Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өөрийгөө дэгээдсэн хууль


-14 бүлэг, 103 заалт, 149 өөрчлөлтийн саналдаа бүдрэв-

Т.ЦЭЛМЭГ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцаах шийдвэр гаргаснаа өчигдөр УИХ дахь Монгол ардын намын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, ажлын хэсгийн ахлагч Н.Цэрэнбат гишүүн нар мэдэгдлээ. Гурван үндэслэлээр уг хуулийн төслийг буцаахаар болсон байна.

1.    Өмнөх парламент бүх сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохицуулахаар шийдсэн. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг салгаж батлахаар бусад сонгуулийн зохицуулалтыг хүчингүй болгох шаардлага үүсч байгаа. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулиас 189 заалт хүчингүй болох хүндрэлтэй гэж үзсэн байна.

2.    МАН хэдийгээр 65 гишүүнтэй бүлэгтэй ч үндэсний зөвшилцлийг эрхэмлэж, сөрөг хүчний шүүмжлэлийг сонсдог гэнэ. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хүч түрэн шийдэхгүй, гишүүдтэй ойлголцож батлах байр суурьтай байгаа аж. Тус хуулийн төслийг хэлэлцэх явцад иргэд, олон нийт, улс төрийн намууд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлэл, ялангуяа УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй 149 санал гарсан нь парламентын түвшинд нэгдсэн ойлголтод хүрээгүй гэсэн үг.

3.    Хуулийн төслийг хэлэлцэх явцад завсарлага авсан, зарчмын зөрүүтэй олон санал гарсан, өмнөх хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох процедур хүндрэлтэй зэргээр хэлэлцүүлэг сунжирсан. Энэ нь хуулийн хугацаанууд зөрчилдөхөд хүргэсэн байна. Тэгэхээр хуулийг хугацаанд нь баталж, хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэх учраас МАН-ын бүлгээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцаах санал гаргажээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд томоохон өөрчлөлт ороогүй байсан. Сонгуулийн хуулиар бүх сонгуулийг зохион байгуулахад хүндрэлтэй, бүрэн зохицуулж чадаагүй асуудал гарсан талаар Сонгуулийн ерөнхий хорооноос санал гаргасан. Цаашдаа УИХ, орон нутгийн сонгуулийг тус тусад нь хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ одоогийн Сонгуулийн хуулиар Ерөнхийлөгчийн сонгууль явуулахад томоохон хэмжээний хүндрэл гарахгүй” гэв

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат “УИХ-ын гишүүд өргөн барьсан хуулийн төсөлтэй бүрэн танилцалгүйгээр зарим нэг заалтыг улс төрийн өнгө аясаар тайлбарлаж, түүнийгээ туйлын үнэн гэж итгүүлэхийг оролдож хугацаа их алдсан. Тухайлбал, нэр дэвшигчдэд тавих шаардлага дээр гадаадад зургаан сараас дээш хугацаагаар оршин суугаагүй гэдэг заалтыг албаар орууллаа гэж байсан. 1993 онд УИХ-аас Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах нь гэсэн тогтоолд орсон, 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд албан ёсоор орсон заалт. Одоогийн хүчин төгөлдөр байгаа хуульд ч ийм заалт байгаа. Зарчмын зөрүүтэй 149 санал хуулийн төсөлд гарч, Сонгуулийн тухай хуулийн 189 санал хүчингүй болох шаардлага үүссэн учраас татаж авахаар шийдсэн. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг үүргийг биелүүлж татаж авч байгаа юм” гэж тайлбарлав.

Тэгвэл уг мэдээллийн дараахан буюу чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа хэлсэн. Тэрээр зургаан сарын хугацаанд гадаадад байсан бол эх орондоо сүүлийн таван жил амьдраагүй гэж үзэх нь утгагүй заалт гэж мэдэгдэж байсан юм. Харин хуулийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг буцаан татахдаа улстөржилтөөс боллоо гэж тайлбарласанд эгдүүцэж байгаа аж. “Улстөржилтөөс болж хуулийн төслөө татаж авлаа гэсэн утгагүй тайлбар хийж. Энэ хуулийн төсөлд завсарлага авсан бол УИХ-ын чуулган, Байнгын хороонд хугацаа нь дуусч байгаагаа мэдэгдэх ёстой. Завсарлага дуусах хүртэл ямар ч хэлэлцүүлэг явуулдаггүй. Гэтэл завсарлагын хугацаа дуусаагүй байхад зарчмын зөрүүтэй 78 саналаар санал хураалт явуулсан байсан. Хуульч гишүүд үүнийг мэдэж байгаа учраас хууль зөрчиж байгааг хэлж ч байсан. Тэгтэл өнөөдөр Баасанхүүгээс болж хуулийн төслөө татаж байгаа юм шиг ярьж болохгүй. Хууль зөрчсөн үйлдэл хийчихээд түүнийгээ булзайруулах гэж татаж байгаагаа ард түмэнд тайлбарлаарай” гэж байлаа.

2016 оны арванхоёрдугаар сарын 28-нд УИХ-д өргөн барьсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг 2017 он нэгдүгээр сарын 3-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулж, үүнээс хоёр хоногийн дараа чуулганаар хэлэлцэхээр шийдсэн. Хуудуутай заалт их байгаа талаар О.Баасанхүү гишүүн анх мэдэгдэж, дэмжихгүйгээ хэлсний дараа УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Баасанхүү гишүүн хамт өргөн барьсан бус уу” хэмээсэн. Гэтэл он солигдохын өмнө олон хуулийн төсөл зэрэг өргөн барьсан учир андуурч өөрийгөө эвгүй байдалд оруулж дуулиантайгаар хэлэлцэж эхэлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нар санаачилсан юм. 14 бүлэг, 103 зүйлтэй уг хуулийн төсөлд ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй нийтдээ 149 санал гарсан. УИХ дахь АН-ын бүлгээс Сонгуулийн тухай хуулийн Ерөнхийлөгчийн сонгуулийн заалтуудын 97 хувийг нь хуулбарласан хуулийн төсөл гэж мэдэгдсэн. Анх орж ирэхдээ хэл ам дагуулан хэлэлцүүлэгдэж эхэлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл 18 хоногийн дараа ийнхүү дуулиантайгаар буцаагдлаа.

0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан