Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Таванбаяр: Уран бүтээлчид бид чинь ирээдүйдээ үлдэх өв соёлыг л бүтээх гэж яваа


Б.ЦЭДЭВСҮРЭН

Найруулагч, кино зохиолч Л.Таванбаяртай уулзаж ярилцлаа. Тэрээр цөөнгүй киноны зохиол бичсэн бөгөөд одоо кино зохиолын сургалт явуулж буй юм билээ. Минийхээр тэр уг нь жүжигчин. Гэхдээ тэр өөрийгөө жүжигчин биш гэсэн. Уг нь “Бодлын хулгайч” кинон дээр шоронгийн хулгайч, “Улаан дөрвөлжин” кинон дээр урлагийн цагаан солио туссан галзуугийн эмнэлэгийн өвчтөний дүрийг чадварлаг гаргасан нэгэн. “Хүдэн” киноны зохиолыг бичиж, найруулсан гээд хөдөлмөрч уран бүтээлч билээ.

-Таны бичсэн, бү­тээл болсон зохиолын жаг­­саал­­тыг хараад “ма­шиндчихсан” юм биш үү гэсэн бодол төрсөн ч тэр бүтээлүүдийг нэхэж санахад өнгөц бодлоосоо няцсан. Найруулагчийн мэргэжилтэй хүн кино зохиолч болох тухай хэзээ бодож, хэрхэн зориглосон бэ?
-2002 онд Кино урлагийн дээд сургуулийг найруулагчийн мэргэжлээр төгссөн. Хамгийн анх 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан “Хамба” фильм студийн найруу­лагч “Гитлер” Тука гэдэг Ганболд ахын хийсэн “Тэнгэрийн андгай” киноны зохиолыг “хийсэн”. Зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Атга нөж” жүжгийн зохиолыг кино зохиол болгосон хэрэг л дээ. Төслийн хүрээнд хийгдсэн болохоор кино театруудаар цөөхөн гарсан. Үүнээс л урам аваад зохиол бичиж чадах ч юм шиг бодогдсон. Дараа нь “Буруу эргэлт” киноны зохиолыг бичсэн.

-Найруулагчийн мэргэж­лээр төгссөн хүнд яагаад энэ даалгавар ирсэн юм бэ?
-Миний сонирхол яруу найраг, уран зохиол. Их сургуульд сурч байхад багш надад кино зохиол сонирхож үзээрэй гэж хэлдэг л байсан. Ер нь манайд мэргэжлийн кино зохиолч хүн байхгүй. Хууч­ны мундаг кинонуудын зохио­лыг Утга зохиолын ажил­тан, сэтгүүлчид  бичсэн байдаг. Найруулагчид ч зохиол бичсэн. Мэргэшчихсэн. Түүнээс яг кино зохиолч гэсэн мэргэжилтэй хүн одоо ч байхгүй. Өөрийн сонирхолоо дагаад л залуу насны дэврүүн хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн энэ салбар руу явж ороод гарч чадахаа больчихсон.

-Гарч чадахгүй болох үеэс өмнө больчихсон бол найруулагчаа хийгээд л явах байсан байх даа?
-Тухайн үед их урам авсан. Тэр мундаг хүний том зохиолыг залуу насны аагаар барьж аваад кино зохиол хийчихсэн. Дээр нь багагүй урмын үг сонссон. Тэгээд “Буруу эргэлт” киноны зохиолыг бичсэн маань ч үзэгчдэд таалагдсан. Тэр үед кино зохиолтой байхын утга учир, монголын кино урлагийн хөгжилд өөрийн гэсэн өнгө төрхтэй зохиол хэрэгтэй юм байна.
Ингэж жам ёсоороо хөгжих юм байна гэх зэрэг бодлууд төрсөн болохоор эргэлт буцалтгүй орсон. Хэрэв эхлэж байхдаа л гарчихсан бол уран бүтээлээ хийгээд явах л байсан байх. Гэхдээ надад эхэлсэн бол дуусгадаг зан чанар байдаг. Шалтгаан гараад дундаас нь хаясан ч хаясандаа харамсаад, голоос нэг юм татагдаад байдаг зантай. Урам авсан ч, аваагүй ч ер нь л зохиолыг хаяхгүй л байх байсан.

-Уран бүтээлч хүн өөрийгөө чөлөөлж байж л бусдад зориулж уран бүтээл хийдэг гэдэг. Өөрийгөө хэр чөлөөлж чадаж байна вэ?
-Аль болох л чөлөөтэй байлгахыг хичээхгүй бол эвлэхгүй, төвлөрөхгүй. Автоматаар хийгээд байдаг. Тийм зохиол ч бичиж л байсан. Захиалгаар. Тэд нар бол угаасаа амжилтад хүрдэггүй, архивлагдаад, тоо бөглөөд үлдчихсэн цөөнгүй хэдэн зохиол бий. Тэрийг дагаад шат ахиж байгаа юм л даа. Өмнөх гаргасан алдаагаа дахиж давтахгүй байх гэдэг ч юм уу. Хүн ямар нэг юм хийж байж л өөрийгөө хаана яваа, ямар шатанд яваагаа мэддэг шүү дээ.

-Саяхан бурхны оронд одсон жүжигчин Алтан-Өлзий гуай нэгэн ярилцлагандаа “Тос даасан хөдөөгийн өвгөний дүр бүтээхсэн. Одоо манайхны мэддэг өвгөн нь архичин, хулгайч өвгөн. Сайн кино зохиол үнэхээр хэрэгтэй байна” гэсэн байсан. Кино зохиол сонирхож эхэлсэн, бичдэг болсон. Одоо бусдад зааж байгаа хүний хувьд асуухад монгол киноноос монгол ахуй холдоод байгаад ямар бодол тээж явдаг вэ?
-Ер нь хүн бүрийн сэтгэлд энэ үйл явдлыг л кино зохиол болгочих юмсан гэсэн бодол байдаг. Хүн өөрийнхөө үзье гэсэн юм аа л киногоор нөхөх гэдэг. Миний хувьд тэр л дотоод сэтгэлдээ кино болгочих юмсан гэж бодсон зүйлээ хэрхэн бичихийг нь л заадаг. Монголоор сэтгэдэг хүн байна. Гадаадын кино шиг кино хийх юмсан гэсэн хүн ч байдаг. Яагаад монгол ахуйг бичихгүй байна вэ гэхээр монгол ахуйгаа хэрхэн бичих вэ гэдэг чухал. Өнөөгийн залууст морь, мал, эсгий гэр үзэх нь сонин уу. Эсвэл үзлээ гэхэд яаж үзүүлэх юм гээд л эрэл хайгууль хийгдээд л байна.

-Яагаад энэ асуултыг асуусан бэ гэхээр “Шүүдэр дундуур” уран сайхны киног үзсэн хүмүүс монгол ахуйг олж харснаа ярьж байгаатай таарсан. Тиймээс л монгол ахуй гэж нэрлээд байгаа хөдөөгийн амьдралыг үзүүлэх хэр амар байсан бэ?
-Орчин үеийн залуусын хайр сэтгэлийг хөдөөгийн амьдралтай, тэр дундаа хадлантай холбож хийхийг хичээсэн. Залуучууд үзсэн. Үзэгчид маань монгол ахуйг үздэг юм байна, үзэх дуртай юм байна. Монгол ахуй гэхээр л хоёр гэрийн тухай кино хийгээд байвал залуучууд үзэхгүй. Яаж үзүүлэх вэ гэдэг нь их чухал л даа. Би өөрөө буриад хүн, Монгол хүн. Хөдөө явна. Заавал хадлан дээр тааруулж очиж чадахгүй ч морин хадууран дээр сууж үзэхийг хүснэ. Хөдөө очоод айраг бүлнэ, унага татна гэдэг ч юм уу. Зарим зүйлийг хийж чадахгүй ч монгол хүн учраас цаанаасаа л зөн совин төрдөг. Тэр үндсээрээ л судалгаан дээрээ үндэслэж кино зохиолоо бичсэн. Уг нь бидний хамгийн сайн мэддэг зүйл хөдөөгийн амьдрал, нүүдэлчин ахуй. Гэтэл түүнийгээ одоо мартсан гэж ярьж байна. Гэтэл хотод өссөн охиныг хөдөө аваачаад хоёр хонуулахад л гүү саагаад эхэлдэг гэдэг ч юм уу. Бидний цусан дахь генийг хэн ч, юу ч өөрчилж чадахгүй.
 
-Кино зохиол гэж мэргэжил байхгүй гээд ярь­сан. Мэргэжилгүй мэргэжлийг бусдад заахдаа ямар арга барил хэрэглэж байна вэ?
-Сэдэв, санаа гэдэг зүйлийг тэр хүмүүстээ орхичихож байгаа юм. Та бүхэн юу дуртайгаа л бич гээд. Гол нь бичихийн тулд онолоо дага. Сурчихсан хойноо өөрийн арга барилаа ол гэж заадаг. Интернэтээр ороод хайсан ч кино зохиол бичих маш олон арга барил байна. Хүмүүс тэр арга барилыг өөрийн зохиол дээрээ яаж наах вэ гэдгийг л ойлгодоггүй. Түүнийг нь зааж байгаа юм. Кино зохиолчийн биш кино зохиолын сургалт. Монгол үг баялаг шүү дээ. Ганцхан үсгэн дээр ч асар их ялгаа гарч байна. Анх цөөхөн хүн сонирхох байх гэж бодсон ч бодож байснаас олон хүн сонирхож, суралцаж байгаа. Эхлээд үр дүнгээ харах гэж хичээж байна.

-Саяхан таны фэйсбүүкт нэг хүн “Шоронгийн амьдралаар кино хийгээч” гэж санал тавьсан байсан. Түүнд та “Шоронгийн амьдрал хэтэрхий хар бараан” гэж хариулсан байсан л даа. Хар бараан зүйл үзүүлэхгүй байхыг зорьдог хэрэг үү?
-Үзүүлэх үзүүлэхгүй юм гэж байхгүй л дээ. Уран бүтээлч хүн өгөгдсөн нөхцөл, цаг хугацаа, боломжинд тохируулан үзэл санаагаа хэрхэн үзүүлэх нь тухайн хүний эрх. Одоогийн хар бараан нийгэмд автоматаар өөрсдийгөө нервтүүлмээргүй байгаа юм л даа. Тэглээ гээд учиргүй инээдмийн кино үзээд инээгээд байх ч хаашаа юм. Бид нар бодох ёстой. Хэцүү байна аа гээд хэцүүг нь түүж харуулаад байхыг л боддоггүй.

-Үзэгчид маань гэхдээ жаахан залхуу болчихсон юм шиг. Сэтгэлгээний гэхээр л ту­хайн киног үздэггүй ч юм уу...
-Бид нар өөрсдөө үзэгчдээ тэгж бодоод байгаа юм л даа.

-Жишээ нь, “Алсын удирд­лага”  уран сайхны кино байна...
-Манайханд нэг сэтгэлгээ суучихсан. Артхаус гээд хэлчи­хээр л толгойтой, сэтгэдэг, боддог хүмүүс үздэг гээд ойлго­чихсон. Өөрсдийгөө доошоо хийгээд ч байгаа юм шиг. Ийм бодол төрж байгаа бол бид аль алинаа доромжилж байгаа хэрэг. Кино урлагт үзэгчдээ ялгаварладаг зүйл байхгүй.

-Хэдий үзэгчиддээ сонголтыг өгч байгаа ч гэсэн бас ашиг олохын тулд тэдний үзэх дуртай зүйлийг оруулах тал дээр анхаарна биз дээ?
-Тэгнэ ээ, тэгнэ. Өөрийн хэлэх гэсэн санаа, эмзэглэлээ аль болох оруулах гэнэ. Кино урлаг бол миний бодлоор энэ зүйлийг ийм байгаасай гэж хүсч байна. Та нар юу гэж бодож байна вэ гэсэн хэлэлцүүлэг. Түүнээс манай киног үзээд та халаасны хулгай хийхээ болино гэж тулгахгүй. Социализмийн үеийн үзэл сурталаар “Ишш хүү минь” гэдэг кино одоо хийхээ больчихсон. Үзэгчдэд хаядаг болчихсон. Цэвэр мэдрэмжийн асуудал. Кино хүмүүст өгөх санаатай байхаас гадна мэдрэмж төрүүлэх зорилготой хийгддэг болчихсон. Халаасны хулгайчийн тухай киног халаасны хулгайч үзчихээд гараад “Би чинь бас эвгүй юм хийдэг юм байна шүү” гэсэн бодол тээх л юм бол үүргээ биелүүлчихэж байгаа юм.

-Таны хувьд тэгвэл үнэ­хээр бусдад хүргэхээс өөр ар­гагүй мэдрэмж юу байсан бэ?
-Би орос кинонд их сонирхолтой. Бараан өнгө аястай юм шиг мөртлөө ёс суртахууны тухай үзүүлдэг. Хүн байхын тухай өгүүлдэг. Цаана нь дэврүүн өнгө цухалзаад байдаг. Би Алексей Балабанов  гэж найруулагчид их дуртай. Түүний кинонууд амьдралыг их өөр өнцгөөс харсан байдаг. Хүн өөрөөрөө байх, бусдыг хайрлах, бусдын төлөө өөрийгөө зольж байгааг харуулдаг. Реалист гэхээсээ илүү натуралны мөртлөө цаад хэлэх санаа нь хөнгөн. Чимхээд авсан кино хийхиймсан гэж хүсдэг. Түүнээс утаа дэндлээ, утааны тухай кино хийе гэх нь өрөөсгөл юм шиг санаддаг. Утаа бол цэвэр хүний ухамсрын асуудал.

-Хүмүүс өөрийгөө олох, нээх гээд ярьдаг болж. Юу ч гэсэн үг юм. Таны хувьд өөрийгөө олсон уу?
-Харин тэр юу ч гэсэн үг юм гэдэг чинь их сонирхолтой үг. Чи тэр ойлголтыг юу гэж ойлгож байна гэдгээс л өөрөө өөрийгөө хэн бэ гэдгийг танина гэсэн үг байхгүй юу. Түүнээс заавал сайн хүн байх ёстой гэсэн юм байхгүй. Чи хэн баймаар байна. Түүнийгээ л хайж олоод тийм байхыг л хэлээд байгаа юм.

-Та хэн баймаар байна...
-Би кино зохиолч л баймаар байна. Маш сайн  аав баймаар байна. Дараа нь маш сайн өвөө баймаар байна. Тэрнийхээ төлөө бүхнээ зориулж, зарцуулж байна. “Цаг хугацааны шүүлтүүрээр сайн муу кинонууд орно” гэж хэлсэн найруулагч, найз Сэнгэдоржийнхоо ярилцлагыг өнөөдөр уншиж байлаа. Яг үүн шиг уран бүтээлчид бид чинь ирээдүйдээ үлдэх өв соёлыг л бүтээх гэж яваа хүмүүс. Ер нь хүн бүхэн л ирээдүйн төлөө амьдарч байна. Монголчууд үүнийг товчоор “Хүүхдүүдийнхээ төлөө л амьдарч байна даа” гэдэг. Өнөөдөр миний хүүхэд сайхан амьдарч байлаа гэхэд мөр зэрэгцээд явж байгаа үе тэнгийнхэн ч гэсэн ялгаагүй тийм байгаасай гэж өөр өөрсдийнхөө чадах зүйлийг хийж байгаа.

-Ирээдүйгээс эргэж хараад одоогийн өөртөө хэр чамлалттай хандах бол...
-Надаас гарах хэмжээ нь энэ юм байлгүй гэж боддог. Гэхдээ цөөхөн тамхи татахсан, бага цагаар фэйсбүүкт орох юмсан, архи уухгүй байх юмсан гэсэн бодлууд байна.

-Тэгвэл одоо өнгөрснийг харахад...
-Шүүмжилж, харамсмаар үеүд байна. Өмдний наймаа хийнэ гээд зургаан сар явж бай­сан. Тэхийн зогсоол гэж ярьдаг. Өглөө гэрээсээ га­раад өдөржин гудамжинд архи уугаад орой орж ирдэг хүмүү­сийн эгнээнд ч хоёр сар орж үзсэн. Харамсахаас илүү тэгж амьд­ралын туршлагатай болж, юм үзэж харсан юм уу гэж боддог.

-“Хүдэн” уран сайхны киноны зохиолыг бичиж, найруулсан. Энэ кинон дээр Л.Таванбаяр гэсэн тугийг хэр сэтгэл хангалуун хатгах вэ?
-“Хүдэн” киноны хувьд алдаж оносон зүйл их бий. 50:50. Гэхдээ эндээс би өөрийгөө таньж мэдсэн. Би ер нь иймэрхүү уран бүтээлч юм байна. Ингэж хийвэл зохих юм байна гэсэн арга барилыг олж авсан. Үүнийгээ цааш нь хөгжүүлж чадвал амжилтад хүрэх байх. Ямар нэг юм хийхгүй байрандаа байгаад байгаа нь ухралт. Хүмүүс урагшлах тусам хол хаягдана. Тэдний араас ямар нэг байдлаар мөлхөөд ч болсон явж л байх нь зөв. Зүгээр сууж болохгүй юм байна. Өөрийхөөрөө нэг юм хийх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Алдаагаа бол хүлээн зөвшөөрнө өө.

-Таны “Улаан дөрвөлжин” киноны галзуу, “Бодлын хулгайч”-ийн шоронгийн хулгайчийн дүрүүд их сайн болсон юм шиг санагддаг. Жүжигчний хувьд чадварлаг гэж хэлж болохоор дүрүүд шүү дээ...
-Надад жүжигчний гадаад үзүүлэлтүүд гэдэг ч юм уу, жүжигчин хүнд байх ёстой үзүүлэлтүүд дутуу. Хөдөлгөөн, хэл ам, хараа, бие хаа муутай.

-Гэхдээ дүр бүхэн Ромео биш шүү дээ.
-Харин дүр бүхэн Ромео биш нь л аз юм даа. “Тавка чи ирээд ганцхан сценд дурлалт залуу болооч. Хайртай хүүхнийхээ гарыг атгаад зогсож байгаа залуугийн дүрд тоглооч” гэвэл би очихгүй. Чадахгүй, на­дад тохирохгүй. Үзэгчдэд хүрч байгаа уран бүтээл гоо сайхантай байх ёстой. Ха­рин архичин, шоронгийн хулгай­чийн дүрд тоглооч гэвэл би очоод тоглочихдог. Миний өс­сөн орчин, найзалж нөхөрлөж бай­сан хүмүүс, таньдаг хүмүүс дунд мэдэгдэхүүн бий л дээ. Хүн мэддэг юм аа хийх хэрэгтэй л дээ.

-Мэддэг зүйлээ хийх хэрэгтэй. Гэхдээ хэмжээг нь мэдэрдэг болох нь чухал биз дээ. Та уран бүтээлийнхээ хэм хэмжээг тааруулдаг байхын тулд ямар арга хэрэглэдэг вэ?
-Ажигладаг, хардаг, өөрөө дотор нь орж хутгалддаг байх хэрэгтэй л дээ. Миний хувьд хүмүүстэй ярилцаад суух дуртай. Учиргүй том дарга, түшмэл биш л бол. Хөдөө кинонд явж байсан ч нутгийн өвөгчүүлтэй яриад суухад гоё гоё санаанууд гарч ирдэг. Хүн бүхнийг амьдрал дээр туулж үзнэ ч гэж юу байхав. Зарим зүйлийг нүдэндээ харсан юм шиг яриулчихад өөрөө төсөөлж чадах юм бол түүнийхээ тухай бичиж болно. Миний багш найруулагч Сумхүү “Нэг хүний цаана нэг кино зохиол бий” гэж хэлдэг байсан. Үүнийг өөртөө батлаад л явж байна.
Хүн мэдэхгүй зүйлээ хийгээд хэрэггүй. Надад инээдмийн юм уу, аймшгийн киноны санал ирэхэд би татгалздаг. Үздэг л дээ. Гэхдээ сонирхдоггүй. Хүн инээлгэж, айлгах хэцүү. Илүү хайрцаглагдсан жанр.

-Өөрийгөө хэзээ хамгийн их голж байсан бэ?
-Зохиол бүр дээр л голдог.

-Тэгвэл хэзээ хамгийн их баярлаж байв?
-“Хүдэн” киног хийчихээд л. Бүхэл бүтэн киноны ард гарчихлаа гээд. Уран бүтээлчид өөрсдөө бие дааж кино хийх хэцүү болчихсон. 2000-аад оны үеийнх шиг камераа барьж гараад л хийчихдэг үе өнгөрсөн.

-“Хамгийн азгүй урлаг бол кино урлаг. Яагаад гэхээр мөнгөнөөс хамааралтай” гэж агуу найруулагчийн хэлсэн үг байдаг юм билээ...
-Бүх урлаг л мөнгөнөөс хамааралтай. Асар их мөнгөнөөс хамааралтай нь кино урлаг. Гэхдээ хэн ч кино хийж болно л доо. Би ганцаараа камераа барьж гараад өөрөө тоглоод кино хийж болно. Гэхдээ түүнийгээ үзэгчдэд үзүүлэх гэж нэг том ажил байна.

-Одоогоор ямар уран бү­тээл дээр ажиллаж байна вэ?
-Тавдугаар сард зураг авалтад орох нэг киноны зохиолыг бичээд дуусч байна. Есдүгээр сараас гарах кино зохиолыг дуусгачихсан засваруудыг нь хийж байгаа. Одоо нэг үеэ бодоход гоё болж байна. Уран бүтээлүүд маань төлөвлөгдөж хийгддэг болж. Продюсерийн компаниуд байгуулагдаж байна. Ном журмаараа явагдаж, үзэгчдийн “Киног 20-хон хоног хийчихдэг болчихсон юм биш үү” гэсэн үзэгчдийн амнаас гарах сайхан цаг ирж байна. 20-хон хоногийн дотор кино хийж болно л доо. Гэхдээ зохиолчдод зохиолоо нүдэх цагийг гаргаж өгдөг болсон байна. Чамд зохиол байна уу гэж асуудаг, зохиол үнэд ордог цаг ирсэн нь кино урлаг ном журмынхаа дагуу явж байгаагийн илрэл гэж харж байгаа.

-Аавынхаа ажлыг хэр сайн гүйцэтгэж байна вэ?
-Сайн хийж байгаа. Том хоёроо цэцэрлэг, сургуульд нь явуулчихаад багатайгаа өдрийг өнгөрүүлж байна. Энэ хооронд фэйсбүүкээр ажлаа явуулж байна. Миний ажлын 70 хувь нь фэйсбүүкээр явагддаг. Зохиолын санаануудаа хүмүүс рүү явуулна. “Нөгөө кинонууд” гээд пэйж хөтөлнө. Юмаа бичнэ. Ингээд л өдөр өнгөрнө дөө. Хүн амьдралын хэвшлээ хэрхэн бий болгохоос хамаарч ямар ч ажлын ард гарч чаддаг болчихдог.

0 Сэтгэгдэл
Москвагийн киноны сургууль төгссөн мэрэгжлийн зохиолчийн хичээлд сууж үзсэн Кино зохиол гэдэг чинь шал өөр юм билээ Тэгээд ч энэ бол мэрэгжи л гэж байсан. Дуулаагүй сонсоогүйгээ сонссон
Хамгийн их уншсан