Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

““Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал бусад улс, санхүүгийн байгууллага зээл олгоно”


Б.БИЛГҮҮН

Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт буюу Давосын 47 дахь уулзалт энэ сарын 17-20-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн найман жил оролцож, улсынхаа нэр хүндийг “дархалж” байгаа гэдэг ч манай улсын эдийн засгийн байр суурь улам бүр хумигдаж байна. Тухайлбал, Давосын уулзалтаар санхүүгийн хямралд өртөх эрсдэлтэй орнуудын жагсаалтыг манай улс тэргүүлж, улс төрийн тогтворгүй байдлаараа сүүл мушгиж байгаа гэх таагүй мэдээ цацагдлаа.
Мөн 2015 онд Хятадын болон өрнөдийн томоохон хэвлэлүүд 2017 оны II улиралд дампуурах өндөр эрсдэлтэй орноор Монгол Улсыг нэрлэсэн бөгөөд төсвийн хатуу дэглэм баримтлахгүй бол эдийн засаг маш хурдтай хумигдаж, дефолт зарлахад ойрхон байна гэж байлаа.
Хэдийгээр дефолт зарлахад ойрхон байгааг Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хүлээн зөв­шөөрсөн ч одоогийн Зас­гийн газар бондын эргэн төлөл­төө хугацаанд нь төлж чад­на, эдийн засаг сэргэж бай­­гаа гэх мэдээлэл хийсээр байна.


Энэ асуудалтай холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон эрх баригч намын бүлгийн дарга Д.Хаянхярваа нараас зарим зүйлийг тодрууллаа.

-Давосын чуулга уулзалтын үеэр манай улсыг санхүүгийн хямралд өртөх хамгийн өндөр магадлалтай улсаар нэрлэсэн байна. Энэ талаар та сонссон уу. Төсөв тийм хүнд байгаа хэрэг үү?
-Давосын чуулга уулзалтын үеэр яг ямар асуудал яригдсан бэ, гэдгийг мэдэхгүй байна. Хэвлэлийн хэмжээнд л мэдээлэлтэй байгаа. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа нь нууцгүй үнэн ч 2016 онд Засгийн газар нийт зардлынхаа 99.5 хувийг санхүүжүүлсэн тооцоо гарч байна. Орлого 300 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсэн эерэг дүр зурагтай байгаа. Засгийн газар байгуулагдсанаас хойш багагүй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Жишээ нь, БНХАУ-руу экспортолж байгаа нүүрс, зэсийн үнийг өсгөсөн.  Тиймээс 2017 оны төгсгөл, 2018 оны эхнээс эдийн засгийн нөхцөл байдал дээрдэх хүлээлт бий.

-Засгийн газар болон УИХ БНХАУ-аас гадна Япон, Солонгос болон олон улсын байгууллагаас зээл, тусламж хүссэн. Тэдгээр хүсэлтийн хариу ирсэн үү?
-Олон улсын валютын сантай хийж буй яриа хэлээлцээрээс их зүйл шалтгаалж байгаа. Энэ хөтөл­бөрт хамрагдвал, өрийн тогтвортой байдлыг үүсгэх шаардлагатай болдог. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан үзвэл, зах зээлээ дагасан хүүтэй зээлээр тогтвортой байдал үүсгэх боломжгүй болсон. Тиймээс Олон улсын валютын сангийн “Стэндбай” хөтөлбөрт хамрагд­вал бага хүүтэй зээл олгох боломжтой гэж мэ­дэгдэж байгаа. Тиймээс яриа хэлэлцээр хэр амжилттай бай­хаас шалтгаалан цаашид ямар, ямар газраас хөнгөлөлттэй зээл авч болох вэ, гэдэг нь илүү тодорхой болно.

-Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг хийх ёстой. Засгийн газар бондыг хугацаанд нь төлж чадна гэж мэдэгдсэн. Гэхдээ ямар байдлаар төлөх талаар яагаад мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ?
-Евро бондын 580 сая ам.долларыг төлөх асуудлаар Засгийн газар ярилцсан. Ингээд гурван хувилбар гаргасан байгаа. Хэлэлцээрүүдийг албажуулсны дараа буюу 10-15 хоногийн дараа албажсан, баталгаатай болсон мэдээлэл өгье гэж бодож байна.
Хэдийгээр бондын үндсэн төлөлтийг гуравдугаар сарын 21-нд буюу хугацаанд нь төлнө гэж байгаа ч Засгийн газарт 580 сая ам.долларыг бэлнээр төлөх чадамж байгаа эсэх нь эргэлзээтэй. Мөн:
Нэгдүгээрт, бэлэн мөнгөөр төлөх
Хоёрдугаарт, төлбөрийн хугацааг хойшлуулахаар яриа хэлэлцээр хийх
Гуравдугаарт, төлж чадахгүй гэдгээ албан ёсоор зарлах гэсэн сонголтууд байгаа гэх албан бус мэдээлэл байна. Нэг болон гуравдугаар хувилбарууд Засгийн газарт ашиггүй тул сонгохгүй бөгөөд Олон улсын валютын сангийн яриа хэлэлцээрийг амжилттай хийж чадвал ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларын мөнгөн урсгал бий болж, түүнээс графикийн дагуу төлөлт хийх талаар ч яригдсан бололтой.
Энэ асуудлаар Засгийн газрын гишүүд ч дорвитой мэдээлэл өгөхгүй байгаа нь дээрх хувилбартай холбоотой гэх бөгөөд одоогоор эрх баригч намын бүлэг ч ямар байдлаар евро бондын эргэн төлөлтийг хийхийг мэдэхгүй байна.
Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Д.Тогтохсүрэн “580 сая ам.долларын бондын төлбөрийг хугацаанд нь хийнэ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн.
Энэ чиглэлийн үйл ажиллагааг Засгийн газар хариуцаж байгаа. Тиймээс МАН-ын бүлэг энэ асуудлыг яриагүй” гэсэн юм.


Харин эрх баригч намын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Монгол Улс санхүүгийн хувьд амаргүй байгаа” талаар ярилаа.

-Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар манай улсыг санхүүгийн эрсдэлтэй гэсэн байна. Эрх баригч намын бүлгийн хувьд иймэрхүү асуудлыг ярилцсан уу?
-Давосын чуулга уулзалтын тухай бүлгийн хуралдаан дээр тухайлан ярилцаагүй. Ер нь, эдийн засгийн асуудал эмзэг, хүнд асуудал юу гэвэл, тийм. Санхүү, эдийн засгийн хувьд үнэхээр амаргүй байна. Энэ бүхнийг хохирол багатайгаар даван туулах арга замуудыг Засгийн газрын болон УИХ-ын төвшинд хайж, ажиллаж байна. Гадаад, дотоодын улс орнуудаар явж, банк, санхүүгийн чиглэлээр хамтарч ажиллах боломж эрэлхийлж байгаа. Тодорхой яриа, хэлэлцээр хийгдээд явж байна. Нэн ялангуяа БНХАУ-тай харилцаагаа хэвийн болгох чиглэлээр бүх шатандаа хэлэлцэж байна.
Нааштай алхмууд гарч байгаа. Тиймээс эдийн засаг, санхүүгийн асуудлаа эрүүлжүүлэх асуудлыг улс төрөөс ангид байлгаж, элдэв популист цуурхлаас холдуулан, төрийн нэгдсэн бодлогоор зохицуулж явах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Ойрын үед энэ асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж, санал солилцоно.

-Сангийн сайд нүүрсний үнэ өссөн нь эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж байна. Тавантолгойн баруун цанхийн нэг тонн нүүрсний үнэ өссөн нь эдийн засагт болон цаашдаа хийгдэх Тавантолгойн гэрээнд ямар байдлаар нөлөөлнө гэж үзэж байгаа вэ?
-Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээл дэх үнийн өсөлттэй уялдуулах Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Цанхийн баруун уурхайн ажлыг өнгөрсөн жил дахин эхлүүлж, анхны борлуулалтаа 71.5 ам.доллараар хийсэн юм билээ. Тендер  зарлах шугамаар нүүрс гаргах болсны үр дүн. Гэхдээ Тавантолгойн нүүрсний үнэ гэрээнд нэг их нөлөөлөхгүй байх гэж бодож байна. Бүлгийн гишүүд мөн Тавантолгойн гэрээний асуудлыг сураглаж эхэлсэн. Хэзээ Засгийн газар хувилбаруудаа танилцуулах вэ, гэж байна. Учир нь, энэ төсөлтэй холбоотой ташаа мэдээлэл олон байгаа. Бид энэ хүсэлтийнх нь дагуу Засгийн газарт хандсан. Харин Засгийн газар “эхний ээлжинд Хятадын талтай гол, гол зүйлсээ зөвшилцөх шатанд явж байна” гэсэн.

-МАН-ынхан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр эзэмших боломжтой гэх чиглэлээр ажиллана гэх мэдээлэл өчигдрөөс гарч эхэллээ. Ажлын хэсгийн дүгнэлттэй танай бүлгийн гишүүд танилцчихсан юм уу?
-“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдыг “49 хувийг улсад буцааж авахаар боллоо” гэх мэдээлэл цацагдсан. Гэхдээ энэ бол ташаа мэдээлэл. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн арилжааг шалгах асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ долоо хоногт байнгын хороонд эхлээд ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах ёстой. Шаардлагатай гэж үзвэл, УИХ дахь бүлгүүдэд асуудлыг танилцуулдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан