Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний уламжлалыг хадгалсан өргөтгөсөн худалдаагаар зочиллоо


Б.МЯГМАРЖАВ

Үндэсний уламжлалт Сар шинийн баяр болоход 20 хүрэхгүй хоног үлдээд байна. Айл бүр баярын бэлтгэлээ базааж, хүний гар цайлгах ойр зуурын бэлэг болон баярын гангараагаа зэхсээр. Нийслэлд ч баярыг угтсан төрөл бүрийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. Шангрилад гарч буй “Цагаан сар” үзэсгэлэнгээр орлоо. “Монголд үйлд­вэрлэв” шошготой бараа бүтээгдэхүүнээр угтах үзэсгэ­лэнд гар аргаар урласан монгол гутал, шилбэ товчийг нь гоёмсог чамбай гэгч нь оёсон төрөл бүрийн загварын дээл, байгалийн үнэт чулуугаар хийсэн хөөрөг, ээмэг бөгж гээд хуруун чинээ жижиг зүйлээс эхлүүлэн уран дархан, урлаач шаглаачдын ур ухаанаа шингээн урласан бүтээлүүдийг дэлгэн тавьжээ. Эдгээр чимэглэлийг гол нь гар аргаар урласнаараа онцлог гэдгийг үзэсгэлэнд оролцогчид хэлж байлаа. Үнийн хувьд ч боломжийн борлуулж байгаа гэв. Энд 3000 төгрөгөөс эхлэх жижиг түрийвч болон 500000 төгрөг хүртэл үнэлэгдэх даалингаас эхлээд хэдэн саяар ч үнэлэгдэх ховор хийцийн мөнгөн домбо, эмээл ч харагдах аж.


Хэтэвчин дэх мөнгөндөө тааруулан хэрэгтэй зүйлээ авч болохоор харагдсан. Хэдийгээр бусад үзэсгэлэн худалдаа шиг хөл хөдөлгөөнд дарагдаагүй ч боломжийн борлуулалт хийж байгаа талаар худалдагч нар хэлж байсан. Монголчуудаас гадна гадаадын иргэд олон үйлчлүүлж байв. Баярын гангараагаа эндээс зэхэж, гэр бүлийнхэндээ бэлэг дурсгалын зүйлс худалдан авч байна гэх БНСУ-ын иргэнтэй ч таарсан.

Тус үзэсгэлэнд импортын бараа харагдсангүй. Баярыг угтсан үзэсгэлэн худалдаа газар сайгүй зохион байгуулагдаж байгаа ч тоон дотор үсэг явна гэдэг шиг импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниуд бараа бүтээгдэхүүнээ сурталчилж суудаг тал бий. Харин Шангрилагийн үзэсгэлэн худалдаанд дан үндэсний компаниуд бараа бүтээгдэхүүнээ дэлгэж. Манай улсад үндэсний үйлдвэрлэл хөгжихөд жижиг зах зээлтэй учир худалдан авагч багатай байдаг. Харин гадаад зах зээлд гарах гэхээр үйлдвэрүүдийн хүчин чадал, эдийн засгийн боломж тааруу гэдэг. Иймээс гадаад зах зээлд гарна гэж холыг харалгүй зөвхөн өнөөдөр хэрэглэгчийн гар дээр хүргэхэд бэлэн болгочихсон бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах нь үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй нэг асуудал болоод байна. Нэг үеэ бодвол манай улсын иргэд дотоодынхоо үйлдвэрийг дэмжих  бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авах эрмэлзэлтэй болсон.  Хэрэв үндэсний үйлдвэрүүдээ дэмжээд үйл ажиллагааг нь өргөжүүлбэл бараа бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэж хямд үнээр худалдаалах боломжтой гэдгийг үйлдвэрлэгчид дуулгаж байсан.

Жишээ нь, үслэг эдлэлийн “Master Do Do” компани тарвага болон булганы арьсаар төрөл бүрийн гадуур хувцас, нөмрөг хийсэн нь олны сонирхлыг татна. Тус компани өөрсдөө арьсаа элдэж, боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тарваган шубанууд нь өнгө үзэмж, загварын хувьд гадаадын брэндийн үнэт үслэг эдлэлээс ялгараад байх зүйл алга. Үнийн хувьд сая төгрөгөөс эхэлж үнэлжээ. Түүнчлэн төрөл бүрийн нэхий дээл ч байна. Хурган дотортой дээлээр гангарах дуртай монголчуудын хувьд тус компанийн бүтээгдэхүүн эрэлттэй байгаа аж. Дээлний нэхий үнийн хувьд  250 мянган төгрөгөөс эхлэн борлуулагдаж байсан.
Үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм байна.


З.Балжинням: 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй ирсэн

Тус үзэсгэлэнд Завхан аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөн хүрэлцэн ирж бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаатай таарсан юм.
Уг зөвлөлийн гишүүн З.Балжиннямаас зарим зүйлийг тодрууллаа.


-Үзэсгэлэн худалдаанд хэдэн төрлийн ямар бүтээг­дэхүүн авч ирж оролцож байна вэ. Танайх бусад оролцогчдоос юугаараа ялгарах онцлогтой байна вэ?
-Нийт 30 гаруй төрлийн 300 гаруй бүтээгдэхүүн авч ирсэн. Ихэнх нь гар урлалын болон зүү ороож оёсон хувцас.Мөн дээл, монгол гутал гээд гар урлалын бүтээгдэхүүнүүд 24 сумаас авчирч үзэсгэлэнд оролцлоо. Их-Уул, Сонгино, Отгон суманд дийлэнхдээ монгол гутал урладаг. Дээрх сумдад олон жил зөвхөн гутал дагнан хийсэн уран бүсгүйчүүд байдаг. Ер нь, сум бүр өөр өөрийн онцлогтой. Улиастай сумын бүсгүйчүүд гэхэд зүү ороох оёдлоор мэргэшсэн. Сүүлийн үед зүү ороох оёд­лоор чимсэн загварын дээл оёх болсон нь иргэдийн сонир­х­лыг татаж борлуулалт ихтэй бүтээгдэхүүн болсон шүү.

-Үйлдвэрлэгчид үзэсгэ­лэн худалдаанд оролцож бүтээгдэхүүнээ борлуулахад түрээсийн төлбөр өндөр байдаг. Энэ үзэсгэлэнгийн түрээсийн төлбөр хэд орчим төгрөг байна вэ?
-Завхан аймгийн ЗДТГ-аас түрээсийн төлбөрийг хариуцсан. 20 хоногт таван сая төгрөгөөр түрээсийн төлбөр төлж байгаа гэсэн.

-Орон нутагт борлуулалт хэр байна вэ. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гээд л яриад байдаг. Бодит байдалд нүдээ олсон ажил хийгдэж байгаа  юу?
-Сүүлийн үед бизнесийг дэмжих төвүүд олноор байгуулагдсан. Үйлдвэрлэгчид уг төвөөр дамжуулж, бүтээгдэхүүнээ борлуулах, үйлдвэрээ өргөжүүлэх төлөвлөгөөг сайн хийдэг. Ер нь, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд тооцоо, төлөвлөгөө их чухал гэдгийг үйлдвэрлэгчид ойлгох хэрэгтэй. Манай аймгийн хувьд сайн төлөвлөгөө боловсруулснаар гар урлалын бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийг олж харж чадаж байна гэж боддог. Заавал төр Засгийн газрын зүгээс ажлын байр нэхээд байлгүй өөрсдөө бий болгож байгаа учир төрөөс бага ч гэсэн дэмжлэг байх хэрэгтэй. Аймгийн ЗДТГ-ын зүгээс өрхийн үйлдвэрлэл, хоршоог хөгжүүлэх талаар нэлээд ажил хийж байгаа иймээс ч энэ үзэсгэлэнд оролцох боломжоор биднийг хангаж өгсөн. Алслагдсан аймаг орон нутгаас ирж үзэсгэ­лэн худалдаанд оролцоно гэдэг бас амар ажил бишээ.

-Та бүхэн үзэсгэлэн худал­даанд байнга оролцож чадаж байна уу?
-Ойрын хэдэн жил иймэрхүү томоохон хэмжээний үзэсгэлэнд оролцоогүй. Цаашдаа бид ОХУ-д үзэсгэлэнд оролцохоор төлөвлөөд байна.

-Бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хаанаас хэрхэн авч байна вэ?
-Түүхий эд, арьс ширээ бид өөрсдөө боловсруулдаг. Сумандаа бага хэмжээний хоршоо үүсгээд тэндээ түүхий эдээ боловсруулж, бүтээгдэхүүнээ хийдэг. Бүх ажлыг гар аргаар хийж байна. Энэ нь бүтээгдэхүүний маань давуу тал болдог.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан