Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архигүй амралтын өдрийг дэмжих үү?

-Архи хүний амьдралын 29 жилийг үнэгүйдүүлдэг-

Н.БАТ


“Бямба, Нямыг архигүй өдөр болговол та дэмжих үү” гэсэн асуулгыг өөрийн 112 мянган байнгын уншигчтай пэйж хуудсанд өнгөрсөн хоёр өдөрт тавьсан юм. Гэтэл ердөө нэг өдрийн дотор 614 мянга 81 хүн үзэж, 3216 хүн хуваалцаж, 11 гаруй мянган хүн “лайкдаж”,  566 хүн үзэл бодлоо илэрхийлэн сэтгэгдэл бичжээ. Сэтгэгдлийн дийлэнх нь архигүй бол амралтын өдрүүдэд хүүхдүүд аавтайгаа, ээжтэйгээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд амар тайван амрах болно хэмээн итгэж буйгаа илэрхийлжээ.

Зарим нэг хүн үйлдвэрүүд хийгээд үйлчилгээний газрын орлогыг хаасан шударга бус үйл явдал болно гэж үзсэн ч “архинаас Монгол Улс ангижрах цаг нь болжээ. Хүмүүсийнхээ ухамсарт нөлөөлөх бодлогыг яаралтай баталж, үйл ажиллагаа явуулах нь зөв” хэмээн бичсэн байгаа юм. Өөр нэг хэсэг нь “улсаас архи худалдан авах чадварыг бууруулж байгаа өнөө цагт архины хэрэглээ удахгүй татрах байх аа” хэмээж. Барууны орнуудын туршлагаас ч бичсэн хүмүүс байгааг анзаарлаа.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Баянгол дүүрэгт үл мэдэгдэх шингэнд хордож таван хүн нас барсан учраас энэ сарын 17-20-ны өдрүүдэд нийслэлд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг хориглосон билээ. Эдгээр өдрүүдэд нийслэлийн Цагдаагийн газарт ирдэг дуудлагын тоо ердийн өдрүүдийнхээс хоёр дахин буурсан. Гэмт хэргийн дуудлага тэр тусмаа 74 хувиар буурчээ гэсэн мэдээллийн дараа ийн тандалт хийж үзсэн юм.
Тэгвэл архи, согтууруулах ундаатай холбоотой зарим тоо баримтыг сөхөж харъя.

Эрэгтэйчүүдийн 70 хувь нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний 1 удаа хэрэглэх согтууруулах ундааны хэмжээг 250 мл шар айраг, 100 мл дарс, 60 мл ликер,  25 мл архи гэсэн стандарт тогтоосон байдаг. Энэхүү стандарт хэмжээг эрэгтэйчүүдийн хувьд 3, эмэгтэйчүүдийн хувьд 2 хэмээн зөвшөөрч, хэвийн хэрэглээнд тооцдог.

Харин монголчуудын хувьд стандарт гэх энэ хэмжээ эрэгтэйчүүдэд 10, эмэгтэйчүүдэд 5 байгаа гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл манайхан нэг удаад 2,5 литр шар айраг, 500 мл дарс, 600 мл ликер, 250 мл архи заавал уудаг. Ойролцоогоор 4 литр согтууруулах ундаа ямар нэг байдлаар уучихдаг бололтой. Эмэгтэйчүүд бол энэ хэмжээнээс 2 дахин бага.

Дэлхийн дунджаар нэг хүнд 6,2 литр архи, дарс ногддог бол манайд 3 дахин их. Таван эрэгтэй тутмын нэг нь, 10 эмэгтэй тутмын 1 нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэдэг гайхалтай тоо баримттайгаа үнэндээ аль хэдийнэ бид эвлэрчихсэн байгаа юм.

Сүүлийн жилүүдэд согтуу­руулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн тоо 1,4 дахин буурсан гэж байгаа ч үйлдвэрлэх хэмжээ болон импортын бүтээгдэхүүний тоо нь эсрэгээр нэмэгдсээр.  2012 онд согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий  106 аж ахуйн нэгж байсан бол 2014 онд энэ тоо 59 болон буурчээ.  Гэтэл 2008-2014 онд үйлдвэрлэсэн  архи, дарсны хэмжээ 3 сая литрт хүрсэн бол импортын согтууруулах ундаа 984 мянган литрт хүрчээ. Шар айраг ороогүй дүн шүү дээ.

Ердөө өнгөрсөн долоо хоногт согтууруулах ундаа хэрэглэх гэсэн хүсэлдээ автсан 5 нөхөр, хоёр сарын өмнө 4 хүн хордож үхсэн. Үхсэн хүн үг хэлэхгүй учраас хяналтын бүхий л байгууллага боломж бололцоогоор ажиллаж, хордсон байж болзошгүй гэх үйлдвэрүүдэд шалгалт хийсэн байгаа юм.Тэгэхэд “Жем” компани гэхэд 20-30 хоногийн борлуулалтын хугацаатайгаар 44 мянган литр архи үйлдвэрлэдэг гэсэн дүн гарчээ. Өөрөөр хэлбэл хоногт дунджаар 1,5 мянган литр архи үйлдвэрлэдэг юм байна. Тэгвэл 3500-4500 төгрөгөөр архиа борлуулдаг “Найрсаг” үйлдвэрт мөн 20-30 хоногийн борлуулалтын давтамжтай 20-30 мянган литр архи дунджаар үйлдвэрлэдэг гэсэн тоо гарчээ. Өдөрт 1000 литр архи. Өнөөх үйл ажиллагаа явуулж байгаа 59 үйлдвэрийн маань дундаж хэмжээ энэ. Ингээд тооцоод үзэхэд багаар бодоход өдөрт 59000 литр архи худалдаанд гардаг юм байна. Энэ бол зөвхөн дотоодын үйлдвэрлэлийн тоо баримт.

Өөрөөр хэлбэл нийслэлд 1,2 сая хүн амьдардаг гэж тооцоход өдөрт нэг хүнд 0,05 литр буюу 50 грамм архи ногддог юм байна. Импортын архи, согтууруулах ундааг тооцолгүй зөвхөн дотоодынхоо үйлдвэрийн тоо баримт дээр түшиглэж, хар тооцоо хийж үзэхэд иймэрхүү л дүр төрх гарч ирж байна. Үр хүүхдээ хасаагүй тоогоор хэмжсэн дүн. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын гуравны нэг нь 18 хүртэлх насныхан. Тэднийг хасч тооцоход нийслэлийн насанд хүрсэн хүн бүр өдөрт дунджаар 150 гр архи уудаг бололтой. Хэтэрсэн тоо гэж үүнийг хэлэхгүй гэж үү. Ёстой өнөөдрийн трэнд үгээр “Зүгээр үү, тээ”...

Ахиад л тоо

2016 онд нийт 27167 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа юм. Үүнээс 1449 нь гэр бүлийн хүчирхийлэл гэх хүүхдийн сэтгэхүйд хамгийн хүндээр тусч, цаашдын хүмүүжилд нь нөлөөлж байдаг гэмт хэрэг. Үүнээс болж 18 хүн нас барж, 1217 хүн гэмтсэн гэх тоо миний өмнө байна. Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн 41,1 хувийг буюу 595-ыг нь согтуугаар үйлдсэн. Ийм гэмт хэргийн улмаас хохирогсдын 90-ээс дээш хувь нь эмэгтэйчүүд, хүүхэд. Хэрвээ аав тэр өдөр эрүүл байсан бол 590 гаруй хэрэг үйлдэгдэхгүй байсан ч байж болох. 2014 онд гаргасан нэгэн судалгаагаар улсын хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо сүүлийн таван жилд 1,4 дахин нэмэгдсэн аж. Нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 25 хувь нь согтуугаар гэх зүйлттэй.
 Гэр бүлийн хүчирхийлэл гэх гэмт хэргийн тоо 2014 онд 232 байсан бол 2016 онд энэ тоо 1449 болжээ. Хоёр жилийн дотор 6 дахин өссөн тоон үзүүлэлт.
Анзаарахгүй өнгөрч болох тоо мөн үү гэж өөрийн эрхгүй асуумаар...

Тэгвэл жилд дунджаар 117 мянга 121 хүн эрүүлжүүлэх байранд хонодог юм байна. Энэ нь 6 айл тутмын нэг хүн нь жилд эрүүлжүүлэх байранд залардаг гэсэн үг.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд архинд донтох эмгэгийн улмаас эмчлүүлэгчдийн 70,6 хувь нь 30-49 хүртэлх насныхан буюу хөдөлмөрийн идэвхтэй үе эзэлж байна. Хэдийгээр өнөөдрийн байдлаар эрэгтэйчүүд давамгай мэт харагдах ч сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд нэмэгдэх хандлагатай байгаа мэргэжлийн байгууллагын судлаачид анхааруулах болоод байна. Архи хэрэглэснээр хүн амьдралынхаа 29 жилийг дунджаар алддаг гэсэн тооцоо бий. Эдийн засгийн хувьд ДНБ-ий 0,45-5,44 хувьтай архинаас үүдсэн хор хохирол тэнцдэг гэх баримт ч бий. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2016 онд 18 их наяд төгрөгөөр хэмжигдсэнээр тооцож үзвэл багадаа 81 тэрбум, ихдээ 900 тэрбум төгрөгийн хохирол хүлээдэг юм байна. Гэтэл 2014 онд архи согтууруулах ундааны онцгой албан татвараас жилд улсын төсөвт 184 тэрбум 834 сая төгрөг төвлөрсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, төлсөн татвараасаа ч илүү хор хохиролтой бүтээгдэхүүн бол согтууруулах ундаа гэдгийг энэ тоо баримтаас хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.
АНУ-д архинаас үүдэж, ажил цалгардалт, эмчилгээ, гэмт хэрэг бусад шалтгааны улмаас жилд дунджаар 223,5 тэрбум ам.долларын зардал гардаг гэсэн тоон баримт бий.

Хүүхэд уйлж байна

Хэдэн өдрийн өмнө “Лантуун дохио” ТББ-аас зохион байгуулсан “Зэрэгцээ ертөнц” нэртэй фото зургийн үзэсгэлэнг үзсэн юм. Согтоод уначихсан ээжийгээ босгох санаатай хажууд нь нусаа татан зогсоо 10 настай охин өвлийн өвгөнтэй таараад баярласан ч “ээжийг маань гэрт хүргээд өгөөч” гэж хүссэн тухай, хүйтэн гэрт нь нохой нь эзэн шиг сууж, ээж нь хаалганыхаа гадна уначихсан цуврал дүр зураг харагдсан. Хотын алслагдсан гэр хорооллын нэг л амьдрал. Гэхдээ ийм хүүхэд нэг биш байгаа гэж бодохоор архийг жигших сэтгэл хэн хүнд төрөх. Харамсалтай нь, ар­хины үйлдвэрүүд маш олон хүнийг ажлын байраар хангаж байна. Тэдний ард мөн л олон айлын амьдрал, олон хүүхдийн ирээдүй бий гээд бодохоор согтууруулах ундааны хэрэглээ­ний талаар төрөөс баримтлах бодлогыг яаралтай шинэчилж, маш оновчтой шийдвэр гаргахыг цаг үе шаардаж байна.
Сүүлийн таван жилд эрүүл­жүүлэхэд хоносон нийт иргэдийн 76 хувийг ажил­гүйчүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 8 хувийг, үүний араас хувийн хэвшилд ажиллагсад 3 хувьтай жагсчээ. Харин төрийн албан хаагч, малчин оюутнууд 1 хувийг эзэлдэг. Энэ бүлгийн хувь 2010 онд 16-д хүрч байсан ч аажмаар буурсаар 1 хувьтай болсон гэнэ. Харин үлдсэн хувийг  хүүхдүүд эзэлж байгаа нь эмгэнэлтэй.  Жилд дунджаар 215 хүүхэд эрүүлжүүлэх бай­ранд очдог гэсэн судалгаа бий.  Үүнээс харвал архидал­таас ангижрахын тулд хам­гийн түрүүнд ажлын байр­наас эхлэх нь тодорхой хараг­дах. Харамсалтай нь, ажил­гүйдлийн төвшин буурах биш өсөх хандлагатай байгаа нь архидалтыг ч дээш нь сумладаг жамтай.

0 Сэтгэгдэл
12
demjej bainaa mongol tumen arhi uildverlej, hileer oruuldag baidlig zogsoo
30 jil arhi uulaadaa huurhii
Уусан нь хохь нь. Хортойг нь мэдсээр байж.
100%
100 % ДЭМЖ БАЙНА
Хамгийн их уншсан