Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэнэтийн асуудлаар хэн юу хэлэв

Б.Дэлгэрсайхан: Би Эрдэнэт ч орж үзээгүй

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн талаар байр сууриа илэрхийллээ. 

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудалд таны байр суурь хэвээрээ юу?
-Эхлээд хууль хяналтын байгууллага шалгаад шүүх шийдвэрээ гаргасны дараа авсан хувийг буцаах ёстой гэдэг саналыг хавсаргаад Хуульзүйн байнгын хорооны Ажлын хэсгийн дүгнэлтэд хавсаргахаар өгсөн. УИХ, Байнгын хороо хуралдаад хувийн өмчийг буцааж авна гэдэг шийдвэр гаргах нь хууль бус гэсэн. Надад ямар нэг лобби хийсэн юм байхгүй. Өмнө нь бизнес эрхэлж байсан хүний хувьд төр ийм юм хийж болохгүй гэж хэлсэн. 
-“Эрдэнэт”-ийн асуудал дунд Дарханы төмөрлөгийн үйлдвэр рүү төмөр замын 90 сая ам.долларыг бондын мөнгөнөөс шилжүүлсэн гэдэг асуудал гараад байгаа. “Болд төмөр Ерөө гол”, “Дорнын говь” компанитай, төмөр замтай холбоотой бизнес эрхэлдэг учраас ашиг сонирхолын зөрчил байгаа юу?
-Надад ямар нэг ашиг сонирхлын зөрчил байхгүй. Би ер нь Эрдэнэт ч орж үзээгүй. Тийм учраас ямар нэг ашиг сонирхол байхгүй. “Болд төмөр Ерөө гол” компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд энэ компанийн захирлаар ажиллаж байхдаа 100 км төмөр зам тавьсан. Манай компани өөрийнхөө хөрөнгөөр тавьсан зам. Улсаас мөнгө төгрөг аваагүй өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнх манайхаас цааш нь үргэлжлүүлээд зам тавьсан. Тэгэхээр ялгаагүй манай зам дээгүүр явдаг гэсэн үг. Төмөр зам гэдэг хувийнх ч, хувьсгалынх ч байсан бүгд адилхан ашигладаг дэд бүтэц. Хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллага нотлох баримтаар тогтоож байж энэ шийдвэр гарах ёстой юм. Шүүхийн шийдвэр гараагүй байхад ингэх нь буруу гэдэг саналаа хэлсэн.   


АН-ын бүлэг: “Эрдэнэт”-ийн 51 хувийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан ажиллагаанд Хуульзүйн байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцжээ. Энэ талаар тус бүлгийн дарга С.Эрдэнэ ийм байр суурьтай байгаагаа хэллээ.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зөвхөн шалгах бус 51 хувийг хамтад нь авч үзэх шаардлагатай. УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Хуулийн байгууллага нь шалгах бүрэн эрхтэй байхад УИХ-аар хэлэлцэж дүгнэлт гаргаж болохгүй. Хууль шүүхийн байгууллагаар шалгаж эцэслэсний дараа УИХ түүнийг нь хэлэлцэх ёстой. “Стандарт” банкны баталгааг бас шалгаж үзэх хэрэгтэй. Английн абритрын шүүхэд нөгөө талд шийдвэр гарсан байна билээ. Шийдвэр нь хараахан ирээгүй байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг ч мөнгө шалгах хэрэгтэй. Бизнесийн элдэв шахаа их байгаа тул УИХ үүнийг шалгаж үзэх шаардлага бий. Тиймээс УИХ дахь АН-ын бүлэг Хуульзүйн байнгын хороонд энэ саналаа хүргүүлж байгаа. Хуульзүйн байнгын хороо ажлын хэсэг гаргаж шалгах ёстой.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд ирснийг дэмжиж байгаа. ОХУ-ын өмч байсныг Монголд авсныг буруутгах аргагүй. 49 хувьд нийтийн эрх ашиг гэж малгай өмсгөж халдаж болохгүй. Хууль цагдаа, шүүхээр эцэслэн тогтоосны дараа авч үзэх шаардлагатай. 49-өөс гадна 51 хувьд эрсдэл үүсээд байгаа. 51 хувийн төрийн өмчид шахаа хийдэг ил далд зүйлсийг нь эцэслэж цэг тавих ёстой. 49 хувийг хамгаалаад байгаа зүйл байхгүй шүү. Иргэдийн бизнест хөндлөнгөөс халдаж болохгүй гэж байгаа юм.
 

Ц.Нямдорж: Энэ хулгай луйварт оролцоогүй төрийн өндөр албан тушаалтнууд байхгүй

Хуульзүйн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн Ц.Нямдорж өчигдөр Байнгын хорооны хуралдааны үеэр ингэж ярьсан юм.

-“Эрдэнэт”-ийн асуудал монгол төрийн ялзралын толь бичиг болж түүхэнд үлдэж байна. Эрх мэдэлд дулдуйдаж улсын өмчөөр улсыг яаж хулгайлж болдогийг харууллаа. Зөвхөн “Эрдэнэт” биш монгол төрийн оршихуй эс оршихуйн асуудал. Намайг ашиг сонирхлын зөрчилтэй гэж цоллоод байгаа. Надад ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Нөгөө талаас нь авч үзвэл надад ашиг сонирхлын зөрчил байна. Монголын төрийг энэ ялзралаас татаж гаргах нь энэ 76 гишүүн, 65-ын бүлгийн үнэт зүйл. Энэ хулгай луйварт оролцоогүй төрийн өндөр албан тушаалтнууд байхгүй. Монголбанк, төрийн өндөр албан тушаалтнууд, Монголын мөнгөний бүх эх сурвалж зөвхөн нэг этгээдэд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайлж өгөх гэж нэгэн зэрэг алхсан. Хулгайгаа үхэн хатан хамгаалах гэж тэмцэж байгаа. Хэвлэл мэдээллийн эздийг худалдаад авчихсан. Ажлын хэсгийн дүгнэлт хэвлэлээр бараг гараагүй, бүх телевизийн эфир хаагдсан. Үүнд нам дамжсан бүлэглэл тэдний толгойлогч оролцсон нь үнэн. Баримтаар батлагдаж байгаа. УИХ-ын гишүүдийг өдөр шөнөгүй ятгаж байгаа. Зарим нь ятгалгад автаж байна. Хуульзүйн байнгын хороо үүнийг таслан зогсоох юм байгаа биз. Нэг ч төгрөгийн зээл өгөх ёсгүй Монголбанк 350 тэрбум төгрөг нэг этгээдэд өгсөн нь ариун явдал уу. Тэр мөнгөөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаад авчихсан. Худалдаа хөгжлийн банк өөрийн төлөөний хүнээ Хөгжлийн банкинд оруулж, тэр нь мөнгө гаргаад хувьчлал руу орж байгаа.    

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан