Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэн нь “поп” байх хамаагүй, хэдэн иргэн нь эрүүл болоосой


Н.БАТ


Дэлхийд Монгол Улсын тэргүүлдэг нэг зүйл бол элэгний С вирусийн халдвар. Хоёр жилийн өмнөх судалгаагаар нийт хүн амын 15 хувь нь элэгний С вирусийн халдвартай бол 10 хувь нь В вирусийн халдвартай гэсэн судалгаа гарсан байдаг.
Өөрөөр хэлбэл, ойролцоогоор 450 гаруй мянган хүн элэгний С вирусийн халдвар тээн амьдарч байгаа юм. Гэтэл ердөө 2015 оны арванхоёрдугаар сараас элэгний С вирусийг устгах харвони эм манай улсад борлуулагдаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар үүний ачаар 4000 хүн вирусээс салсан гэсэн мэдээ бий. Зөвхөн харвони гэлтгүй софосбувир, вирпас зэрэг элэгний вирусын халдварыг устгагч эмүүд манай эмийн сангуудад худалдаалагдаж эхэлсэн ч үнийн хувьд харьцангуй өндөр байдаг нь тэр бүр хүн авч уух боломж олгодоггүй. Хэрвээ жил гаруйн хугацаанд 4000 хүн вирусээс салсан гэсэн дүнгээр тооцож, энэ хурдаар эмчлэгдэнэ гэвэл 450 мянган хүний халдвар 100-гаад жилийн дараа үгүй болох гээд байдаг.

Өдөрт 7 хүний амийг авч оддог элэгний хорт хавдар, хатуурал өвчний урхаг болсон вирусийн халдварын тархалтыг хязгаарлах ажлыг яаралтай хийхгүй бол 30 гаруй насныхан энэ өвчинд багагүй өртөх болсныг эрүүл мэндийн байгууллагууд шат дараалан сануулж байна.

Тиймээс манай улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр баталж, төсөвт 23 тэрбум төгрөг суулгасан. Ийн С вирусийн халдварыг дарах эмийн үнийг бууруулахад шат шатандаа анхаарч, хүртээмжийг нэмэгдүүлж эхлээд буй нь үнэхээр эрүүл мэндийн салбарт гарч байгаа томоохон ололт хэмээн магтах ёстой зүйл. “Харвони” гэх гурван курсээр уух зориулалттай эмийг 1200 ам.доллараар Монголд оруулж ирсэн нь дэлхий дээрх энэ төрлийн хамгийн хямд эм болж байсан бол 2016 оны 10 дугаар сараас “вирпас” хэмээх эмийг 155 ам.доллараар борлуулж байгаа тухай “Оном” сангаас танилцуулж байсан юм.

Элэгний С вирусийг эмчлэх “Харвони” эмийн нэг курсын өртөг нь дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.доллар бөгөөд манай улс “Хүртээмж” төслийн хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас 900 ам.доллараар, мөн ийм нэршлээр БНЭУ-ын 4 үйлдвэрлэгчээс 150-250 ам.долларын өртөгтэйгөөр авч эхэлсэн байдаг.

2016 оны арванхоёрдугаар сараас Засгийн газрын шийдвэрээр уг эмийг худалдан авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. 

Хамгийн гол нь, “би элэгний С вирустэй” гээд аль нэг эмийн сангаас дээрх эмүүдийг аваад өөрийн дур зоргоор уучихдаг юм биш. Вирус тоолуулах нарийн шинжилгээнүүд өгч, эмчийн хяналтан дор уух ёстой. Тийм учраас 450 мянган иргэн бөөнөөр очоод С вирусийг устгах эм ууна гэх ойлголт үгүй. Зөвхөн манай эмч нар хяналт тавиад зогсохгүй, бидэнд эмээ нийлүүлж байгаа улсууд ч өндөр шаардлага тавьдаг.

Өнөөдрийн манай улсын амьжиргааны төвшинтэй харьцуулбал нэг сард 400 мянгаас 800 мянган төгрөгийн эм ууна гэдэг өрхийн санхүүд хүнд тусах нь тодорхой.  Тиймээс элэгний С вирусийг устгах эм нийлүүлэгч компаниуд тухайн орны хүн амын дундаж орлого, эмчилгээний өртөг, хэрэгцээнд тохируулан үнээ харилцан адилгүй тогтоодог байна. Жишээ нь, 12 долоо хоногийн курс эмчилгээний өртөг АНУ-д 84 мянгаас дээш,   Германд 66 мянгаас дээш ам.доллар байдаг. Харин манайд 1200 ам.доллараас доош. Цаашдаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд буюу 4 жилийн дараа С вирусийн халдварын тархалтыг зогсоож, 2030 онд элэгний хорт хавдар, хатуурлаар нас барж буй тохиолдлыг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой хэмээн үзэж буй.  Элэгний С вирусийн талаархи мэдээнүүд ерөнхийдөө ийм.
Харин өнгөрсөн долоо хоногт  “Оном” сангаас Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас буцалтгүй тусламжаар ирж байгаа 3000 эмийг зөвхөн Архангай аймгийн иргэдэд олгохыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн.

 Учир нь, Засгийн газрын хоёрдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928,110 ам.долларын өртөг бүхий 3000 хайрцаг “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ болох 354,0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон юм.
АНУ-ын “Гилеад Сайнс” компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өвчлөл өндөртэй, бага орлоготой иргэдийн дунд хэрэгжүүлдэг хөтөлбөрийн дагуу манай улсын Архангай аймгийн 45-60 насны С вирусийн халдвартай  иргэдэд “Харвони” эмийг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн учраас буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 3000 хайрцаг эмийн холбогдох татварыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Архангай аймагт холбогдох хууль журмын дагуу, мэргэжлийн эмчийн хяналт дор иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт Засгийн газар даалгасан байгаа юм. Эрүүл мэндийн яамны судалгаагаар нэн тэргүүнд эмчилгээнд хамруулах шаардлагатай 52,5 мянган иргэн байгаа учраас  үнэ төлбөргүй 3000 эм яагаад заавал Архангайг зорив гэдэг нь олон хүний анхаарлыг татах нь зүй. Тийм ч учраас “Оном” сангаас Эрүүл мэндийн сайдад хандсан биз.

Үүний хариуг өчигдөр УИХ-ын эрхэм гишүүн Ё.Баатарбилэг өгчээ. Тэрээр чухам юуны учир дээрх 3000 хайрцаг эмийг Архангайд хүргүүлэх болсныг тайлбарлахаасаа өмнө “Бурхангүй газрын бумба шиг л галзуурч байна”, “Эрүүл мэндийн сайд ч томоотой юм хөөрхий, номхон тэмээ мэт” гэх зэргээр бичиж эхэлсэн нь таагүй сэтгэгдэл юун түрүүнд төрүүлж байсан юм. Гол нь тэрээр өөрөө явж, биечлэн Гилеад Сайнс компанид харвони эм хандивлах хүсэлтээ тавьж, Архангай аймгийн ахмадуудад гэх нөхцөлтэйгээр 3000 хүний тун эм авах болсноо тайлбарлахыг хүсч.

Хэрвээ ингэж явж, 900 ам.долларын эмийг үнэгүй олж ирж чадсан бол түүнд Архангайчуудын өмнөөс талархах ёстой. Тойргийнхоо иргэдэд гэж олж ирсэн юмыг нь илүү харах эрх бидний хэнд ч байхгүй. Засгийн газар ч хандиваар ирж байгаа эмийн татварыг хөнгөлөх нь зүй. Гэвч манай эрхэм гишүүн их л бухимдан “Эрдэнэт шиг биш л гэнэ, Яваад олоод ирээч дээ, хэн байг гээвээ л гэнэ, явуулга” энэ тэр гээд багагүй улстөржжээ. Улстөрч хүнээс ийм араншин гардаг бололтой. Яг үнэндээ эрхэм гишүүнийг эрж, хайгаад олсныг бид мэт нь жишээ нь мэдээгүй учраас Яагаад Архангайн гэж онцолсон юм бол хэмээн хардаж байсан нь ойлгомжтой. Тиймээс анхнаас нь аливаа ажлаа зөв тайлалтай, учир утгатай л олонд хүргэх нь зүй. Ердөө “Оном” сан, эрхэм гишүүн хоёр ярилцаад л учраа олж болох байтал, дэлхийгээр нэг бухимдаж, улстөржих нь хэнд ашигтай юм бэ.
Эрхэм гишүүний хэлснээр ердөө дотроо ойлголцоогүй бидний уур бухимдлын “ачаар” АНУ-ын компани бизнесийн нэр хүндээ бодоод төслийн дараагийнхаа амласныг өгөхгүй болох тал руугаа яриа хэлбийгээд эхэлсэн гэнэ.  Тэгэхээр аль аль талдаа “поп” энэ тэрээ орхиод элэгний өвчинд шаналж буй олон мянган хүний төлөө гэх сэтгэлээ өмнөө тавимаар санагдах. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шиг эрхэм гишүүд маань тойрогтоо очоод өөрийн гарын үсэгтэй аяга тараахаас өмнө ард иргэдийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулчихдаг болоосой. Ердөө хэдхэн хоногийн өмнө твиттерт идэвхтэй жиргэдэг хэдэн бүсгүй сумын эмнэлэгт машин авч өгч байгаа харагдсан. Тэгэхээр таны тойргийн олон сум эмнэлгийн машингүй, иргэндээ хүрэх ч чадалгүй байгааг анзаараад нэг харчихаасай билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан