Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эргэж олдохгүй таван амиар “эрүүлжсэн” гурав хоног


Ж.ЖАМУХА

Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг. Хэн, хэзээ хэлснийг нь мэдэхгүй ч монголчууд бидний хувьд “Сархад савнаасаа бусдыг дийлдэг” гэх худал үг саяхныг хүртэл үгүйсгэлгүй үнэн байв. Шил, лонхондоо л захирагдах мэт сэтгэж, итгэж ирсэн бид 20 гаруй жилийн “хордлого”-оо таван хүний алтан амиар “тайлж”, бүх нийтээр гурав хоног “эрүүлжив”. Улмаар архи гэгч хорт ундааг сав суулга нь л захирч чаддаг бус хууль, журмаар ч дарж болдгийг харлаа.

Энэ сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт таван хүн үл мэдэгдэх шингэн зүйлд хордож амиа алдсанаар НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас Улаанбаатар хотын хэмжээнд гурав хоног архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон. 20 гаруй жил хорио цээргүй худалдаж асан хорт шингэнийг хорьж цагдах болсон нь өнгөрөгч долоо хоногийн “халуун” сэдэв болоод байв. Эл шийдвэрийг архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний газрынхан хийгээд энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчид эрс эсэргүүцэх нь байсан ч архигүй гурав хоногт эхнээсээ “эрүүлжиж” эхэлсэн үү яасан, иргэдийн зүгээс эерэг хандлага бий болж, “архигүй өдөр”-ийн тоог нэмэгдүүлэх тухай санал санаачилга ч хөврөх болсон. Тэр ч бүү хэл сар бүрийн 1-нд бус долоо хоног бүрийн баасан гарагт буюу бидний нэрлэж заншсан “Баасан ахын төрсөн өдөр”-өөр архи, согтууруулах ундаа худалдахгүй болгох тухай ч ам нээх нь цөөнгүй байв. Ямартай ч, өдий хүртэл үйлдвэрлэл үйлчилгээ нь өргөжсөөр ирсэн архи, согтууруулах ундааг гурав хоног хорьсон нь “согтуу” нийгэмд эрүүлжих, сэхээрэх боломж олгосон ч гэлтэй.

Архигүй гурав хоногт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага хоёр дахин буурсан нь нийгэм маань эрүүлжиж буйг илтгэсэн. Тодруулбал, цагдаагийн байгууллагад ирсэн нийт дуудлага мэдээлэл 39.7 хувиар, гэмт хэргийн дуудлага 74.8 хувиар, зөрчлийн дуудлага 53.5 хувь, согтуугийн дуудлага 72.3 хувь, хоногт бүртгэгдсэн нийт гэмт хэргийн тоо 61.4 хувиар тус тус буурчээ. Үүнийг тоон үзүүлэлтээр авч үзвэл хоногт дунджаар 1600 удаа хангинадаг байсан цагдаагийн шуурхай дуудлагын утас “архигүй өдөр”-үүдэд гурав дахин буурчээ. Тухайлбал, хоногт 1100 орчим ирдэг зөрчлийн дуудлага 463, 400 гаруйгаар тоологддог согтуугийн дуудлага 95 болж, 100 гаруй ирдэг гэмт хэргийн дуудлага 24-т хүрчээ. Мөн архи, согтууруулах ундаанаас шууд хамааралтай эмнэлэгт ирэгсдийн тоо, түргэн тусламжийн дуудлага ч эрс буурсан байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн  долоо, архины 57, шар айргийн 19, дарсны 10, нийт 93 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Статистикаас үзэхэд, улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн гуравны нэг хүнд, онц хүнд гэмт хэргийн хоёрны нэг, нийслэлд үйлдэгдсэн гэмт хэргийн 57.7 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байдаг. Үүнээс үзэхэд, гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан, нөхцөл нь архидан согтуурах явдалтай шууд холбоотой юм. Үүнээс архи, согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэлийг багасгахад чиглэсэн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгараад байгааг харж болно. Өнгөрсөн долоо хоногийн “архигүй өдөр”-үүдээс ч харж болно.

Эдгээр өдрүүдэд цагийн нөхцөл байдалтай холбогдуулж эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа гээд салбар чиглэл бүрээр тусгай штаб байгуулагдан ажиллаж, нөхцөл байдлыг тандсан бөгөөд энэ хугацаанд архи, согтууруулах ундаанд хордсон гэх дуудлага бүртгэгдээгүй аж. Мөн гэмт хэргийн гаралт, дуудлага эрс багассаныг цагдаа, эмнэлэг, онцгой байдлынхан дор бүрнээ хэлж байв. Энгийн үед ачаалал хэтрүүлэн хүн хүлээж авах нь элбэг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журмын тасгийн дарга, хошууч Б.Ганзориг “Энгийн өдрүүдэд манай хэлтэст гэмт хэрэг, зөрчдийн 60-120 дуудлага ирдэг. Харин НИТХ-ын тогтоол гарснаас хойш хоногтоо арав гаруй дуудлага л авч байна. Тэр ч бүү хэл зарим үед ачаалал хэтэрдэг эрүүлжүүлэх, саатуулах байр хүнгүй, хоосон байх үе ч байна” гэв. Зөвхөн Баянзүрх дүүрэгт ч бус нийслэлийн найман дүүргийн хэмжээнд хоногт 40-60 хүн хүлээж авдаг эрүүлжүүлэх байрууд ганц, хоёрхон хүнтэй хоносон нь элбэг гэнэ. Эдгээр өдрүүдэд эрүүлжүүлэх байранд хоноогүй тэр олон хүн гэртээ амар тайван хоносон нь лавтай. Угтаа архигүй гурав хоногт “аав хэзээ ирэх бол” хэмээн айж, чичирч хүлээдэг хэчнээн багачууд бүтэн нойртой хоноо бол. Хэчнээн эмэгтэй согтуу хүний гарт өртөлгүй бие, сэтгэл амгалан байсан бол. Хэчнээн өрх амар тайван, айж ичих зүйлгүй гурав хоноо бол. Мэдээж архи, согтууруулах ундаа үйлдвэрлэлийг нэг мөр хааж цагдаж чадахгүй ч тоог нь бууруулах, цаашлаад ногдуулах татварыг нь нэмэх, хяналт шалгалтаа сайжруулах шаардлага байгаа нь тодорхой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан