Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тука найруулагчийн “Хоёр амь”

Б.ЦЭДЭВСҮРЭН

Гитлер Тука... урлагийнхан дунд энэ нэрээр алдаршсан шавилхан биетэй, содон стилтэй найруулагч Б.Ганболд шинэ бүтээлээ өлгийдлөө. “Орхидос” 1, 2, “Улаан дөрвөлжин” гээд түүний өмнөх уран бүтээлүүдийг үзэгчид нийгэмд ил гардаггүй, нуугдмал зүйлсийг өгүүлдэг ч хэтэрхий хатуугаар харуулдаг хэмээн дүгнэдэг билээ. Би ч гэсэн энэ дүгнэлтэд нэгдсэн үзэгч гэх үү дээ. Тиймээс бас л сэтгэлийн хаттай шинэ уран бүтээл болох “Хоёр амь” уран сайхны киноны нээлтэд очлоо. Гэхдээ энэ удаа тэрээр эцгийн хайрыг арай зөөлнөөр, уянаар илэрхийлж. Найруулагч Б.Ганболд энэхүү уран бүтээлээрээ өөрийгөө монголын кино ертөнцөд дахин тунхаглаж чадлаа.

 
Цаг үеэ мэдэрсэн уран бүтээл

Юу юунаас илүү найруулагч Б.Ганболдын цаг үеэ мэдэрсэн уран бүтээл хийдэгт талархав. Тэрээр дэлхийн бусад улсад түгээмэл болоод буй донорын тухай сэдвийг хүүгээ хайрлаж буй монгол эцгээр төлөөлүүлэн гаргаж тавьж. Маргааш юу болохыг таах аргагүй. Тиймээс хүн аливаа зүйлд бэлтгэгдэхийн тулд олон талын мэдлэгийг урлагаас авах ёстой. Энэ үүргээ биелүүлсэн уран бүтээл болсныг онцолмоор санагдсан. Монгол Улсад эрүүл мэндийн шинжлэх ухаан хөгжиж байна. Тэр хэрээ хүний амь аврах нөхцөл боломж нэмэгдэх ч зарим саад бэрхшээлүүд бий. Тухайлбал, бид шүтлэг бишрэлээс хамаарч дэлхий нийтээс хоцроод буй донорын тухай ойлголт. Үхсэний дараах амьдрал буюу цогцосны донор болж хэн нэгэнд амьдрал бэлэглэх тухай ойлголт, хуулийн зохицуулалт байгаагүй. Тийм болохоор өнгөрсөн хугацаанд хуулийн зохицуулалт нь хийгдсэн ч хоёрхон удаа л тархины үхжилт явагдсан өвчтөнөөс гэр бүлийнхэнийх нь зөвшөөрөлтэй эд эрхтэнг нь бусдад шилжүүлэн суулгах хагалгаа хийгдсэн байх жишээний. Донорын тухай ойлголтыг “Хоёр амь” уран сайхны киноноос авч болохоор.

Тэмцэгч аав

Найруулагч Б.Ганболд “Орхидос” уран сайхны киноны гол дүрийг жүжигчин С.Болд-Эрдэнэд өгч байсан. Энэ удаа ч тэр. Тиймээс энэ хоёр уран бүтээлчийг хэрхэн хувирч, өмнөхөөсөө хэр зэрэг өөр байхыг “Хоёр амь” уран бүтээлээс тольдох хүсэлтэй байв. Нээлтийн өмнө жүжигчин С.Болд-Эрдэнэ “Мэдээж нэг л хүн юм чинь адил. Гэхдээ энэ удаа арай илүү тэмцэгч аавын дүр дээр ажилласан” хэмээн хэлсэн. Тэрээр тэмцэгч аав байж чадав. Гэхдээ энэ киноны турш ганцхан аавд л хамаг зовлонг үүрүүлээд байсан нь таагүй санагдаж байсан.
“Ямар ч зовлон бэрхшээл тулгарсан үр хүүхдийнхээ төлөө тэмцэх аав хүнийг хэн ч, юу ч дийлдэггүй юм байна...” гэдэг энэ киноны гол санаа. Жүжигчин “дийлдэхгүй” байж чадсан. Уянгын драмын төрлийн энэ бүтээлд хүний амь хамгаас үнэтэй болохыг илэрхийлэх бөгөөд эцэг хүний үрээ гэсэн хайр, энхрийлэл, хүүхдийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй тэмцэл, буян нүгэл хэмээх ойлголт зэрэг олон санааг харж болох ажээ.

“Миний тус”

Кино эхлэхэд ерөнхий боловсролын сургуулийн дунд ангид “Миний тус” сэдвээр хичээл орж байна. Киноны гол дүр болох хүү өөрийнхөө тусын тухай, аавдаа тусладаг тухай ангийнхандаа ярина...

Киноны өрнөл хэсэг ч хүү ангийнхаа охины ярьсан дүлий эмэгтэйд туслахаар яваад гэмтэж ухаангүй болж байгаагаар үргэлжилнэ. Анги дээрээ байгаа хүү, эмнэлэгийн орон дээр ухаангүй хэвтэж буй хүү, аавынхаа дурсамжинд амилж буй загасчин хүү, эцэст нь аавынхаа бодол сэтгэлийг эргүүлээд одож буй ухаантай хүүгийн дүрийг найруулагч Б.Ганболдын хүү Гүнбилгүн чадварлаг бүтээжээ.

Тэр кинонд дээр аавдаа тусладаг бол амьдрал дээр найруулагч аавынхаа уран бүтээл дээр хамтран ажиллаж “том” тус хүргэснээ батлав. Мөн найруулагч Б.Ганболдын эхнэр Д.Золзаяа түүний уран бүтээл бүр дээр хамт ажиллаж, түшиг тулгуур болдог. Энэ удаа ч тэр. Х.Алтанхадтай хамтран киноны зохиол дээр, дүр сонголт дээр ажилласан байна. Уран бүтээлч гэр бүлийн хийсэн уран бүтээлээс хайр “үнэртэж” байна лээ.
 
Тэд “Хоёр амь”-ийн тухай...

““Хоёр амь” киног уран бүтээлчдийн ур шаардсан, бүтээх эрмэлзэл, хийх хүсэл давилуун сэтгэлээр нэлээн ядарч хийлээ. Үүнийг яах гэж хэлж байна вэ гэхээр бид бүтээл хийхийн тулд дотроо цогцлоож, урлах хэрэгтэй юм. Хүн бүр өөрийн гэсэн ухамсар, тархи, боловсролтой учраас өөрсдийнхөөрөө онцлогийг олж хараасай гэж хүсч байна” хэмээн найруулагч Б.Ганболд уран бүтээлийнхээ талаар ярьсан.

Харин зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа өөрийн фэйсбүүкдээ “”ХОЁР АМЬ” ба манай кино урлаг урагшилж л байна. “Хамба” студын шинэ киноны анхны үзлэгийг уран бүтээлчдийн хүсэлтээр очиж үзлээ. Кино “Хар хайрцаг” тайз дэлгэцийн театрт үзлэгээ хийв. Монгол шинэ кинонуудыг театрт очиж үзээгүй удсан хүн би энэ киног үзэхээр зориуд зорьж очсон юм. Киноноос хоёр сэтгэдэл хүчтэй ирэв. Нэгт, Киноны гол дүр С. Болд- Эрдэнэ. Түүний бүтээсэн “аав”-ын дүр бол тасарчихсан. Юун Холливуд гэдэг шиг. Дэндүү амьд. Ийм жүжигчин манайхаас бусад оронд үнэтэй жүжигчин. Түүнд өндөр үнэ төлөх ёстой гэж гадны ямар ч найруулагч олж харна даа. Жүжигчний хувьд Болд- Эрдэнэ авьяас ур чадвараараа ид онцгой цаг дээрээ иржээ. Үүнийг энэ киноноос та харах болно. Харамсалтай нь киног гол дүр ганцаараа үүрэв. Хүүгийн дүрийг эс тооцвол бусад дүрүүд олигтой тусласангүй. Энэ нь бүрэн гаргаагүй зохиолдоо бас илүүрхсэн жүжигчинтэй зэрэгцээд ирэх тийм жүжигчин олж сонгоогүй байж мэдэх. Магадгүй байхгүй байж мэднэ. Хоёрт, Кино маш цэвэрхэн зураг авалттай байв. Хөгжим байдгуудаас өөрөөр сонсогдож байлаа. Ямартай ч ойрд гараагүй “хүний тухай” энэ кино таны сэтгэлийг хөдөлгөж чадна. Тэнгэрээс дээш долоон метрт гэдэг бол энэ кино газраас нилээн дээгүүр кино болжээ. Найруулагч Ганболдын дараагийн киног очиж үзнэ. Тэр кино тэнгэрээс шонхорын нүдээр газрыг харж мэдэх” хэмээн бичсэн байв.

Чанартай контентийг бүтээхэд гар бие оролцсон тус киноны ерөнхий продюсер Г.Гантуяа нээлтийн үеэр ““Монгол Контент” ХХК 2015 оноос кино салбарт орсон. Бид найруулагч, зохиолчдоо уриад сонгон шалгаруулалт хийж, энэ удаад Б.Ганболд найруулагчтай хамтран ажиллахаар болсон юм. Түүний киног үзэхээр бодит амьдрал нүдэнд харагддаг.  Тэрбээр бүтээлүүддээ нийгэмд болоод байгаа бухимдал, асуудлыг маш бодитойгоор амьд гаргадаг” хэмээн ярьсан юм.
Киноны нээлтийн содон зочин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр киног үзээд “Сайхан зохиолтой, чадвартай жүжигчид тоглосон бүтээл болжээ. Аав хүний үрийнхээ төлөөх тэмцлийг харуулсан сайхан кино байна. Би өөрөө аав хүн. Хүүхдүүдээ эрдэнэс шиг хайрладаг учраас яг л тийм байх болов уу гэсэн бодол төрж байна. С.Болд-Эрдэнэ жүжигчний тоглолтонд хэлэх юм байхгүй. Миний шүтэж явдаг жүжигчин” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан