Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэ: Ардчилсан хувьсгалын ахмадуудад хөнгөлөлт, урамшуулал олгох санал оруулна


Б.ШИРНЭН


1989-1990 оны хооронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын гол хүч нь тухайн үеийн оюутан, залуус байв. Харин энэ хувьсгалаас хойш 27 жил өнгөрсөн гэвэл тухайн үеийн залуус хэд орчим настай болсныг тааж ядах зүйлгүй. 2014 онд гаргасан МоАХ-ны анхан шатны бүртгэлийн судалгаагаар гэхэд л 5000 орчим партизаны 68 хувь нь 50-с дээш насныхан гэжээ. Гэвч, залуу халуун насаараа “дэнчин” тавьж, үр дүн нь тодорхойгүй хувьсгалд “ханцуй шамалсан” тухайн үеийн залуусийн амьдралын түвшин доогуур хэвээр байна. Тухайлбал, бүртгэлд хамрагдсан партизануудын 70 гаруй хувь нь дунджаас доош түвшний амьдралтай, 65 хувь нь гэр хороололд амьдардаг, 39 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй гэх тоо баримт бий. Энэ нийгэмд хэрхэн амьдарч, амьжиргаагаа залгуулах нь хувь хүний асуудал ч ЗХУ задарч, түүний “бүрэлдэхүүнд” багтаж байсан улс даяар хувьсгал өрнөж, тэдгээр хувьсгалд оролцсон залуус нь гавьяа шагналаа хүртсэн жишээ олон байдаг. Харин Монгол Улсын Засгийн газар ардчилсан хувьсгалд өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэсэн жирийн партизануудад төдийлэн анхаарч байгаагүй бөгөөд өнгөрсөн хугацаанд тэдний нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэж МоАХ удаа дараа мэдэгдэж, МоАХ-ын дарга Х.Баттулга тэргүүтэй гишүүд хуулийн төсөл боловсруулж байсан ч УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч байгаагүй тул, хэлэлцээгүй байдаг.
Харин өчигдөр МоАХ-ны даргаар ажиллаж байсан, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ партизануудын нийгмийн асуудлыг орхигдуулж болохгүй гэж мэдэгдлээ. Энэ асуудалтай нь холбогдуулан түүнээс зарим зүйлийг тодруулав.

-Партизануудад хамаа­рал­­тай хуулийн төсөл боловсруулах гэж байгаа юм байна. Ямар учиртай хуулийн төсөл вэ?
-Ардчилсан хувьсгалыг хийхэд гар бие оролцсон ахмадуудад төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар болсон. Бүлгийн хуралдаанаар энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг би ахалж ажиллана. Энэ хуулийн төслийн ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Болд болон Б.Пүрэвдорж нар орсон. Дэд ажлын хэсэгт МоАХ, “Шинэ дэвшил” холбоо, “Ардчилсан социалист хөдөлгөөн” болон Монголын оюутны холбооноос тус бүр хоёр хүн багтсан. Мөн мэргэжлийн түвшний гурван хүн, нийтдээ 11 хүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг ажиллахаар болсон.

-Бие даасан, нэг удаагийн хууль гэж ойлгох уу, эсвэл холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах маягаар хэрэгжих юм уу?
-Алдар цолтон, ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төсөл өргөн баригдсан байгаа. Тиймээс бид энэ хуульд нэмэлт байдлаар оруулъя гэж ярьсан. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй байна. Мөн хууль санаачлагчид юу гэж үзэхийг мэдэхгүй.
Гэхдээ Алдар цолтон, ахмад настанд төрөөс нэмэг­дэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төсөлд нэмэлтээр оруулахад болохгүй гэх зүйлгүй. Угаасаа энэ хуулийн үзэл санаа нь, тэр үеийн АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн байсан хүмүүст тодорхой тэтгэмж олгодог болох талаар заалтууд нэмэгдэж байгаа юм билээ. Үндсэн хууль баталсан гээд 400 гаруй депутатад 70, 70 сая төгрөг олгосон. Гэтэл яг тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг нь харах юм бол АИХ буюу олон намын тогтолцоо бүрдэх, Улсын бага хурал байгуулагдах, Үндсэн хууль батлагдах гээд улс төрийн үндсэн нөхцөл, тохироог бүрдүүлэх ажлыг, тэмцлийг хийсэн хүмүүс нь эгэл, жирийн партизанууд, анхдагчид. Түүнээс АИХ-ын депатут гээд 400 гаруй хүн ирээд бүх зүйлийг шинэчлээгүй. Ардчилсан хувьсгал өөрөө түүхэн үйл явц. Тэгэхээр бид эдгээр хүмүүст түүхийн том үйл явцад оролцсоных нь төлөө, оролцоогоороо түүхийг бүтээлцсэн тэдгээр хүмүүст тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлүүлэх, тэтгэмж олгох шаардлагатай гэж харж байгаа.

-Партизануудын та­лаарх судалгаа хэр их хийгдсэн байдаг вэ. Өдийг хүртэл би ч анхдагч, чи ч анхдагч гэсэн талцал МоАХ дотор байдаг?      
-Судалгаанууд байдаг. МоАХ, “Шинэ дэвшил” холбоо, МОХ гэдэг ч юм уу, тухайн үеийн улс төр, олон нийтийн байгууллага гэж нэрлэгддэг байсан хөдөлгөөн, холбоодууд судалгаа хийсэн, тэдгээр нь байгаа. Гэхдээ дэд ажлын хэсгийг байгуулахдаа холбоодоос хоёр, хоёр төлөөлөл оруулсан нь дахиад судалгаа хийх хэрэгтэй гэж үзсэнтэй холбоотой. Мэдээж, иймэрхүү асуудал яригдахаар би ч байсан, чи ч байгаагүй гэж нэгнээ үгүйсгэдэг зүйл мэр сэр гардаг. Тиймээс хувьсгалд оролцсон гэх хөдлөшгүй нотлох баримтаар оролцоо, бусад зүйлс нь батлагдсан партизануудыг хуульд хамруулах ёстой гэж үзэж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан