Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуульзүй, дотоод хэргийн яаманд хуулийн асуудал үүссэн үү


Т.ЦЭЛМЭГ


Намын бүлгийн хурлаа арай гэж хийж байгаа МАН-д дотоод зөрчил хурцдаж байгаа бололтой. Сүүлийн үед энэ нь үе үе цухалзаж байсан бол одоо ил цагаандаа гарч эхэллээ. Засгийн газраа шүүмжлэх гишүүд МАН-ын бүлгийнхэн дунд байгаа төдийгүй ажлын үнэлэмж муу байгааг анхааруулсаар. Хамгийн сүүлд гэхэд Засгийн газраас боловсруулж орж ирж байгаа хуулийн төслүүд шаардлага хангахгүй, буцах болсонд гишүүд нэг бус удаа шүүмжлэл хэлсэн. Жишээ нь, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн сайд ажлаа муу хийж байна. Засгийн газраас оруулж ирж байгаа хууль алдаа ихтэй, найруулгын саналууд хэдэн зуугаараа гарах болсон. Боловсруулалтын түвшин их муу байгаа. Хууль боловсруулж байгаа яамдын хуульчдын чадавхийг эргэж харахгүй бол энгийн алдаа маш их байгаа” гэсэн юм. Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслүүд хэлэлцүүлгийн эхний шатаа давалгүй бүдрэх нь энүүхэнд болсон. Тухайлбал, Хууль зүй дотоод хэргийн яамнаас боловсруулан өргөн барьсан хэд хэдэн хуулийн төсөл парламентад очоод буцсан. Хамгийн тод жишээ нь, Оффшор дансыг хориглох зорилготой гэх Нийтийн албанд нийтийн болон хуулийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөө урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

Оффшор дансыг хориглох нь битгий хэл улам баталгаажуулж, гадаадын татваргүй бүсэд мөнгөө хадгалах аргыг зааж өгөх агуулгатай болсныг гишүүд бишгүй л сануулж, дэмжихгүйгээ хэлж, түр хойшлуулсан. “Өөрийнхөө нэр дээр данс бүү нээ, үр хүүхдийнхээ нэр дээр бүртгүүл гэж байгаа мэт хуулийн төсөл болсон байна” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хатуу үг хэлсэн удаатай.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээ ч давж чадалгүй буцсан. Өнгөрсөн оны хоёрдугаар сард батлагдсан хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн гишүүд бий. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хууль тогтоомж боловсруулах, хууль тогтоомж сурталчлахад бага хэмжээний ч гэсэн төсөв УИХ-ын гишүүдэд баталж өгдөг. Энэ төсвөөр бид чамлахааргүй, Хуульзүй, дотоод хэргийн яамнаас илүү материал, судалгаатай, эрх зүйн мэдлэг чадалтай хүмүүсийг ажиллуулж, гадаадын эрдэмтдээр шүүлгэж, салбарын хүмүүсийн саналыг авсан хууль өргөн барьж байгаа. Хэрэгжүүлэх бололцоогүй хууль гэсэн мөртлөө ямар өөрчлөлт оруулах гэж байгааг ойлгохгүй байна” гэсэн. Энэ мэтчлэн шүүмжлэл нэлээн гарч, хэлэлцэх шаардлагагүй хэмээн хууль санаачлагчид буцаасан. Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог алдагдуулах утга, агуулга бүхий заалттайг буруутгаж байв. Хилээс дотогш 100 км газар хил хамгаалах байгууллагын хяналтад байдгийг Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын өргөн барьсан хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хилийн зурвас /хилийн шугамаас дотогш 15 км/-аас дотогш хил хамгаалах байгууллага хяналт тавьж чадахгүй болохоор тусгасан. Ингээд яаралтай засах даалгавар өгч байж батлагдаад 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэхээр болоод буй.
Тэгвэл Хуульзүй, дотоод хэргийн яам оны төгсгөлд нэлээд олон хуулийн төсөл өргөн барьсан. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн шинэ­чилсэн найруулгын төсөл нь шүүмжлэл дагуулаад эхэлжээ.

Үндэсний төлбөр сис­те­­мийн тухай, Согтуу­руулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудын шинэчилсэн төслүүдийг өргөн барьжээ. Эднээс хэд нь буцаагдахыг таах аргагүй. Хуульзүй, дотоод хэргийн яам шинэ сайдтай болоод бужигнаж, бужигнаж нэг юм цэгцэрч эхэлсэн байна. Тус яамны таван газрын нэгээс бусдынх нь дарга өнгөрсөн намар шинэ сайд ирсэн учир солигдож, нэлээд хэдэн хүн ажлаас халагджээ. Зарим нь шүүхэд хандаж, хууль бусаар үндэслэлгүйгээр халагдсан гэсэн гомдол гаргаж, улмаар шүүхээс буцаан ажилд нь авах шийдвэр гаргасан байна. Олон жил ажилласан туршлагатай долоон мэргэжилтэн ийнхүү гомдол гаргаж, гурав нь ажилдаа буцан орсон байна. Нэг гомдлыг шүүхээр шийдвэрлэж эцэслээгүй байгаа гэдгээс харвал Хуульзүй, дотоод хэргийн яаманд хуулийн асуудал үүсээд байх шиг. УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүд нь бүдэрч, улмаар хуульзүйн мэдлэг дутмаг байгааг парламентын эрхзүйч гишүүдээс цөөнгүй удаа хэлж байгаагаас дүгнэж болохоор. Дан ганц Хуульзүй дотоод хэргийн яам гэхээр Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд УИХ-ын хэлэлцүүлэгт орж чадах нь уу, үгүй юу гэдэг өндөр босгонд тээглэдэг боллоо. Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгох тухай тогтоолын төсөл саяхан санаачлагчдаа буцсан. Нэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр тусад нь оруулж ирж хэлэлцүүлж буйгаас болж яамдын хуулийн мэргэжилтнүүдийн чадварын асуудал сөхөгдсөн. Д.Оюунхорол УИХ-ын гишүүн байхдаа батлалцаж явсан Хог хаягдлын тухай хуулийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болоод ёсчлон батлаагүй гэдэг үндэслэлээр буцааж, шинэчлэн найруулсан хэмээн өргөн барьж, хэлэлцэж эхэлсэн. 2016 оны арванхоёрдугаар сарын 26-28-ны өдрүүдэд УИХ-д 50 орчим хуулийн төсөл өргөн баригдсаны тал нь Засгийн газраас мэдүүлсэн төсөл. Гэвч хэлэлцэж эхлээд л элдэв асуудал дагуулж, гишүүдийг бухимдуулж буй­гаас үзвэл Ж.Энхбаяр гишүү­ний хэлсэнчлэн яамдын хуульчдын чадавхид үнэхээр эргэлзэхээр байна. Тун удахгүй Хэнтийн нурууны Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг парламентаар хэлэлцэнэ. Төслийн сураг дуулдаж эхлэхэд л маргаан үүсгэж байсан уг асуудал гүйцэтгэх засаглал, Байгаль орчны сайдынхаа чихийг халууцуулж мэдэх нь. Үнэхээр энэ Засгийн газарт хэл амгүйгээр хуулиа батлуулдаг болох том асуудал тулгарсан бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан