Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.НОМТОЙБАЯР: Цементийн үйлдвэр барих чадвартай Монгол компани байхгүй


Б.ШИРНЭН

“Улсын хэмжээнд 378 мянган иргэн тэтгэвэр авдаг” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өчигдөр мэдээллээ. Тэдний 60 хувь нь жилийн 18 хувийн хүүтэй зээл авч байгаа юм байна. Харин өчигдрөөс зээлийн хүүг 15 хувь болгож бууруулах шийдвэр хэрэгжиж эхэллээ. Ингэснээр өрхийн санхүүгийн дарамт буурна гэж Засгийн газар үзэж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


-Тэтгэврийн зээлийн хүү гурван хувиар буурлаа. Цаашид буурах боломжтой гэж үзэж байгаа юу?
-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ гэж заасан. Тиймээс тэтгэврийн зээлийн хүүг гурван хувиар бууруулсан нь эхлэл, цаашид тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шат дараалсан олон ажил төлөвлөсөн гэж ойлгож болно.
Мөн эхний ээлжинд ХААН болон Төрийн банктай гэрээ байгуулж, зээлийн хүүг 15 хувь болгохоор тохиролцсон. Хэдийгээр хоёр банк ч нийт тэтгэвэр авагчийн 91 хувь нь тэтгэвэр авдаг. Мөн тэтгэвэр авагч өөрөө үйлчлүүлж байгаа банкаа сонгодог болсон. Өнөөдрийн байдлаар шинээр тэтгэвэр тогтоолгосон 6000 хүн өөрсдөө банкаа сонгосон. Харин урьд нь тэтгэврээ тогтоолгосон 5000 гаруй хүн ХААН, Төрийн банкнаас шилжиж, өөр банк сонгож. Тэгэхээр аль банк нийт тэтгэвэр авагчдын хэдэн хувьд үйлчилж байна, тэр хэрээр Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг зээлийн эргэлт, багцтай нь уялдуулж байршуулж байгаа. Жишээ нь, дээрх хоёр банкинд 45 тэрбум төгрөг байршуулсан. Тиймээс өнөөдрөөс эхлэн 1-6 сар хүртэлх хугацаатай зээл авах иргэд 15 хувийн хүүтэй зээл төлнө гэж ойлгож болно. Харин одоо 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээлтэй байгаа иргэд түүнийгээ заавал төлж дуусгах ёстой. Харин дахин зээл авах тохиолдолд 15 хувь болж бууруулах юм.

-Тэтгэвэр тогтоох, олгохыг шалгах аян энэ долоо хоногт эхэлсэн. Ямар үр дүн гарч байгаа вэ?
-Монгол Улсын хэмжээнд нийт 378 мянга орчим хүн тэтгэвэр авдаг. Тэтгэвэр авч байгаатай холбоотой янз бүрийн л асуудал гардаг. Харин яг ямар асуудал вэ гэдгийг нь шалгаж тогтоох аян эхлээд үр дүнгээ өгч байгаа. Туршилтаар Говьсүмбэр аймаг, Багахангай дүүргийн нийт 2591 хүний тэтгэврийн тогтоолыг шалгасан. Тэтгэвэр тогтоол­гохтой, авахтай холбоо­тойгоор хуурамч мате­риал бүрдүүлэх, банктай үгсэн хуйвалдах гэх мэт асуудал гардаг байж болзошгүй гэж би урьд нь УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдааны үеэр хэлдэг байсан. Харин аяны хүрээнд энэ нь амьдрал дээр нотлогдож байна. Жишээ нь, Архангай аймгийн нэг суманд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн асуудал гарсан. Иймэрхүү жишээ олон байгаа. Нийт тэтгэврээ авсан иргэдэд хандаж хэлэхэд өөрийнхөө үйлчлүүлдэг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, хэлтэс дээр очиж тэтгэврээ тогтоолгох боломж байгааг дуулгая.

-Нийгмийн даатгалын сангийн хадгаламжийн хүүг нэмснээр хэдэн төгрөгийн орлого нэмж олох боломжтой байгаа вэ?
 -Би МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллах байхдаа Нийгмийн даатгалын сангаас жилдээ 30 орчим тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдаж байна гэдгийг хоёр жил орчим ярьсан. Намайг яамны ажил хүлээн авахад, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл 557 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад есөн хувийн хүүтэй байршуулсан байсан. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хуралдаж, есөн хувийн хадгаламжийн хүүг 15-15.5 хувь болгож өсгөсөн. Ингэснээр 2017 оны төсөвт 58 орчим тэрбум төгрөгийн орлого олохоор Төсвийн тухай хуулийг баталсан. Гэсэн ч 61.6 хувь буюу нэмж 36 тэрбум төгрөг олохоор байна.

-Сүүлийн үед гадаадаас ажиллах хүч оруулж ирэх асуудал анхаарал татаж байна. Жишээ нь, МАК болон “Монполимет” компаниуд 2000 гаруй гадаад ажилтан оруулж ирэх нь?
-Анх 2001 онд Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль батлагдсан. Энэ хуультай уялдуулаад Засгийн газрын 139 дүгээр тогтоол гарч байсан. Гэхдээ 2015 онд энэ тогтоолыг хүчингүй болгоод Засгийн газар 41 дүгээр тогтоолыг гаргасан. Энэ 41 дүгээр тогтоолын хавсралтаар ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журмыг баталсан байдаг юм.
Тодруулж хэлбэл, эдийн засагт онцгой ач холбогдол бүхий шинэ технологи нэвтрүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн үйлдвэрлэл эрхлэх, нийтийн хэрэглээний зориулалттай төмөр зам, нисэх буудал, цахилгаан болон дулааны станц, олон улсын сүлжээний дээд зэрэглэлийн зочид буудал, метро барих бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэхэд гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулах тохиолдолд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газрын шийдвэрээр ажлын байрны төлбөрөөс чөлөөлж, хөнгөлж болно гэж заасан байдаг. Мөн дотоодоос ажиллах хүч авах бололцоогүй, нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтан авах хүрээнд ажлын байрны төлбөрөөс чөлөөлдөг. Ер нь, ийм тогтолцоо үйлчлээд 16 жил болж байна. Энэ хугацаанд давхардсан тоогоор 200 орчим компани, давхардаагүй тоогоор 50-60 орчим компани гадаад ажилтны төлбөрөөс чөлөөлөгдсөн. Сүүлийн 4-5 жилд гэхэд 20 компани энэ хөнгөлөлтийг авсан байдаг.
Хэрвээ, сая хэлсэн шаардлагуудыг хангаж байгаа бол хөдөлмөрийн асуудал эрхэлсэн яаманд хүсэлтээ гаргаад хүсэлтийнх нь дагуу Засгийн газар шийдвэрлэдэг. Харин одоогийн байдлаар хоёр компани хүсэлтээ өгсөн. Тэр нь МАК болон “Монполимет”. Үндсэндээ, 2000 орчим хүн ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа. Түүнээс би хувьдаа ийм шийдвэр гаргаагүй. Мөн энэ дашрамд дурдахад, Засгийн газар өөр хөнгөлөлтийн асуудлуудыг судалж байгаа. Ялангуяа, эдийн засгийн хямралтай ийм үед томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байгаа аж ахуйн нэгж, компаниудыг тухайн төслөө хэрэгжүүлж, эхний бүтээгдэхүүнээ гаргах хүртэл тодорхой хэмжээнд хуримтлагдсан татварыг дараа төлөх нөхцөлтэй гэрээ байгуулдаг гэх шийдвэр гаргах боломжийг судалж байгаа.

-Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн яаманд хүсэлтээ гаргаад хүсэлтийнх нь дагуу Засгийн газар шийдвэрлэдэг гэхээр л ашиг сонирхлын зөрчил болж харагдаад байна шүү дээ?
-Би нэг зарчим хэлье. Монгол Улсын төлөө хийж, бүтээж байгаа бүх аж ахуйн нэгж, компанийг бид дэмжинэ. Бүгдийг нь дэмжинэ шүү. Засгийн газрын 41 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ тогтоолтой танилцаад, импортыг орлох, экспортод чиглэсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дотоодоос ажиллах хүч авах бололцоогүй бол төлбөрөөс хөнгөлдөг тул энэ боломж бүх аж ахуйн нэгжид нээлттэй. Түүнээс “Монполимет” юм уу, МАК-д үйлчилсэн шийдвэр огт биш. Ердөө ашиг сонирхлын зөрчилгүй. Хуульд нь, хөдөлмөрийн асуудал хариуцсан сайд асуудлыг оруулна гээд заачихсан байгаа. Тэгэхээр надаас өөр хэн оруулж ирэх юм. Би ажлаа л хийж байна. Дахиад 4-6 компанийн хүсэлтийг судалж байгаа.

-Дотоодоос ажиллах хүч авах бололцоогүй бол гадаадаас авч, төлбөрөөс чөлөөлөх тухай заасан. Гэтэл цементын үйлдвэрийн барилгын ажилд ажиллах хүч байхгүй гэж үү.  Та бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд. Монгол хүнийг чадавхжуулах үүрэг хүлээсэн сайд нь хувийн компанидаа монголчууд хийж чадахгүй, нарийн мэргэжил шаардсан гэдэг шалтгаанаар гадаадын ажилтан авч байгаа гээд байх юм?
-Цементийн үйлдвэрийг шинэ, барууны технологиор барьж чадах, технологийг нь эзэмшсэн, чадамжтай Монголын компани байхгүй. Хөтөлийн “Цемент шохойн” үйлдвэртэй зүйрлэж болохгүй. Учир нь, Хөтөлийн үйлдвэрийг монголчууд бариагүй. Технологийн хувьд ч өөр. Дан ганц Хятадын ажилчид гээд байгаа ч барууны инженер техникийн ажилчид ч бий. Мөн хэтдээ ажиллах монгол ажилчдаа дагалдуулж сургадаг.

-Өмнөх Засгийн газрын үед МАК гадаадаас 100 ажилтан авсан байна. Гэтэл энэ жил 1500-гаар нэмэгдсэн байна шүү дээ.
-Цементийн үйлдвэрээс гадна газрын тосны хайгуулын чиглэлээр ажиллана. Энэ чиглэл мөн хөнгөлөлтөд багтдаг. Яагаад гэхээр газрын тосны хайгуул амжилттай байвал улс орны эдийн засгийн аюулгүй байдалд дэмтэй. Тэр үүднээсээ газрын тосны хайгуул хийх хүсэлтэй, гаднаас ажилтан оруулж ирэх хүсэлтэй компанийг хөнгөлдөг. Зөвхөн цементээр төсөөлж, харж болохгүй.

-Хөдөлмөрийн үндэсний зөвлөл өчигдөр (уржигдар) анхны хуралдаанаа хийсэн. Ямар асуудалд төвлөрч ярилцсан бэ?
-Энэ жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд орж ирэх 61.5 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулах асуудлыг ярилцсан. Урьд нь янз бүрийн төсөл хөтөлбөр ярихаар цаанаа улс төрийн агуулгатай, тал тохой татсан хөтөлбөрүүдийг дэмждэг байсан. Тиймээс энэ байдлыг өөрчилье гэж ярьцгаасан. Хуралдааныг нээлттэй орхичихсон байгаа. Энэ сарын 27-нд үргэлжлүүлнэ. Мөн өмнө нь санхүүжүүлж байсан төсөл хөтөлбөрт аудит оруулахаар болсон. Мөн маргааш (өнөөдөр) хөдөлмөр, нийгмийн гурван талт улсын хэлэлцээр үргэлжилнэ. Энэ хэлэлцээрээр ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийг макро эдийн засагтай уялдуулах гол бодлогуудаа ярина.

0 Сэтгэгдэл
iim nusiig said bolohiig uzdeg unuugiin bid mun azgui uls shuu.
Хамгийн их уншсан