Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Өнчин аялгуу”-аар “Болор цом” хүртжээ


Б.ЦЭДЭВСҮРЭН


Үгсийн урнаар уралддаг “Болор цом” наадам 34 дэх удаагаа болж өнгөрлөө. “Эрээнцавын эвдрээгүй найрагч” хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэнгийн дурсгалыг хүндэтгэж, Дорнод аймагт болсон наадамд шүлгэн хүлгээ сойгсдоос яруу найрагч Б.Батсайханы үг уран байж, “Болор цом”-ын эзнээр тодорлоо. Дорнын их найрагч Д.Нямсүрэн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул бол яруу найрагч Б.Батсайхан мөн энэ нутгийнх аж. Тэрээр одоо Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын захирлаар ажиллаж байгаа аж.

Наадмын хоёрдугаар байранд “Болор цом”-ын эзэн Арлааны Эрдэнэ-Очир шалгарсан бол Хэнтийн Д.Гансүрэн, Дарханы Ч.Уянсүх болон залуу найрагч Ч.Ууганбаяр нар тусгай байрыг эзэлсэн байна. Харин өнөө жилийн “Болор цом”-ын шүүгчээр Д.Нямсүрэн найрагчийн шавь Д.Ган-Очир, утга зохиол судлаач Ү.Хүрэлбаатар, яруу найрагч Б.Галсансүх нар ажиллажээ.
Ингээд тэргүүн шүлгийг толилуулж байна.


Өнчин аялгуу

Их хотын анир дундах
Их утгын эгшиг дунд
Дурсамж дундаасаа жаргал хайсан дуучин
Өөрөөсөө бусдад жаргал бэлэглэсэн өнчин хүү
Цаг хугацааны манан цуулан уянгын наран мандаад
Цадиг түүхийн өргөн уудам үргэлжилсэн дуугаа дуулна
Хир болсон сайртай гараа сарвайж
Хүн болгоноос өглөг харан гуйлга гуйхгүй ч
Хиргүй тунгалаг гэгээн сэтгэлээр дуулахыг нь
Хэн ч анзаарч үл сонсоно, хэн ч уярлыг нь үл тооно
Бор зандангийн цэцэг шиг хүүхэд насаа
Ботгон буулианы зовлонтой бөн бөн буулиантай цуг үзсэн
Ерөөс тэр жаахан өнчин хүүг
Ертөнцийн аялгуу байхыг хэн байг гэх юм бэ
Гудманд сууж дуу дуулж байгаадаа
Гутарсан шинжгүй тэр хүүгийн нүдэнд
... уул будантаж харууслын манан хөшиглөж
Зоргоор хүслийн задгай омогшил нь
Энэ орчлонг эгшгээр дутаахгүй гэж
Ээждээ амласан ганцхан үнэнтэй
Уйлж ирээд уйлуулж буцдаг хорвоод
Дуу дуулж, дуулсаар буцах хүүгийн
Өнчин ганц хүслийн тэнгэр нь
Өнө мөнхийн яруу эгшигтэй
Ээжтэй хүүхдүүд ээждээ эрхэлж уйлна
Ээжгүй хүү ээжээ дурсаж дуулна
Өргөн хорвоо хайраараа дутаж уйлна
Өнчин хүү хайраа өргөж дуулна
Болор саран мэлмэрсэн тэргэл үдшээр
Бодлын цагаан зовлонгоо хугаслан
Дуучин хүү дуугаа дуулсаар тэнгэрт одлоо
Дурсаж хэн ч үгүйлсэнгүй
Дууг нь л харин орчлон цээжлээд үлдлээ
Дэндүү жаахан хүүгийн тув тунгалаг сэтгэлээс ургасан
Дэндүү буруу эгшиггүй цав цагаахан аялгуу
Бурхадыг аргадаж, дэлхийг хөглөх тарни байсан ч юм уу
Буцах үнэний харгуйг гэрэлтүүлсэн өргөл байсан ч юм уу
Дуугаар л дутааж болохгүй энэ уяхан хорвоод
Хайраар л дутааж болохгүй ээжтэй юм шүү дээ бид чинь
Их хотын анир дунд
Их утгын эгшиг дунд
Дурсамж дундаасаа жаргал хайсан дуучин хүү
Өөрөөсөө бусдад жаргал бэлэглэсэн өнчин аялгуу

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан