Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэнэгэр говийн тээвэрчин бүсгүй


 Ч.ДӨЛГӨӨН

Зөөлөн инээмсэглэсэн жижиг биетэй бүсгүй миний нэрийг асуусаар редакциар ороод ирэв. Тэр миний төсөөлж байснаас тэс өөр нэгэн аж. 100 гаруй тонн нүүрс ачиж тээвэрлэдэг машин жолооддог гэж түүнд итгэмээргүй. Социализмийн үед бол тээвэрчин эмэгтэйчүүд улсын хэмжээнд цөөнгүй байсан л гэдэг. Харин одоо бол нийслэлд том оврын автобус жолоодоод явж буй эмэгтэйг харах бас л сонин. Фэйсбүүкийн хандалт ихтэй группэд анх хамт ажилладаг жолоочтойгоо авахуулсан шинэ жилийн зургаа оруулж өөрийгөө тээвэрчин хэмээн зарлахад нь олон хүн над шиг түүнд эргэлзсэн. Харин дараа нь тэрээр халтар царайлж, машинаа жолоодож яваа бичлэгээ хийхэд л сая нэг үнэмшсэн хэрэг. Түүнийг амралтаараа нийслэлд ирснийг нь дуулаад ярилцлага авахаар урьсан маань энэ.


Өвөө, аавынхаа залгамж

Түүнийг Сэнгээгийн Майхүү гэдэг аж. Нийслэлд төрсөн ч түүний бага насны дурсамж говийн салхинд хадгалагдан үлджээ. Цэргийнхэн өнөө жил энд, ирэх жил томилолт аваад л эх орны хаана ч гэсэн очиж ажилладаг. Энэ л журмаар цэргийн ангийн жолооч аавыгаа дагаж, тэднийх нүүдэллэн амьдарсан хэрэг. Тэрээр амьдралынхаа их нүүдлийн талаар “Би айлын том охин. Зургаан нас хүртлээ айлын ганц охин явж байгаад хоёр дүүтэй болсон. Намайг жаахан байхад манайх Өмнөговь аймгийн Гурвантэс суманд амьдарч байсан. Харин 1990 оны ихээр Дорноговийн Хатанбулаг сум руу шилжиж, дараа нь Өмнөговь аймгийн Хүрмэн суманд очиж амьдарсан. Намайг сургуульд ордог жил Өмнөговь аймгийн Богд суманд очиж, би тэндээ сургуульд суугаад наймдугаар ангиа төгссөн. Тэгээд нийслэлд ирж 79 дүгээр сургуульд аравдугаар ангиа төгсөөд их сургуульд орсон” хэмээн ярьсан.

Түүний өвөө насаараа тээвэрчин хийсэн бөгөөд аав нь ч 40 гаруй жил тээвэрт явсан нэгэн аж. Тиймээс оросын ачааны машины кабинд аавынхаа хажууд сууж тээвэрт явж өссөн түүний хувьд аав нь баатар. Жаахан охид хүүхэлдэйгээр тоглож өсдөг бол тэрээр аавынхаа машины кабинд жолоо мушгиж, араа сольж тоглодог байжээ. Гэтэл нэг өдөр аав нь түүнд гэнэтийн бэлэг барьсан нь одоо ч хүүхэд насны хамгийн амттай, нандин дурсамж гэлтэй. Бусад охидын сонирхдог зүйлд дурладаггүй харин машин техникт хайртай охиндоо аав нь өөрийн гараар машин хийж өгчээ. Хэмжээгээрээ яг л бяцхан охинд тохирсон жижиг ч жолоо, араа, суудал гээд л машинд байх бүх зүйлийг багтаасан тоглоомон машин аавынх нь гэнэтийн бэлэг байв. Охиндоо хайртай аавын бэлэг ирээдүйг зөгнөсөн үү гэлтэй.

Айлын том хүүхэд аавын амины хүүхэд болдог жам С.Майхүүг тойрсонгүй. Тиймээс ч тэрээр ааваасаа их олон зүйлийг суралцаж. Аав нь ч охиндоо мэдэх, чадахаа харамгүй зааж өгдөг байсан аж. Ямартаа л зургадугаар ангийн охиндоо мотоцикл унахыг зааж өгөхөв дээ...

Аавын эрх охин “Намайг ээж минь их ухаажуулсан. Битгий эрхлээд бай гээд л. Их чанга гараар биднийг өсгөсөн. Нямбай” хэмээн ээжийнхээ талаар тэрээр ярьсан. Эх баригч бага эмч мэргэжилтэй ч түүний ээж хөдөөгийн эмнэлэгүүдэд ажиллаж их эмчийн хэмжээний туршлага хуримтлуулсан нэгэн байдаг аж.
 
Дуучин болох мөрөөдөл

С.Майхүү багаасаа л их хөдөлгөөнтэй охин байжээ. Тэрээр Богд сумын сургуульд сурч байхдаа урлаг соёлын арга хэмжээнд нэгдүгээрт явж, сурлагаараа ч манлай сурагч байсан аж. Тиймээс охин ирээдүйгээ алдартай дуучин болсноор төсөөлж, мөрөөдөж, мөрөөдлөө биелүүлэхээр хичээн суралцсан байна. Мөрөөдлөө ч биелүүлж одоогоор СУИС-ийн харьяа сургууль болсон Соёлын сургуульд Дуу хөгжмийн багшийн мэргэжлээр элссэн ч эрүүл мэндийн шалтгаанаар нэг жилийн чөлөө авчээ. Харин дараа нь одоогийн “Сити” институтад музик холлын ангид орсон ч санхүүгийн боломжгүй байдлаас болоод аргагүйдэж сургуулиасаа гарснаа ярьсан юм. Гэвч тэрээр инээмсэглэн “Миний хувь тавилан биш байсан юм байлгүй дээ. Гэхдээ одоо би караокэд бол дуучин шүү” хэмээн ярьсан.

Уг нь тэрээр үсчин мэргэжилтэй. Бүр чадварлаг үсчин гэдгийг нь ч ойр тойрны хүмүүс нь хэлдэг аж. Гэхдээ л багаасаа л машин техниктэй ойр өссөн түүнд энэ ажлаа хийх утгагүй, уйтгартай санагддаг учир одоо дуртай зүйлээ хийж байгаа талаараа ярьсан.

Анх Hyundai Аccent машинаар халтуурт явж эхэлсэн

С.Майхүү хоёр хүүхдийн ээж. Том охин нь хоёрдугаар анги, хүү нь нэгдүгээр ангийн сурагч. Охины хэвлийдээ олж, анх жирэмсэн болсноо гуравдугаар сарын 8-ны өдөр мэдээд ээж болох нь гэх баярт умбаж байсан үе нь саяхан мэт аж. Охин нь ч төрж, ээж болоод жил ч хүрээгүй байтал дахин хэвлийдээ хүүхэд тээснээ мэджээ. Гэхдээ энэ удаа анхных шигээ баярласангүй. Харин ч айдас төрсөн аж. Ханилан сууж жаргалтай амьдрал бүтээнэ гэж мөрөөдөн хамтдаа зориглосон хүн нь замын дундаас шантарч, архинд толгойгоо мэдүүлчихсэн байсан үе учир тэр. Гэвч түүний хүмүүжил, өссөн орчин нь хэвлийдээ бүрэлдэж буй бяцхан амийг хөнөөх хэрцгий зан байгаагүй учир хүүгээ төрүүлжээ.  
Энэ бол 2011 он. Хоёр ч хүүхэдтэй, дээр нь оюутан, хүүхдүүдийнх нь аав ч тэр оюутан байсан учир тэр гэр бүлээ эрхэм болгож, сургуулиа орхиж жолооны үнэмлэхгүй ч аавынхаа Hyundai Accent машинаар таксинд явдаг болж. Гэвч хүүхдүүдийнх нь аав хоёр жаахан үрээ, өөрийнх нь төлөө золиос гарган зүтгэж яваа эхнэрээ орхиод явжээ. Айлын жаахан охин явснаа хоёр ч хүүхэд төрүүлж, тэгээд өрх толгойлон хоцорсон ч “Хүүхэд бол аз жаргал. Одоо би тэднийхээ төлөө л амьдарч байна” гэж яриад инээмсэглэн суух тэрээр биендээ ахадсан сэтгэлийн тэнхээтэй нэгэн аж. Тэрээр “Би амьдралдаа алдаж онож явсан. Тиймээс залуучууд дүү нар маань битгий алдаасай гэж их хүсдэг. Хүн байгаадаа сэтгэл хангалуун амьдрах хэрэгтэй. Гэтэл ихэнх хүн байгаасаа давж шунаад байдаг. Аав, ээж маань биднийг “Хятад хүн өдөрт нэг мантуу идэхийн төлөө ажилладаг. Нохойн цагаан баас ч олж идэж чадахгүй байгаа айл бий. Гэтэл чи яасан гэж хоол голдог юм. Элэг бүтэн байна” гэж хүмүүжүүлсэн. Гэтэл хань нөхөр маань эсрэгээрээ. Жаахан бэлэнчлэх гээд байдаг. Их өөнтөгч зантай байсан л даа. Амьдралдаа шантраад л архи уучихдаг байсан. Сүүлдээ би түүнд “Архийг чамаас би харамлахгүй. Харин архинаас чамайг харамлаж байна” гэж хэлдэг байсан ч энэ үгийг минь ойлгоогүй. Орхиод л явсан” хэмээн ярьсан юм.

Тээвэрчин болсон нь

Тэрээр “Уг нь би 2013 онд албан ёсоор жолооч болсон ч яг өөрийн гэсэн машинтай байж үзээгүй” хэмээн ярьсан. 2015 оны наймдугаар сард анх Шивээхүрэнгийн боомт дээр ажил хийхээр очоод зочид буудлын цэвэрлэгчээс эхэлжээ. Тэр үед тээвэрчид дунд ганцхан эмэгтэй жолооч явдаг байсан нь түүний бахархлыг төрүүлнэ. Нэг удаа хил орохдоо тэр эмэгтэйн машинд сууж явах аз тохиож, машинаа жолоодож байгааг нь ажжээ. Энэ үед л түүнд чадах юм байна гэсэн итгэл төрж. Үүнээс хэсэг хугацааны дараа нэг жолоочоос ачаагүй машиныг нь унаж үзэх зөв­шөө­рөл авч жолоодсон нь итгэ­­лийг нь баталгаажуулсан аж.

Шивээ хүрэнгийн боомт дээр тээвэр хийдэг 14 орчим компани үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тэдгээр компаний нэгийг нь С.Майхүүгийн аавынх нь найз даргалдаг аж. Тэрээр аавынхаа найз дээр очиж ажилд ороод, том машинаар нүүрс тээвэрлэх болж. Тэрээр тээвэрчин болсон талаараа ““North benz” шалаанз хоёр янз байдаг. Би анх портувайль шалаанз буюу богино, чиргүүлтэй, арай бага даацтайг нь унаж тээвэрт явж эхэлсэн. Дөрвөн сар явсан. Тэгэхэд цалинтай ажил хийгээд сардаа 14-15 эргэлт хийдэг байсан. Дарга маань ч машинаа эвддэггүй, эргэлтээ тасалдаггүй гээд ам сайтай болсон. Гэтэл намайг яг тэгж ажиллаж байхад нэг эгч дадлагаар ирээд 14 хоног яваад, даргад өөрийн гэсэн машинтай болох санал тавьсан ч хятад дарга нар зөвшөөрөөгүй. Надтай харьцуулсан хэрэг л дээ. Тэр эгч өөр компанид ажилд орсон. Ингээд дөрвөн сар ажиллаад түрээсийн машинтай компанид орсон. Цалин маань 50 хувь нэмэгдсэн гэсэн үг л дээ” хэмээн ярив.

Шивээ хүрэнгийн боомтоор нүүрс зөөдөг тээвэрчдийн дунд тавхан эмэгтэй жолооч байдаг байна. С.Майхүүгээс бусад нь гэр бүлийн хүнээ дагаж боомтонд очоод бие дааж жолооч болсон бүсгүйчүүд байдаг аж. Таван бүсгүйгээ монгол залуус хайрлаж, машин нь эвдэрсэн ч туслан заримдаа хилрүү орохоор дугаарлахдаа урдуураа оруулдаг байна. Гэхдээ С.Майхүү эмэгтэй хүн гэдгээрээ түрий барьж эдгээр халамжийг хүртэх тийм ч дуртай биш аж.

Тэнүүн говийн энгэрт нүүрс тээвэрлэж явахад зуны дэлгэр цаг ирэх шиг жаргал хаа байхав. Харин өвлийн хүйтнийг л давж гарах шийртэй аавын хүүгийн л хийх ажил байлтай. Гэтэл тэрээр эрчүүдтэй мөр зэрэгцэн шийр зааж яваа нэгэн. Өөрт тохиолдож байсан хамгийн хэцүү үеэ хуваалцахыг хүсэхэд “Нүүрс ачихаар дугаарлаад гурав хоног машиндаа даарч хоноод, хоол хийж идэх борц, гоймон нь дууссан үед тархины гэмтэл нь сэдэрч уйлж суусан үе” хэмээн ярихыг нь сонсоод  “Харимаар санагдсан уу” хэмээн асуухад “Үгүй ээ, би хэцүү үе тохиолдсон ч харимаар санагддаггүй. Харин уурхай нь хурдан ачаад хилээр хурдан гаргаасай, оочер маань хурдан ирээсэй л гэж бодож байсан” хэмээн эрсхэн хэлэх түүгээр бахархах шиг.

Харамсмаар, халагламаар...

Шивээ хүрэнгийн боомтод багагүй хугацааг өнгөрүүлсэн түүнд харамсаж, халаглахаар зүйл бишгүй л тохиолддог аж. Хамгийн сэтгэлээ өвтгөдөг зүйл нь монгол охид амархан аргаар мөнгө олох гэсэндээ хилийн цаана ягааны гудамж байгуулчихсан, түүндээ амтшчихсан явдал. Үүнээс гадна нүүрсний тээвэрчид өөрсдөө “цэнэг хийх” нь бас хамгийн их бухимдал үүсгэнэ. Энэ нь жолоочид кабиндаа, ачаандаа хориотой бараа нууж гардаг үзэгдэл аж. Хэрэв “цэнэг хийж” яваа нэгэн хил дээр баригдвал хилийн шалган чангарч тэр хэрээр хилээр гарах дугаарлалт нэмэгддэг аж. Ингэж чангарсан үед хил дээр оочерлож, машиндаа хоёр, гурав хонох энүүхэнд.

С.Майхүүд ч “цэнэг хийх” санал ирнэ. Голдуу эмэгтэйчүүд санал тавих нь харамсалтай ч гэмээр. Мах, байгалийн үнэт чулуунууд гээд гаргахгүй бараа үгүйг халаглан ярьсан. Мөн түүхий нүүрсийг цаг хугацаатай уралдан хилээр зөөж байгаад ч тэр уг нь дургүй. Шивээ хүрэнгийн боомтоор өдөрт 600 гаруй машин дунджаар 90 тонн нүүрс тээвэрлэж гардаг гээд л тооцоо гарган ярьж суух түүнийг өөрөө тэр нүүрсийг тээвэрлэж буй машины жолооч биз дээ гэх хүн гарна. Гэхдээ заавал буруутныг нь олох хэрэгтэй бол түүхий нүүрс хямд үнээр гадагшаа урсаж буйд монголын төр л буруутай.

БНХАУ-аас санхүүжилт гаргаад хилийн хоёр талд шалган нэвтрүүлэх байр барь хэмээн ав адилхан хуваагаад өгөхөд манай талд гуйлгачингийн оромж шиг байшин баригдаж, цаана хааны ордон шиг байшин баригдчихсан бодит жишээ Шивээ хүрэнгийн боомт дээр гарсан. Бид ийм л ичмээр төр, төрийн тогтолцоо, төрийн бодлого шийдвэртэй ард түмэн...

Трэнд үг: Байртай болъё

С.Майхүү хэдийгээр гадаадад байгаа мэт ажилладаг ч холбоо харилцаа хөгжсөн энэ үед гэрийнхэнтэйгээ хамт байгаа мэт холбоотой байдаг аж. Шинэ оны өмнөхөн хүүгийнх нь хоолой өвдөж, энэ талаар дуулаад тэр холоос юу ч хийж чадахгүй байхдаа “Би энэ хоёр хүүхдийг төрүүлсэн л болохоос ер нь ээж нь мөн үү” хэмээн бодож шаналж суусан гэнэ. Гэхдээ тэрээр хоёр хүүхэддээ сайхан ирээдүйг бий болгож өгөхөөр ажиллаж яваа учир хамт байгаагүй цаг хугацааг хөдөлмөр нь зөвтгөх биз ээ.

Нүүрс аччихсан үедээ таван цул эд эрхтэн холилдчихмоор чичиргээтэй явдаг том машин жолоодож, хүйтэнд хөрч, халуунд халж хөдөлмөрлөж буйн эцсийн зогсоол бол байртай болох, орох оронтой болох мөрөөдөл. Тэрээр “Хүүхдүүдийнхээ ааваас салахдаа банкны зээлтэй байсан. Түүнийгээ төлж чадахгүй байсаар гэрээ хураалгаж байлаа. Түүнээс хойш орох оронтой болох юмсан гэж мөрөөддөг болсон. Манай гэрт трэнд болоод байгаа үг бол “Байртай болъё оо”. Хоёр хүүхдээ хүнээс дутахгүй амьдруулахсан гэж боддог. Гэр бүлээрээ байранд орчихоод найзуудаа уриад “Энэ манай гэр” гээд л цай, хоол хийгээд дайлахсан гэж мөрөөддөг. Манайхан их зочломтгой хүмүүс байдаг л даа” хэмээн тэрээр ярьсан юм. Сэтгэл хүрсэн газар үйл хүрдэг гэдэг. Цагаахан сэтгэл тээж, зорьсон зорилгоо өвөртлөн, харсан оргил руугаа чиглэхэд бүтэхгүй зүйл үгүй биз ээ...

0 Сэтгэгдэл
Mundag shuu dee
Дайчин зоригтой зорилоготой мундаг бүсгүй мөрөөдөл нь биeлнээ
Хамгийн их уншсан