Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үл үзэгдэгчид “оролцсон” хуралдааны тэмдэглэл


Л.НОМИН

Зарласан хугацаанаасаа нэг цаг хожимдож эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Уг хуулийн төсөлд УИХ дахь АН-ын бүлгийн авсан завсарлагын хугацаа дуусч, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг үргэлжлүүлэн хураасан юм. Гэвч энэ саналууд нь Төрийн байгуулалтын байнгын хо­рооны хуралдаан даргалагч Д.Лүн­дээжанцан гишүүнийг багагүй бухимдуулав. 19 гишүүнтэй тус Байнгын хороо­ны ирц бүрдэхгүй ийнхүү цаг гаруй хүлээж байж арай гэж хурал эхэлсэн. Тэгэхдээ Байн­гын хорооны дарга Н.Энхболд хуралдаан даргалах эрхийг Д.Лүндээжанцан ги­шүүнд шил­жүүлж, 10 гишүүний буюу 52,6 хувийн ирцтэйгээр хуралдаж эхэлсэн юм. Уг нь энэ хуулийн төслийг Н.Энхболд нарын таван гишүүн өргөн барьсан. Тэрээр ямар нэг томилолтоор явсан, чөлөөтэй, өвчтэй гэж бүртгүүлээгүй, ажиллаж буйгаар ирцийн мэдээгээ өгсөн байлаа. Гишүүдийн хувьд Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар чөлөөтэй, О.Баасанхүү гишүүн өөр Байнгын хорооны хуралд оролцож, Д.Сумъяабазар гишүүн эмнэлгийн чөлөөтэй гэж. Харин Б.Батзориг, Д.Оюун­хорол, Л.Оюун-Эрдэнэ, Д.Хаянхярваа нарын гишүүн тасалжээ.

Гэхдээ танхимд долоон гишүүн сууж, гурав нь үл үзэгдэгч маягаар бусдаар кнопоо даруулан “идэвх зүтгэл” гарган оролцсон. Сонирхолтой нь гурван “үл үзэгдэгч” гишүүн нь УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, АН-ын гишүүн Б.Наранхүү. Тэдний өмнөөс кнопдогч нь хүссэн үедээ тийм эсвэл үгүй гэсэн товчлуурыг дарж, саналд нөлөөлж байв. Тодруулбал, Ажлын хэсгээс оруулж ирж байгаа саналуудад өмнөөс нь товчлуур дарсан гишүүн ямар байр суурьтай хандаж байгаагаас хамаарч “үл үзэгдэгчид” дэмжих, үгүйг “шийдэж” харагдсан. УИХ-ын гишүүн О.Содбилэг гэхэд зарим үед өөрийнхөөсөө гадна хоёр ч гишүүний өмнөөс товчлуур дарж харагдав. Б.Наранхүү гишүүн гэхэд ирцэнд байгаа мөртлөө өөрөө харагдахгүй, тэгсэн хэрнээ санал өгсөөр. Заримдаа дэмжиж, үе үе эсрэг санал “өгнө”. Түүний ихэнх нь дэмжээгүй гишүүн гэсэн хэсэгт дэлгэцэнд нэр нь л харагдах аж. Сөрөг хүчний ганц гишүүн байсан учраас бүх саналыг “эсэргүүцэнэ” гэж үзсэн бололтой. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын өмнөөс дэмжиж эсвэл эсэргүүцэж хүссэнээрээ “оролцуулж” байсан. УИХ-ын дарга нь Байнгын хорооны хуралдаандаа оролцох ёстой. Ерөнхий сайд бол уулзалт, хурал цуглаан ихтэй байлаа гэж бодоход УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцоогүйг янз бүрээр тайлбарлах нь бий. МАН-ын даргын хувьд М.Энхболд энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэгдэж буй. Тэгвэл МАН-ын нэр дэвшигчид л зориулсан хууль батлуулах гэж Сонгуулийн нэгдсэн хууль дахь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хэсгийн 97 хувийг хуулж авсан гэдэг шүүмжлэл МАХН, АН-ын гишүүдээс гарсан. УИХ-д тасралтгүй сонгогдсон, туршлагатай хуульч Д.Лүндээ­жанцан энэ хуулийн төслийг нэг ч их таатай хүлээж авахгүй байгаагаа мөн илэрхийлсэн. 2016 оны арванхоёрдугаар сарын 28-нд өргөн бариад ар­ваадхан хоногийн дараа хэ­лэлцэж, шууд батлахаар яарч байгаа гэх ч хуулийн тө­сөлд зарчмын зөрүүтэй 130 са­нал орж ирсэн нь сайн бо­ловс­руулаагүйг илтгэж байна гэв.     

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн оруулж буй саналууд учир дутагдалтай байгааг хуралдаан даргалж байсан Д.Лүндээжанцан гишүүн нэг бус удаа сануулаад авав. Тэрээр “Эрхзүйн соёл алга. Цаг хугацаа нь тулсан үед дэндүү бүдүүлэг байдлаар хандаж байна. Энэ бүхнийг чинь эргүүлээд мушгина. 2012 онд баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөхгүй байх саналтай байгаа. Сайжруулж байна гээд зарчмын өөрчлөлт хуулийн төсөлд оруулж болохгүй” гэсэн бол зарчмын зөрүүтэй саналуудаа маш муу боловсруулж гэж бухимдаж, Ажлын хэсгийн ахлагч Н.Цэрэнбат гишүүнд хандаж  хэд хэдэн удаа шүүмжлэл хэлсэн. Харин тус хуулийн төслийн Ажлын хэсэгт ажилласан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Одоогийн нөхцөл байдлыг харахад Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн ойролцоо гарах магадлал өндөр байгаа. Тэгсэн тохиолдолд хууль эрхзүйн хувьд маргаангүй байх шаардлагатай. Ерөнхий­лөг­чийн сонгуулийн дараа мар­гаан гарах нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа учир хуулийг сайн батлах хэрэг­тэй. 2016 оны УИХ-ын сонгуу­лийн хуулийг маргаан гарвал нэлээн асуудал үүсч мэдэхээр болж гэж гишүүн байсан Н.Бат­­баяр, Сонгуулийн ерөн­хий хорооныхон ч хэлж бай­сан юм шүү. Ер нь энэ хуу­лийг сайн баталчихвал араас нь оруулж ирэх УИХ-ын сон­гуу­лийн, орон нутгийн сонгуу­­лийн тухай хуулиудын хана маш сайн босчихно” гэж хэлэв.

Ерөнхийлөгчийн сонгуу­лийн тухай хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй 130 санал гарснаас өнгөрсөн долоо хоногт 60-ыг нь шийдсэн бол өчигдөр үлдсэнийг нь санал хурааж шийдвэрлэсэн. 

Тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гишүүдээс гарч байгаа. Харин УИХ дахь АН-ын бүлэг бусад нам, ялангуяа парламентад суудалгүй намуудын саналыг харгалзан үзээгүй хэмээн завсарлага хүсч, өнгөрсөн пүрэв гарагт нээлттэй хэлэлцүүлэг явуулсан. Энэ үеэр УИХ-ын бие даагч гишүүнийг өөр намд элсэх эсвэл нам байгуулж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжийг хаасан гэж үзэв. МАХН-ын хувьд нэр дэвшигчид тавих шаардлагыг урьд өмнөхөөс хэтэрхий өндөр тавьж байгааг шүүмжилж одоогийн хэлэлцэж буй төслийг дэмжихгүйгээ илэрхийлсэн. Ямар ч байсан зөвшилцөх цаг хугацаа хангалттай биш гэж үзсэн учраас энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг батлах бололтой.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан