Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгуулийн солиорол дуусах болоогүй


Л.НОМИН

Ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан 230, цалин хөлсний маргаан 300-аар буюу 37-50 хувиар өссөн  тухай Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2016 оны статистик мэдээндээ гаргасан байсан. Түүнчлэн сонгуулийн 184 маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн нь энэ төрлийн маргаан 29 дахин өссөн дүн. Сонгуультай жилийн онцлог нь энэ. Сонгуулийн дараа улс төрийн намуудын томилгоо төрийн албыг тэр чигээр нь хамарч, түүнд нь иргэд чирэгдсээр ирсэн нь уламжлал болж. Сонгогчид сонголт хийсэн байтал түүнийг нь хүчингүй болгох эсвэл луйвардах гэсэн арга нь улаан цаймдаа гарсныг Сүхбаатар аймгийн эсэргүүцэж байна. Тус аймгийн хувьд цас зудтай зэрэгцэн малын шүлхий өвчин гарч орон нутаг зутруухан байхад удирдлага нь тодорхойгүй, бужигнасаар. Нэг нам дангаараа засгийн эрхэнд суугаа нь үнэн ч зарим шатанд ялагдлаа хүлээн зөвшөөрөх ёс зүй, жудаг үгүйлэгдэж байна. Ядаж л энэ жил болох Ерөнхийлөгчийн сонгуулиа бодоод зохиомол асуудлуудаа цэгцлэхгүй бол иргэдийн сонголтын үнэ цэнэ алдагдсаар  байх нь.

Архангай аймагт төрийн албан хаагчдыг “нас барсан” хэмээн халжээ

Архангай аймагт төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа талаар тус аймгийн АН-ын гишүүд хэвлэлийнхэнд хандлаа. 2016 онд 170 хүнийг төрийн албанаас халсан бол энэ он гараад 40 гаруй хүн ажилгүй болжээ. Нийгмийн даатгалын газраас гэнэт халагдсаны тэтгэмжээ авсан нь ийм байгаа аж. Тэтгэмжээ авч чадаагүй 100 гаруй хүн байгаа гэж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намынхан мэдээлэл өгсөн юм.

Төрийн албанд 2012 оноос хойш ажилд орсон гэдэг шалтгаанаар дээрх хүмүүсийг халсан гэж байлаа. Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс дотор Эрдэнэбулган сумын долоон багийн нийгмийн ажилтнууд багтаж. Тэднийг чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.2-т зааснаар “Ажил олгогч иргэн, ажилтан нас барсан” гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцласан гэж тайлбарлажээ. Үнэндээ нэг ч хүн нас бараагүй байхад гэрээг нь дуусгаж, ажлаас чөлөөлснийг хууль бус хэмээн үзэж байгаагаа тэд хэллээ. Багийн Засаг даргыг сонгох сонгууль өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд болж, МАН-5, АН-2 багт ялалт байгуулсан гэнэ. Сонгуулийн маргааш МАН-ын таван багийн Засаг даргыг томилж, баталгаажуулсан мөртлөө АН-ын хоёр Засаг даргыг одоог хүртэл батламжлаагүй байгаа аж. МАН-ын таван Засаг даргын ашиг сонирхлын зөрчлийг шалгуулах материалыг Авлигатай тэмцэх газарт ч хүргүүлээгүй байж томилсон зэргээр хууль бус үйлдлүүдийн талаар мэдээлэл хүргэсэн юм.
 
Сүхбаатарынхан энэ оны төсвөө ч батлаагүй
 
Сонгуулиар Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 33 суудлын 17-г нь АН, 16-г нь МАН авсан. Орон нутгийн сонгуулиар дахин санал хураалт явуулснаар нэг суудлаар АН олонхи болсон. ИТХ-аа хуралдуулах гэж хэдэн удаа оролдоод ирц бүрдэхгүй сүүлдээ олон суудалтай АН төлөөлөгчдөө оролцуулж хуралдсан. Хурлаар Засаг даргаар Ж.Батсуурийг, ИТХ-ын даргад Д.Хосбаярыг сонгосон юм. Гэтэл одоо болтол Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн Засаг даргаар Ж.Батсуурийг батламжлаагүй. ИТХ нь хуралдаж чадахгүй, улмаар энэ оны төсвөө ч батлаагүй байгаа аж. Төсөв батлагдаагүй учир төрийн албаныхан нь цалингаа авч чадалгүй Цагаан сартай золгох нь хэмээн тус аймгийн иргэд ярьж байна. Тэд өнөөдөр аймгийнхаа Төв талбайд жагсахаар болсон ч хөл хорио тогтоосон тул хойшлуулжээ.

Өмнө нь ч гэсэн тус аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж, Ерөнхийлөгчид хандсан удаатай. Гэвч он дамжсан улстөржилтөөс болоод энгийн иргэд хохирч, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед цалингаа авч чадахгүй байдалд орсон учир эсэргүүцлээ илэрхийлж буй. Сонгуульд ялагдсан МАН хууль бус нэг хүн оролцуулж, ирц бүрдүүлэн өөрийн ИТХ-ын даргыг сонгож, Засаг даргыг томилжээ. Сүхбаатар аймгийн ИТХ-ын тамгыг хаяж гээгдүүлсэн хэмээн хуурамчаар ахин хийлгэж, түүнийгээ ашиглаж байга аж. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон орон нутгийн сонгуулиас хойш дөрвөн сар өнгөрөхөд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хандсан ч асуудлыг авч хэлэлцэхгүй өдийг хүрээд байна.

Хууль бус Засаг даргатай Сүхбаатар аймагт хууль бус томилгоо хийж байгааг ИТХ дахь АН-ын бүлгийнхэн хэлэв. Улсын дээд шүүх Сүхбаатар аймгийн ИТХ дахь МАН-ын 16 төлөөлөгчийн хууль бус хурлын шийдвэрийг хүчинтэй гэж үзсэн байна. Удаа дараа хууль бус үйлдэл хийсэн гэж үзэж буй тул жагсаал цуглаан зохион байгуулж, тэмцэхээ илэрхийллээ.

Баянзүрхийнхэн шүүхдсээр

Орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүрэгт АН олонхи болсон. 41 суудлын 22-ыг АН, 19-ийг МАН авсан. Гэвч дүүргийн Сонгуулийн хороо АН-ын нэр дэвшигчдийг хууль зөрчсөн хэмээн үзэж хасах шийдвэр гаргаснаар маргаан эхэлсэн. Маргаан нь шүүхийн шатанд очиж, мөн л эцэслэгдээгүй байгаа. Тус дүүргийн АН Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хянаж үзээд Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо эрх мэдлээ хэтрүүлсэн гэж, тогтоолыг нь хүчингүй болгосон. Сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчсөн тухай Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульзүйн үндэслэлгүй хэмээн  Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо давж заалдсан. Давж заалдах шатны шүүхээс дүүргийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн хууль зөрчсөн хэмээн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Харин дүүргийн Сонгуулийн хороо гурван нэр дэвшигчийг хууль зөрчсөн хэмээн хяналтын шат руу гомдол гаргахаар болсон байна. Хууль зөрчсөн гэгдэж байгаа зургаан нэр дэвшигчийн талаар хаанаас, хэнээс гомдол ирсэн нь тодорхойгүй, ямар ч нотлох баримтгүй, өөрсдөд нь мэдэгдэхгүй, шүүхийн шийдвэр ч үгүй байхад хасчээ. Баянзүрх дүүргийн ИТХ-ын МАН-ын төлөөлөгчид нь хуралдааныг хийлгэхгүй, жагсаал цуглаандаа тулсан ч, АН олонхиороо хуралдаад Засаг даргад Д.Пүрэвдавааг томилуулахаар нийслэлийн Засаг даргад уламжилсан ч татгалзсан хариу авсан. Ингээд дахин хуралдаж Засаг даргад ахин нэр дэвшүүлснээ нийслэлийн Засаг даргад томилуулахаар ханджээ. Хоёр дахь удаа нэр өргөн барьсан бол нийслэлийн Засаг дарга тав хоногийн дотор батламжлах ёстой байдаг аж. Гэвч үүнийгээ биелүүлээгүй учир Захиргааны хэргийн шүүхэд мөн хандаад байгаа. Харин шүүх уг асуудлыг авч хэлэлцэхийг түр түдгэлзүүлж. Гурван нэр дэвшигчийн хяналтын шатны шүүх хурлын шийдвэр гарсны дараа хянаж үзэхээр хүлээгдэж байгаа гэсэн үг. Уг шүүх хурал нь энэ сард багтан хуралдаж, шийдвэрээ гаргах юм байна. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо гурван нэр дэвшигчийг хассан нь хууль бус хэмээн өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдийг хянасны дараа нийслэлийн Засаг дарга томилгоог батламжлахгүй байсан гэх нэг асуудал шүүхээр орох нь.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан