Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анхааралтай ажиглаж байгааг бүү март


Т.ЦЭЛМЭГ


Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар олон жил ярьж, бичиж байгаа. Сайжирч бай­гаагийн нэг жишээ нь парламентад олон эмэгтэй гишүүнтэй болсон нь. Нэг нам дангаараа үнэмлэхүй олонхийг бүрдүүлж, түүнийхээ хэмжээгээр эмэгтэйчүүдийн тө­лөө­лөл болж ажиллахаар урьд өмнөхөөс олон эмэгтэй сонгогд­сон. Энэ парламентад нийтдээ 13 эмэгтэй гишүүн ажиллаж буй. Харам­салтай нь сүүлийн үед тэднийг тойрсон элдэв таагүй явдлууд ар араасаа гарах болов.

Байнгын хорооны хурал­даанд үг хэлж байгаа гишүүний хажууд бохь зажилж суугаагаар бичлэгт орсон Н.Амарзаяа гишүүний тухай хаа сайгүй гарсан. Түүний дараахан М.Оюунчимэг гишүүн мөн л хажууд суугаа гишүүнээ үг хэлж байхад гялгар ууттай юм гарган ирж идэж, ярианд нь оролцож, утсаар ярих үйлдэл бүр нь бичигджээ. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Б.Ундармаа УИХ-ын чуулганы хуралдааны үеэр суудлаа олохгүй төөрч, хэвийн биш үйлдэл гаргаж буй бичлэг тарав. Суудлаа олж ядан, үг хэлж байсан Н.Амарзаяа гишүүний өөдөөс ширтэхийг нь олон нийтийн сүлжээнд “Согтуу байна уу даа” хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж, сэтгэгдлүүд хөвөрсөөр. Уг нь Б.Ундармаа гишүүн Н.Цэрэнбат, А.Сүхбат гишүүний дунд буюу Г.Тэмүүлэн, Н.Амарзаяа, Н.Учрал нартай зэргэлдээ суудалд суудаг. Гэтэл суудал андуурснаас гадна үйл хөдлөл нь хэвийн биш байгааг харуулсан дүрс бичлэгийг үгүйсгэсэн тайлбар ч хийжээ. УИХ-ын гишүүний тангарагаа өргөсний дараахан эмэгтэй гишүүд БНСУ-д айлч­лал хийж, парламентын үйл ажил­лагаатай танилцсан. Тэгэхдээ хувцаслалтын наад захын соёлгүй, эрээн алаг, тод өнгийн хувцастай байгааг нь нэлээн шүүмжилж байсан билээ.

Энэ мэтчлэн шинэ парламентын түүх эхлэхдээ л ингэж олны шүүмжлэлийн бай болж байгаад хэн буруутай вэ. Хүний муу муухайд дурлах гэсэн хэвлэлийнхэн хэмээн зарим нь үзнэ. Тэгвэл Байнгын хороод, УИХ-ын чуулганы тан­­­­­­­­химд үг хэлж байгаа гишүү­ний дүрс бичлэгийг тухайн хуралдааны танхимд суурилуулсан камерт бичиж, баримтжуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнээс нь дүрс авч байгааг хэлэх нь зүйтэй. Хуралдааны танхимуудад телевизүүдийн олон камер эгнүүлэхгүй аль болох асуудал, чирэгдэл үүсгэхгүй нэг эх үүсвэрээс бүх дүрсийг авахуулдаг болгож шийдсэн. Гэтэл тэдний үзэж буй шиг хүн болгоныг, үйл хөдлөл бүрийг нь дагуулж бичлэг хийж, нэр төрийг нь гутаах гэж оролддоггүй юм.  Тийм зав сэтгүүлчдэд байхгүй.Зүгээр л хажууд суугаа гишүүний микрофон асаалттай буюу үг хэлж байгаа бол дүрс бичлэг хийж буйг мэддэг, ойлгодог болох хэрэгтэй. Энэ бол зөвхөн эмэгтэй гишүүдийг муухай хараг­­дуулах гэсэн кампанит ажил биш гэдгийг ойлгох ёстой. Ядаж л УИХ-ын гишүүн болж сонгогчдоо төлөөлж байгаа бол хурал, чуулган, олны газарт явахдаа биеэ зөв авч явах нь зүйн хэрэг.  Парламентад суугаад хагас жил гаруй болчихсон байхад Байнгын хороод, чуулганы танхимд камер барьж орж ирээд бичлэг хийдэггүйг мэддэг болсон байлтай. Гэтэл УИХ-ын тамгын газрын техникийн ажилтнууд алдаа гаргаж, буруу зөрүү дүрс авлаа хариуцлага тооцуулна гэж бусад руу чихэх гэж оролдож байгаа нь дэндүү харамсалтай. УИХ-ын нэгэн гишүүний өрөөнд суухдаа ёс бус зүйл ярьсан гэж Л.Эрдэнэчимэгийг сонгууль эхэлснээс дуусах хүртэл элдвээр нь гоочилж байсан. Харин Байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр юм идэж, хачин үйлдэл гаргаж байгаагаа байх ёстой мэтээр хандаж буй нь эрхэм түшээдийг өмгөөлөх биш улам ичгэвтэр харагдуулаад байна. Таван хүнтэй жижиг компанийн хуралд захирлынхаа өөдөөс хараад юм идээд суудаг ажилтан гэж байдаггүй. Хэлэх үг, хийх үйлдэл бүрийг чинь анхааралтай ажиглаж байгаа нь зөвхөн хэвлэлийнхэн биш нийт сонгогч түмэн гэдгийг дахин нэг сануулъя. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан