Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга Ц.Сандуй хяналт шалгалтыг бизнес эрхлэгчдэд дарамтгүй байдлаар эрчимжүүлэхийг үүрэг болголоо



НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурлыг Улаанбаатар хотын цагдаагийн газарт хийлээ. Хурлаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоолийн үр дүнг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний тухай үүрэг чиглэл өгсөн юм. Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй  “Нэгдүгээр сарын 17-20-ны өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон нь эрсдэлд суурилж авч хэрэгжүүлэхээс аргагүй арга хэмжээ байсан. Шуурхай ажлын хэсэг байгуулж, цагдаа, мэргэжлийн хяналт, эмч нар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрууд хамтарч ажилласны хүчинд хордлогоос болж дахин хүний амь хорогдсонгүй. Мөн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага тодорхой хувиар буурсан сайн үзүүлэлттэй байна. Ажлын хэсэг шуурхай арга хэмжээ авсан нь сайн хэдий ч нийслэлийн иргэнд аюул нүүрлэхээс урьдчилан сэргийлж ажиллах нь хаа хаанаа чухал байна Тэрээр, “Удахгүй монгол түмний баяр сар шинэ эхлэх гэж байна. Хүнсний аюулгүй байдлыг холбогдох хууль дүрмийн хүрээнд сахиулж ажиллах шаардлагатай байна. Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдэд чирэгдэл, дарамтгүй байдлаар хяналт шалгалтаа эрчимжүүлэх хэрэгтэй. Мөн энэ үеэр халаас, орон байрны хулгай нэмэгдэх хандлагатай байдаг. Зах, худалдааны төв, олны хөлийн газарт камерийн хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Орон нутгаас нийслэлд, нийслэлээс орон нутагт зорчих хөдөлгөөн ихэснэ. Замын цагдаагийн байгууллага зам тээврийн осол, зөрчлөөс сэргийлэх ажлаа эрчимжүүлж, иргэдэд аль болохоор хүндрэл багатай зохицуулалт хийх талаас нь ажилла. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хурлыг цаасан дээр буусан тайлангаар биш иргэдийн үнэлгээ, сэтгэгдлээр дүгнэнэ. Сая архи зарахыг хориглосон хэд хоногт эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал харьцангуй дээрдсэн. Цагдаагийн байгууллагад ирсэн гомдол мэдээллийн тоо мэдэгдэхүйц буурч, эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо 60.8 хувиар багассан гэсэн дүн мэдээг цагдаагийн байгууллага өгч байна. Ер нь манай байгууллагууд сахилга бат, хариуцлагыг анхаарч ажиллахыг сануулж байна. Бидний сахилга бат, хариуцлага суларснаас гэмт хэрэг гарч, хүн хохирох асуудал гарч байгааг санаарай” гэсэн юм.

Өнгөрсөн хоногуудад дүүргүүд дэх Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 956 алба хаагч, 235 Олон нийтийн цагдаагийн ажилтан, мэргэжлийн хяналтын 500 орчим байцаагчтай хамтран хариуцсан дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 8715 аж ахуйн нэгж, 2478 иргэнийг шалгаж, 5140 аж ахуйн нэгжид албан мэдэгдэл өгч, 1985 шил архи, 3945 шил шар айргийг битүүмжилж, 625 шил буюу 297.7 литр архи, 224 шил буюу 190.5 литр шар айраг хураан авч тусгай зөвшөөрөлгүй таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсоож, гар дээрээс согтуурах ундаа худалдан борлуулж байсан 11 иргэн, 11 аж ахуйн нэгж, бусад 12, нийт 34 зөрчлийг илрүүлэн, баримтжуулан шалгажээ. Ямартай ч НИТХ зоримог шийдвэр гарган, ажлын хэсэг байгуулан шуурхай ажиллаж, төрийн байгууллагууд хүлээсэн үүргээ биелүүлэн дахин хүний амь үрэгдэхээс сэргийлж чадлаа гэж өнөөдрийн хурлын үеэр Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй дүгнэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан