Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Батсайхан: Нэг бохины мөнгөөр нэхий үнэлж байгаа нь төрийн бодлого тасарсны илрэл


Ж.ЖАМУХА


Газар нутаг, бэлчээр усаа хамгаалж, ахуй амьжиргаагаа дээшлүүлэхийн зэрэгцээ залгамж халаагаа бэлтгэх, өв соёлоо өвлүүлэн үлдээхээр нэгдсэн Монголын малчдын хамтын хариуцлагын холбоо (ММХХХ)-ны төлөөлөл цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэн хандлаа. Өнгөрсөн оны есдүгээр сарын 22-нд анхдугаар хурлаа хийж, дүрэм журмаа баталсан холбоо үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа аж. Өдгөө 19 аймагт үйл ажиллагаа явуулж, гишүүнчлэлээ өргөжүүлж эхлээд буй ММХХХ-ны гүйцэтгэх захирал Б.Батсайхантай ярилцлаа.

-Нэрнээс нь харахад малчид үүрэг хариуцлагаа ухамсарлаж, асуудлаа хам­тын хүчээр шийдэхийг зорьж байх шиг бай­на. Холбоогоо товч танил­цуулахгүй юу?
-Ер нь, нийт монголчуудаас шалтгаалах зүйл шүү дээ. Монгол улс, Монгол үндэстэн оршин тогтнохын тулд юун түрүүнд газар нутгийн бүрэн бүтэн байдал чухал. Үнэнийг хэлэхэд бид хангалттай цээжээ дэлдэж, хий хоосон аархлаа. Түүхийн хамгийн сүүлийн нугачаанд таван хэсэг тасдуулсан монголчуудын голомтыг сахиж үлдсэн, цорын ганц нүүдэлчид болохын хувьд малчин байна уу, хот суурин газрын иргэд байна уу ямар ч ялгаагүй энэ ахуй соёл, өв уламжлал, газар нутгийнхаа асуудалд анхаардаг, шаардлагатай тохиолдолд үгээ хэлж, үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлдэг байх хэрэгтэй. Үүнийгээ ойлгож ухамсарладаг байх ёстой. Угтаа нийгмийн аливаа асуудлыг өөрчлөх эрх нь бидэнд байдаг ч өөрт хүртээлгүй юм шиг орхигдуулаад байна. Тиймдээ ч бид хараар түүх бичилцэж байгаа хэрэг.
Ер нь тэгээд монголчууд бид дэлхий дахинд хэн байсан юм, цаашид хэн байх ёстой юм гэдгээ ойлгож ухамсарлах цаг иржээ. Дэлхийн аль ч улс оронд бидний нүүрээ тахалж, нэрээ авч гарах зүйл бол энэ нүүдэлчин ахуй, соёл мөн биз. Алт, нүүрс хэчнээн ухаад барагдаж үрэгдээд дуусна. Тэр цагт бид юугаараа гол зогоох вэ. Энэ өв соёл, байгаль, мал аж ахуйгаараа л амьдарна. Чин үнэнийг хэлэхэд монголчуудын дахин давтагдашгүй, дэлхийд цор ганц нүүдлийн соёл, ахуй хонины захад үлдсэн хэдэн хүний нуруун дээр л явж байна шүү. Хот газар хэчнээн өв соёл ярьж, хайрлаж хамгаалаад яах юм. Өдөр тутмын амьдрал ахуйгаараа үр хойчдоо үлдээх учиртай юмыг музейн шилэн хоргоноос хэн ч сурч, мэдэрч, ойлгож танихгүй. Тиймдээ ч бид энэ өв соёлоо авч яваа малчдаа нэгтгэж, өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, цаашлаад өв соёл, газар нутгаа хайрлан хамгаалж, ахуй амьжиргаагаа үүнтэйгээ уялдуулан дээшлүүлэхэд анхааръя, төр засгийн бодлого шийдвэрт нөлөөлье гээд байгаа хэрэг.

-Тэгэхээр малчид маань нүүдлийн мал аж ахуйгаа түшиглэх нь зөв хэмээн үзэж байгаа юм байна. Гэтэл нийгэм цаг үе биднийг эрчимжсэн мал аж ахуйтай байхыг шаардаж байна шүү дээ?
-Энэ өргөн уудам нутагт малаа хашчихаад гэдсээ илээд хэвтээд байна гэж үгүй. Монгол мал түүхийн аль ч үед тааваараа таран бэлчиж, байгаль, цаг уурын байдалд дасан зохицож ирсэн, арчилгаа багатай мал сүрэг. Бүгдийг нь хашиж хориод, бордож тордоод байвал өдөр өдрөөр хүний гарт орно. Нэг ёсондоо хэт сууришмал болох нь монгол малд ер зохихгүй. Тиймдээ ч бэлчээрт гаргасан хэдэн хонио хэн нэгэн дагаж явах зайлшгүй шаардлага тулгарч байна. Гэтэл өнөөдөр мал дээр үлдэх хүүхэд залуусгүй боллоо. Үлдсэн хэдэн малчин нь ахуй амьжиргаа, хүн хүч гээд юу эсээр дутахав. Дээр нь төр алсыг харсан, хожим нь үр ашигтай байх үүднээс яг одооноос малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн бодлогодоо анхаарах хэрэгтэй байна. Өнгөрсөн намар нэхийний үнэ 100 төгрөг боллоо шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ. Хайрцаг шүдэнз, алгын чинээхэн бохь хүртэл 100 төгрөг байхад бүхэл бүтэн хонины нэхий 100 төгрөгт хүрч байдаг. Энэ бол төр бодлогогүй, эдийн засгийн хувьд дархлаагүй байгааг илтгэнэ. Худалч хүнд хот газар 100 төгрөгөөр авах юм олдохгүй байна шүү. Хүмүүс мэдэх байх. Бойтгон гутал гээд хөлтэй болгон л өмсдөг болж. Тэр гутлыг угтаа хонины нэхийгээр л хийж байгаа шүү дээ. Манайх шиг мал аж ахуйн орон нэг муу хийц муутай бойтгон гутлыг урдаас зөөж байгаа нь нийгэм, эдийн засаг эрүүл бус байгаагийн баталгаа.
Түүнчлэн газар нутгаа хайрлаж хамгаална гэхээр учиргүй буу шийдэм бариад тэмцэнэ гэж ойлгож болохгүй. Энэ газар дээр хэдэн мянганаар бэлчээрлэж ирсэн мал амьтан, хүн ард аж төрж байна. Оршихуйн үндэс нь газар гэж иш татаж ирээд л ярьдаг атлаа хэн нутаг ус, газар орноо хайрлаж хамгаалахаар бодитой ажил хийж байна, хэдэн малчид л байдаг. Үнэнийг хэлэхэд тэнд Орхон голын ус бохирдох, Увсад уул хадыг нь онгичиход Улаанбаатараас хүмүүс очоод хайрлаж хамгаалаад байдаг нь ховор. Өнөө маргаашаа гэж яваа хүмүүст тийм цаг зав ч байхгүй байх. Малчдын хувьд энэ бол үүрэг болсон зүйл. Гэхдээ малчид маань нийгмийн нэг хэсэг учир энэ асуудал эргээд нийгмийн асуудал болж байгаа юм.

-Нэн тэргүүнд үйл ажиллагааны үндсэн гурван чиглэл гаргасан гэсэн. Эдгээрийг товч тайлбарлавал?
-Дээр хэлсэнчлэн бидний зүгээс үндсэн гурван зүйлийг тодотгож, түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулахаар зорьж байна. Нэгдүгээрт, газар нутаг, бэлчээр усаа малчид хамтаар хариуцан хамгаалах. Бэлчээр гэдэг маань газар нутаг шүү дээ. Хоёрдугаарт, Мал сүргээ хамтаар хариуцан ахуй амьдралаа чадавхжуулъя. Өөрөөр хэлбэл мал дээр үлдсэн хүмүүсийнхээ ахуй амьдралд анхааръя, баталгаа бий болгож өгье гээд байгаа юм. Баян хүн ганц зуданд, баатар хүн ганц суманд гэдэг үгтэй. Тиймдээ ч малчдын амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг нааштай шийдэхэд төр онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй. Түүнчлэн дэлхий даяар генийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн хэрэглье гээд байна. Гэтэл ганц эрүүл, генийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн болсон малынхаа мах болон бусад бүтээгдэхүүнийг дэлхийд үнэ хүргэж, зарж борлуулж чадахгүй байгаа юм. Үүнд анхааръя. Гуравдугаарт, өв уламжлал, соёлоо хамтаар хариуцан хамгаалж, өвлүүлэн үлдээе гэж байна. Энэ нь малчдын залгамж халааг бэлдэх тухай асуудал юм. Бод доо, дөнгөж 20 эргэм насны, ажил амьдралын зах зухаас таньж буй залуусыг мал дээр гар гэж хөөж туугаад байж болохгүй биз дээ. Тэр хүүхдүүд чинь нийгэм, цаг үеэ дагаад хот суурин газрын соёлд татагдаж байна. Тиймдээ ч хонь хариулж, адуу малын захад үлдэхийг хүсэхгүй байна. Дээр нь малчдын нийгмийн асуудал хөсөр хаягджээ. Зээлгүй малчин цөөхөн болж. Хавартаа хэдэн кг ноолуур авахаас малчид тэгж их гэдсээ хагартал идэж уугаад, бялхаж хахаад байгаа юм алга. Түүнчлэн, нийгмийн даатгал, тэтгэвэр гээд одоо ч нэг мөр дорвитой шийдээгүй асуудал байна. Хөдөөд ийм байхад орчин үеийн хүүхдүүд яахан мал дагаж үлдэх вэ. Бид хэчнээн хэлж яриад хувь хүний амьдралыг шийдэх эрхгүй. Тиймдээ ч энэ асуудлыг төрийн бодлогоор л зохицуулна. Нэг ёсондоо, монголчууд нүүдэлчин хэвээрээ, энэ өв соёлоо тээж үлдэх эсэхийг бодлогоор шийднэ. Хөдөөд, сум сууринд нь сургууль соёл, ажлын байр бий болгох хэрэгтэй байна. Орон нутагт дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай байна. Хүний хэрэгцээ ойр байж гэмээнэ хэн ч унаж төрсөн газар орноосоо дайжиж утаан дунд ирж суухгүй биз дээ. Бүхий л хэрэгцээгээ байг. Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэвэр, зээлийн хүү зэрэг асуудалд арай уян хатан хандах хэрэгтэй болжээ. Зундаа ганц нэг хөдөө гарч, аялж зугаалдаг хотынхон хөдөөгийн амьдралыг тэр бүр яаж мэдэх билээ. Үнэнийг хэлэхэд малчдын дундаж нас жил ирэх тусам л хөгшрөөд байна. Сургууль соёл гээд явсан нэг нь сум, аймагтаа ажилгүй болохоор хотод үлдчихээд байна. Хэчнээн нутагтаа ажиллана гээд ирсэн хүүхэд ажилгүй суусаар зэвэрч байна шүү дээ. Тиймдээ ч бидний барьж буй үндсэн гурван чигийн нэг нь малчдын залгамж халааг таслалгүй өвлүүлэн үлдээх, залуужуулах юм.

-Миний мэдэхийн “малчдын” гэх тодотголтой 300 орчим холбоо, төрийн бус байгууллага байдаг ч үйл ажиллагаа нь тодорхойгүй, тогтмол биш байна. Танай холбооны хувьд?
-Бидний хувьд нэг хэсэг бус нийт малчдынхаа эрх ашгийн төлөө нэгдсэнээрээ онцлог. Яагаад холбоогоо хүртэл хамтын хариуцлагын гэж тодотгоод, өөрсдөө хариуцлага үүрэх гээд байна гэвэл төр засаг маань хийсэнгүй, чадсангүй. Баримтлах урт хугацааны бодлоготой, түүнийгээ төлөвлөгөө графикийн дагуу хэрэгжүүлээд, хийгээд ирсэн бол бид хэдэн малаа гээд л явж байна биз. Тиймдээ ч малчид маань эхлээд эвлэлдэн нэгдээд, төр засгийнхаа харж чадахгүй байгаа зүйлийг харуулъя, хуулиндаа оруулж өгөхгүй байгаа зүйлийг нь хийлгэхийн төлөө эвлэлдэн нэгдэж, шахаж шаардаж бай­гаа юм. Зүгээр нэг хууль батлаад орхичихдог биш хэрэгжүүлдэг, хянадаг тогтол­цоо бий болгоё гэж байна.

-Зөвхөн нэхий ч бус арьс ширнээс аваад малын гаралтай бусад түүхий эд үнэгүйдэж, үйлдвэрт нийлүүлэхээс илүү түүхий чигээр нь ачиж гаргаад байна. Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Социализмын үед цогц бодлоготой байж. Малчид, мал бэлтгэл, малын гаралтай түүхий эд үйлдвэрлэл нь нэг бодлогод зангидагдаж, системтэй, үе шаттай хөгжиж байж. 1990 оноос хойш энэ бүхэн тасарчихсан. Энэ чиглэлийн улсын үйлдвэрийн газрууд нь дампуурчихсан. Ажиллаж байгаа нэг нь зөвхөн ашгийн төлөө. Түүнээс улс орны хэмжээнд асуудлыг аваад үзвэл орхигдчихож ээ. Самнасан ноолуураа тушаагаад, тэр нь цааш дамжин явсаар үйлдвэрт очиж боловсруулагдаад, цамц болон нэхэгдээд гаръя. Үйлдвэрийн эзэн цамцаа үзэж хараад болохгүй байгааг нь малчдадаа эргээд хэлдэг, анхдагч түүхий эдэд тавигдах шаардлагаа ойлгуулж танилцуулдаг эргэх холбоо алга болчихож. Энэ эргэх холбоог тасалчихгүй авч явах болдлогын ажлыг төр нь хийх ёстой байхгүй юу. Гэтэл энэ нь тасарчихсан. Тасарснаар нь далимдуулаад үнийг нь унагачихсан. Тиймдээ малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдээс хамгийн чухал нь мах болчихсон. Малчид малыг мах л гэж хардаг боллоо. Энэ үхрээс төдөн кг мах гарна гэж үнийг нь тооцож боддог болчихож. Тиймээс малчдаа үйлдвэрүүдтэй нь ойртуулъя. Тодорхой газруудыг бүсчилсэн байдлаар хувааж ноосны, ноолуурны, мах, арьс ширний гэхчлэн үйлдвэржүүлэх шаардлага яригдаж байна л даа. Ингэхийн тулд гадаад зах зээл биднээс юу хүсээд байгаа юм, бид юуг нь эхний ээлжинд хийж бүтээж чадах юм гэдгээ судлах хэрэгтэй. Жишээ нь, япончууд генийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн хэрэглэх тухай 2020 оны олимпын уриалга болгосон. Улс нийтээрээ мах иддэггүй ард түмэн бий юу, үгүй. Гэтэл дэлхийн хамгийн онгон зэрлэг, унаган төрхөөрөө буй байгальд идээшлэн бэлчээрлэж буй генийн өөрчлөлтгүй малаа, махаа бид яагаад тэдэнд өндөр үнээр нийлүүлж чадахгүй байна. Үнэхээр л эрүүл, генийн өөрчлөлтгүй юм бол шинжлэх ухаанаар нь нотлуулаад, олон улсад сурталчилъя л даа. Ядаж гадаад руу биш юм гэхэд нийслэлчүүддээ хямд үнээр махаа нийлүүлье л дээ. Малчид үгүй гээгүй. Гэтэл гадна дотны хэдэн ченж орж ирээд бодийг нь хөтөлчихдөг. Угтаа малын мах хөдөөд 2000-3000 мянган төгрөгт л хэлбэлздэг. Гэтэл хотод ирээд 5000-6000 мянга. Өвөлдөө үнэ нь тэнгэрт хадчихдаг. Түүнчлэн, манайхаас мах авдаг орнууд угааж, дахин боловсруулаад анх авсан үнээ хэд хэд нугалж махны хэрэгцээ өндөр орнуудад зарж байна. Энэ чинь эдийн засгийн тоглолт шүү дээ. Би чамаас нэг төгрөгөөр авсан хадаасаа нөгөө хүнд таван төгрөгөөр зараад байдаг. Эргэж ирээд таван төгрөгөөрөө дахиад таван хадаас авч 25 болгодог. Энэ процесоос хэн хожих вэ. Бид яагаад асуудалд ингэж хандаж болохгүй гэж. Угтаа бүх л нөөц боломж байгаад байдаг. Ер урагшлахгүй юм. Машин тэргээр бол бензин тос нь байлаа ч дугуй нь хагарчихсантай адил санагдах юм.

-Манай нүүдлийн мал аж ахуйн мах, бүтээгдэхүүн эрүүл ахуйн хувьд гадаад улс орнуудын өндөр шаардлагад нийцэхгүй нь их. Тиймдээ ч суурин, эрчимжсэн мал аж ахуйтай байхыг шаардаад байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёр зүйл эрс зөрчилдөөд байх шиг?
-Тийм. Гэхдээ бидний зүгээс тодорхой хувь байх ёстой гэж үзэж байгаа юм. Магадгүй Сэлэнгэ, Дарханы ч юм уу бүс нутагт, тодорхой хэмжээнд эрчимжсэн мал аж ахуйтай байлгах боломжтой. Манай мал 1990 онд 27, 28 саяар тоологдож байсан. Одоо энэ тоо даруй гурав дахин өсч 60 гаруй сая болоод байна. Бүгдийг нь хашаад, бордоод, үүлдэр угсааг нь махны чиглэлийн болгоё гээгүй. Хэсэгчилсэн байдлаар, гэхдээ тодорхой зааг тогтоож эрчимжсэн мал аж ахуйн жишгээр хөгжүүлэх боломжтой. Яагаад зааг тогтооно гээд байгаа гэвэл мал сүргийн үржил, селекц цаашлаад тархан суурьшилт, бэлчээрийн хэмжээ гэдэг алсуураа үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Дээр хэлснээр бүх малаа түүхий эд, мах, сүүний чиглэлээр эрчимжсэн хэлбэрээр авч явна гэвэл нөгөө уламжлалт мал аж ахуй маань хөсөр хаягдана. Тиймээс зааг хязгаар тогтоох нь зөв гээд байгаа хэрэг.
Дээр нь эдийн засгийн хүндрэлтэй энэ үед 10 мянган ам.долларын үнэтэй бух авчирч тавиад яах вэ. Манай цаг уурын нөхцөлд тэсвэр муутай, дээр нь идэш тэжээлийн өртөг нь маш өндөр. Тэр хэрээр гарах бүтээгдэхүүний үнэ ч тэнгэрт хадна. Үнэнийг хэлэхэд нүүдлийн мал аж ахуйтай байгаа тулдаа хотынхон маань махаараа тасарчихгүй байна.

-Малчин ардын залгамж халаа, залуу үе эрс цөөрч буйн гол шалтгаан юу юм бол?
-Хүний хамгийн гол зорилго урт удаан тэгээд сайхан амьдрах шүү дээ. Харамсалтай нь, ардчилсан нийгэмд сайхан амьдрахын тулд заавал их, дээд сургуулийн боловсрол эзэмших ёстой мэт ойлголт суулгачихаж. Гэтэл хөдөө амьдарч буй арван жилийн боловсролтой нэг хүү өөрийгөө боловсролгүй гэж голоод хоттой хонио зараад сургалтын төлбөр болгочихдог. Өчнөөн жил сурч сурч төгсөөд ажилгүй. Угтаа ямар ч хүн боловсрол, мэргэжилтэй болохоосоо өмнө хүн болох нь зөв биз. Хүн болчихсон хүн өөр шүү. Ер нь тэгээд боловсрол гэдгийг сургууль төгссөн, диплом өвөртөлснөөр хэмжиж болохгүй. Угтаа манай улс нэг хүнд ногдох их, дээд сургуулийн тоогоор тэргүүлдэг ч сургалтын чанар нь ямар билээ. Төгсөөд ажил бий бил үү. “Сургуулиа төгсчихөөд нутагтаа ирнэ ээ” гээд явсан хүүхэд дөрвөн жил хот орон газрын соёлд идээшин дасчихдаг. Угтаа хөдөөд ч хүн шиг амьдарч болохоор атал хотод цалингаас цалингийн хооронд хоног өдрийг аргацааж байх юм. Тиймдээ ч малчдын залгамж халааг мөн л бодлогоор зохицуулах цаг ирчихэж. Тэтгэвэрийн насыг нь татъя, малчин залуу гэр бүлийг дэмжье. Яагаад шинээр гэрлэсэн хосуудад 500 мянган төгрөг өгч байсан сонгуулийн амлалт шигээ малчин гэр бүлд тэтгэмж олгож болохгүй гэж.

-Залуус зөвхөн сурч боловсрохоос гадна суурин газрын соёл татагдах нь их байна. Үүнийг бодлогоор шийднэ гэхэд бэрх санагдах юм?
-Соёл гэж юу юм гэдгээс л ярих байх даа. Бидний яриад буй байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, аврахыг соёл гэх үү гял цал, гэрэл гэгээ болсон газар, үнэтэй машин унаж, өндөр байшинд амьдрахыг хэлэх үү. Үнэндээ энэ бодол жирийн л өдөр тутмын амьдралын хэвшил шүү дээ. Хөдөөгийн хүн соёлгүй байдаг гэх хандлага байдаг. Харин ч эсэргээрээ байгаль эхтэйгээ ойр байж, хайрлан хамгаалж байдгийн хувьд орчин үед хамгийн том соёл болоод байна. Саяхан дэлхийн ихэнх улс орнууд хуралдаж тогтвортой хөгжлийн бодлогоо баталсан. 2030 он хүртэл хэрэгжих эл бодлогод дэлхийн дулаарлаас аваад байгаль экологийн асуудал нэгдүгээрт яригдаж байна. Гадныхан эх дэлхийгээ хайрлах цаг иржээ, ингэж чадаж байгаа нэгнийг соёлжсон гэж тодотгож байна. Одоо соёл гэж юу вэ гээд өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

0 Сэтгэгдэл
За даа их л том нэртэй олон хүн хамарсан холбоо бололтой:Хамгийн түрүүнд малаасаа дор ухаантай болсон малчидыбнхаа толгойд жаахан юм хий.За тэгээд малаа урьдчилан сэргийлэх үзлэг тарилга туулгалтанд бүрэн хамруул.Соц-ын үед үйлдвэрт тушаасан арьс,нэхий,ширнээс гологдол бараг гардагүй байсныг судал.Нэхийний үнэ буусан нь төр засгийн буруу бишээ.Малаа эрүүлжүүлэхэд анхаарал хандуулдагүй зөвхөн нүдэнд нь мөнгө харагдсан малчдын буруу:Шүүрэн шанага шиг болсон арьс нэхийг ямар ч үйлдвэр авахгүй шүү дээ
Хамгийн их уншсан