Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэ: Ялагдлын байдалтай байсан АН хөл дээрээ бослоо



Сонгуулийн дүн гарсантай холбогдуулан АН-ын дарга З.Энхболд, намын даргаар сонгогдсон С.Эрдэнэ болон намын удирдлагууд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр С.Эрдэнээс цөөн зүйлийг тодруулав.

-АН-ын шинэчлэлийн эхлэл нь намын даргаа гшүүдээсээ сонгох явдал гэж байсан. Эхний үр дүн гарч, намын даргаар сонгогдлоо. Үүний хажуугаар бүх гишүүдтэйгээ уулзсан их ажлын ард гарлаа. Ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-АН-ын Их хурлаас АН-ын даргыг бүх гишүүдээс сонгох шийдвэр гарсан. Энэ хүрээнд бид тав нэр дэвшиж, улсаа бүтэн тойрлоо. Амаргүй байсан. Бид багагүй ядарсан ч, очсон аймаг бүрт АН-ын гишүүд маань сэргэж, тэдний нүдэнд гал, цог гийж байсан. Энэ бол бидний хувьд 21 аймаг, есөн дүүргээр явсан ажлын маань гол үр дүн байсан гэдгийг зориуд хэлмээр байна. Сонгуулийн дараа ялагдлын байдалтай байсан АН энэ сонгуулиар хөл дээрээ бослоо. Одоо цаашдаа улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд шилжихэд бэлэн болсон. Биднийг анх сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэхэд таван тийшээ салаад алга болно гэж ярьцгааж байсан. Гэвч, бид таван тийшээ салаагүй, намын шинэчлэлийн төлөө гэсэн нэг зорилгод зорьж, тэмүүлсэн. Хэн нэг нь ялах нь ойлгомжтой байсан ч хэн нь ч ялсан ялгаагүй, түүнийг дэмжиж ажиллана гэж зарчмын тохиролцоонд хүрсэн. Цаашдаа нэг баг болж, намын шинэчлэлийн төлөө ажиллана.
-Хамгийн түрүүнд ямар асуудалд анхаарч ажиллах шаардлагатай байгаа вэ?
-Юун түрүүнд, намын эв нэгдлийг хангаж, намын үзэл баримтлалыг шинэчлэх, үндсэн дүрмийн өөрчлөлтийг яаралтай хийнэ. Бүтцийн шинэчлэлийг ч яаралтай хийнэ гэж бодож байгаа. Үүнээс ажлаа эхэлнэ. Өнөөдөр бидний өмнө маш их үүрэг, хариуцлага тулж ирээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль гэхэд л хаяанд ирсэн тул бэлтгэл ажлыг нь эхлүүлнэ.

-УИХ-ын гишүүн Ж.Батзандан намын дарга болбол, Ерөнхийлөгчид Р.Амаржаргалыг нэр дэвшүүлнэ гэж байсан. Та хэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээ хэлж болох уу?
-Би хэн нэг хүнийг нэрлэхгүй. Эрдэнэ гэдэг хүн АН-ын дарга болсон ч гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би тодруулахгүй. VII Их хуралд асуудлыг оруулж, ямар зарчмаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах вэ гэдгийг шийднэ. Би бол хувьдаа намын даргын сунгаа шиг Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй хүмүүсийг намын гишүүд нь саналаараа сонгодог болох хэрэгтэй гэж бодож байгаа.

-Намын бүлэг, фракцын асуудал сонгуулийн үеэр маш их яригдсан. Та намын дарга болох гэж байгаа хүний хувьд ямар бодолтой байгаа вэ?
-АН-ын даргын сонгууль өөрөө энэ намын эв нэгдлийг бий болгох, намын шинэчлэлийг хийх шүү дээ. Намын шинэчлэлийн хамгийн том зорилго нь фракцгүй байхад чиглэсэн. Нийт гишүүдээс сонгогдож гарч ирсний хувьд аль нэг нам, бүлэглэл гэж явах эрх надад байхгүй. Мөн ямар нэг фракц, бүлэглэлийн нөлөөнд орох асуудал байхгүй. Нийт гишүүдийн эрх ашгийг эрхэмлэж явах үүрэг хүлээж байгаа.

-Таныг мөнгө тараасан гэх асуудал бас гарсан. Ямар тайлбар өгөх вэ?
-Ямар нэгэн мөнгө тараасан үйлдэл байхгүй. Хэрвээ тийм үйлдэл байдаг юм бол намын даргын албан тушаалд очихгүй. Ер нь, ямар ч аргаар хамаагүй ялах гэсэн оролдлого гарсан. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой шүү. Тэр хүмүүсийн хийж байгаа хууль бус үйлдлийг Сонгуулийн хороо хянаж үзсэн байх гэж бодож байна. Нүүр нь байхгүй, нэр байхгүй, хэн дуртай нь гар утсаараа бичлэг хийгээд тавьчихаж болно. Хуучин эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал байсан эмэгтэй мөнгө авсан гол дүрд тоглосон гэх мэдээлэл байгаа. Тэрийг зохион байгуулсан хүн нь Ц.Оюунгэрэл гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа.    


З.Энхболд: Намын даргын ажлаа өгөөд амармаар байна

АН-ын даргын ажлаа өгөх гэж байгаа З.Энхболд сонгуулийн талаар “АН Монголын улс төрийн намууд дунд анх удаа гишүүдээсээ намын даргаа сонголоо. Нам гэлтгүй төрийн эрх мэдэлд хүртэл орсон фракц, олигарх бүлэглэлд дарлуулсан байсан намын даргын сонгуулийг нийт гишүүдэд шилжүүлж өглөө. Цаашид ч ийм тогтолцоотой байх тул хуучин системээр сонгогдсон АН-ын хамгийн сүүлчийн дарга нь намайг байсан гэж ойлгоорой” гэсэн юм. Мөн тэрээр “С.Эрдэнэ дарга АН-ын реформыг улам гүнзгийрүүлэн, АН-ыг ирэх сонгуулиудад ялалт байгуулах үүрэг хүлээж байгаа” талаар дурдлаа.
Мөн түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэх мэдээлэл гарч байгаатай холбогдуулан сэтгүүлчид зарим зүйлийг асуув.

-С.Эрдэнэ намын дарга болсноор Ерөнхийлөгчийн сонгуульд таныг нэр дэвшинэ гэх юм?
-Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Хэлсэндээ байна. 2020 он хүртэл Энхболд ямар нэг ажил төрөлд очихгүй. Харин 2020 онд УИХ-ын сонгуульд ердийн оролцдогоороо оролцоод л явна. Одоо намын даргын хүнд ажлаа аль болох хурдан өгөөд жирийн хүн шиг амармаар байна. Би намын даргаас огцрох өргөдлөө сонгуулийн маргааш нь өгсөн шүү дээ. Энэ хооронд намын дүрэмд өөрчлөлт орж, 228 хүн чинь намын даргаа сонгохоо больсон. Тийм болохоор нийт гишүүдийн саналаар даргаа сонголоо. Одоо удахгүй, 10 гаруй хоногийн дараа би дарга байхаа болино.

-УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, М.Батчимэг нар саналаа өгч чадаагүй гэсэн. Энэ нь таны шийдвэртэй холбоотой гэж буруутгаж байна?
-Арванхоёрдугаар сарын 22-нд би таван нэр дэвшигчтэй уулзаж, өдрийн хоол идсэн. Энэ үеэрээ та хэдэд ямар хүсэлт байна гэхэд “Анхан, дунд шатны намууд шинэ хүн бүртгэж авахгүй байна. Тиймээс бүртгэлийг нээж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Энэ дагуу нь 25-ны өдөр тушаал гаргаж, дахин бүртгэх, баталхаа хаяж гээсэн зэрэг шалтгаанаар бүртгүүлэх бол анхан, дунд шатан дээр очоорой, ямар нэг шалтгаанаар хүлээж авахгүй бол төв нам дээр бүртгүүлээрэй гэсэн нээлттэй журам гаргаж өгсөн юм. Гэхдээ төв нам дээр бүртгүүлэхдээ өөрийн биеэр ирэх ёстой. Анхан, дунд шатны бүртгэлтэй адилхан л процесс явах ёстой гэсэн. Ингээд энэ сарын 2-20-ны хооронд сонгуулийн ажилд оролцохгүй, хэн нэгнийг нь дэмжихгүй гээд би Энэтхэг явсан. Энэ хооронд бөөн маргаан гарчихсан байсан. Хүн өөрийн биеэр анхан шатны нам дээрээ очоод бүртгүүлж чадаагүй бол төв нам дээр биеэр ирж бүртгүүлэх ёстой байтал манай намын хэрэг эрхлэх газрынхан хариуцлага алдаж, 100, 100-гаар нь хаана бөглөсөн нь мэдэгдэхгүй анкет авч, бүтгэсэн байсан. Тиймээс таван нэр дэвшигчтэй уулзсан. Л.Гантөмөрөөс бусад нь дүрэм, журам зөрчсөн бүртгэлээ хүчингүй болгож өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Энэ дагуу нь 16 мянган гишүүний санал өгөх эрхийг түдгэлзүүлсэн. Харин өнөөдрөөс эхлээд дээрх 16 мянган иргэн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдана. Удахгүй, ҮЗХ-ны бүх гишүүдийг 100 хувь шинэчилнэ. Мөн аймаг, дүүргийн дарга нар нэрээ дэвшүүлж, гишүүдээсээ сонгогдоод л явна.

-АН-ын олны танил гишүүд санал өгч чадсангүй гээд байгаа шүү дээ. Ц.Оюунгэрэл, М.Батчимэг... гээд өмнө нь УИХ-ын гишүүн байсан олон хүний нэр дурдагдаж байгаа.
-Өөрийгөө “од” болчихсон, УИХ-ын гишүүн байсан, би юу гэж намын анхан шатны байгууллага дээр очдог юм гээд байгаа УИХ-ын гишүүн асан М.Батчимэг шиг хүмүүс хохирсон байна лээ. Тэрийг яах ч аргагүй. Манай намд угаасаа “од” болсон хүмүүст зориулсан тусгай журам байхгүй. Хэн ч байсан ялгаагүй анхан шатны намын байгууллагын хаалгаар орж үзэх хэрэгтэй. Тэнд очоод өөрийн гараар анкетаа бөглөөд, тэрийг нь хүлээж авахгүй бол төв нам дээр өөрийн биеэр ирээд бүртгүүлэх ёстой. Энэ журмаа мэдэхгүй сонгуульд орж чадаагүй бол харамсалтай.


С.Эрдэнэ ирэх сарын 12-нд жинхэлнэ

Намын даргын сонгуулийг явуулахын тулд АН бүх гишүүдээ дахин бүртгэх шаардлагатай болсон юм. Энэ нам Улсын дээд шүүхэд 150 мянган гишүүнтэй гэж бүртгүүлсэн байдаг бол шинэчилсэн бүртгэлд нь 176 мянга гаруй гишүүн бүртгүүлжээ. Харин тэдгээрээс жилийн төлбөрөө төлсөн 120703 гишүүн намын даргын сонгуульд оролцох эрхтэй болсон бөгөөд тэдний 71.2 хувь буюу 85939 нь саналаа өгчээ.
Намын даргын сонгуулийг 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумд 361 санал авах байранд явуулсан гэж тус намын сонгуулийн түр хорооноос мэдээллээ.  Ингээд:
1. С.Эрдэнэ нийт 20 аймаг, найман дүүрэгт саналын тоогоор тэргүүлж 2928,92 оноо авч, намын даргаар сонгогдсон бол
2. Н.Алтанхуяг - 2033,08
3. Л.Гантөмөр - 1417,83
4. Ж.Батзандан - 1110,77
5. Д.Эрдэнэбат - 857,22 оноо тус, тус авчээ.
Энэ оноо нь гишүүдийн саналыг хөрвүүлсэн байдал бөгөөд АН-ын Их хуралд оролцдог мандатын тоогоор нь аймаг, дүүргүүдэд оноо хуваарилж, Монгол Улсыг нийт 8350 оноотой гэж үзсэн байна. Үүнээс хамгийн өндөр оноо цуглуулсан нь намын даргаар сонгогдож байгаа юм.
Жишээ нь: Баянхонгор аймгийн АН Их хуралд гурван мандаттай оролцдог тул 300 оноо өгсөн. Ингээд санал өгсөн гишүүдийн тооноос хүчингүй саналын тоог хасч, Баянхонгорт оногдсон 300 оноогоор үржүүлж тухайн нэр дэвшигчийн авсан оноог гаргах зарчмаар нэр дэвшигчдийн оноо тус бүрийг гаргажээ.
Энэ зарчмаар С.Эрдэнэ хамгийн өндөр оноо авсан тул намын удирдлага, сонгуулийн түр хороо намын даргын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, ирэх сарын 12-нд хуралдах АН-ын VII Их хурлаар батламжлах юм байна. Мөн энэ үеэр АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг батламжлана гэж АН-ын даргаар сонгогдоод байгаа УИХ дахь сөрөг хүчний бүлгийн дарга С.Эрдэнэ хэллээ.

Саналын хуудас бүрийг баталгаажуулжээ

Гишүүдийн өгсөн саналыг нэг бүрчлэн тоолохдоо маргаан гарч болзошгүй үүднээс санал бүрийг баталгаажуулжээ. Ингэхдээ саналын хайрцагнаас саналын хуудсыг нэг, нэгээр нь гаргаж ирсэн бөгөөд тухайн саналын хуудсыг проктерт харуулж, сонгуулийн хорооны гишүүд болон ажиглагч нарт үзүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Ер нь намын даргыг намын гишуудээр сонгодог болох нь МАШ ЗОВ ЗУЙЛ Л ДЭЭ. Харамсалтай нь Одоогийн АН-ын дарга З.Энхболд нь "Санал огох гишуудийн нэрсийн жагсаалт"-д зовхон намын гишууд саналаа огохоор зохицуулалт хийх естой байтал намын гишуун биш ч хэн ч санал огч болохоор журам гаргасан, анхан шатны намын байгууллагын сонгуулийн зардлыг тов намаас санхуужуулэхээр зохицуулсан хэдийч маш бага санхуужилт (тов намаас ойролцоогоор сумдын намд 120000 тог) огсон нь нэр дэвшигчид нь намын анхан шатны байгууллагад ИХ ХЭМЖЭЭНИЙ МОНГО ГАРГАХ НОХЦЛИЙГ БУРДУУЛЖ, С.Эрдэнэ мэтийн ХЭЦУУ ХУМУУСИЙГ ЛУЙВАР ХИЙХ НОХЦЛООР ХАНГАЖ ЭЭ. Тухайлбайл: С.Эрдэнэ нь "омно нь халамж, даатгал огч байсан сулжээгээ ашиглаж газар бур сохор, доглон маш олон нам бус хунийг АН-ын гишуун мэтээр сонгуулийн салбар хороонуудад буртгуулж, оорийнхоо толоо санал огуулсэн байна. Мон ОЛОН ХУН АМТАЙ хотын дуурэгууд, Орхон, Дархан болон аймгуудын товийн сумуудад БАЙЖ БОЛОХ БУХ ШУГАМААР МОНГО ТАРААЖ оорийнхоо толоо санал огууллээ. Ходоогийн сумдын АН-ын анхан шатны бух нэгжуудэд "Алслагдсан гишуудийг зооворлож санал огуулэхээр ИХ ХЭМЖЭЭНИЙ МОНГО ШИЛЖУУЛЖ оорийнхоо толоо санал огууллээ. Ийм маягаар АН-ын даргын сонгууль болж онгорлоо. Энэ уйлдлийг НИЛЭЭД ТОМ ОНЦГООР авч узвэл АН нь оорийн намаа оод нь татаж, их, бага хэмжээний хэд хэдэн удаагийн сонгуульд амжилт гаргаж, ялалтанд хургэж байсан Н.Алтанхуяг мэтийн ШУДАРГА УДИРДАГЧИД АА ХАВЧИЖ, ГАДУУРХСААР ЭЦЭСТ НЬ С.Эрдэнэ мэтийн АЛУУРЧИН, ЛУЙВАРЧИНГААР УДИРДУУЛАХААР БОЛЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ Л БОЛЖ БАЙНАДАА. Одоо С.Эрдэнэтэй ногоо Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, МУДН фракцын луйварчид хамт байгаа шуу дээ. Тэгэхээр С.Эрдэнийн удирдлагад нэгдэхээргуй АН-ын ЧАДАЛТАЙ УДИРДАГЧИД ХААШАА ЯВАХ НЬ СОНИН БАЙНА ДАА. Энэ янзаар бол ойрын хэдэн жилд АН оодлохгуй нь тодорхой боллоо.
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан