Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авто машины бүртгэлийг шинэчилнэ, харин жолооны хүрдийг...


Т.ЖАНЦАН


Авто машин хүний өдөр тутмын хэрэглээ, зарим нэгний амьжиргааны эх үүсвэр болсон. Өнөөдөр айл бүрийн гадаа асдаг, асдаггүй, явдаг явдаггүй авто машин “сойлттой” байдаг. Гэвч Авто тээврийн тухай хуулиар жил бүр тээврийн хэрэгсэлээ техникийн үзлэг оношилгоонд оруулах, зохих албан татвар төлөх үүрэгтэй. Тэгвэл энэ оны авто тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоо, татвар төлөлт  нэлээд “бужигнаантай” чанга хатуу байх нь. Учир нь Зам тээвэр хөгжлийн яамнаас энэ онд тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл хийнэ гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Монгол Улсад өнгөрсөн онд 841 мянга 552 тээврийн хэрэгсэл бий гэсэн бүртгэл гарсан. Бүртгэлийн энэ санг задлаад харвал 547 мянга 299 нь суудлын авто машин, 211 мянга 897 ачааны авто машин, 6823 нь автобус, 10 мянга 612 нь механизм, 22 мянга 169 чиргүүл, 42 мянга 752 мотоцикль байгаа юм. Эдгээрийн 63.3 хувь буюу 532 мянга 873 тээврийн хэрэгсэл нь татвар төлж 300 гаруй мянга нь техникийн хяналтын үзлэгт хамрагдаж татвар төлөөгүй гэсэн судалгааг Авто тээврийн үндэсний төвөөс гаргажээ. Мөн 2011 оноос хойш улсын хилээр гарсан ч эргэн орж ирээгүй 10 гаруй авто машин байгаа аж. Ийм учраас тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл хийх шаардлагатай гэж үзсэн байна. Ингээд сүүлийн 4-5 жил техникийн үзлэгт ороогүй, татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах юм. Шинэчилсэн бүртгэл хийхдээ тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт, татвар, даатгал, бүртгэл, техникийн хяналт, авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан байгуулах ажээ.

ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд “Олон жилийн дунджаас харвал Монгол Улсад бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 65 хувь нь татвараа төлж, техникийн хяналтын үзлэгт хамрагдаж байна. Бусад тээврийн хэрэгсэл хаана байгаа нь тодорхойгүй байгаа. Иймээс  тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг жилийн турш явуулахаар Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаал гарсан. Ингээд өнөөдөр замбараагүй байгаа тээврийн хэрэгслийн бүртгэл, номер дугаар олголт, дугаарын үйлдвэрлэл зэрэг бүртгэлтэй холбоотой асуудлуудыг нэг мөр шийдэх юм. Ер нь тээврийн хэрэгсэл импортоор орж ирэхээс эхлээд гааль, техникийн хяналт, даатгал, татвар, бүртгэлийн байгууллагууд нэгдсэн дундын сантай болж, иргэдэд зориулсан үйлчилгээ шуурхай болно” гэлээ.

Иргэдээс миний авто машины дугаартай адилхан авто машин байна гэсэн гомдол цөөнгүй гардаг аж. Ийм гомдол гарсан тохиолдолд бүртгэлийг нь шүүж үзээд тухайн дугаарыг анх авсан эзэмшигчид өгч эхэлжээ. Үүнээс гадна стандарт бус дугаар зүүсэн, дүрэмд заагаагүй нэмэлт гэрэл дохио хэрэглэсэн. Авто машины арал, бүхээгийн дугаар зөрсөн зөрчил нэлээд гардаг байна. Тэгвэл энэ жилийн техникийн үзлэг тооллогын үеэр дээрх зөрчлийг нарийвчлан шалгаж арилгах нь.
Татварын Ерөнхий Газрын Татварын улсын байцаагч Г.Энхжин “Өнгөрсөн онд 800 гаруй мянган тээврийн хэрэгслээс 530 мянга орчмынх нь албан татвар төлөгдсөн.  Энэ жилийн тээврийн хэрэгслийн албан татвар хураалт эхлээд байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд улсын дугаарын сүүлийн орноор хязгаарлалт хийдэг. Иймд энэ жишгээр 1 ба 6-гаар төгссөн улсын дугаартай авто машины албан татварыг нэгдүгээр сард төлөх ёстой. Одоогоор дээрх тоогоор төгссөн авто машин эзэмшигчийн 33 хувь нь л албан татвараа төлөөд байна. Үүнээс гадна бидний хийсэн тооцоогоор сүүлийн дөрвөн жилд шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, албан татвараа төлөөгүй, техникийн оношилгоонд хамрагдаагүй буюу хасалт хийлгэх 95 орчим тээврийн хэрэгсэл бий. Уг нь иргэд, аж ахуйн нэгж ашиглалтаас гарсан тээврийн хэрэгслээ 30 хоногийн дотор хасуулах үүрэгтэй.  Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй тул олон жилийн татварын өр хуримтлагдсан гэж ойлгож болно. Гэхдээ шинэчилсэн бүртгэлийн хүрээнд иргэд, татвар төлөгчдөд хүндрэл учруулахгүй. Олон жил хуримтлагдсан татварын өрийг авалгүй хасалт хийнэ. Иргэд www.transdep.mn сайтад хандан, регистерийн дугаараа бичиж, хасагдах тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг шалгаж үзэх боломжтой” хэмээн мэдээллээ.

Энэ онд тээврийн хэрэслийн татвар, албан журмын даатгал нэмэгдээгүй. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг орон даяар  тавдугаар сарын 31-нийг хүртэл зохион байгуулах аж. Харин Засгийн газар техникийн үзлэг оношилгооны төлбөрийг хоёр дахин нэмэх шийдвэр гарган мөрдөж эхлээд байгаа. Жишээлбэл, суудлын авто машин энэ онд техникийн үзлэг оношилгоонд ороход 20 мянган төгрөг болсон билээ. Техникийн үзлэг оношлогоонд оруулаагүй авто машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Хэрэв ийм авто машинаар хөдөлгөөнд оролцвол камераар хянаж илрүүлээд гэрийн хаягаар торгуулийн хуудас өгөх юм. Харин шинэ авто машин худалдан авсан бол хоёр жилийн хугацаанд зөвхөн албан татвараа төлж, техникийн үзлэг оношилгоонд оруулахгүй байж болно.

Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ч.Алтантуяа  “Улсын хилээр гараад буцаж орж ирээгүй олон бий. Эдгээр автомашин нь ихэвчлэн бусад оронд очоод зарагдсан байдаг. Иймд гаалийн байгууллагад буцаж орж ирээгүй гэсэн бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсч байгаа. Мөн Авто тээврийн үндэсний төвд татвар төлөгдөөгүй тээврийн хэрэгслийн жагсаалтад ордог. Тиймээс тухайн автомашиныг эзэмшиж байсан иргэд эхлээд гаалийн байгууллагаас хасалт хийлгэх шаардлагатай. Ингээд Улаанбаатар хотын гааль дээр улсын хилээр түр хугацаагаар гаргасан автомашиныг бүр мөсөн гаргах гаалийн бүрдүүлэлт хийлгэнэ. Тэгэхдээ ямар нэг татвар төлөхгүй, зөвхөн гаалийн бүрдүүлэлтийн хураамж 7000 төгрөг төлнө. Гаалийн бүрдүүлэлтийн үндсэн дээр Авто тээврийн үндэсний төвд хасалт хийх юм” гэв.

Улаанбаатар хотын утаанд автомашин гол үүрэг гүйцэтгэдэг гэдэг. Нөгөө талаар ослын тоо жилээс жилд өсч байгаа нь авто машины хүрдний байрлалтай холбоотой хэмээн үзэж буй юм. Тэгвэл нийслэлд 400 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог байна. Тэдний дийлэнх нь баруун талдаа жолооны хүрдтэй, олон жил ашигласан авто машин гэж ЗТХЯ-ны мэргэжилтнүүд мэдэгдсэн. Ингээд тус яамны харьяа Авто тээврийн үндэсний төвийн Монгол Улсад бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 52 хувь нь баруун, үлдсэн 48 хувь нь зүүн талдаа хүрдний байрлалтай гэсэн судалгаа бий. Иймд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах, насжилт өндөртэй тээврийн хэрэгсэлд хяналт тавих танилцуулга хийсэн удаатай. Тухайн үед иргэд түүнийн танилцуулгыг иргэд эсэргүүцсэн билээ. Харин тэрбээр “Баруун талдаа хүрдтэй автомашин эзэмшигчдийн эрх ашгийг хөндөхгүйгээр хэрхэн шийдэх арга замыг бид олно. Эдгээр машиныг зах зээлээс шахаж, хориглож байгаа зүйл огт биш. Үүнийг төр засаг маш сайн ойлгож байгаа. Тиймээс бодлогоор зохицуулах арга хэмжээ авна. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж эсвэл тухайн үйлдвэрлэгч оронд нь жолооны хүрдийг шилжүүлэх зэрэг асуудлыг оновчтой хувилбараар шийдэх арга замыг эрэлхийлж байгаа” гэсэн билээ. Автомашины жолооны хүрдний байрлалын асуудал урьд нь бас хөндөгдсөн удаатай. Тухайлбал, Засгийн газраас 2012 оны тавдугаар сард Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратегийг боловсруулан баталсан байдаг.  Үүнд 2015 он гэхэд буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хүрдний байрлалыг солих, гэрлийн тусгалыг өөрчлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэрийг дэмжинэ гэж тусгажээ. Ингээд буруу талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлэх үүргийг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өгч байв. Тэгэхээр таван жилийн өмнө орхигдсон энэ асуудал дахин сөхөгдөж жолооны хүрд солих бизнес цэцэглэх аятай хөрс бүрэлдэхийг хүлээж байгаа бололтой. Ямартай ч, автомашины жолооны хүрдний асуудлыг бүртгэл цэгцлэх үеэр хөндсөнгүй. Хэрэв авто машины жолооны хүрдний байрлал солих болвол иргэдийн халааснаас сая сая төгрөг гарах болно. Мөн үйлдвэрийн анхны хэв загвар өөрчлөгдөж байгаа тул нөгөө яриад байгаа осол нь буурах уу эсвэл нэмэгдэх үү гэсэн асуудал ч гарч ирэх нь гарцаагүй юм.  

0 Сэтгэгдэл
HIIH YUMAA OLJ YADSAN HEDEN ARIIN HAALGA HAHUULINII HUUHDUUD
Хамгийн их уншсан