Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн манлайллаас АНУ ухарч, Хятад урагшлав


Б.СЭВЖИДМАА


Ажилдаа ороод долоо ч хоноогүй Дональд Трамп өмнөх Ерөнхийлөгч Б.Обамагийн гол ололт гэгдэж байсан хоёр том ажлыг үзэгнийхээ үзүүрээр зогсоочихлоо. Эхнийх нь Обамагийн санаачилсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хязгаарлах шийдвэр байсан бол удаах нь Транс Номхон далайн түншлэлийн гэрээ байв. TPP хэмээх товчилсон нэрээрээ хэдийнэ танил болсон энэ гэрээнээс татгалзах зарлигт гарын үсэг зурмагцаа Трамп “Дөнгөж сая америк ажилчдад маш хэрэгтэй шийдвэр гаргалаа” гэж хэлсэн юм. Гэвч үнэндээ түүний төсөөлж байгаа шиг ашиг тустай шийдвэр байж чадна гэдэгт ажиглагч шинжээчид эргэлзэж байна. Тэр бүү хэл Америкт халтай, Хятадад ашигтай шийдвэр гаргалаа гэж “CNN”-д бичжээ. Тэгвэл “Bloomberg”-т Д.Трампын шийдвэр улс төр, эдийн засгийн вакум үүсгэж, тэр хоосон орон зайг Хятад эзэлснээр дэлхийн тавцан дахь гол өрсөлдөгчдөө манлайлах боломж олгосон нь алдаа гэж үзэж байна. ТPP буюу Транс Номхон далайн түншлэлийг Б.Обама Ази дахь БНХАУ-ын нөлөөг хумих зорилгоор бий болгосон юм. Дэлхийн эдийн засгийн 40 хувийг эзлэх 12 улс орон нэгдэн, гарын үсэг зурсан ч энэ гэрээний тусламжтайгаар АНУ Европын холбоо шиг хоёр дахь том зах зээлээ бий болгох давхар зорилготой байв. Гэрээнд нэгдсэн улс орнууд өөр хоорондоо экспорт, импортын татвар хураамж төлөхгүй учраас АНУ-ын бүтээгдэхүүний хувьд том зах зээл нээгдэнэ гэж хүлээж байв.

Гэвч Д.Трамп Б.Обамагийн өнцгөөс асуудлыг харсангүй. Харин ч энэ гэрээ хэрэгжвэл АНУ ажлын байраа гадагш алдаж, америкчууд ажилгүй болно гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, Д.Трамп энэ гэрээг улс төрийн ач холбогдлоор бус эдийн засгийн ашиг сонирхлоор харжээ.

Транс Номхон далайн түншлэлийн гэрээнд Япон, Австрали, Малайз, Канад, Мексик тэргүүтэй 12 орон 2015 онд гарын үзэг зурсан ч албан ёсоор хэрэгжиж эхлээгүй байсан учраас Д.Трамп гэрээнээс татгалзлаа гэхэд эдийн засагт шууд үзүүлэх нөлөө байхгүй юм. Гэвч улс төр, геополитикийн хувьд асуудал өөрөөр эргэнэ. Хятадын бүс нутаг дахь нөлөөг хязгаарлахын тулд Номхон далайн орнууд (Япон, Малайз, Австрали) энэ гэрээнд ихээхэн хүчин чармайлт тавьсан боловч тэдний зүтгэл талаар нэг болсон тул АНУ Ази дахь түншүүдийнхээ итгэлийг алдлаа гэж “Eurasia Group” –ийн захирал, улс төр судлаач Айн Бреммер дүгнэжээ.

Энэ бол дэлхийн гол тоглогч болох зорилготой Бээжингийн хувьд алдаж болохгүй боломж. “Хэрэв Хятад манлайлагчийн дүрд тоглох шаардлагатай бол, үүрэг хариуцлагыг нь ч хүлээж авах ёстой” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Олон улсын эдийн засгийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Жан Жун сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлснийг ажиглагчид өлгөн авч байна. Энэ бол өнгөрсөн долоо хоногт Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпиний Давосын чуулганаас дэлхий нийтэд хандаж хэлсэн үгийг бататгасан санаа байв.

Си Зиньпин барууны орнуу­дын дотоод руугаа чиг­лэсэн, олон улсын чөлөөт худалдаанаас татгалз­сан, өөрийн зах зээлээ хамгаа­лах бодлогыг буруу гэж үзэж байгаагаа хэлээд даяарч­­лал, эдийн засгийн ин­теграцчлалын талд бат зогсо­­хоо илэрхийлсэн. Д.Трамп улс орноо сэргээн босгох гээд дэлхийн тавцныг эзгүй орхих хойгуур орон зайг нь эзлэх гэсэн Хятадын санаархал гэж түүний энэ үгийг ажиглагчид хүлээн авсан юм.

БНХАУ-ын топ дипло­матчдын нэг Жан Жун ч энэ санааг батлах үгийг сэтгүүлчдэд хэлсэн нь санамсаргүй хэрэг биш. Ярилцаж, хэлэлцэх сэдвээ тун анхааралтай сонгодог Хятадын гадаад харилцааны салбарын төлөөлөгч хэлэхдээ “Хэрэв Хятад манлайлагчийн байр суурийг эзэллээ гэж хүмүүс хэлж байгаа бол энэ нь Хятад өөрөө лидер болох гээд гэнэтхэн дайраад ороод ирсэн хэрэг биш. Фронтын тоглогчид өөрсдөө л арагш ухарч, Хятадыг урдаа гаргасан хэрэг” гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, Хятад өөрөө амбиц гаргаад дэлхийн манлайлагч болох гэж зүтгэсэнгүй. АНУ өөрөө байр сууриа тавьж өгч байна гэдэг санааг илэрхийлжээ. Гэхдээ ингэж үзэж байгаа нь зөвхөн Хятадын тал ч биш юм. Д.Трампын ТPP-гээс ухарсан явдал, Си Зиньпинийн Давост хэлсэн үг зэргийг олон улсын ажиглагчид ч ингэж л дүгнэж байгаа. Трамп Транс Номхон далайн түншлэлээс татгалзаж, зөвхөн Америкийн эрх ашиг л эн тэргүүнд байх ёстой гэсэн бодлогоо хэрэгжүүлж байх хооронд Хятад гурван их наяд долларын өртөгтэй “Нэг бүс, нэг зам” санаачилгаа хэрэгжүүлж, түүний хүрээнд өрнө дорныг холбосон Торгоны замыг бий болгосноор худалдаа, эдийн засгийн түншлэлийн тал дээр жинхэнэ манлайлагч болон тодроход нэг алхам ойртлоо.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан