Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Сауле: ХХААХҮЯ-ны дэргэд эрдэм шинжилгээний байгууллагууд нь байх шаардлагатай


Л.НОМИН

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулетэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-аар танай салбарын хоёр ч чухал хуулийн төсөл хэлэлцүүлэгт орж байгаа. Тухайлбал, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл. Хуулийн “амин сүнс” нь юу вэ?
-Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдуулсан харилцааг 1993 онд анх хууль баталж зохицуулж эхэлсэн. Хэд хэдэн удаа хуульд өөрчлөлт оруулж байсан бол манай яамнаас Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх эсэхийг нь шийдээд байгаа. Малын эрүүл мэндийг хамгаалах болон үржлийн ажил үйлчилгээг хэрэгжүүлж хяналт тавихтай холбоотой хоёр өөр харилцааг нэг хуулиар зохицуулснаар ажил үүргийн давхардал, хийдэл арилна гэж үзсэн. Тухайлбал, малын өвчний оношилгоо, шинжилгээ, тандалт, эрүүл мэндийн үзлэгийн санхүүжилт, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мал эмнэлгийн салбарт ажиллагсдын нийгмийн хамгааллын, аюулгүй ажиллагаа, төрийн бус байгууллагын оролцоо, эрх үүрэг, хууль тогтоомж зөрчсөн бол хүлээлгэх хариуцлага зэргийг бүрэн зохицуулаагүй явж ирсэн.

-Орхигдоод байсан асуудлыг тусгасан гэсэн үг үү?
-1989 онд манай улс Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр элссэн. Тэгэхээр энэ байгууллагын дүрэм журам, зааварчилгаа, стандартын дагуу ажиллах ёстой. Өмнөх хуулиудад дээр дурдсан дутагдлууд байгаа учраас сайжруулах үүднээс Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хууль батлагдвал нэлээд ахиц гарах юм. Нэгдүгээрт, мал эмнэлгийн бүтцийг үндсээр нь өөрчилнө. Төрийн мэдэлд авч босоо удирдлагатай болгож, томилгоог улстөрийн өнцгөөс  хийхгүй, мэргэжлийн хүмүүсийг ажиллуулна. Өөрөөр хэлбэл, мал эмнэлгүүдийг эзэнтэй болгоно. Мал эмнэлгүүд хувьд шилжсэнээр сайн тал ч, саар тал ч бас бий. Хариуцлагын механизм асар их алдагдсан шүү дээ. Малын гоц халдварт өвчин гарч хөдөө орон нутагт сая ажиллахдаа мал эмнэлгийн тогтолцоог үндсээр нь өөрчлөхөөс аргагүйд хүрснийг харсан. Тиймээс ч энэ хуулийг өргөн барьсан. Мөн хуулийн төсөлд малын генетикийн асуудал тусгагдсан.  

-Сүүлийн үед малын гоц халдварт өвчин их гарах боллоо. Мялзан өвчин баруун аймгуудад гарч, зэрлэг амьтдад хүртэл халдсан. Налайх дүүрэгт цэцэг өвчин дэгдсэн. Салбарын яам ямар бодлого чиглэлтэй ажиллаж байна вэ?
-Баруун аймгуудад малын мялзан өвчин гараад Засгийн газар, Улсын онцгой комисс яаралтай арга хэмжээ авч ажилласан. Мялзан, шүлхийтэй холбоотойгоор 13,3 тэрбум төгрөг зарцуулж, яаралтай вакцинжуулсны үр дүнд бид бусад аймгуудаа хамгаалж үлдлээ. Ховд аймгийн дийлэнх сум, Увс, Баян-Өлгий аймгийн тус бүр хоёр суманд мялзан өвчин гарсан. Улсын онцгой комиссоос надаар ахлуулсан шуурхай бүлэг гарч ажиллаад энэ өвчнийг газар авахуулахгүй зогсоож авлаа. Мялзан өвчнөөр сүүлийн үед бөхөн маш их өвчилж байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Манай яамны хувьд бөхөн өвчилсөнд хамаагүй оролцож чадахгүй.

-Яагаад?
-Яагаад гэвэл зэрлэг амьтдын тухай холбогдох хуулиар тусдаа зохицуулагддаг юм. Үүнд БОАЖЯ-наас дэд сайдаар нь ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд манай яамнаас мэргэжилтэн багтсан. Гэхдээ практик дээр харахад 2010 онд зүүн аймгуудад зээр шүлхий өвчнөөр ихээр өвчилсөн. Зээрийн ус уусан газраас малаа услахад шүлхий халддаг. Гадаадын экспертүүд янз бүрээр тайлбарладаг. Малаас зэрлэг амьтдад халдлаа, зэрлэг амьтдаас малд халдсан гээд. Тэгэхээр хил дамнасан бүс учраас хаа хаанаа урьдчилан сэргийлэх ажлаа сайн хийх хэрэгтэй байна. 2015 оны нэгдүгээр сард цэцэг, шүлхий, мялзан өвчин гараад одоог хүртэл бүрэн дарагдахгүй яваад байгаа. Ямар алдаа гарсан бэ гэхээр өмнө нь ажиллаж байсан мэргэжлийн зарим хүн Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын стандартын дагуу өвчнийг бага дээр нь устгаж, ариутгал хийгээгүй. Эдийн засаг хүнд байна гээд устгал хийлгүй журам гаргаад л явчихсан. Устгал хийж байж нам дарагддаг өвчин болохоор тактикийн алдаа гарсан тал бий. Эдийн засаг хүнд байгаа өнөө үед мялзан өвчин гарснаар асар их хохирол учрууллаа. Сая баруун аймгуудад гэхэд вакциныг маш сайн хяналтан дор хийсэн. Цагдаа, онцгой байдал, хилийн цэрэг, мэргэжлийн хяналтын байгууллага, ХХААХҮЯ бүгд хянаж байгаад вакцинжуулсан.

-Яагаад бүрэн дарж, устгаж болдоггүй юм бол. Ямар нэг асуудал, бэрхшээл байдаг юм уу?
-2010 онд зүүн аймгуудад нүүрлэсэн шүлхий өвчнийг бид бүрэн дарж байсан. Устгалыг маш сайн хийгээд хоёр хөрш маань гурван жил дараагүй байсан шүлхий өвчнийг бид гурван сарын хугацаанд дарж чадсан. Ер нь ийм гоц халдварт өвчин гарлаа гэхэд ажиллах дүрэм журам тусгай заалт бий л дээ. Их тархаагүй бага дээр нь устгал, ариутгал хийж, малыг вакцинжуулах ёстой. Мэдээж эдийн засгийн хувьд асуудал гардаг. Мөн малчдын хариуцлагын асуудал ч давхар хөндөгддөг. Цаг тухайд нь малаа вакцинжуулж, угаалга, туулгад хамруулах хэрэгтэй. Малын эмч нарыг шахаж шаардаж ажлыг нь хийлгүүлэх ёстой. Манай эрдэмтэд, малын эмч нар чадвартай, вакцинаа дүрэм журмын дагуу хийж байгаа. Янз бүрийн л асуудал яригддаг. Вакцины наймаа хийж байна, Биокомбинатын үйлдвэрлэсэн вакцин чанартай, чанаргүй гээд. Хамгийн чухал нь бид хил дээр гаднаас орж ирж байгаа машиныг уураар ариутгах том цэгтэй болох ёстой. Хил дамнасан газарт агаар дуслын замаар малын өвчин ороод ирдэг. Уураар утах, өвлийн улиралд хөлдөхгүй бодисууд ашиглаж ариутгалаа маш сайн хийхгүй бол бид вакцин хийгээд, зөвхөн машины дугуй ариутгаад халдварыг зогсоож чадахгүй.

-Халдваргүйжүүлэх, ариут­гал хийхдээ дутуу ха­гас хийж байгаа юм шиг ха­рагдаад байдаг. Машины дугуйг нэг бодисоор шүрш­сэн болоод явуулах нь бий. Манайх жишээ нь ном жур­мынх нь дагуу ариутгал хийж чадаж байгаа болов уу?
-Хоцрогдоод байгаа. Одоо бол шүршээд явуулж байгаа нь зүгээр амиа аргацаасан байдалтай байна гэсэн үг. Стандартаараа бол газар ухаад, зориулалтын бодисууд дээгүүр машин туулаад гарах ёстой. Тэгэхэд одоо эсгий тавиад бодис шүршээд л гаргаж байна. Унадаг дугуй ариутгадаг аргаар том ачааны машиныг халдваргүйжүүлж байгаагаас ялгаагүй, энгийнээр тайлбарлахад. Энэ бол маш хангалтгүй. Ариутгалын боди­суудаа ч шинэчлэх хэрэгтэй. Өвлийн улиралд хөлдөхгүй, хамгаалах ёстой байхад хөлддөг бодисоор машинуудаа ариутгаж байгаа. Хөлдөнө гэдэг чанар нь алдагдаж байгаа хэрэг.

-Гоц халдварт өвчин гарсны дараа малжуулахад нь мал авах сонирхолтой, вакцины бизнест холбоотой гэх зэргээр янз бүрийн ойлголт бий. Хариуцлагатай байх тал дээр малчид маань хойрго ханддаг ч гэдэг?
-Малчид заримдаа мал өвчилбөл төрийнх, ашиг шимийг нь хүртэх болохоор хувийнх гэдэг байдлаар ханддаг. Энэ талаар бид шинэ хуульд зохицуулалт хийж байна. Хэрэв малчин хариуцлагагүйгээс мал нь гоц халдварт өвчин туссан бол зах зээлийн ханшаар тооцож малын үнийн 90 хувийг нь өгдөг байсныг бо­лиулж байгаа. Хариуцлагыг ин­гэж оруулж өгөхгүй бол болохгүй.

-Малын вакцины хэ­дэн хувийг Монголд үйлдвэрлэж байгаа вэ?
-Мялзан, шүлхийн вакциныг дотооддоо хийхгүй байгаа. Биоком­бинат 17 төрлийн вакцин үйлдвэрлэдэг. Био бэлдмэлтэйгээ нийлээд 50 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Цэцэг өвчний вакциныг дотооддоо үйлдвэр­лэдэг ч нэг асуудал бий. Түүхий эдийг нь цуглуулахад 45 хоног шаардлагатай. Тэгээд 45 хоноод 500 мянган тунг л үйлдвэрлэдэг юм. Хүчин чадал нь ийм. 500 мянган тунг 5000 малд л тарьдаг. Уг нь малын өвчин гарлаа гэхэд гаднаас нь дотогш хумих байдлаар вакцинаа тарьдаг. Тэгэхээр 5000 байтугай малд вакцин зэрэг тарих ёстой. Гэтэл манай үйлдвэрлэлийн хүчин чадал нь хүрэхгүй учраас Сэргэлэн сайд ОХУ-аас хямд үнээр 23 сая тун цэцэг өвчний вакцин оруулж ирэхээр болсон. Эхнээсээ ирж байгаа. Биокомбинатыг шинэчлэх хүрээнд Унгар улсаас 25 сая ам.долларын тусламж авахаар болсон. Энэ ажлуудыг хийчихвэл вакцинуудаа дотооддоо үйлдвэрлэдэг болно гэсэн үг. Мялзан, шүлхий өвчний вакцины түүхий эд манай улсад байдаггүй.

-Түүхий эдийг нь аваад до­тоод­доо хийлээ гэхэд өртөг өндөр гарах уу?
-Манай эрдэмтэд энэ талаар судалж байгаа. Хамгийн гол нь хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлье, Монгол малыг эрүүл болгоё гэвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд эрдэм шинжилгээний байгууллагууд нь байх шаардлагатай. Гэтэл Биокомбинат нь өнөөдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэдэлд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь БСШУСЯ-ны дэргэд байгаа. Хэрвээ хамтдаа байх юм бол мялзан, шүлхийн вакциныг хуурайгаар нь оруулж ирээд Монголдоо найруулах, түүхий эдийг нь авч  ирээд хийх зэргээр янз бүрийн арга, боломж бий. 2010 онд бид шүлхий өвчний вакциныг судлуулсан.

-Малын өвчин ихсэхээр арьс шир, түүхий эдэд нөлөөлж эхэлж байна гэдэг. Жишээ нь, малын арьс, ширний чанар муудаж, ноос ноолуур нь хаягдал ихтэй байгаа талаар үйлдвэрлэгчид ярьдаг л даа.
-Сүүлийн үед монгол мал их давжаа болж байгаа. Дээхнэ үед угаалга, туулга хийдэг, вакцинжуулах, ноос ноолуурыг хүртэл чанартайг гаргаж авахаар эрдэмтэд судлаад нээлтүүд хийдэг байсан. Энэ бүхэн байхгүй болчихсон учраас малын арьс шир гологдож байгаа нь үнэн. Өндөр хөгжилтэй орнуудад гэхэд нэг хонины арьсаар брэндийн 2-3 цүнх хийж, тэр нь хамгийн багадаа 500 ам.доллараар зарагддаг. Тэгэхээр бидэнд арьс шир, ноос ноолуурыг чанаржуулаад дэлхийн зах зээлд гаргах бүрэн боломж байгаа. Тиймээс Монгол малыг эрүүл болгож байж хүн нь эрүүл, ямар ч хаягдалгүй бүх түүхий эдийг нь ашигладаг болгох чухал. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдаад хэрэгжиж эхэлбэл байдал арай өөр болох байх.

-Вакцинтай эсвэл өвчтэй малын махыг хүнсэнд хэрэглэж болно, болохгүй гэсэн зөрүүтэй мэдээлэл байдаг?
-Вакцин хийлгэсэн малын махыг дор хаяж 21 хоногийн дараа хүнсэнд хэрэглэх ёстой. Монгол мал хөтөлбөр, Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын хүрээнд малыг бүртгэлжүүлэх ажлыг бид эрчимтэй явуулж байсан юм. Энэ ажил зогссон. Жишээ нь, хүнсний захаас мах худалдаж авахад бүртгэлийг нь харах ёстой. Хэдэн оны хэддүгээр сард вакцин хийсэн, хүнсэнд хэрэглэж болох уу, үгүй юу гэж гарал үүслийн бичгийг нь харах ёстой. Малчид зарим нь ивомек гэдэг тариа малдаа хийчихдэг. Тариа, вакцин хийснээс нь хэдхэн хоногийн дараа малаа төхөөрөөд худалддаг, тэрийг нь хүмүүс хэрэглэж байх нь ч бий. Тэгэхээр ийм мах идвэл ходоод, элэг гээд хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Хэдийгээр малын махыг өндөр хэмд чанаж боловсруулаад хоол хүнсэндээ хэрэглэхэд асуудалгүй гэдэг ч энэ бол өрөөсгөл ойлголт. Эмийн зохистой хэрэглээний тухайд малчид мэдлэгтэй байх хэрэгтэй. Ингэхийн тулд нөгөө бүртгэлжүүлэлтийн ажил чухал учраас хуульд суулгаж өгсөн. Жишээ нь, Франц улсад ажлын айлчлалаар явж байхад энэ бүртгэлжүүлэхийг маш нарийн сайн зохион байгуулдгийг харж, туршлага судалсан. Худалдааны төвд байгаа малын махыг тэр тосгоны, тийм фермийнх гээд хийсэн вакцин, нядалж төхөөрсөн он сарыг хамт бичээд тавьчихдаг.

-Манайд ийм бүртгэлтэй болгох хүндрэлтэй шүү дээ. Нэг малчнаас ченжүүд очиж мах аваад хүнсний захуудад нийлүүлдэг. Гарал үүслийн бичиг нь үнэн эсэх ч эргэлзээтэй. Худалдаж авсан уу, хуйлгайн мах уу гэдгийг ч мэдэх боломжгүй шүү дээ?
-Иргэд өөрсдийн эрүүл мэндээ бодоод гарал үүслийн гэрчилгээ, малын бүртгэл, вакцин хийсэн хугацаа зэргийг шаардах ёстой. Сүүлийн үед нэг ийм юм гараад байгаа. Мал нь өвчин тусахаар устгалд оруулахаасаа өмнө нядлаад худалдчихдаг тохиолдол гардаг. Вакцин хийлгээд зарим нь өвчний шинж тэмдэг ажиглагдаад эхлэнгүүт нь устгахгүй ченжүүдэд зарчихдаг. Тэрийг нь иргэдэд зарж байгаа нь мөнгө л байвал боллоо гэсэн байдлаар хандаж байгаагийн нэг жишээ. Манай орны элэг цөсний өвчлөл маш өндөр байгаа шүү дээ. Энэ нь вакцинтай малын махыг 21 хоног болоогүй байхад хүнсэнд хэрэглэдэг, малын махыг бас дутуу боловсруулж хэрэглэж байгаатай зарим талаараа холбоотой.

-Ямар зорилгоор малдаа өөрсдөө эм, тариа хэрэглэдэг юм бол?
-Янз бүр. Монголын эмийн бүртгэлд байхгүй эм тариаг өөрсдөө авч ирээд хэрэглэдэг болсон байна. Таргалуулдаг, сүүтэй болгодог эсвэл өвчлөхөөр нь антибиотик ч хэрэглэдэг. Бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль болох мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө өгүүлж, мэдээлэл хүргэж байгаа. Тэгэхдээ тэр бүр хүрэлцэхгүй байна. Мал эмнэлгүүд хувьд шилжсэнээр зарим талаар сурталчилгаа дутуу хүрэх болсон. Мал эмнэлгүүд улсынх болчихоор бүх зүйл нь хяналтад орно. Нэг сүлжээгээр хянадаг тогтолцоо бий болно. Хаана малын гоц халдварт өвчин гарч байна, ямар шинжилгээ хийж хариуг нь гаргаж байна гээд хардаг болсон. Хууль нь батлагдаад мал эмнэлгүүд босоо тогтолцоотой болчихвол бүгдийг нь хянах боломж бүрдэх юм. 

-Мал эмнэлгүүд эргээд улсын байгууллага болвол ХХААХҮЯ-нд төсөв нэмэгдэнэ биз дээ?
-Яахав, сайд маань төсвийг нь төрд ачаалал болохгүйгээр шийдэх байр суурьтай байгаа.

-Өвөлжилтийн байдал ямар байна вэ. Хүндэрсэн аймаг, сумд хэр олон байгаа вэ?
-Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжит хүндэрсэн зүүн аймгуудаар яваад ирлээ. Өнөөдрийн байдлаар 15 аймгийн 134 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжит маш хүнд байгаа. Бид Дорнод, Сүхбаатар, Хэнтийд ажиллахад мал хорогдож эхэлж байгаа мэдээлэл ирсэн. Дорнодын Баян-Уул, Цагаан-Овоо, Халхгол, Сэргэлэн сум маш их цастай байна. Цас нь дагтаршаад малын хөл гэмтэж, хүндрэх тийшээ хандсан байна. Хэнтий аймгийн нэлээн хэдэн суманд өвөлжилт хүнд байгаа. Өвс тэжээлийг нь хүргэж өгч, зарим сумын түргэн тусламжийн машиныг Улсын онцгой комиссоос шийдсэн. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад үргэлжлүүлэн ажиллаад удахгүй баруун аймгуудад очно.

-Сар шинийн баяр ойртож байгаа болохоор Улсын сайн малчдаа тодруулж эхэлсэн байх. Энэ жил ямар журмаар хэрхэн тодруулах бол?
-Улсын сайн малчин шалгаруулах журамд өөрчлөлт орсон. Энэ жил бид тооноос чанарт анхаарч байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд нэг аймагт 6-7-гоор нь сайн малчнаа тодруулсан байсан. Тоо нь чухал биш шүү дээ. Мал нь эрүүл байсан уу, махны сүүний чиглэлээр нь өсгөж чадсан уу гэж чанар талыг нь харгалзан үзнэ. Маш нарийн шалгуураар тодруулна. Хамгийн олон малтай аймагт гэхэд дээд тал нь Улсын сайн малчнаар таван хүн шалгаруулна. Улсын сайн малчнаар аймгуудаас 3-5 хүн тодруулна гэсэн үг. Шагналын сан нэмэгдсэн. Энэ жилийн хувьд бид Улсын сайн малчны шагналаа хотонд нь очиж гардуулахаар ярилцаж байгаа. Зарим аймагт Аварга саальчин эмэгтэйчүүдээ шалгаруулж, шагнана. 2008-2012 оны үед Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Улсын аварга малчин эмэгтэйг шалгаруулж байсан. Тэр жишгээ сэргээгээч гэж УИХ-д суугаа эмэгтэй гишүүдээс манай яаманд албан бичиг ирүүлсэн.

0 Сэтгэгдэл
Л.Түдэв гуай " Тэнэгүүд ухаантай үг хэлдэг болж " гэж хэлсэн нь аргагүй үнэн юмаа,хэлний мэргэжлийн хүн малын өвчин яриад л
Ажлаа мэддэг хамгийн сайн ажиллаж байгаа дэд сайд, мундагаа
Орос хэлний багш,уяач сайд нар ХАА гаар тоглож байна даа,яана даа,мэдэхгүй байж мал эмнэлэг яриад л ичихээ байжээ
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан