Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таван нэр дэвшигчийн хаалтын үгс


Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгааны хаалт өнгөрсөн баасан гарагт болж, нэр дэвшигчид, гишүүд дэмжигчид нь оролцлоо. 21 аймаг, есөн дүүргийн АН-ын гишүүдтэйгээ нэр дэвшигчид уулзаж, мөрийн хөтөлбөрөө танил­цуулан, асуултад нь ха­риулж, сар гаруйн хуга­цаанд сурталчилгаагаа хийж дуусгасан. Энэ үеэр нэр дэвшиг­­чид сунгааны талаархи өөрсдийн үзэл бодлоо хуваалцсан. Тухайлбал, нэр дэвшигч Ж.Батзандан “Намын маань 180 мянган гишүүн, уулзсан 20 мянган журмын нөхөд минь бидэнд олон зүйлийг захьсан. “Энэ намын эв нэгдлийг хангаарай. Намынхаа дотоод эв нэгдлийн төлөө та тав зүтгээрэй” гэлээ. Үүний төлөө Батзандан бүх­нээ зориулна. Намаа нээлт­тэй болгохыг, дарга нарын биш гишүүдийн нам байлгахын төлөө ажиллахыг гишүүд маань захьсан. Монголын төрийг олигархиуд, бүлэглэлээс, оффшорчдоос салгаж өгөөрэй хэмээн АН-ын гишүүд, дэмжигчид хүс­сэн. Батзанданг АН-ын дар­га болвол Монгол төрөө бүлэг­лэл, мафийн шинжтэй офф­шорч­дын савраас салгах болно” гэв.

Нэр дэвшигч Н.Алтанхуяг хаалтын ёслолын өмнөх орой буюу 26-ны пүрэв гарагт Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлэг өгсөн. Энэ нь Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын оролцоотой үйл явдал боллоо гэдгээ ч хэлсэн. Тэрээр “АН-ын дарга бүх гишүүдээсээ сонгогдох түүхэн шийдвэрийг гаргасан ардчилагчдадаа баярлалаа. Цаг хугацааны хатуу шүүлтэд тэдний үнэн нүүр царай, бодит дүр төрх улам бүр тодрон илчлэгдэж байна. Нам дамнасан бүлэглэлийн толгойлогч Ц.Элбэгдорж, М.Энхболд нар банк санхүү, хэвлэл мэдээлэл, хууль хүчний байгууллагууд дахь хуйвалдааны бүлэглэлээ ашиглан улаан цайм увайгүйгээр хийсэн луйвар даравч далдайж, булавч бултайн үнэнд гүйцэгдсээр байна. Бид ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлсээр ирсэн, тэр байр сууриндаа хатуу зогсоно. АН-ын гишүүд маань бүлэглэл, фракцын нөлөөнд автахгүйгээр, хулгай луйврын мөнгөнд дөрлүү­лэхгүйгээр, нам дамнасан бүлэглэлийн эсрэг эх орон, ард түмэн, ардчилал, шударга ёсныхоо төлөө өөрсдийн итгэл үнэмшлээрээ саналаа өгнө гэж итгэж байна” гэсэн юм.

Тэгвэл МАН-ын дарга М.Энх­болд хариуд нь ор үндэслэлгүй гүтгэлэг явууллаа, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй учир уучлалт гуйх ёстой. АН алдаа дутагдал, дотоод зөрчлөө бусдад нялзаахгүй байхыг хүсье, улс төрийн намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, үйл ажиллагаанд нь нөлөөлөх оролдлого хийж байгаагүй гэж мэдэгдэв. АТГ-аас ч мөн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулсан мэдэгдэл гаргасан. Н.Алтанхуягийг байцаалт өгөхөөр очиход түүнийг дэмжигчдийн дунд Ж.Батзандан байсан билээ. 

Нэр дэвшигч Д.Эрдэнэбат “АН шинэ үеийнхээ гараан дээр зогсч байна. Өмнө нь хийсэн алдаа, оноо дээрээ дүгнэлт хийж байна. Үл итгэлцэл бидний сэтгэлийг зовоосоор байна. Шинэчлэгдэе гэвэл эхлээд эвлэлдэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол АН шинэчлэгдэхгүй. Үүнийг очсон газар бүртээ сануулсан. Бид нэг удаагийн ялагдлаар үнэт зүйлээ үгүйсгэж болохгүй. 16 жилийн дараа бид ялалт авч ирж чадсан. 14 жилийн дараа бид Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг авч ирсэн. Үүнийг хамтдаа хийсэн журмын нөхөд, Алтанхуягтаа талархал илэрхийлье. Бие биеэ давах гэсэн, талцах гэсэн зүйл рүү явах юм бол АН-ын ирээдүй бүрхэг болно. Хэрэв бид талцал, фракцаараа энэ сонголтод хандвал АН ялагдана. Харин энэ сонголтыг чин сэтгэлээсээ намынхаа төлөө хийвэл АН ялна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Нэр дэвшигч Л.Гантөмөр “Бид тавын зорилго АН-ыг шинэчилж, эргэн сэргээхийг хүсч байгаа. Бид хойшоо харж тооцоо бодохоос илүү урагшаа харж шинэ зүйлсийн төлөө явна. Гишүүд маань бидэнд эв нэгдлийг захьсан. Энэ бол бидэнд өгсөн маш том гэрийн даалгавар. Гишүүн бүрийнхээ эрхийн төлөө зогсч чаддаг АН-ыг биднээс хүлээж байгаа” гэсэн.

Тэгвэл нэр дэвшигч С.Эрдэнэ “Бид тав бол өрсөлдөгчид биш. АН-ын шинэчлэлийн төлөө хамтран зүтгэгчид. АН аливаа шийдвэрийг гишүүдийнхээ санаа бодол дээр тулгуурлан гаргадаг байх хэрэгтэй. Таван өөр үзэл бодол дээр нэгдсэн нам маань таван фракцид хуваагдсан. Энэ нь намын дотоод эрх мэдлийн төлөөх тэмцэл болж хувирсан. Фракцгүй АН-ыг байгуулах, жинхэнэ лидерийг сонгох нь чухал” гэж байлаа.

Таван нэр дэвшигч үзэл бодлоо хуваалцсаны дараа АН-ын дарга З.Энхболд “Намын шинэчлэл энэ сарын 29-ний сонгуулиар дуусахгүй. Намын дүрмээ нийт гишүүдээрээ хэлэлцүүлж шинэчилнэ. Ирээдүйн АН-ын лидер, ирээдүйн Ерөнхий сайдыг 228-хан хүн биш нийт гишүүдээсээ сонгох болсон нь том дэвшил. ҮЗХ-ны 228-хан хүнээс сонгогдсон намын дарга надаар дуусч байна. Нийт 180 мянган гишүүндээ тайлангаа тавьдаг, эднээсээ сонгогддог дарга, хариуцлагатай АН Монгол Улсыг өөрчилж чадна. Хэн нь ч дарга болсон түүнийгээ дэмжиж ажиллах ёстой. Хэрүүл байгаа бол түүнийгээ дотроо шийд. Битгий гадагшаа гарга. Таван нэр дэвшигчийн дуу үе үе чангарсныг эс тооцвол Их хурлаас тогтоосон хэм хэмжээнийхээ дагуу ажиллаад ирлээ” хэмээн ялагдал, ялалтаа хүлээн зөвшөөрч цаашдаа хамтран ажиллахыг дахин санууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан