Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Трамп ардчиллын толгойг тасдсан уу


Б.СЭВЖИДМАА


Германы нөлөө бүхий хэвлэл “Der Spiegel” нүүр хуудсандаа АНУ-ын Ерөн­хийлөгч Д.Трампын шог зургийг нийтэлсэн нь шүүмжлэл дагуулаад байна. Тэд Д.Трампыг Эрх чөлөөний хөшөөний толгойг тасдаж буйгаар үзүүлсэн нь хязгаарыг давсан хэрэг боллоо, арай л хэтрүүлжээ хэмээн мэргэжил нэгтнүүд нь хүртэл буруутгаж байна. Хамгийн гол нь Трампыг “Жихад Жон” хэмээх хочоороо танил болсон Исламын улс бүлэглэлийн зандалчинтай харьцуулсан нь огт мэдрэмжгүй байлаа гэх шүүмжлэл дагуулсан юм. Харин шог зураач Эдел Родригес АНУ-ын Ерөнхийлөгчийг ардчиллын толгойг тасдаж буйгаар харуулсан хэмээн зургаа тайлбарлажээ.

Гэвч Германы бусад нөлөө бүхий хэвлэл “Der Spiеgel”-ийг сэтгүүл зүйн төвийг сахих зарчмаас хазайж, дүгнэлт хийх эрхийг уншигчдад өгөхийн оронд тэдэнд нөлөөлөхийг оролдлоо гэж үзэж байна. Харин сэтгүүлийн редакцын зүгээс Дональд Трамп болон Исламын улс бүлэглэлийн аль аль нь хэт үзэлтэй, либерал бус ардчиллыг бий болгохыг хүсч байгаа учраас энэ утга санааг нүүр хуудасны зургаараа илэрхийлсэн гэж шинэ дугаарынхаа утга агуулгыг өмгөөлж байгаа юм.
Гэхдээ ганц “Der Spiegel”-ээр зогсохгүй Businessweek, The Economist, New Yorker гээд АНУ-ын томоохон сэтгүүлүүд ч шинэ Ерөнхийлөгчийн маргаан дагуулсан бодлогыг онцлох нүүр хуудсандаа шүүмжлэлт утга санаа бүхий шог зургаар нийтэлсэн юм.

Д.Трамп Ерөнхийлөгч болсноос хойш АНУ-Германы харилцаа урьдынх шиг найрсаг байна гэдэгт эргэлзээ төрөх болсон. Учир нь, Д.Трамп Германы канцлер Ангела Меркелийн дүрвэгсдийг хүлээж авах нээлттэй бодлого нь “гамшиг дагуулсан алдаа” гэж ил тод шүүмжилснээс гадна түүний худалдааны зөвлөх хүртэл Герман улсыг еврогийн ханшийг зориуд доогуур барьж, худалдаанд ашиг олж байна хэмээн буруутгасан.

Хуулиас дээгүүр орших хэн ч үгүй, Ерөнхийлөгч хүртэл

АНУ-ын Холбооны шүүгч Жэймс Робарт Ерөнхийлөгч Трампын муслим шашинт долоон орны иргэдэд тавьсан хоригийг  зогсоолоо. Тэрээр Вашингтоны Ерөнхий прокурор Боб Фергусоны тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг зогсоох хүсэлтийг хүлээн авснаар дэлхий нийтийг гайхашруулсан Д.Трампын шийдвэр зогсонги байдалд орлоо.  Вашингтон мужийн прокурор Ерөнхийлөгчийнхөө гаргасан хоригийг Үндсэн хуулинд нийцэхгүй, хууль бус гэж үзэж байсан юм. Харин түүний хүсэлтийг Холбооны шүүгч хүлээн авсны дараа Боб Фергусон мэдэгдэл хийхдээ“ Өнөөдөр Үндсэн хууль яллаа. Хуулиас дээгүүр орших хэн ч үгүй, Ерөнхийлөгч хүртэл” гэжээ.

Ийнхүү америкчуудыг гадны аюул заналаас хамгаална гэсэн нэрээр муслим шашинт иргэдийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй байх Трампын зорилгод том саад учирлаа. Өмнө нь тэрээр хоригийн талаар санал зөрөлдөж, хэрэгжүүлэхээс татгалзсан улсынхаа Ерөнхий прокурорыг ажлаас нь халсан. Харин энэ удаа Жэймс Робарт шүүгчийн эсрэг  Хууль зүйн яамаараа дамжуулан сөрж зогсоно гэдгээ мэдэгдээд байна.

Ерөнхийлөгчийн хоригийг зогсоосны дараа Цагаан ордноос яаран мэдэгдэл хийхдээ шүүгчийн шийдвэрийг “цадиггүй” хэмээн тодотгоод, Хууль зүйн яам энэ шийдвэрийг буцааж, хоригийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд яаралтай арга хэмжээ авна гэсэн юм.

Д.Трампын хориг зөвхөн нөлөө бүхий хуульч, прокуроруудын эсэргүүцэлтэй тулгарсан юм биш. Энэ хоригоос болж олон мянган хүний ажил амьдрал, бизнесийн байгууллагын төлөвлөгөө нурахад хүрсэн тул цөөнгүй зарга шүүхэд ирээд байгаа юм. Тухайлбал, Иран тэргүүтэй гадаад улсаас ажилтан авахаар төлөвлөсөн “Amazon” компани шинэ боловсон хүчнээ Америкт авчрах боломжгүй болсон тул хоригийн эсрэг шүүхэд хандсан юм.

Д.Трампын хориг хэрэгжиж эхэлмэгц Цагаан ордноос мэдээлэхдээ хоригийн улмаас нисэх буудалд гацсан 109 хүн бий гэж байсан бол сүүлд Хууль зүйн яамны гаргасан мэдээгээр АНУ-д ирэхээр зохих ёсны зөвшөөрлөө аваад байсан 100 мянган хүний виз цуцлагдсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан