Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Дамба-Очир: “Эрдэнэт” 100 хувь төрийн мэдэлд шилжихээр боллоо


Б.БИЛГҮҮН


Лхагва гарагийн орой УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдсан бололтой. Албан ёсоор хурлын тухай мэдээлэл гараагүй ч гэнэт оройн цагаар бүлгийн гишүүд зарим нэг мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсан юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир фэйсбүүк хуудастаа “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд шилжихээр боллоо” гэж бичсэн. Түүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар МАН-ын бүлэг ард түмнийхээ хүсэн хүлээсэн шийдлийг гаргалаа. Цаашид тулгарах хүндрэлийг хамтдаа давах үлдлээ” хэмээн твиттертээ бичсэн байсан ч удалгүй устгасан байлаа. Хоёр ч хүн ийм мэдээлэл өгснийг үзвэл МАН-ын бүлэг 49 хувийн худалдан авах ажиллагааг шалгаад төрд шилжүүлж авахаар шийдсэн болж таарлаа. Гэхдээ УИХ-ын Хуульзүйн байнгын хороо эцэслэн шийдээгүй тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах боломжгүй байгаа.

Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг удаа дараа илэрхийлсэн байр суурь хэвээрээ гэсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд тус бүлгийн дарга С.Эрдэнэ ““Стандарт” банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан байдаг. Англи улс дахь Олон улсын арбитрын шүүх нөгөө талд шийдвэрээ гаргаж, холбогдох бичиг баримт нь ирсэн. Өнгөрсөн хугацаанд шахааны бизнес, улстөрчид, улс төрийн намууд “Эрдэнэт”-ээс санхүүждэг байсан худал үнэн яриа бий. Тиймээс 49 хувь гэж таллаж шалгалгүй 51 хувийг ч гэсэн шалгах ёстой. Төрийн 51 хувийг шалгах ажлын хэсэг Хуульзүйн байнгын хороонд хүргүүлсэн. Нухацтай, хариуцлагатай хандъя гэж бид хэлж байгаа. Ажлын хэсэгт ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс ч байна. Хуульзүйн байнгын хорооноос бус УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж шалгах ёстой. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан асуудлыг шалгахыг бид эсэргүүцсэн юм биш 51 хувийг ажлын хэсэг яагаад ярихгүй байна вэ. Улс төржиж болно. Шударга байя” гэсэн.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг намрын чуулган хаагдахаас өмнө хэлэлцэх хэрэгтэйг хэлсэн. Уг асуудлыг УИХ-аар хэлэлцэхийг УИХ-ын даргын хувьд татгалзах зүйлгүй гэж өчигдөр чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн юм. Харин ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх Хуульзүйн байнгын хорооны хуралдааныг өчигдөр товлосон боловч өнөөдөр болтол хойшлуулахаар шийдсэн. Тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж буй компанийн төлөөлөл хуралд оролцох байсан ч хөдөө яваа тул хойшлуулах хүсэлтээ илгээжээ.

МАН-ын бүлгийн шийдвэрийг албан ёсоор баталгаажуулж эсвэл үгүйсгээгүй ч зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн ордонд бус амралтын байдалтайгаар үүнийг шийдсэн байж магадгүй гэж мэдээлсэн удаатай. Сайд нар УИХ-ын гишүүдтэй Тэрэлжид уулзаж цаг үеийн чухал асуудлаар ярилцсан гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа Д.Дамба-Очир гишүүн дурдсан байв. Тэгэхээр өнөөдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдааны дараа чуулганы хуралдаанд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан асуудалд хийсэн шалгалтын дүнг хэлэлцээд төрд буцаан авах нь зөв хэмээн шийдээд намрын чуулганаа хааж мэдэх нь.   


0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан