Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Энхболд: Бусад орны Казиногийн хуулиудыг судалж, харьцуулалт хийгээд хаврын чуулганаар хэлэлцүүлж эхэлнэ


Л.НОМИН

Казиногийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Казиногийн тухай хуулийн төсөл хэзээнийх вэ. Шинээр өргөн барьсан уу, хуучин хуулийн төсөл дээр ажлын хэсэг ажиллаж байна уу. Ямар заалтууд голлон тусгасан байгаа вэ?
-2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед өргөн барьсан Казиногийн тухай хуулийн төсөл байгаа. Засгийн газраас өөрчлөлт оруулахгүйгээр оруулж ирж байгаа. Монголын эдийн засагт хөшүүрэг болгох аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилготой. Зөвхөн уул уурхайд түшиглэж байгаа учраас аялал жуулчлалаа хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулъя гэдэг агуулгаар оруулж ирж байгаа хуулийн төсөл. Маргаантай ч гэсэн хоёр байршилд хоёр аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгөх юм. Монгол Улсын иргэн казинод толгох эрхгүй байх зохицуулалт хийнэ.

-Байршлын хувьд хоёр газар гэдэгт нь Халхголд, Буянт-Ухаагийн нисэх буудалд ч гэж яригдаж байсан. Хаана байхаар тусгасан бол?
-Ажлын хэсэг хуралдаад өнгөрсөн парламент, Засгийн газрын үед өргөн барьсан хуулийн төсөл учраас ойлголт өгөх хүмүүс байгаа гэж үзсэн. Хуулийн төсөл дээр ажилласан хүмүүсийн зарим нь одоо ажиллаж байна. Ихэнх яам, агентлагийн бүрэлдэхүүн солигдсон. Гадаадын иргэн харьяатыг газарт гэхэд Мөрөн, Цагдаагийн ерөнхий газарт Энхтөр дарга ажиллаж байгаа. УИХ-ын гишүүдийн санаачилсан биш Засгийн газраас өргөн барьж байгаа хууль болохоор дэд ажлын хэсгийн түвшинд нэгдсэн байр сууринд хүргэх нь чухал. Дэд ажлын хэсэг ярилцаад саналаа нэгтгэж оруулж ирсний дараа УИХ-ын гишүүдэд тайлбарлах юм. Дараа нь зарчмын зөрүүтэй саналуудаа гаргаад явах боломжтой. Ажлын хэсэг бол Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулах бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй. Яг зүйл заалт руу нь ороод байршил болон тийм аж ахуйн нэгж оруулж ажиллуулна гэж нэр заахгүй. Хоёр байршил зааж өгнө гэж ерөнхийд нь хуульд тусгана. Харин Засгийн газарт эрхийг нь өгнө. Засгийн газар байршлаа тодорхой болгож, ямар аж ахуйн нэгжид эрх өгөхийг шалгаруулж шийднэ. Үүний дараа даргатайгаа нийлээд есөн гишүүнтэйгээр зохицуулах хороог байгуулна. Энэ зохицуулах хороо бүх дүрэм, журмаа гаргаад, хяналтаа тавиад үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөл олгоод явах юм. Засгийн газар дотоод эсвэл, гадаадын аж ахуйн нэгж оруулж ирэх, төр оролцоотой байх зэргээр зохицуулалтаа өөрөө хийнэ гэсэн үг.

-Казино байгуулах нөөц боломж байгаа юу?
-Эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлага бол бий. Нөөцийн хувьд гэвэл яагаад заавал казино байгуулах юм гэдгийг бодох ёстой. Эдийн засгийн чухал ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр дэлхийн ихэнх орон казино байгуулж байгаа. Казино байгуулж эдийн засгийн нэг хөшүүргээ болгож чадаж байна. Эрхзүйн орчныг бүрдүүлэхээр аж ахуйн нэгж нь үйл ажиллагааныхаа хүрээнд тавигдах шаардлагуудаа биелүүлнэ гэсэн үг. Барилгын талбай, казино дагасан худалдаа, үйлчилгээ нь ямар байх вэ гээд тавигдах шаардлагынхаа хүрээнд зохицуулагдана. Төгс хэлбэрээр нь казино байгуулна гэвэл манай улсын хувьд хүнд шүү дээ. Янз бүрийн саналууд явж л байгаа. Ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд тэр байршилд казино байх нь зөв гэж болохгүй байна. Нэг талыг барьсан болчихно.

-Казино байгууллаа гэхэд улсын төсөвт хэдэн төгрөгийн орлого олно гэж тооцсон бэ?
-Жилд яг тэдэн төгрөг орж ирнэ гэсэн нарийвчилсан тооцоо байхгүй. Казиногийн үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрөл хуулийн төсөлд 35 тэрбум төгрөг гэж тусгасан. Яг тийм тоглоом, тийм ширээнээс тэдэн төгрөг олно гэсэн тооцоо байгаа. Түүгээр нь тооцоод үзвэл улсад тодорхой хэмжээний орлого орж ирэх боломжтой.  

-Жуулчдын тоо тэдээр нэмэгдэнэ гэж тооцоолсон байх?
-Ойролцоогоор жилд 400 мянган жуулчин орж ирдэг гэсэн тоо байдаг. Үүнийг 3-4 дахин нэмэгдүүлэх бололцоо байгаа гэж харж байгаа. Үйлчлүүлэгчийн хувьд монгол иргэд орох эрхгүйг түрүүн хэлсэн. Ер нь Азийн орнуудын иргэд казино түлхүү тоглодог.
Москвад гэхэд казино байхгүй. Тэгэхээр наашаа манайд жуулчид орж ирэх боломжтой. Хятадын талаас бол нэлээд тооны жуулчин орж ирнэ гэж тооцсон судалгаа байгаа.

-Ажлын хэсэг хуулийн төслөө Байнгын хороо, чуулганы хуралдаанд хэзээ оруулах вэ?
-Хуулийн төслөө Байнгын хороонд Хаврын чуулганы үеэр оруулна. Одоо дөнгөж ажлын хэсгийн түвшинд байгаа болохоор Намрын чуулганы хугацаанд хэлэлцүүлэгт оруулж амжихгүй. Ажлын хэсэг, дэд ажлын хэсэг гээд судлах шаардлагатай зүйлүүд нэлээд бий. Хамгийн сүүлд Япон улс Казиногийн тухай хууль баталсан. Тэр хуулийг нь судлах шаардлага бий. Өмнөх Засгийн газрын үед БНСУ, Макаогийн казиног судалсан байсан. Тэгэхээр бид бас илүү их судалж үзээд харьцуулалт хийгээд Монголын хөрсөнд бууж чадах хамгийн боломжит хувилбараар нь хуулийн төслөө бэлтгээд УИХ-аар оруулж хэлэлцүүлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан