Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Бурмаажав: Агаарын бохирдол ойрын 10-20 жилийн асуудал


Б.ШИРНЭН

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи (ШУА)-иас хоёр жил тутам ШУА-ийн гишүүн (академич)-ий сонгуулийг явуулдаг нь маргааш болох юм. Сонгуулийн өмнө нэр дэвшсэн эрдэмтэд бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлдэг уламжлалтай. Энэ удаагийн үзэсгэлэн өчигдөр болж, нэр дэвшиж буй 11 доктор өөрсдийн бүтээлийг танилцууллаа.
Энэ үеэр ШУА-ийн бүтцийн төрөлжсөн академи хариуцсан эрдэмтэн нарийн бичгийн дарга, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D) Б.Бурмаажавтай ярилцлаа.
ШУА-ийн гишүүнээр шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, эрдэм судлалын ажлын үр дүнгээрээ өөрийн орны болон олон улсын түвшинд үнэлэгдсэн шинжлэх ухааны докторын зэрэгтэй, шинжлэх ухааны ёс зүйг хүндэтгэдэг, нэр хүнд бүхий иргэнийг  ШУА-ийн Их чуулганаар сонгодог юм байна.


-ШУА-ийн гишүүнд салбар бүрээс нэг хүн нэр дэвшдэг юм байна. Та хичнээн бүтээл, судалгааны ажилтай оролцож байгаа вэ. Хэдэн жил эрдэм шинжилгээний судалгаа хийж байгаа вэ?
-Би 38 жил эрдэм шинжилгээний ажил хийж байна. Энэ хугацаанд 44 судалгааг удирдан оролцож, хамтарч хийсэн. 22 нь орчны эрүүл мэндийн, 12 нь хүүхдийн эрүүл мэндийн, дөрөв нь уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа. Уур, амьсгалын өөрчлөлт харьцангуй шинэ салбар, 2009 оноос эхэлж хийсэн. Бусад зургаа нь эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээний тогтолцоотой холбоотой. Энэ үзэсгэлэнд нийт 500 гаруй бүтээлтэй оролцож байна. Гэхдээ үүнд ишлэлийн тоо орохгүй байгаа.

-Бүтээлийн тооноос гадна ишлэл нь судлаачийн чансааг тодорхойлоход багагүй нөлөөлдөг. Таны бүтээлүүдээс хэр их ишлэл татдаг вэ?
-“Google scholar” ашиглан тооцож үзэхэд олон улсын болон дотоодын судлаачид 4000 гаруй удаа миний бүтээлүүдээс ишлэл татсан байна. Би энэ удаа зориудаар миний бүтээлийг магистер, докторын зэрэг хамгаалж байгаа хүүхдүүд хэр их ашиглаж байгаа вэ, гэдгийг нь мөн тооцож үзсэн. Тэгэхэд, 119 удаа докторын зэрэг хамгаалахад, мөн эрдэм шинжилгээний монограф, илтгэл, өгүүлэл бичихэд 125 удаа ишлэл татсан. Олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн 28 өгүүллээс гэхэд 330 гаруй удаа ишлэл авсан байгаа юм. Энэ нь бидний бүтээл, судалгаа хэрэгтэй байна, чухал байна гэдгийг нь үзүүлдэг. Бусад орны судлаачид гэхэд Монгол Улсад тухайн асуудал ямар түвшинд байгаа вэ гэдгийг нь бидний судалгаанд үндэслэн ярьж, бичиж байна гэсэн үг. Аль ч улс орны эрдэм шинжилгээний хөгжлийг хэдэн бүтээл олон улсад хэвлэж байна, түүнээс нь хэн ашиглаж байгаа вэ, гэдгээр нь тооцно. Тиймээс бидний судалгааны чиглэл харьцангуй орчин үеийн болсон, тэр хэрээр хүмүүс сонирхож байгаа гэж хэлмээр байна.

-Таны бүтээлийн дийлэнх нь орчны эрүүл мэнд, уур, амьсгалын өөрчлөлтийн талаар юм байна. Мөн уур, амьсгалын өөрчлөлтийн сэдэв нь харьцангуй шинэ салбар гэж байна. Энэ чиглэлийн судалгааг хэзээнээс хийж эхэлсэн юм бэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2008 онд өөрийнхөө гишүүн орнуудад хандан “Уур амьсгалын өөрчлөлт нь танай улсын хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судлах хэрэгтэй” гэсэн тогтоол гаргасан юм. Энэ тогтоолыг хүлээж аваад 2009 оноос эхлэн гурван удаагийн судалгаа хийсэн. Эхний судалгаагаар, уур амьсгалын өөрчлөлт агаарын бохирдолтой хамааралтай байна уу, усны бохирдол, чанартай холбоотой юу, хүн амын өвчлөлтэй, цөлжилттэй холбоотой юу, гэсэн дөрвөн чиглэлээр судалгаа хийж, үр дүнг нь хэвлүүлсэн. Түүний дараа усны чанарт, түүнээс гадна усны хэмжээнд нөлөөлж байгаа эсэхийг судалсан. Яагаад гэвэл жил бүр жижиг гол, мөрөн, нуурууд ширгэж байна. Үүнийг дагаад усны нөөц багасч байна гэсэн үг. Нөөц багассантай холбоотойгоор усны хэрэглээ буурч, хүн амын эрүүл мэндэд ямар өөрчлөлт гарч болох вэ, гэдгийг танадаж, судалж байгаа. Их сонирхолтой үзүүлэлтүүд гарч байгаа. Хэдийгээр одоогийн байдлаар тийм хүчтэй хамаарал гарахгүй ч гэсэн хэтдээ усны чанар, нөөцөд анхаарах ёстой гэсэн дүн гарч байгаа. Тиймээс эртнээс усны нөөцийн асуудлыг анхаарах шаардлагатай. Цаашдаа нарийвчилсан судалгаа хийнэ.

-Судалгааны үр дүнгийн талаар ярьвал дуусахгүй байх. Тиймээс сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа агаарын бохирдлын талаар зарим зүйлийг асууя. Та агаарын бохирдлыг хэдэн оноос хойш судалж байгаа вэ?
-1991 оноос хойш агаарын бохирдлыг судалж байна. Тухайн үед “Орчин ба эрүүл мэнд” гэсэн том төсөл эхэлж байсан юм. Тухайн төслийн удирдагч агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа вэ, гэдгийг судал гэх үүрэг надад өгсөн юм. Энэ судалгааг хийхдээ, зөвхөн Улаанбаатарыг судлаагүй. Аймгийн төв, сумын төв, Улаанбаатар гэсэн гурван ангиллаар агаарын бохирдлыг судалсан.
Тухайн үед Улаанбаатар хотын хүүхдийн амьсгалын замын өвчлөл хөдөөгийн хүүхдийнхээс тав дахин их байсан. Гэхдээ бүх өвчин биш бронхит, багтраа гэсэн эмгэгүүд. Тэгэхээр өнөөдөр ойлгомжтой, агаарын бохирдол 1991 оноос хойш хэд дахин нэмэгдсэн. Үүнийг дагаад тэдгээр өвчлөлүүд хэд, дахин өндөр болсон байгаа. Бид энэ агаарын бохирдлыг зүгээр судлаад орхиод байдаггүй. Тухайн үеийнхээ судалгааг 1993, 1996 оны сонинд хэвлүүлж л байсан. Одоо ч яг л адилхан утгатай зүйл хэвлэлээр зөндөө гарч бай­на. Байдал өөрчлөгдөхгүй байна. Шалтгааныг нь би төр засгийн чадал муу байгаатай холбоотой гэж үздэг. Энэ гамшгийг арилгаж үнэхээр дийлэхгүй байна. Тухайн үеийн судал­гааны санхүүжилтээс хамаа­раад олон аймгаар явж чадаагүй ч Дундговь айм­гийн төв, Луус сум болон Өвөр­хангай аймгийн төв, Та­рагт сумдад судалгаа хийсэн. Тэгэхэд сумын төвүүд агаарын бохирдол багатай, аймгийн төвүүд нэлээд бохирдолтой, Улаан­баатар хот хүчтэй бохир­долтой гэсэн ангилалад багтаж байсан. Яг энэ ангиллыг дагаад өвчлөл нь тийм л байсан.

-Агаарын бохирдлын эсрэг авсан арга хэмжээ үр дүнгээ өгөхгүй байгаа гэдэг нь ил байна. Тэгвэл судлаач хүнийхээ үүднээс “Агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ” гэдэгт хариулаач?
-Агаарын бохирдол аль ч улс оронд бий. Харин Улаанбаатар хотод хоёр том онцлог байдаг. Эхнийх нь, гэр хорооллын бүс. Энэ бүст байгаа айл, өрхүүд нүүрс түлж, утаа ялгаруулдаг. Хоёрдугаарт, Улаанбаатар хот  дөрвөн уулын дунд байдаг. Уулуу нураагаад, нүүгээд явж дийлэхгүй. Тиймээс би асуултад хамгийн түрүүнд гэр хорооллын айл, өрхийг орон сууцжуулах ёстой гэж хариулна. Эсвэл хотыг өөр газар шилжүүлж, дагуул хот бий болгох ёстой. Хурдан тээврийн хэрэгслүүдийг бий болгож, дэд бүтэцтэй болохгүй бол агаарын бохирдол буурахгүй. Би сонин, хэвлэлд нийтлүүлсэн судалгааны материалууддаа “Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал 10-20 жилийн ажил” гэж бичдэг. Бид агаарын бохирдлыг ойрын нэг, хоёр жилдээ арилгана гэдэг хэцүү. Маш хүчтэй Засгийн газар гарч ирээд айл өрхийг дэд бүтэцтэй холбоод, цахилгаан хангамжийг нь нэмэгдүүлж магадгүй ч айл өрхүүдийн чадамж, дотоод эрчим хүчний зэрэг асуудал бий.
Энэ талаараа 2009 онд Засгийн газарт албан тоотоор Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж хүргүүлсэн. Тухайн үед гэр хорооллын тоо цөөн байсан. Үүнд нь тулгуурлаад энгийн л тооцоо хийхэд хамгийн наад зах нь дөрвөн их наяд төгрөгийн зардал гарахаар байсан. Хамгийн наад зах нь шүү дээ. Гэтэл өнөөдөр Засгийн газар 100, 200 тэрбум төгрөгийн талаар л ярьж байна. Нэлээн ноцтой арга хэмжээ авахгүй бол энэ асуудлыг дийлэхгүй. Мөн үүний хажуугаар орон нутаг эзгүй байна. Олон сумаар явж үзсэн. Тэгэхэд настайчууд л сумандаа хоцорч үлдсэн байдаг. Залуучууд нь найм, арав төгссөн ч хот ордог, тэнд соёл байгаа учраас эргэж ирдэггүй гэсэн. Наад зах нь гэрэл, зурагт байна. Ажил хийвэл тав, арван төгрөг зулгаа­гаад байж болох гэх мэт­чилэн хотод хоргодох шалт­гаан олон байгаа юм билээ. Хамгийн гол нь, тэд хотын захад, гэр хороололд эсвэл айлын хашаанд гэр бариад амьдарч байна. Ийм механик өсөлт ч агаарын бохирдолд нөлөөлж байгаа. Тиймээс Засгийн газар хот, хөдөөгийн ялгааг арилгах нь зөв. Тэнд соёл нь байвал хот руу чиглэх урсгал багасах л учиртай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан