Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Трампын үгийг хамгийн үндсэрхэг, популист хэмээн дүгнэлээ

Б.СЭВЖИДМАА

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тангаргийн ёслолд хэлсэн үгийг ажиглагчид түүхэнд байгаагүй популист бас үндсэрхэг боллоо хэмээн дүгнэж байна. Түүний хэлсэн үгэнд Америк гэдэг үг 18 удаа,  америкчууд-16, бүгдээрээ-12, ард түмэн /хүмүүс/-9, улс орон гэдэг үг есөн удаа тус бүр давтагдсанаас Трампын ирэх жилүүдэд баримтлах бодлогын ерөнхий дүр зураг харагдах шиг гэжээ.

“Тэрээр Вашингтоны зүрхэнд, Вашингтоны шийдвэр гаргагчдаар хүрээлүүлэн зогсоо хэрнээ Вашингтон руу дайрсан үгс маш олныг хэлж, “Мартагдсан ард түмнийхээ төлөө ажиллана” гэж онцлон тэмдэглэснээрээ  цэвэр популист бас маш радикал үг хэллээ” хэмээн CNN-ийн тоймч Таппер дүгнэжээ.

Үнэхээр Д.Трамп үгийнхээ эхэн хэсэгт “Өнөөдрийн ёслол бол маш онцгой утга учиртай. Бид нэг засаг захиргаанаас нөгөө засаг захиргаанд, нэг намаас нөгөө намд төрийн эрхийг шилжүүлж буй хэрэг биш, харин Вашингтоны эрх мэдлийг Америкийн ард түмэн та нарт эргүүлэн өгч байгаагаараа онцгой юм” гээд “Асар урт хугацаанд манай улсын нийслэл дэх багахан хүрээний бүлэг хүмүүс Засгийн газрын үр шимийг хүртэж, ард түмэн харин тэдний ачааг нуруундаа үүрч ирлээ. Вашингтон мандан бадарч, харин хүн ард нь баялгаас хувь хүртэж чадсангүй. Улстөрчид дэгжин дээшилж байхад ажлын байр орхигдож, үйлдвэрүүд хаагдаж байна. Энэ засаг захиргаа өөрийгөө л хамгаалахаас бус иргэдээ хайхран хамгаалсангүй. Тэдний ялалт та бүгдийн ялалт байсангүй.  Тэд улсынхаа нийслэлд ялалтаа тэмдэглэж байхад улс орны өнцөг булан бүрт амьдралын төлөө тэмцэж зүдэрч яваа  хүмүүст баярлах шалтгаан байсангүй” гэж хэлсэн юм.
Харин Д.Трамп энэ шударга бус байдлыг тангараг өргөсөн цагаас эхлэн өөрчилнө гэж амлалаа. Тэрээр “Яг одоо, яг эндээс бүх өөрчлөлт эхэлнэ. Өнөөдөр бол та бүхний өдөр. Та бүгдийн тэмдэглэлт өдөр. АНУ бол та нарын эх орон. Энэ улсын Засгийн газрыг ямар нам хянах нь чухал бус. Харин Засгийн газрыг ард түмэн хянаж буй эсэх нь л чухал. 2017 оны нэгдүгээр сарын 20 бол АНУ-ын ард түмэн улсынхаа эзэн, эрх баригч болсон өдөр хэмээн түүхэнд тэмдэглэгдэх болно.  Манай улсын мартагдсан хүн ардыг одооноос эхлэн хэн ч мартахгүй. Хүн бүр та нарыг сонсох болно. Яагаад гэвэл улс орон гэдэг иргэддээ үйлчлэх гэж байдаг юм” гэлээ.

Д.Трампын үгэнд дурдагдсан өөр нэг санаа ажиглагчдын анхаарлыг мөн татсан байна. Тэрээр “America First” буюу АНУ-ын эдийн засаг, худалдааны ашиг, хилийн аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж,  холбоотон орнуудыг хамгаалах, дэмжих нь хоёрдугаарт байх ёстой гэсэн өөрийн үндсэн байр сууриа үгээрээ бататгасан юм.
“Олон арван жилийн турш бид Америкийн аж үйлдвэрлэлийн зардлаар гадаадын аж үйлдвэрлэлийг хөгжүүлж баяжуулж ирлээ. Өөрийнхөө хилийг хамгаалахаас татгалзаж, харин бусдын хилийг манаж ирлээ. Америкийн дэд бүтэц элэгдэж хуучирч байхад хэдэн триллион доллараар хилийн чанадын улс орнуудыг хөгжүүлж байна. Бусдад эд баялаг, хүч чадал, итгэл найдвар өгч байхдаа бид өөрсдөө анхаарлын төвөөс арчигдан гарлаа. Манай дундаж давхаргынхны баялгийг орон гэрээс нь хуу хамж, бүх дэлхий нийтэд тараалаа. Гэхдээ энэ бол өнгөрсөнд үлдэх явдал. Бид одоо зөвхөн ирээдүйгээ харж байна. Бид өнөөдөр энд нэгдээд улс орныхоо хот бүрт, дэлхийн улс орнуудын нийслэл бүрт, тэдний эрх барих танхим бүрт хүрэх нэгэн шинэ зарлигийг сонордуулж байна. Үүнээс хойш манай газар нутгийг шинэ алсын хараагаар удирдах болно. Энэ мөчөөс эхлэн Америкийг эн тэргүүнд тавих болно” гэж хэлээд худалдаа, татвар, цагаачлал, гадаад харилцаа гээд бүх асуудлаар гарах шийдвэр Америкийн ажилчдыг, Америкийн гэр бүлүүдийн ашиг сонирхлыг хамгийн түрүүнд бодолцсон байх болно гэсэн юм.

Нээлттэй, чөлөөт худалдаанаас татгалзаж, зөвхөн өөрийгөө хамгаалах бодлого хэрэгжүүлж, олон улсын интеграцчилал, хамтын ажиллагаанаас ухрах нь АНУ-д өөрт нь ашиггүй гэж ажиглагчид, шинжээчид үзэж байгаа ч Д.Трамп “Хамгаалалт биднийг агуу хөгжил цэцэглэлтэд хүргэнэ” хэмээн онцоллоо.
Тэрээр одоо хоосон ярьдаг цаг ард үлдэж, ажиллах цаг ирсэн “АНУ шинэ зам, гүүр, нисэх буудал, хонгил, төмөр зам барьж, баялаг бүтээх болно” гэж амласан юм. “Америкийн бүтээгдэхүүнийг худалдан ав, америкчуудыг ажиллуул” гэдэг маш энгийн дүрэм барина гэдгээ ч сануулав.

Д.Трамп дэлхийн тавцанд хуучин холбоогоо батжуулахын зэрэгцээ шинэ холбоо үүсгэж, Исламын хэт үзэлт террористуудыг ертөнцөөс арчиж хаяна гэж амлаад ард түмэндээ айх хэрэггүй, биднийг цэрэг арми маань, хамгийн гол нь Бурхан хамгаалж байгаа, тиймээс одоо нэгдээд хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэцгээе гэж уриалсан юм.

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч тангараг өргөхдөө хэлсэн үгийнхээ төгсгөлд “Одоо та бүхнийг үл тоох явдал дахин хэзээ ч давтагдахгүй. Та бүгдийн дуу хоолой, итгэл найдвар, мөрөөдөл Америкийн хувь заяаг тодорхойлох болно. Та бүхний зориг, хайр, сайн сайхан чанар бидний замыг гэрэлтүүлэх болно. Бид хамтдаа Америкийг дахин хүчирхэг болгоно. Бид дахин баян чинээлэг болно. Бид Америкийн бахархлыг сэргээх болно. Бид Америкийг аюулгүй болгоно. Тийм ээ, бид хамтдаа Америкийг дахин агуу гүрэн болгоно. Баярлалаа. Бурхан та бүгдийг ивээг. Бурхан Америкийг ивээг” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
GAIHALTAI
Хамгийн их уншсан