Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хавдраар өвчлөгсдн 80 гаруй хувь нь хожуу оношлуулдаг


Б.МЯГМАРЖАВ


Манай улсад хорт хавдраар жил бүр 5000 гаруй хүн өвдөж, 3000 гаруй нь нас барж байна. 2015 онд 5777 хүн хорт хавдраар шинээр өвчилж 3999 нь нас баржээ. Хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн 70 гаруй хувь нь хожуу үедээ буюу эмчлэгдэх боломжгүй болсон үедээ эмнэлэгт хандаж байгаа аж. Хорт хавдрын өвчлөлийн 61.5 хувийг элэг, ходоод, умайн хүзүүны хорт хавдар эзэлдэг. Өөөрөөр хэлбэл, монголчууд сэргийлэх боломжтой  өвчнөөр өвдөж, үхэж байна гэсэн үг. Учир нь, элэгний хорт хавдрын үндсэн шалтгаан нь цус, бэлгийн замаар дамжин халдварладаг B,C вирус, ходоодны хорт хавдрын үндсэн шалтгаан нь ходоодны хеликобактер, умайн хүзүүны хорт хавдрын үндсэн шалтгаан нь бэлгийн замаар дамжин халдварладаг хүний хөхөнцөр вирусын халдварууд байдаг.

Маргааш Хавдартай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдөр Олон улсын хорт хавдартай тэмцэх холбоо хорт хавдрын улмаас нас барж буй сая, сая хүний амь насыг аварч энэ өвчнөөс сэргийлэхэд хувь хүн, Засгийн газрын оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулахад дуу хоолойгоо нэгтгэдэг. Энэ жилийг “Би чадна, бид чадна, та ч бас чадна” гэсэн уриан дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Харин манай улс 2007 оноос эхлэн хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Дэлхий дахинд жил бүр 8,2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа бөгөөд тэдгээрийн дөрвөн сая нь цагаасаа эрт буюу 30-69 насандаа нас барж байна. Энэ талаар  ХСҮТ-ийн Эрдэм шинжилгээ сургалт мэдээлэл хариуцсан дэд захирал Л.Баярсайхан “Хавдрын өвчлөл хожуу оношлогдох нь давамгайлсан хэвээр байна. Эмчилгээ нь туяа, хими, мэс заслын гэсэн хөдөлмөр, хүч зарсан өндөр өртөгтэй эмчилгээ учир хожуу оношлогдож ирснээс эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Манай улсад эрэгтэй, эмэгтэй ялгаагүй элэгний хавдар түгээмэл, нийт хавдрын  40 орчим хувийг эзэлдэг. 2016 онд хавдрын улмаас нас баралт нийт тохиолдлын 42.5 хувийг зөвхөн элэгний хавдар эзэлж байх жишээтэй. Энэ нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын асуудал биш нийгмийн өргөн хүрээг хамарсан хүний өвчлөл, нас баралтад нөлөөлж буй бодит байдал болж байна. Үүнд шат дараалсан бодлого явуулж байгаа. Оношилгоо өндөр түвшинд хүрч, вирусын халдварыг зохих түвшинд нь оношлох боломж бүрдсэн. Манай орны хувьд элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх, оношлох үйл ажиллагааг бодлогын хэмжээнд боловсруулан иргэдэд хүртээмжтэй зохион байгуулах үе шатандаа явж байна” хэмээв.
Монголчуудын хорт хавдрын нас баралтын эхний таван шалтгааны нэгд ходоодны хорт хавдар орж байгаа. Иймээс энэ жилийг ХСҮТ-өөс ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг хийх үндэсний хөтөлбөр боловсруулах жил болгон зарлажээ. Ингэснээр буруу хоололт дадал зуршлаас иргэдийг ангид байлгах мөн хэвлэл мэдээлэл олон нийтийн байгууллагаар дамжуулан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхийг зорьж байгаа аж. Хорт хавдыг эрт илрүүлснээр 70 гаруй хувь нь эмчлэгдэх бүрэн боломжтой байдаг. Харамсалтай нь монголчуудын хэнэггүй зан, ажлын зав чөлөө зэргээс шалтгаалан иргэд эрт илрүүлэгт төдийлөн хамрагдаж чадахгүй байна. Эрт илрүүлгийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлснээр тухайн хавдраар өвчлөх магадлал хэд дахин буурч байгааг салбарын мэргэжилтнүүд хэлсэн. Тухайлбал, улсын хэмжээнд хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг эрүүл мэндийн байгууллагын анхан шатны нэгж дээр буюу өрхийн эмнэлгүүдэд хийснээр уг хавдрын өвчлөл буурчээ. Харамсалтай нь, 2012 онд хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өрхийн эмч ажилчдад сургалт явуулжээ. Гэсэн ч өрхийн эмч нар хоёр, гурван жил болоод солигддогоос нөгөө бэлтгэсэн мэргэжилтнүүд нь өөр эмнэлэгт шилжсэн байна. Ингээд боловсон хүчний асуудал дахин тулгарч байгаа аж. Иймээс эрт илрүүлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ тухай  ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн “Өнөөдрийн байдлаар нийт оношлогдож байгаа иргэдийн 70 гаруй хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Ингэснээр эмчлэгдэх магадлалтай хүмүүс 20 хүрэхгүй хувьд хүрсэн. Гэтэл БНСУ ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлдэг. Гэсэн ч эрт илрүүлэг 80 гаруй хувьтай эдгэрэх магадалал нь 65-аас дээш хувьтай байдаг. Тиймээс манай улс хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай. Хөтөлбөр хэрэгжүүлснээр бид хорт хавдраар нас барж байгаа 3000 хүний 2000 хүний амь насыг аврах боломжтой. Тэгэхээр манай төвийн хавдартай тэмцэх ажлыг нэг хэсэг бол яах аргагүй хорт хавдрыг эрт илрүүлэх буюу оношлох юм” гэдгийг онцоллоо.   
Хорт хавдрын эсрэг хамгийн үр дүнтэй арга бол эрт оношлуулах юм. Өвчнөө эрт оношлуулж эмчилгээгээ зөв хийснээр хорт хавдраас ангижрах боломжтой гэдгийг хүн бүр санах хэрэгтэй. Элэгний хорт хавдартай гэж хожуу оношлогдсон иргэдийн дийлэнх нь нэг жил амьдардаг байна. Өвчин нь төгсгөл хэсэгтээ буюу архагшсан үедээ оношлогддог гэжээ. Эндээс харахад монголчууд өөрсдөө сэргийлж чадах өвчнөөр өвчилж мөнх бусыг үзсээр байгаа нь гунигтай. Эрт илрүүлнэ гэдэг нь өвчин зовиур илэрсэн үедээ эмнэлэгт хандах бус өвдөөгүй, зовиур шаналгаагүй байсан ч тогтмол үзлэг, шинжилгээ хийлгэнэ гэсэн үг юм. Ингэхдээ нэг удаа үзлэг шинжилгээнд хамрагдаад өнгөрөх бус нэг, хоёр жилийн дараа дахин сэргийлэх үзлэгт хамрагдах учиртай. Монголчуудын өвчилж буй өвчний 60 гаруй хувь нь сэргийлэх боломжтой өвчнөөр өвчилсөөр байна. Үүнд, элэгний хорт хавдар ордог. Өвчний гол шалтгаан нь элэгний B,C вирус.  Уг өвчнийг эрт илрүүлэг шинжилгээг эхний ээлжинд элэгний вирусын шинжилгээг өгснөөр мэдэх бололцоотой. Мөн янз бүрийн цус цусан бүтээгдэхүүн,  гоо сайхны мэс ажилбар болон арьс салстыг гэмтээх цоолох үйлдлээс татгалзах хэрэгтэй. Монголчуудын дунд эм бичээд өгөхөөр заавал тариа хийлгэх гэдэг зуршил бий болсон. Уг нь, аль болох арьсаа гэмтээхгүй байх учиртай. Мөн элэгний хорт хавдрыг үүсгээд байгаа B, C вирус умайн хүзүүны хорт хавдар үүсгэгч хүний хөхөнцөр вирус нь хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноор халдвар авдаг.
Хүн амын дунд амьдралын буруу дадал зуршил архидалт, тамхи байнга татах, дасгал хөдөлгөөн бага хийдэг зэрэг нь дээрх өвчнөөр өвчлөх шалтаан болоод байна. Наад зах нь монголчуудын 50 гаруй хувь нь илүүдэл жин таргалалттай  байгаа нь дээрхийг гэрчилнэ. Энэ нь хорт хавдар болон бусад өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр гэдгийг харуулж  буй. Тиймээс бид архидалт, тамхинаас татгалзаж идэвхитэй хөдөлгөөнтэй байвал халдварт бус өвчнөөс сэргийлж чадах юм. Эдгээр дадал зуршлыг нэг уншаад өнгөрөх бус үйлдэл болгож амьдралаа хэрэгжүүлээрэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан