Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ухаалаг утасны шинэ өрсөлдөгч


Б.СЭВЖИДМАА


Ирэх дөрөвдүгээр сараас “Apple” компани iPhone утсаа Энэтхэгт үйлдвэрлэхээр болсон тухай Засгийн газар нь мэдэгдсэн. Жил ирэх тусам өсөн тэлж буй Энэтхэгийн дундаж давхаргынхныг татах зорилготой гэж харж буй энэ алхмаар “Apple” компани Энэтхэгийг байлдан дагуулна гэж хараахан дүгнэж болохгүй.
Учир нь, iPhone-оор зогсохгүй бүх л ухаалаг утсанд шинэ өрсөлдөгч гарч ирээд байна. Энэ бол ухаалаг утасны илүү дэвшилтэт хувилбар биш, харин хэдэн жилийн өмнө бидний ашигладаг байсан энгийн гар утас. Ердөө л дуудлага хийдэг, зурвас илгээдэг, жирийн л “Nokia”, “Motorola”-тай ижил утас.

Ухаалаг утас хүчтэй дэлгэрснээр мартагдах дөхөөд байсан энгийн гар утасны хэрэглээ сүүлийн үед мэдэгдэхүйц өсч эхэллээ. Сүүлийн хоёр улиралд гэхэд ийм төрлийн утасны тээвэрлэлт дараалан өссөнөөс Африкт гэхэд жилийн өмнөхөөс 32 хувиар борлуулалт нь нэмэгджээ. Харин энэ хооронд ухаалаг утасны борлуулалт 5,2 хувиар буурсан байна. Энэ хандлага цаашид ч үргэлжилнэ гэж зах зээлийн шинжээчид үзэж байна. Ингэж үзэх хэд хэдэн шалтгаан байгаа юм.
Мэдээж хэрэг үнэ хямд байдал нь хамгийн том шалтгаан. 2016 оны сүүлчийн байдлаар дундаж ухаалаг утасны үнэ 256 ам.доллар байв. Харин энгийн гар утас 19,30 ам.доллар. Гэтэл одоо ид хөгжиж буй орнуудад хотын боловсролтой иргэд хүртэл жилдээ 10 мянган ам.доллараас дээш орлого олж чадахгүй байна. Ийм нөхцөлд 256 ам.доллар, зарим оронд түүнээс өндөр өртөгтэй зарагддаг ухаалаг утас үнэтэй хэвээр байгаа юм.  Энгийн гар утсыг сонгох өөр нэг гол шалтгаан нь цэнэгээ барих чадвар. Ухаалаг утсыг өдөр тутам, заримдаа өдөрт хэдэн ч удаа цэнэглэх шаардлагатай болдог. Гэтэл ядуу буурай орнуудад энэ нь том дутагдал болдог. Жишээлбэл, цахилгаанаар бүрэн хангагдаагүй Африкийн орнуудад дуудлага алдахгүй, ажил хэргээ алдалгүй явуулахын тулд ухаалаг утас барьсан ч давхар энгийн утастай явах ёстой болдог аж.

Нөгөө талаар энгийн утсыг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийг татах шинэ программ, үйлчилгээг ч санал болгож байна. Жишээлбэл, Хятадын iTel компани яриаг бичигт буулгадаг энгийн утас гаргасан нь бичиг үсэгт тайлагдаагүй, харааны бэрхшээлтэй хүмүүст хэрэгтэй эд болоод байна. Энэтхэгийн Zync компани гэхэд олон СИМ карт зэрэг ашигладаг гар утас гаргасан юм. Ингэснээр нэг операторын өөр хэд хэдэн дугаарыг хувийн хэрэгцээнд, албан хэрэгцээнд гэх мэтээр ашиглах боломж олгожээ. Түүнчлэн энгийн гар утсаар төлбөр төлөх, банкны шилжүүлэг хийх боломжтой болсноор заавал ухаалаг утас ашиглах шаардлагагүй болж байгаа юм. Мобайл банкны дэвшил нь санхүүгийн үйлчилгээг алхам тутамдаа авах боломжгүй алслагдсан, ядуу буурай хоёр тэрбум хүнд ач тусаа өгнө гэсэн тооцоо бий. Жишээлбэл, Кени улсад гар утасны мессэжээр мөнгөний шилжүүлэг хийдэг болсноор 19 сая хүн өдөр тутам 140 сая ам.доллараас дээш мөнгө өөр хоорондоо шилжүүлдэг болсон байна. Гол нь үүнд ямар ч ухаалаг утасны хэрэгцээ байхгүй юм. Хамгийн хямд энгийн гар утсаар шаардлагатай хэрэгцээг хангаж болж байгаа учраас үүрэн телефоны цаашдын хөгжлийг ганцхан Цахиурын хөндийд,Сөүлд тодорхойлно гэж бодох нь эндүүрэл болох ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан