа дараа илэрхийлсээр.  Үүний зэрэгцээ гадаад зах зээлд хэрхэн гарч болох ямар ямар арга зам байж болох талаар зөвлөж буй юм. Ялангуяа хүнс, ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлалд хөрөнгө оруулах сонирхол давамгайлж байна.

Тухайлбал, “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг идэвхжүүлэх судалгаа”-ны үр дүнг танилцуулах семинарын үеэр  Японы “Сумитомо корпорац”-ийн ерөнхий менежер Фүживара Хирото “Монголд хоршоо хэлбэрээр байгуулагдсан америк эзэнтэй аж ахуйн нэгж бяслаг үйлдвэрлэж байна. Би бяслаг сайн мэддэг хүн биш. Гэхдээ амсч үзэхэд маш амттай санагдсан. Их сонирхолтой бизнес болох байх гэж би бодсон. Манай “Сумитомо” компани энэ бизнесийг хийнэ гэвэл жижигдэнэ.  Ингээд би хувиараа энэ бизнест анхаарч байгаа. Монголд үйлдвэрлэсэн чигээр нь Японы зах зээлд нийлүүлэхэд ямарч бизнес болохгүй. Энэ бяслагийг үйлдвэрлэгчид Хятад, Оросын зах зээлд гарах сонирхолтой. Тэгэхээр эдгээр зах зээлд нийлүүллээ гэхэд тэр олон хэрэглэгчдэд далайд хаясан дусал мэт байх болно. Иймд энэ зах зээлд яаж гаргах вэ гэдэг талаар нэлээд бодож ярилцсан. Бяслагтай хамгийн их зохицдог зүйл нь дарс. Үүнд анхаарлаа төвлөрүүлсэн. Учир нь дарсны үйлдвэрлэлд хөрөнгө оруулагч олон байдаг. Гэвч бяслаг бол дарстай шууд холбоотой биш. Хамгийн гол нь, дарстай хамтруулж зарж болох бүтээгдэхүүн байна гэдгийг  хөрөнгө оруулагчдад тайлбарлаж өгсөн юм. Хөрөнгө оруулагч бяслаг чинь маш сонирхолтой юм байна. Дарсны шинжээч гэж бий. Бяслаганд бас адилхан. Ингээд бяслагны нэг шинжээчтэй танилцуулж бүтээгдэхүүнээ амсуулахыг санал болгосон. Тэгээд гайгүй үнэлгээ аваад байгаа. Гэхдээ нэг хүн амсч үзсэнээр тэр бяслаг учиргүй сайн зарагдахгүй нь мэдээж. Иймд тэр шинжээчээр дамжуулж Японы бяслагны холбооны удирдлагуудтай холбоо барьсан. Ирэх хоёрдугаар сард Японд хаалттай байдлаар бяслагийн амталгааны өдөрлөг зохион байгуулах болсон. Тухайн зах зээлд нэвтрэх нэг арга хэлбэр нь мэргэжлийн хүмүүсээр шинжүүлэх явдал байдаг. Японы зах зээлд эхлээд орох болсон нь учиртай. Яагаад гэвэл Хятадын зах зээлд шууд хандахад тэр бүтээгдэхүүнийг сонирхохгүй, хүлээж авахгүй байж магадгүй. Иймээс Япон хэрэглэгчдээр хүлээн зөвшөөрүүлээд Хятадын зах зээлд нэвтрүүлэх маркетинг хийж байна. Япон хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн гэдгээр нь хүлээж авах боломж байгааг бид олж харсан юм. Жишээлбэл, Монголд үйлдвэрлэсэн тэр бяслагийг Хятадын зах зээлд аваад очиход 10 ам.доллараар зарагдах байлаа гэж бодоё. Тэгвэл Японы хэрэглэгчид хүлээн зөвшөөрсөн гэхээр 12, 13 ам.доллараар зарагдаж магадгүй юм. Тэгэхээр бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг энэ мэт аргаар өсгөх хэрэгтэй гэдэг мэдлэг бид олж авсан. Хэчнээн мэргэжлийн шинжээчид хүлээн зөвшөөрсөн ч Японы супермаркетуудын лангуун дээрээс байнга зарагддаг, эрэлт ихтэй бүтээгдэхүүн болж чадахгүй ч байж магад. Гэхдээ  Японы зах зээлд нэвтрэх боломжийг олж харсан нь чухал. Үүнээс гадна Япон эмэгтэй Монголд маш амттай зөгийн бал үйлдвэрлэдэг. Тэгэхээр бяслаг, зөгийн бал хоёрыг ямар нэг байдлаар холбож зарвал ямар вэ гэдэг талаар судалгаа хийж байна. Хамгийн гол нь мэргэжлийн зөв хүмүүстэй холбогдож бүтээгдэхүүнээ танилцуулах нь чухал” хэмээн ярив. Үүнээс гадна чацаргана боловсруулж шүүс, тосыг нь ялган авч буй бөгөөд Японы зах зээлд нэвтэрч эхэлсэн билээ. Уг бүтээгдэхүүнийг гадаадын компаниуд ихээхэн сонирхож буй юм. Мөн сүү, сүүн бтээгдэхүүн экспортлох туршилт хийж байгаа аж. Эдгээрээс гадна зөгийн бал экспортлох боломжтой. Гэвч зөгий маллах, балт ургамалд бэлчээх арга барил муу тул үйлдвэрлэлийн бүтээмж сул гэсэн дүгнэлтийг Японы талаас хийжээ. Тус улсад экспорт хийхийн тулд эхлээд ямар ургамлын бал эрэлттэй байгааг судлах, хяналтын байгууллагууд нь зөгийн бал дахь антибиотик, бордооны үлдэгдэлийг оношлох чадвартай болгох ёстой гэнэ.  Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнээ экспортолоход  үйлдвэрлэлийн шат дамжлагын эрүүл ахуйн хяналтыг сайжруулах, олон улсын стандарт нэвтрүүлэх, бүтээгдэхүүн борлуулах, тээвэр, хадгалалтын тоголцоогоо шинэчлэх шаардлагатай гэсэн юм.  

Монголд өнөөдөр ноолуураас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 150 аж ахуйн нэгж бий гэсэн судалгаа гарсан. Тэд түүхий эдээ дотоодоос бүрэн хангаж буй аж. Монгол ноолуур Хятадынхаас бүдүүн ширхэгтэй, саарал, бор өнгө голлодог байна. Харин экспортод гарч буй нийт ноолуурын 85 хувийг угааж самнаж анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн эзэлж буй. Гэвч үйлдвэрийн хүчин чадал, технологи, маркетингийн ур чадвар дутмаг байгаа нь бүтээгдэхүүнээ үнэд хүргэж чадахгүйд хүргэдэг гэсэн дүгнэлт Япончууд хийжээ. Тэгвэл арьс ширний үйлдвэрлэлд ч бас асуудалтай зүйл олон байна. Монгол Улс жилд 8-10 сая арьс шир бэлтгэж анхан шатны боловсруулалт хийдэг. Гэвч нэг сая ширхэгийг нь эцэслэн боловсруулдаг. Мөн цэвэр арьсан гутал, цүнхний экспортыг нэмэгдүүлэх боломжтой. Үүний тулд загвар дизайнаа сайжруулах хэрэгтэй ажээ. Японы зах зээлд сүүлийн үед сонирхол татаж буй нэгэн бүтээгдэхүүн бий. Тэр нь байшингийн эсгий дулаалга. Дөнгөж тус зах зээлд орж эхэлж байгаа ч маш их ирээдүйтэй гэж хөрөнгө оруулагчид үзээд буй юм. Бас Японы зах зээлд боловсруулсан өлөн гэдэг, адууны мах, нохой, муурны хоол үйлдвэрлэж нэвтрүүлэх боломж ч байгаа юм. Энэ талаар судалгаа хийж буй хөрөнгө оруулагч ч цөөнгүй байна.  Ингээд тоочоод байвал Монгол Улсад аль ч зах зээлд экспортолж болохгүй бүтээгдэхүүн алга. Төрийн бодлого нь цэгцтэй эдийн засаг хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлээд өгвөл бусдаас гуйгаад мөнгийг багц багцаар нь олоод ирэх боломж салбар бүрт бий. Өөрөөр хэлбэл сааль сааж өдий төдий ашиг олно гэхээс илүү сав суулгаа бэлдэж зөв бодлого, тогтвортой нөхцөлийг бүрдүүлэх цаг ирээд байна.

0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Монголын хөгжлийн гацаа бол бидний сонгосон улс төрчид,дээр дотор амьдарч байгаа нийгмээ цэвэр байлгаж чадахгүй хулгайчуудаа өмгөөлөн хамгаалдаг монголчуудын буруу
ҮХРИЙНХЭЭ ТОО ТОЛГОЙГ ӨСГӨ
Хамгийн их уншсан