Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон нутагт ажлын байр бий болгоход 900 мянган евро зарцуулна

Б.МЯГМАРЖАВ

Манай улсад эдийн засгийн хямралыг дагаж ажилгүйдэл өссөөр байна. Тухайлбал, хөдөлмөр эрхлэх насны 1.2 сая иргэн байдгаас 46.8 мянга нь ажилгүй гэсэн үзүүлэлт бий. Энэ нь ажилгүйдлийн төвшин 9.4 хувьд хүрээд буй үзүүлэлт юм. Тэгвэл нийт ажиллагсдын гуравны нэгийг ажлын байраар хангаж буй хөдөө аж ахуйн салбарыг илүүтэй хөгжүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх хамгийн том гарц гэж тус салбарынхан үздэг. Иймээс Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо НҮБ-тай хамтран “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх төсөл”-ийг эхний ээлжинд Завхан, Дорнод, Төв аймагт хэрэгжүүлэхээр болсон гэнэ.

Энэ талаар Европын холбооны төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны газрын дарга Ларс Гроинвалд “Монгол Улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байна. Гэсэн ч  энэ нь нийтийг ажлын байраар хангаж чаддаггүй. Манай төслийн гол зорилго Монгол Улсын хэмжээнд хөдөө аж ахуй болон газар тариаланд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байрыг нэмэгдүүлэн түүгээр дамжуулан айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх. Хөдөө аж ахуй дотроо арьс шир, ноос ноолуурын салбарыг хөгжүүлнэ. Түүнчлэн аль салбарт ямар асуудал тулгарч байна гэдгийг гаргаж тухайн бүс нутгийн иргэдэд шаардлагатай тусламж дэмжлэгийг хүргэнэ” хэмээн ярьсан юм.

Нөгөөтэйгүүр хөдөө аж ахуйн салбарт  дийлэнхдээ улирлын чанартай ажил давамгайлдаг. Иймээс төслийн хүрээнд улирлаас хамааралгүй ажилладаг ажлын орон тоог бий болгох гэнэ. Үүний тулд сүү, сүүн бүтээгдэхүүн дээр гэхэд орон нутагт байгаа нөөц баялгаа нэмүү өртөг шингэсэн өрсөлдөхүйц чанартай бүтээгдэхүүн болгож дотоод болон гадаад зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлнэ. Ингэхдээ хот суурин газрыг сүүгээр хангаж буй томоохон сүү боловсруулах үйлдвэрүүдэд чанартай, их хэмжээний сүү  нийлүүлэх,  импортыг орлох бүтээгдхүүн үйлдвэрлэхэд анхааран ажиллах юм байна. Энэ тухай ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш “Мал аж ахуй, газар тариалангийн салбарт ажлыг байрыг олон болгох боломж харагдаж байгаа. Газар тариаланг хөгжүүлэхдээ зоорийн аж ахуйг түлхүү хөгжүүлнэ. 2016-2020 оны Засгийн газрын  үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт малчдыг малжуулах, мэдлэгжүүлэх хөтөлбөр орсон. Одоо 100-гаас доош малтай олон өрх бий. Эдгээр өрх айл  мал аж ахуйгаас өөр салбар руу ороход бэлэн байгаа. Гэтэл өөр салбарын ажлыг сайн мэдэхгүй олон жил мал маллаж ирсэн туршлагатай. Уг нь,  төрөөс жаахан дэмжээд өгвөл өөрсдөө ажлын байраа бий болгоод явах боломжтой” гэв.
Дээрх төсөл 2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд эхний ээлжинд 900 мянган еврогийн санхүүжилт оруулах аж.


Г.Өнөрбаяр: Ирэх дөрвөн жилд 20 мянган ажлын байр бий болгоно

Дээрх асуудалтай холбогдуулан ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улсад ажлын байрыг нэмэгдүүлэх төс­лийг хэрэгжүүлэх болжээ.Эхний ээлжийн гурван аймгийг ямар шалгуураар хэрхэн сонгосон юм бэ?
-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ажлын байрыг нэмэгдүүлэх гэсэн зорилт орсон. Энэ хүрээнд бүсчилсэн хэлбэрээр гурван аймгийг сонгосон. Төслийг мал аж ахуй, газар тариалан гэсэн хэлбэрээр хэрэгжүүлнэ. Нөгөө талаас эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед ажилгүйдэл их байна. Тэр тусмаа орон нутагт залуучуудыг ажлын байраар хангах шаардлагатай.

-Улсын хэмжээнд ажил­гүй иргэдийн тоо хэд бай­на вэ. Ажлын байрыг нэмэг­дүүлэх талаар танай яамны зүгээс ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-ХНХЯ ажилгүйдлийг бууруулах зорилт бий болгосон. Үүнийг ирэх жил хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь ирэх долоо хоногт тодорхой болно. Ажил­гүйдлийн төвшин арав гаруй  хувьд хүрсэн. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр тоо.  Цаашдаа бид ЖДҮ-ийг яаж дэмжих юм,  ялангуяа хөдөл­мөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэхдээ бүсчилсэн хэлбэрээр явуулах нь зүйтэй гэсэн чиглэлтэй байгаа.  Ирэх дөрвөн жилд 20 мянган ажлын байр шинээр бий болгоно. Манай яамны зүгээс ажлын байр тэр дундаа залуучуудыг ажлын байраар хангах талаар анхаарал хандуулна.

-Залуучуудаас гадна 40-өөс дээш насныханд ажил олдохгүй, тэтгэвэрт гарч чадахгүй энэ хоёрын дунд хэлмэгдээд байгаа. Үүнийг яах ёстой юм бэ?
-Ажилгүйдлийг насны ангиллаар нь авч үзэхэд дийлэнх нь 35 орчим насны залуучууд байгаа. Энэ нь улс орны гол ажиллах хүчийг хамруулсан бодлого хэрэгтэй байна гэдгийг харуулж буй хэрэг. Мөн ахмадуудад ажлын байр шаардлагатай. Ялангуяа 50-иас дээш насныханд хандсан бодлого хэрэгжүүлнэ.

-Залуучууд ажилгүй байгаа шалтгаан нь юу байна вэ?
-Хэд хэдэн асуудал бий. Залуу хүмүүсийг ажлын туршлагагүй гэж хардаг. Тиймээс заавал туршлагатай боловсон хүчин гэсэн шаардлага тавьдаг. Мөн орон нутагт ажлын байр байхгүй учир залуучууд төв суурин руу орох энэ нь эргээд нөгөө төвлөрлийг бий болгож байна. Бүсүүдэд чиглэсэн ажлын байрны цогц бодлого байх учиртай. Орон нутагт ЖДҮ-ээс гадна ямар ажлын байрыг бий болгож болох уу гэсэн бодлогыг гаргаж ирнэ. Засгийн газраас мах, сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр “Мах, сүүний анхдугаар аян” эхлүүлсэн. Үүнд 17 мянга гаруй ажлын байр бий болгоно гэсэн урьдчилсан тооцоо гаргасан.

-Ажилгүйдлын төвшин жил ирэх бүр нэмэгдсээр байна. Үүнийг бууруулах ямар гарц байна вэ?
-Сүүлийн гурван жил эдийн засгийн хямралыг дагаж  ажилгүйдэл өссөн. Ажилгүйдэл зөвхөн манай яамны анхаарал хандуулах ажил биш. Бусад салбартай хамтран гарах гарцыг хийх учиртай. 2012 оны үед ажилгүйдэл хамгийн бага төвшинд очиж буурч байсан. Энэ нь эдийн засгийн өсөлт хамгийн өндөр байсан үе түүнээс хойш эдийн засгийн өсөлт буурсан. Ирэх жилээс эдийн засаг өсөлттэй байна гэсэн. ХНХЯ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан ирэх долоо хоногт ажилгүйдлийг бууруулах залуучууд, малчид, ахмад настанд хандсан ямар бодлого байгаа талаар хэлэлцэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан