Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын эрдэс баялгийн мэдээлэл олон нийтэд ил болно


Т.ЖАНЦАН

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгүүр нь уул уурхай болсон гэдгийг хүн бүр мэднэ. Өнгөрсөн оны байдлаар тус салбар ДНБ-ий 17.2 хувийг эзлэв. Нийт хөрөнгө оруулалтын дийлэнх нь хайгуул, олборлолтын салбарт орж ирдэг. Сүүлийн хоёр гурван жилд дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унасан нь уул уурхайн эдийн засагт дарах жинг бууруулсан. Гэвч эдийн засгийн тэргүүлэх салбар хэвээр. Өнгөрсөн онд улсын төсвөөс 9.2 тэрбум төгрөг геологийн судалгаанд зарцуулсан. Үүнээс гадна хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид 104 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Эдүгээ Монгол Улсад 84 төрлийн ашигт малтмалын 6000 гаруй орд, илрэл бий гэсэн судалгаа байдаг. Тэгвэл Ашигт малтмалын газрын тосны газар бие даасан Эрдэс баялгийн мэдээллийн төвийг  байгууллаа. Ингэснээр Монгол Улс Үндэсний геологийн мэдээллийн сантай болох юм. Тус газарт Монгол Улсад хийгдэж ирсэн эрдэс баялгийн бүх хайгуулын тайлан мэдээлэл бий. Үүнийг  цахим хэлбэрээр хөрөнгө оруулагч, судлаач, оюутан, ард иргэдэд нээлттэй хүргэхээр болоод байна. Энэ төсөлд хөрөнгө мөнгө, орчин үеийн техник технологи шаардагдах нь мэдээж. Иймд Ашигт малтмал, газрын тосны газар өчигдөр олон улсын хөрөнгө оруулагч болон уул уурхай өндөр хөгжсөн Австрали, Канад, Герман улсын мэргэ­жилтнүүдэд Гео­­ло­­гийн мэ­дээл­лийн сан­гийн өнөөгийн байдлаа танил­цуулж, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөлдөв.  Үндэсний Геологи мэдээллийн нэгдсэн сантай болсноор  геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөх чадварыг сайж­руулах,  хуулиар хориглоогүй геологийн мэдээллийг ил тод, түргэн шуурхай хэрэглэгч, хөрөнгө оруулагч, шийдвэр гаргагчид түгээх, мэдээллээр хангах зорилготой юм.


Д.Алтанхуяг: Монгол Улс газар нутгийнхаа 500 метр тутмыг нарийвчилан судалж байгаа

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтэсийн дарга Д.Алтанхуягаас хайгуулын салбарт хийж буй ажлын талаар тодрууллаа.

-Хайгуулын салбарт энэ онд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх төлөв байна вэ?
-Одоогоор шууд хэлэхэд төвөгтэй. Учир нь, өнгөрсөн оны хайгуулын ажлын тайланг хоёрдугаар сарын 15-ны дотор хүлээн авч эхэлсэн. Мөн хийх ажлын төлөвлөгөөг нь авч байна. Тэгэхээр хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх хандлагыг хэлэхэд хэцүү юм. Гэвч Канадад болдог хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болон хөрөнгө оруулагч нарт зориулж тодорхой мэдээлэл бэлтгэж байгаа. Үүнд хайгуулын томоохон төсөлүүдийг танилцуулахаар оруулсан. Мөн хөрөнгө оруулагчдыг дэмжин ажиллах бодлого баримтална.

-Жишээлбэл, хайгуулын томоохон ямар ямар төсөл танилцуулах вэ?
-“Эрдэнэс Монгол” компанийн Алтан нар, Зуун мод төсөл байна. Ер нь дэд бүтэц байхгүй ч нөөц нь тогтоогдож байгаа газрууд бий. Үүнд алт, молибден зэрэг ашигт малтмал багтаж байгаа. Засгийн газар “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Иймд алтны эрэл хайгуул, олборлолтыг дэмжинэ гэсэн үг.

-Газрын тос боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барина гэж олон жил ярьсан. Шинэ Засгийн газар байгуулагдаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ирэх дөрвөн жилд уг үйлдвэрийг барина гэж мэ­­дэгдээд байгаа. Энэ асуу­дал ямар шатанд явна вэ?
-Манай агентлагт Хүнд үйлдвэрийн хэлтэс гэж бий. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд бодлогын газар нь байдаг. Тэгэхээр газрын тос боловсруулах үйлдвэрийн судалгаа эрчимтэй хийж байгаа байх.

-Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрөл олон жил олгоогүй. Ингээд хоёр жилийн өмнөөс хайгуулын лиценз олгож эхэлсэн. Одоо хайгуулын ажил  ямар хэмжээнд байна вэ?  
-Улсын төсвөөс жилд 10 орчим тэрбум төгрөг гаргаж геологийн сэдэвчилсэн судалгааны ажил хийдэг. Үүнийг хайгуулын салбарт улсаас хөрөнгө оруулсан гэхээс илүү Монгол Улсад геологийн суурь судалгааны ажил хийж байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнээс гадна өнөөгийн байдлаар 2000 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч бий. Сүүлийн жилүүдэд хайгуулын салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан. Гэвч 2014 оны долдугаар сарын 1-нд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Ингээд 2015 оноос хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл болон сонгон шалгаруулалтын журамаар олгож эхэлсэн юм. Үүнтэй уялдаад хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо, хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага гарлаа. Мөн Газрын тосны тухай хууль 2014 онд шинэчлэгдсэн. Энэ шинэчлэлийн хүрээнд газрын тосны эрэл, хайгуул гэсэн чиглэлээр гэрээлэгч компаниуд ажиллаж байна. Өнөөгийн байдлаар эрлийн 18 гэрээ, бүтээгдэхүүн хуваах 22 гэрээ байгуулсан. Эрлийн гэрээний 10 нь газрын тос, найм нь нүүрсний давхаргын метан хий, шатдаг занарынх. Энэ байдлаас харвал хайгуулын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэх байх. Ялангуяа ашигт малтмалын үнэ ханш  дэлхийн зах зээлд өсөх хандлага бий.

-Монгол орны газар нутгийн хэдэн хувьд нь геологи хайгуулын судалгаа хийгээд байна вэ?
-Монгол Улсын хэмжээнд 1:200 мянганы геологийн зураглал үндсэндээ хийгээд дууссан. Зарим тоо баримтад 99 хувьтай гэдэг. Одоо 1:50 мянганы геологийн зураглал хийж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс газар нутгийнхаа 500 метр тутамд геологийн нарийвчилсан судалгаа хийж байна гэсэн үг. Үүнийг улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа. Одоогоор Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 33.7 хувьд зураглал хийсэн дүн бий. Улсын хөрөнгөөр хайгуулын ажил хийхээс гадна гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нь зүйтэй. Геологи хайгуулыг эрдэм шинжилгээний ажил гэж ойлгох хэрэгтэй.

-Монгол Улсын геологийн мэдээллийн санг  хэрхэн шинэчилж байна вэ?
-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гео мэдээллийн санг ахисан түвшинд хүргэхээр заасан. Тэгэхээр сүүлийн 60 гаруй жил хийсэн судалгааны ажлын мэдээллийг хүргэх юм. Энэ нь Монгол Улсад хөрөнгө оруулалт татна гэж үзэж байгаа. Урьд нь Ашигт малтмалын газрын Геологийн албанд Эрдэс баялгийн мэдээллийн сан харьяалагдаж байлаа. Одоо бие даасан хэлбэрээр Эрдэс баялгийн мэдээлэл технологийн төв гэж байгуулагдсан. Үүнд техник технологийн дэвшлийг ашиглахын тулд өндөр хөгжилтэй орнуудыг татан оролцуулах юм.


Г.Золсайхан: эрдэс баялгийн мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлнэ  

Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэдээллийн төвийн дарга Г.Золсайханаас Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн мэдээллийн сангийн өнөөгийн байдал, бүртгэлийн талаар тодрууллаа.  

-Улсын хил дагуу ашигт малтмалын ордууд бий гэдэг. Ямар төрлийн ашигт малтмалын ордууд байгаа юм бол?
-Монгол орны нутаг дэвсгэрт 1:200 мянганы зураглал хийсэн. Мөн  1:50 мянган геологийн хоёр зураглал хийж байгаа. Эдгээрт  хил орчмын бүс нутаг хамрагдсан. Үүгээр хилийн дагуух нутагт ашигт малтмалын орд, илрэл нэлээд гараад байгаа. Геологийн зураглал хийхээс гадна тухайн талбайд нарийвчилсан эрэл, үнэлгээний ажил хийх ёстой. Гэхдээ хилийн бүст байгаа ашигт малтмалын илрэлд нарийвчилсан судалгаа хараахан хийгдэхгүй байна. Ийм судалгаа хийсэн нөхцөлд нөөцийг нь тогтоож эдийн засгийн үр ашгийг нь тооцон гаргах боломж бүрдэх юм.

-Тэгвэл хилийн бүст нөөц тогтоосон орд байхгүй гэсэн үг үү?
-Ер нь бол нөөц тогтоосон ордууд бий. Би нөөц үнэлгээг сайн хэлж мэдэхгүй байна. Мөн Дархан цаазат газруудад бүхий л төрлийн ашигт малтмалын томоохон орд, илрэлүүд байдаг.  Жишээ нь, Асгатын мөнгөний орд байна.

-Монгол оронд хэчнээн төрлийн ашигт малтмалын, хэдий хэмжээний нөөц баялаг байгаа вэ?
-Монгол Улсын нутгаас илэрсэн бүх ашигт малтмалыг бүртгэн авч байна. Тухайн ашигт малтмалын ордын хэмжээнд жил бүр геологи хайгуулын ажлын үр дүнд хэдий хэмжээний нөөц баялаг байгаа нь байнга өөрчлөгддөг. Тэгэхээр ашигт малтмалын төрөл тус бүр дээр хэдий хэмжээний нөөц баялаг байгаа тодорхой тоо хэмжээг нь  тогтоох боломжтой. Манай санд Монгол нутагт хийсэн ашигт малтмал, геологийн судалгааны ажил, тайлангуудыг боловсруулж ижил төстэй  сэдвээр нь ангилж ялгах шаардлага бий.

-Монгол Улсын геоло­гийн мэдээллийн санд ямар ямар баримт, судалгаа хадгалагдаж байна вэ?
-Манай архивт байгаа мэдээлэл 1911 оноос эхлэлтэй. Тухайлбал, Богд хаант Монгол Улсын үед “Монголор” компанийн хийж байсан хайгуулын ажлын тайлан бий. Энэ үеэс өнөөг хүртэл Монголд ашигт малтмал, хайгуулын чиглэлээр хийсэн бүх ажлын мэдээлэл байгаа. Өөр байгууллагад энэ талын мэдээлэл байхгүй. Эрдэс баялгын сангийн мэдээлэлтэй танилцах, судлахын тулд манай газарт ирж номын санд суудаг. Тэгвэл Монголын эрдэс баялаг, геологи хайгуулын талаар мэдээлэл авах, судлахын тулд заавал манай төв дээр ирэхгүйгээр  өөрсдийн байгаа газраас онлайнаар үйлчлүүлэх боломж удахгүй бүрдүүлнэ. Эрдэмтэн судлаач, хөрөнгө оруулагч, оюутан, судлаач гээд бүх хүн сонирхсон сэдвээрээ мэдээлэл хайж, үзэхэд хялбар болгох л зорилго бид тавиад байна. 

-Тэгэхээр эрдэс баялгийн бүх мэдээллийг цахим хэлбэрт оруулах нь ээ дээ?
-Хуулиар хориглоогүй гео мэдээлэл олон нийтэд ил болгоно. Ашигт малтмал, газ­рын тосны газрын  Эрдэс баялгийн мэдээлэл техноло­гийн төв Монгол оронд хийж байгаа геологийн бүх төрлийн судалгааны материалуудыг цуглуулдаг.  Үүнд бүх эрдэс баялгийн талаарх бүх төрлийн архивын материал, газрын зураг, чулуун дээж хадгалаж байна. Үүнийгээ номын сангаар дамжуулж хэрэглэгч, хайгуулчдад хүргэдэг. Одоо үйл ажиллагаагаа өргөжүүлж орчин үеийн техник технологи ашиглаж хүмүүст хүргэх шаардлага тулгарч байгаа юм.  Геологи хайгуулын ажил бол олборлох салбар цаашлаад Монгол Улсын хөгжлийн  эх үүсвэр болдог. Иймд судалгааны материалуудыг шинжлэх ухааны үүднээс, эмх цэгцтэй хүмүүст хүргэх шаардлага бий.  Тэгэхээр системийн анализ хийх, боловсон хүчин бэлтгэх, олон улсын стандарт нэвтрүүлэх, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэхэд мөнгө төгрөг, гадаад туслалцаа хэрэгтэй болсон. Ингээд Эрдэс баялгийн мэдээлэл технологийн төвийн мэдээллийн системийг сайж­руулах зөвлөлдөх уул­залт хийлээ. Үүнд Европын сэргээн босголтын банк, Германы Байгалийн нөөцийн хүрээлэн, Австрали-Монголын олборлох салбарыг дэмжих төсөл, Канадын Мерит төслийн төлөө­­­­лөгчид оролцсон. Энэ уул­зал­таар бид Монгол Ул­сын геологийн мэдээллийн сан­гийн өнөөгийн байдал, нэвтрүүлэхийг зорьж буй загва­рын талаар танилцуулсан юм. Мөн дээрх улсуудын Эр­дэс баялгийн сангаа хэрхэн бүр­­дүүлдэг загваруудыг сонирхсон. 

-Геологийн мэ­дээл­лийн сангийн загвар, сис­те­мийг шинэчлэхэд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай байгаа юм бэ?
-Бид одоо байгаа байдлаа л уул уурхайн салбарт төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудад танилцуулсан. Тэгэхээр тодорхой төсөл болж гарах болоогүй. Ажил дөнгөж эхэлж байна. Иймд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдах нь тодорхой болоогүй юм.

-Манай улс ашигт малтмалын нөөцийг тогтоох стандартыг олон улсын хөрөнгө оруулагчдын жишигт нийцүүлэх яриа бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?  
-Одоогоор 1995 онд батлагдсан  нөөцийн ангилал, хөдөлгөөн хийх зааврын дагуу эрдэс баялгаа бүртгэн авч байна. Гэхдээ нөөцийн ангиллыг нь шинэчилж баталсан. Манай улсаас гадна Хятад, Орос байгалийн баялаг, нөөцийг бүртгэх зорилогтой байдаг. Тэгвэл Канадын жорк, Английн систем нь бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчдад зориул­сан нөөцийн ангилал, мэдээлэл байдаг юм. Бид үүнд шилжих эсэх талаар бодлогын хэмжээнд ярилцдаг.  Одоогоор энэ хоёр ангиллыг зэрэг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Жорк ангилал бол тухайн лиценз эзэмшигч компаниуд хөрөнгийн зах зээлээс мөнгө босгохын тулд хэрэглэдэг мэдээлэл. Иймд үүнийг хэрэглэх шаардлага манай улсад бас бий.

-Тэгвэл эдгээр ангиллаар ашигт малтмалын нөөц тогтоож бүртгэхэд ямар нэг зөрүү гарах уу?
-Бодолтын аргаасаа шалтгаалж нөөцийн хэмжээнд зөрүү гардаг. Гэвч тэмээ, ямаа шиг хол зөрөхгүй. Манай улсын хэрэглэж буй ангиллаар ашигт малтмалын нөөцөө маш дэлгэрэнгүй бүртгэх зорилогтой. Иймд жишээ нь зэс, төмрийн хүдэр зэрэг тухайн ашигт малтмалд дагалдах элментийг нь хүртэл тооцдог юм. Тэгэхээр энэ бол бас л чухал дүрэм заавар.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Ядарсан улс хамаг юмаа ил болгочихоод удахгүй хүний гарт орохын цондон доо. Газар доорхи баялагийг нь эзэмших гээд одооноос л зээл, тусламж өгч байгаад дараа нь өрөнд унагаж байгаад, бусад өрийг нь худалдаж аваад л "ЭДИЙН ЗАСГИЙН ХАРААТ УЛС" болцон байна шүү дээ. Ер нь хүн яах гэж трусик, бандаж өмсдөг вэ. Бүгдийг тайлаад хаячихвал юу болохов. Улс ч үүнтэй яг адилхан, Эба л шилэн байх ёстой гээд сургаад байгаа болохоос биш левчик, бандаж байх ёстой газраа л байх ёстой шүү дээ ...
Хамгийн их уншсан