Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Далхжав: Энэ жилийн төсөв, мөнгөний бодлого эдийн засагт хатуу хандахаар батлагдсан

-Эдийн засаг энэ онд сэргэнэ. Харин татварын хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийх шаардлагатай-

Т.ЖАНЦАН

Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн их сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, профессор Д.Далхжавтай эдийн засгийн төлөв байдал, бүтцийн талаар ярилцлаа.

-Эдийн засгийн хямрал өнгөрсөн онд бүр гүнзгийрсэн. Энэ онд ямар байна гэж эдийн засагч, судлаач хүний хувьд харж байгаа вэ?
-Монголчууд “Амны билгээс ашдын билэг” гэдэг. Тиймээс би манай улсын эдийн засаг сэргэнэ гэж хэлмээр байна. Нөгөө талаар бодит байдлыг харахад эдийн засгийн өсөлт дээшлэх дүр зураг ажиглагдаж байгаа. Учир нь, зогсонги байдалд байсан томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идвэхжиж эхэлсэн. Тэдний үйл ажиллагаа бүр зогсоогүй байсан. Жишээ нь, “Эрдэнэс Тавантолгой” компани удаан ч гэсэн хөдөлж л байсан шүү дээ. Одоо хөдөлгөөн нь нэмэгдэж үйл ажиллагаа нь сэргэлээ. “Оюу толгой” боломжийн хэмжээнд ажиллаж байна. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ бас өсч эхэлсэн. Үүнээс гадна ОУВС, донор орнууд гадаад валютын зээл тусламж өгч зарим нэг төслүүд санал болгож байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны шугмаар хэрэгжих ганц нэг төслүүд яамдуудад орж ирэх болсон. Эдгээр нь монголын ард түмэнд бага ч гэсэн орлого оруулж аж амьдралыг нь тэтгэнэ. Иймд эдийн засаг сэргэх байх гэж харж байгаа юм. Нөгөө талаас татварын хууль эрх зүйн орчныг сайжруулж НӨАТ шиг өөрчлөлт хийх юм бол далд эдийн засагт урсч буй мөнгө ил гарч ирнэ. Далд мөнгө ил гарахаар ДНБ-ий өсөлт бодитоор харагдаж эхэлнэ. Ийм нааштай үр дүн гарч ирвэл гаднаас ажиглаж байгаа хөрөнгө оруулагчид бидэнд хандана гэж бодож байна. Дахин хэлэхэд энэ онд эдийн засгийн өсөлтөд ахиц гарна.

-Манай эдийн засагт өнөөдөр хэдий хэмжээний мөнгө эргэлдэж байна. Хямралаас гарахад хэрэг болох мөнгөн дүн хэд гэж та бодож байна вэ?
-Эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ хоёр хүчин зүйлээс хамааралтай. Нэгдүгээрт, Монголбанкны хэрэгжүүлдэг Төрийн мөнгөний бодлого, хоёрдугаарт Засгийн газрын УИХ-д өргөн барьж батлуулж байгаа улсын төсөв. Энэ хоёр л Монголын мөнгөний зах зээлийг тодорхойлдог. Засгийн газар төсвөө тэлэх юм бол мөнгөний зах зээл тэлнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг дахь мөнгөний эргэлт нэмэгдэнэ гэсэн үг.Жишээ нь мөнгөний зах зээлийг тэлсэн явдал гарч байсан удаатай. Хэдэн жилийн өмнө шинээр гэр бүл болбол 500 мянга, хүүхэд төрүүлсэн эхэд бас мөнгө өгч байсан. Мөн иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэсэн сонгуулийн амлалт байсан. Улсын төсвөөс ийм бодлого барьвал мөнгөний зах зээл тэлнэ. Энэ тэлэлт нь нөгөө талдаа ам.долларын ханшийг хөөрөгдөж орхисон талтай. Засгийн газар улсын төсвийг тэлвэл Монголбанк Төрийн мөнгөний бодлогоо чангалах бодлого барих ёстой. Өнгөрсөн жилүүдэд Монголбанк мөнгөний бодлогоо зөөлрүүлсэн. Төв банкны бодлогын хүү сул байх нь үйлдвэрлэлээ дэмждэг гэж байв. Гэтэл нөгөө талд нь инфляц дээш үсэрсэн. Тэгэхээр төсөв, мөнгөний бодлого адилхан тэлж болдоггүй гэдгийг харуулсан юм. Нэг нь суларч байхад нөгөө нь тэлж байх л механизм.

-Энэ оны төсөв бас тэлж алдагдал нь 2.6 их наяд төгрөг гэж батлагдсан. Монголбанк саяхан бодлогын хүүгээ буурууллаа. Тэгэхээр энэ оны төсөв, мөнгөний бодлого хэр уялдаж гарсан гэж харж байна?
-Төрийн мөнгөний бодлогыг энэ онд улсын төсөвтэй уялдаатай батлах гэж оролдсон гэж харж байгаа. Яагаад гэвэл Монголбанкнаас боловсруулж УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барьсан мөнгөний бодлого, Засгийн газрын оруулж ирсэн төсөв хоёрыг аваад үзье. Тэгэхэд хоёулаа эдийн засагт хатуу хандахаар байгаа юм. Үүний цаана нэг сөрөг үр дагвар бий. Тэр нь эдийн засгаа хоёр та­лаас нь чангалчихвал дотоодын үйлд­вэрлэлээ унагах аюул бий гэсэн үг.

-Сүүлийн үед уул уурхайд суурилсан эдийн засгаа өөрчилж хөдөө аж ахуйд тулгуурлах нь зүйтэй гэсэн зөвлөгөөг гадаад, дотоодын судлаачид өгөх болж. Тэгэхээр богино хугацаанд эдийн засгийн өөрчлөлт хийх боломж манай улсад бий юу?
-Байгаа. Хөдөө, аж ахуйн салбарын үр дүн нэг жилийн дотор харагддаг. Жишээ нь, газар тариалан, мал аж ахуй, ноос ноолуур, арьс ширний салбарыг дэмжих бодлого нь тэр жилдээ л үр дүнгээ өгч, тооцоо судалгаа нь гараад ирдэг. Иймд олон тулгуурт эдийн засгийн бүтцийг сонирхохоос өөр арга байхгүй. Өнөөдөр уул уурхай гэсэн нэг салбар шүтэж явсны гамшигийг амсч байна.  Гэхдээ уул уурхайг устга гэж байгаа юм биш. Энэ салбар хөгждөгөөрөө хөгжиг. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбараа дэмжиж сэргээх нь зүйтэй. Энэ хоёр салбарт төр засаг бодлогоо хандуулах цаг үеийн шаардлага гарч ирж байгаа юм. Сүүлийн үед суд­лаачид тогтвортой хөгжлийн тухай их ярих болсон. Тогтвортой хөгжил гэдгийг нарийвчлан үзвэл нөхөн сэргээгдэх баялгаа ашиглаж амжилтад хүрэхийг л хэлнэ. Гэтэл уул уурхай нөхөн сэргээгддэг баялаг биш. Тодорхой хугацаанд,  наад зах нь 10, 20 жилийн дотор ухаж аваад дуусдаг баялаг. Мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл бол жил бүр нөхөн сэргээгдэж байдаг үйлдвэрлэл. Иймд нөхөн сэргээгдэж байдаг баялгаа ашиглаж тордоод явбал амжилтад хүрч тогтвортой хөгжинө. Эдийн зас­гийн бат бэх суурьтай болно гэсэн үг.

-Манай улсад орж ирж буй хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайд чиглэдэг. Тэгвэл хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт татах ямар арга, боломж байна вэ?
-Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг л санал болгох хэрэгтэй. Түүнээс биш манайд орж ирээч гэж хэлээд бүтэхгүй. Монгол Улсыг хүн бүр мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бидэнд ийм боломж, таатай нөхцөл байна гэдгээ танилцуулж сурталчилах ёстой юм. Учир нь Монгол орныг гадаадын хүн бүр мэдэхгүй. Байгаль цаг уур, газар зүйн байрлал, хүн ард, мал нь ийм байдаг. Энэ нөхцөл ийм зүйл хийвэл тийм үр дүн гарах боломж байна гэсэн төслүүд боловсруулж олон улсын төвшинд танилцуулах хэрэгтэй. Үүнийг хараад энд ийм тоглолт хийвэл бидэнд үр ашигтай байна гэсэн анализ дүгнэлт хийж хөрөнгө оруулагч орж ирнэ. Зүгээр хоосон зүйл яриад, зарлаад хэн ч орж ирэхгүй. Хамгийн гол нь бодож тунгаах гарт баригдаж нүдэнд харагдах баримттай зүйлийг л хүн үзэж сонирхоно. Хөрөнгө оруулагч бодит тоо материалтай төсөлд л судалгаа хийж байж орж ирдэг.

-НӨАТ төлөгч болох босго 50 сая төгрөг байгаа. Та энэ босгыг өн­­дөрсгөх хэрэгтэй гэж байр суу­риа илэрхийлсэн. Үүнээс ямар үр дүн гарна гэж та харж байгаа юм бэ?
-Босгыг нь өндөрсгөхөд НӨАТ төлөгчийн тоо цөөрнө. Яагаад гэвэл 50 сая төгрөг байсныг 500 сая болгоход цөөрөх нь гарцаагүй. Нөгөө талдаа далд эдийн засаг ил болно. Учир нь найман нэрийн дэлгүүрийн эзэн борлуулалтаа хэзээ ч 50 сая төгрөгт хүргэхгүй. Дөч гаруй сая төгрөгт л эргэлдүүлээд байна. Тэр босго бас 10 хувийн татварыг нь аваад хаячихвал орлого нь ил болж үнэн бодитоор гарч ирнэ. Энэ хэмжээгээр Монгол Улсын ДНБ-ий хэмжээ, нэг хүнд ногдох орлого нь үнэн дүр зурагт дөхөж гарах юм.

-Таны ярьснаар НӨАТ-ын бос­го нь хэт өндөр, бас аж ахуйн нэг­жийн орлогын 10 хувийн татвар­гүй болчихлоо. Эдгээр аж ахуйн нэгж хүмүүсээс ямар татвар авах вэ. Эсвэл татвар төлөхгүй гэсэн үг үү?
-Татвар авна. Тэгэхдээ патентын татвар ногдуулах хэрэгтэй. Жишээ нь, чи сард гурван сая төгрөгийн татвар төлөөд найман нэрийн барааны дэлгүү­рээ ажиллуул.  Чамтай орлого энэ тэр гэсэн зүйл ярихгүй гээд тогтсон төлбөр төлдөг болгох хэрэгтэй гэж бодож байна. Ингэвэл санхүүгийн тайлан тооцоогоо тэр хүн 500 сая төгрөгийн борлуулалтын орлогоос айж ичих зүйлгүй гаргана. НӨАТ-ын татварыг 500 сая төгрөгийг больёо гэхэд 300 сая төгрөг болгох хэрэгтэй. Хамгийн гол нь, далд нуугдаж байсан тоо баримт ил болно. Манай улсад далд эдийн засаг хүчтэй байгаа нэг илрэл бий. Тэр нь Нийгмийн даатгалын тайлан, Татварын тайлан хоёр зөрүүтэй гарч байгаагаар илэрдэг. Тухайлбал, “А” гэдэг аж ахуйн нэгж байхад татварт өгдөг цалингийн сангийн мэдээлэл нь нийгмийн даатгалд өгдөгөөсөө өөр байгаа юм.

-Тэгвэл далд эдийн засагт хэдий хэмжээний мөнгө эргэлдэж байна. Үүнийг тооцож гаргасан судалгаа бий юу?
-Далд эдийн засагт эргэлдэж байгаа мөнгийг тэр бүрчлэн яс тооцож гаргана гэвэл худал. Түүвэр судалгааны аргачиллаар тодорхой хэмжээнд тооцдог. Ийм судалгаагаар ойролцоо тоо баримт гарч ирнэ л дээ. Судлаачид Монголын далд эдийн засагт эргэлдэж байгаа мөнгийг янз бүрээр л ярьдаг. Жишээ нь, манай улсын ДНБ-ий 50 хувьтай тэнцэх мөнгө далд эдийн засагт бий гэдэг. Зарим нь бүр 70, 80 хувьтай гээд л ярьдаг байсан. Би бол яг тэд өд гэж багцаалж хэлж чадахгүй. Учир нь үүнийг тухайлж тооцоо судалгаа хийж үзээгүй юм. Тэгэхээр худал хэлэх зүйл алга. Ер нь дахин хэлэхэд тооцох боломж бол бий.   

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан