Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт”-ийг буцаасан тогтоол ба тайлбар


Б.БИЛГҮҮН


Уулын баяжуулах “Эрдэнэт” болон “Монголросцветмет” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын төрийн өмчийн “Ростех” компанийн хувьцааг Худалдаа хөгжлийн банкны төлөөний компани гэгдэж буй “Mongolian copper corporation” (“Монголын зэс корпораци” компани) 400 сая ам.доллараар худалдаж авсан.
Гэвч, Ч.Сайханбилэгийн Засгийн газар 49 хувийн хувьцааг худалдаж авах давуу эрхээсээ татгалзаж, “Mongolian copper corporation” компанид давуу байдал бий болгосон нь хууль зөрчсөн асуудал байж болзошгүй гэх үндэслэлээр УИХ-ын дарга М.Энхболд захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан билээ. Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы баасан гараг (2017.02.10)-ийн хуралдаанаар хэлэлцэж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах ёстой гэж чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 80.3 хувь нь үзлээ.
Ингээд дараах байдлаар тогтоолын төсөл баталж, арга хэмжээ авахаар болов.

УИХ-ЫН ТОГТООЛ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн 45-р зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их хурлын тухай 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг тус, тус үндэслэн Монгол Улсын Их хурлаас тогтоох нь:

1.    Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6.7 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн  тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааны тухай, Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг зөрчиж, эдгээр аж ахуйн нэгжийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах төрийн давуу эрхэнд хууль бусаар халдсан байх тул Монгол Улсын Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн “Эрдэнэт” үйлдвэр ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

2.    ОХУ-ын Засгийн газрын эзэмш­лээс “Mongolian copper corporation” ХХК-д шилжсэн “Эрдэнэт” үйлдвэр ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүйн байнгын хороо (Ш.Раднаасэд), Монгол Улсын Засгийн газар (Ж.Эрдэнэбат)-т даалгасугай.

3.    “Эрдэнэт” үйлдвэр ХХК болон “Мон­голросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг Хууль зүйн байнгын хороо (Ш.Раднаасэд), Монгол Улсын Засгийн газар (Ж.Эрдэнэбат)-т даалгасугай.

4.    Хууль тогтоомж удаа дараа зөрч­сөн Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар (Ж.Эрдэнэбат), Монголбанк (Н.Баяртсайхан) нарт даалгасугай.

Хүчингүй болгосон тогтоол гэдэг нь юу вэ

ОХУ-ын “Ростех” улсын корпораци ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт” болон “Монголросцветмет” үйлдвэрийн эзэмшиж байгаа 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсад бүртгэлтэй  дотоодын хөрөнгө оруулалттай “Mongolian copper corporation” компанид худалдах асуудлыг манай улсын Засгийн газарт “РТ7-5790” тоот албан бичгээр ирүүлсэн юм. Энэ асуудлыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны зургадугаар сарын 13-ны өдөр хэлэлцсэн юм.
Ингээд “Эрдэнэт” болон “Монголросцветмет” нэгдэлд эзэмшиж байгаа 49 хувийн энгийн хувьцаагаа Монгол Улсын хуулийн этгээд “Mongolian copper corporation” компанид худалдах тухай Оросын Холбооны Улсын “Ростех” улсын корпорацийн 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн “РТ-5790” тоот албан бичгээр ирүүлсэн саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байдаг.

Ингэснээр Монгол болон ОХУ-ын Засгийн газар хоорондын 2007 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийн 18-р дугаар зүйлд тусгасны дагуу хэлэлцээр хүчингүй болсон юм. Өөрөөр хэлбэл, аль нэг тал нь гуравдагч этгээдэд хувьцаагаа бүхлээр нь буюу хэсэгчлэн худалдах эрхтэй байдаг. Энэ тохиолдолд нөгөө тал нь худалдан авах давуу эрхтэй. Хэрвээ энэ давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд худалдагдаж, дээрх Засгийн газар хоорондын гэрээ хүчингүй болох заалт үйлчилсэн юм.

Гэвч, УИХ-ын гишүүд өмнөх Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосноор Монголын төр “Эрдэнэт” болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах давуу эрхээсээ татгалзаагүй болж байна гэсэн үг юм.

“Mongolian copper corporation” “Эрдэнэт”-ийг авсан 400 сая ам.долларыг Засгийн газраас авахаар болж байна

“Mongolian copper corporation” компани нь “Эрдэнэт” болон “Монголросцветмет” үйлдвэрийн 49 хувийг худалдан авахдаа 400 сая ам.долларыг гурав хуваан шилжүүлсэн. Одоо нэгэнт Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгосон тул хувийн компанийн зарцуулсан хөрөнгийг Засгийн газар гаргах шаардлагатай болж байгаа. Гэсэн ч “Mongolian copper corporation” хөрөнгө босгохдоо хууль зөрчсөн байж болзошгүй гэх хэд, хэдэн үндэслэл байгаа нь Засгийн газар 400 сая ам.долларыг тус компани руу маргаангүйгээр шилжүүлнэ гэсэн үг биш юм.

Тухайлбал, энэ мөнгийг босгохдоо:

112 тэрбум төгрөгийг - “Mongolian copper corporation” компани Улаанбаатар дахь дүрмийн сангийн ил тод болгосон хөрөнгө нэрээр гаргажээ.
62.9 сая ам.доллар – Энэ мөнгийг “QSC” компаниас зээлжээ. Энэ компани нь 2014 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмших гэрээг байгуулж байсан тухай мэдээлэл байна.
70 сая ам.доллар – “Riverstone properties” компаниас зээлсэн.
70 сая ам.доллар – “United energy system” компаниас зээлсэн.
68 сая ам.доллар –  “Канатик” компаниас зээлсэн.
75 сая ам.доллар – Худалдаа хөгжлийн банкнаас “Mongolian copper corporation” компани зээлсэн. Ингэж мөнгө босгон, “Ростех” компаниас “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авчээ.

Гэвч, нэр бүхий дөрвөн компани нь “Mongolian copper corporation” компанид мөнгө зээлсэн гэж байгаа ч тэдгээр нь Худалдаа хөгжлийн банкнаас мөнгө зээлсэн байна. Жишээ нь, “United energy system” компани 2016 оны зургадугаар сарын 20-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 70 сая ам.доллар зээлжээ. Мөн энэ өдөр “Канатик” нь Худалдаа хөгжлийн банкнаас 68 сая ам.доллар зээлсэн баримт бий. Зээлийг хэрхэн авсан талаар тодорхой баримтуудыг цуглуулсан ч мөн л сэжигтэй байх магадлалтай хэд, хэдэн зүйлс байгаа гэж үзсэн юм.

Тухайлбал, зэс худалдан авах гэрээ, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц зэргийг барьцаалжээ. Мөн огт байхгүй зүйлийг зээлийн барьцаанд тавьсан байна. Банк 12 төрлийн, зургаан чиглэлийн санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг ч эдгээрт багтаагүй арилжааны бизнес эрхэлж банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэж ажлын хэсэг үзлээ.

Үүнээс гадна, Худалдаа хөгжлийн банк нь 745 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, 50 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, хувьцааны 93 хувийг Д.Эрдэнэбилэг эзэмшдэг. Гэтэл Банкны тухай хуулийн 17.3.-т “Банкнаас холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын дээд хэмжээ нь банкны өөрийн хөрөнгийн таван хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас тус тус хэтэрч болохгүй бөгөөд ийнхүү олгохдоо дараахь шаардлагыг баримтална” гэж заасан байдаг. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан мөнгө 400 сая ам.доллар байгаа нь хуульд заасан 20 хувийн босго давж байгаа юм.

Хэдийгээр нэг компанид олгосон зээл 20 хувийн босгийг давахгүй байгаа ч 400 сая ам.доллар буюу ойролцоогоор 900 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргахын тулд Худалдаа хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч болон түүний удирдлагын шууд удирдлагад ажилладаг ажилтнуудын байгуулсан компаниудад хуваан зээл олгож, тэдгээр нь зээлсэн мөнгөө “Mongolian copper corporation” компанид шилжүүлсэн нь Банкны тухай хуулийг зөрчөөгүй гэх “халхавч” болсон байж болзошгүй гэж УИХ-ын гишүүд үзсэн юм.

Хэрвээ, дээрх асуудлыг нарийн шалгаж, 400 сая ам.долларын санхүүгийн эх үүсвэрийг “халхавчаар бий болгосон” гэж үзвэл хувьцааны худалдан авалтад оролцсон, нэр дурдагдсан компаниуд санхүүгийн эрсдэлд орох юм. Гэхдээ одоогоор төрийн байгууллагуудын Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс “Mongolian copper corporation” компанийн 400 сая ам.долларыг барагдуулах боломжтой гэж үзэж байгаа юм.

Зөрчигдсөн гэх хуулийн үндэслэлүүд:

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 25 зүйлийн 1.15-ыг зөрчсөн гэж үзсэн байна. Энэ нь, “Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах” эрх нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарна гэх заалт юм.

Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, Монгол Улс олон улсын гэрээнд нэгдэн орох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заажээ. Энэ заалтыг Засгийн газар зөрчсөн гэж үзэж байна.

Гуравдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн наймдугаар зүйлийн 1.1-т “УИХ бүх ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байх” бүрэн эрхтэй гэснийг зөрчжээ. Мөн компанийн тухай хуулийн “2.6.Энэ хуулийн 2.5-д заасны дагуу үүссэн төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их Хурал, ...байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар болно...” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт” болон “Монголросцветмет” үйлдвэрийн 49 хувийг төр өөрөө эзэмших уу, эсвэл хувийн компанид эзэмшүүлэх үү, гэдгийг өмчлөгчийн хувьд УИХ шийдэх ёстой байсан үзэж байгаа юм.

Дөрөвдүгээрт, “Эрдэнэт” болон “Монголросцветмет” үйлдвэр нь Монгол болон ОХУ-ын Засгийн газар хоорондын байгуулсан хэлэлцээр бий. Үүнд, хэлэлцэн тохирох талууд хэлэлцээрийн 17 дугаар зүйд заасны дагуу “Аль нэг тал нь өөрийн хөрөнгө дэх хувь хөрөнгөө зохих журмын дагуу нөгөө хэлэлцэн тохирогч талтайгаа зөвшилцсөнөөр бусад хуулийн этгээдэд худалдах болно. Энэ тохиолдолд хэлэлцэн тохирогч тал нь нөгөө талдаа худалдан авах давуу эрхтэй байна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх заалтын дагуу ОХУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хооронд зөвшилцөл явагдах ёстой гэж үзжээ. Гэтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар ОХУ-ын “Ростех” компанийн явуулсан албан бичгийг үндэслэн асуудлыг хэлэлцсэн нь хэлэлцээрийн заалтыг зөрчсөн гэж үзлээ.

Тавдугаарт, “Эрдэнэт” болон “Монголросцветмет” үйлдвэрийн 49 хувиас татгалзсан Засгийн газрын 330 дугаар тогтоолыг гаргасан нь Засгийн газрын тухай хуулийн “Засгийн газрын хуралдаан” бүлгийн заалтыг хэтрүүлсэн, өөрийн дэгийг зөрчсөн гэж үзжээ.

Зургадугаарт,
Тодорхой стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт “Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ашиглаж байгаа Эрдэнэтийн зэс, молибдены ордын одоогийн ашиглаж байгаа нөхцөлийг хэвээр нь хадгалах зүйтэй” гэсэн заалт хүчин төгөлдөр байхад Засгийн газар дээрх заалтыг зөрчиж, тогтоол гаргасан гэж тус, тус үзжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
“Эрдэнэт”-ийн асуудлыг МАН-ынхан бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн эхний өдрөө хэлэлцэх ёстой гэж хэлсэн. Гэтэл долоон сарын дараа ярьж, Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргах гэж байна. Би нээлттэй сонсгол хийх хэрэгтэй гэсэн ч хийгээгүй. Хуул дүрэм зөрчсөн юм бол хууль, хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.
“Эрдэнэт” үйлдвэр анх 1978 нээлтээ хийж байсан. Тухайн үед үйлдвэрийг бүрэн хүчин чадлаараа 30 жил ажиллана гэж тооцож байсан. Гэтэл өнөөдөр 39 дэх жилдээ ажиллаж байна. Ийм хугацаанд ажилласан учраас тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт маш их шаардаж байгаа. Одоо өмнөх шигээ ажиллахын тулд ойролцоогоор хагас тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байна. Есөн жил илүү ажилласан учраас энэ үйлдвэрийн хаалт, хөгжлийн талаар ярилцах ёстой. Ойрын 10-аад жил энэ үйлдвэр өр зээлээ төлөөд цааш хэрхэн ажиллах вэ, гэдгийг ярих ёстой.

“Эрдэнэт” тарган, чадалтай саалийн үнээ явсан цаг үе бий. Гэхдээ одоо бол эмчилгээ, тэжээлийн цагт очсон. Хөгширсөн учраас энэ үйлдвэрт дэмжлэг хэрэгтэй. Ачааны хүндийг үүрч явсан энэ үйлдвэрийн эрдэс, баялаг дуусахаар хувь заяагаа холбосон 100 мянган хүний аж, амьдрал яах вэ, гэдгийг бодолцох ёстой. “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг Шилэн болгох хэрэгтэй. Харамсалтай нь энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа. Хуулийг сонгож, хэрэгжүүлж байна. Нийт албан тушаалтнуудын 60 хувь нь Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа шүү.
Тиймээс энэ үйлдвэрийн худалдан авалтыг бид шилэн болгох ёстой. Хаанаас ямар үйлдвэрээс худалдан авалт хийж байна, гэдгийг хүн бүр харж чаддаг болох ёстой. Энэ үйлдвэрт жил бүр аудит оруулах ёстой гэж бид шаардах ёстой. Хаалт, хөгжлийн асуудлаар бодлого оруулж ир гэж шаардах ёстой юм. Цэс хайлуулах үйлдвэрийг нь байгуулах ёстой. Баялаг нь дуусаад ирэхэд дахин өөр нэг үйлдвэртэй болсон байх ёстой. Өнөөдөр бид энэ асуудлаар ярилцах хэрэгтэй.
Парламентаас гарч байгаа шийдвэрийг та нарын үгээр дэлхий хүлээж авахгүй. Дотроо маш гоё, гоё үндэслэл ярьж, уран цэцэг үг хэлж байгаа ч дэлхий ингэж хүлээж авахгүй. Дэлхий нийт Монголын эрх баригчид хувийн өмчийг нийгэмчиллээ л гэж хэлнэ. Энэ шийдвэр гарснаар Монголын нэр рүү хоёр сая гаруй довтолно. Хамгийн муу нэрээр бичнэ. Монголын коммунистууд гэж бичнэ. Ард нь иргэд л хохирно.

Хүний нутагт явж байсан агтаа аваад ирсэн. Гэтэл та нар булааж авч байгаа юм уу. Дээр үеийн нэгдэлч хөдөлгөөн гэдэг шиг. Энэ чинь шууд эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ болж хувирна. Өөрийнхөө иргэдий бизнесийг булааж авч байгаа улс хүний бизнесийг хайрлах уу, иргэнийхээ бизнесийг булаадаг төр хүний бизнесийг хайрлах уу, Монгол Улсын иргэнийг Эрээний ченжээс ч дорд үзэж байна. Ийм байдлаар бид явах уу?

Нэг хүний толгойд буруу бодол орж ирж болно. Гэхдээ тэр монголын төрийн шийдвэр болох ёсгүй. Дөрвөн заалттай тогтоол гарч, Засгийн газрыг хэрэгжүүл гэж байна. Гэвч, дараа нь Засгийн газрыг хэрэгжүүлсэнгүй гэж чичилнэ. Энэ бол нууц биш. Энэ 49 хувиар дамжиж Засгийн газарт суух л гэсэн алхам. Ингэж л эрх баригчид балардаг. Ингэж Засгийн эрх барьж хүмүүс сөрөг хүчин болдог. Ийм л шалтгаан байгаа. Түүнээс шударга ёс тогтоох гэж байгаа юм биш.
Хэрвээ, Засгийн газар хууль зөрчсөн бол Үндсэн хуулийн цэц шийдвэрлэх ёстой. УИХ хууль зөрчсөн эсэхийг шийддэг, хэлдэг газар биш. Өмнө нь иймэрхүү асуудал яригдаж байхад УИХ шүүх биш ээ, гээд асуудлыг буцаадаг байсан. Эхнээсээ атаархал, улс төр байсан. Нэг төрлийн бизнес хийх гэж оролдож байгаа л явдал. Түүнээс Монголоо бодсон, шударга ёсыг бодсон зүйл ганцхан ч байхгүй.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
Ийм асуудал хэлэлцэж байгаад үнэхээр их харамсч байна. Энэ бол улс төрөөр ял тогтоож, бусдын өмчийг төр дээрэмдэж байгаа хэрэг. Тухайн үеийн Засгийн газар ямар ч хууль зөрчөөгүй. Аж үйлдвэрийн сайдын хувьд энэ үйлдвэрийн асуудлыг УИХ-д танилцуулах үүрэг нь надад оногдсон. Засгийн газрын энэ тогтоол зургадугаар сарын 13-нд гарсан. Сонгууль мөн зургадугаар сарын 11-ний өдөр эхэлсэн. Үүний өмнө чуулган завсарласан. Үүнийг хэлэлцэх боломжгүй байсан гэдгийг хаа хаана мэдэж байгаа. Энэ асуудал дээр би өөрийн байр сууриа хатуу хамгаална. Тухайн үед УИХ-ын чуулган хуралдсан бол би асуудлаа оруулаад явах байсан гэдгийг хэлмээр байна. Харин өнөөдрийн явж байгаа процедур эсрэгээрээ явж байгаа. Уг нь хоёр улсын соёрхон баталсан хэлэлцээрийг хүчингүй болгох тухай хэлэлцэж байж дараа нь Засгийн газар бүрэн эрхийн дагуу хийх ёстой байсан. Гэвч, бид өөрсдийнхээ том бизнесийг дэмжих ёстой.
Өнөөдөр та нар намайг яллаж болно. Нэг хүн яллахад энэ улсад хохироод байх зүйл байхгүй. Харин ирээдүйд Монгол Улсын эдийн засгийн хөгжил хэн хувь нэмэр оруулах юм бэ. Төрд итгэж гаднынхантай худалдаа наймаа хийж, үйлдвэр оруулж ирэх хүн байх юм уу. Энэ нь эдийн засгийн асар том эрсдэлийг авчрах юм биш биз дээ гэж л би санаа зовж байна. Ялламаар байгаа бол намайг яллаарай. Хувийн өмчийг хамгаалахын төлөө би байдгаараа байна.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:
Миний аав “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Энэ үйлдвэрийн 51 хувь Монголын талд ирэхэд гар бие оролцож, гадагш гардаг байсан. валютын урсгалын Монгол руу татаж, 1990-ээд оны эдийн засгийн хүндрэлтэй үеийг “Эрдэнэт” үйлдвэр дангаараа үүрч гарсан. Тэр үед улсын өмчийг хувьчилж байхад 15 үйлдвэрийн газар байгуулж, хөл дээр босгож байсан.
1998 онд одоогийн Дубайн гэрээг шийдсэн эрх баригчид үйлдвэрийн үүд, хаалгыг нь эвдэж, дайрч орж байсан. Харин дараа нь энэ үйлдвэрийн 49 хувийг авлаа гэхэд нь 19 жилийн дараа зорьсондоо хүрчээ л гэж дүгнэсэн. Хувийн хэвшил “Эрдэнэт”-ийг авах нь буруу биш. Гэхдээ хууль зөрчсөн үйлдэл байж болохгүй. “Эрдэнэт” бол жижигхэн асуудал биш шүү дээ. Тиймээс тухайн үеийн төрийн удирдлагуудтай хариуцлага тооцох ёстой. Энэ худалдаанд улсын мөнгө орсон уу гэдгийг мэдэхгүй ч улс төрийн өнцгөөс харахад хэдхэн хүн олон жилийн турш хамтдаа, энэ асуудлыг гүйцэтгэсэн гэж харж байна.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ:
2016 оын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар авах ёстой арга хэмжээгээ авч байгаа. Энэ дагуу УИХ-аас гарч ажилласан ажлын хэсэг сайн ажилласан. Улс орны эрх ашигтай холбоотой том асуудлыг хэлэлцэж байгаа нь зөв. Дүгнэлтийг харахад 49 хувийг худалдаж авах ажиллагаа нь 2-3 жилийн өмнөөс дэм дараатай бэлтгэгдсэн гэж харагдахаар байгаа. Хамгийн түрүүнд Төрийн өмчийн хороог татан буулгаж, төрийн өмчийг эзэнгүй болгох нөхцөлийг бүрдүүлж, дараа дараагийн үйл ажиллагааг явуулсан гэж харагдахаар байна. Бүр харамсалтай нь Ч.Сайханбилэг Дубайд очоод Оюутолгойн гэрээг ашиггүй байдлаар шийдэж ирсэн. Юмыг бага дээр нь таслан зогсоож чадсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг оруулж байсан эрх барьж байсан тухай үеийн эвсэл хаацайлаад авч үлдсэн. Дүгнэлтээс үзэх юм бол хууль зөрчсөн нь маш тодорхой байгаа тул Монголын талд авах ёстой гэж үзэж байгаа.

0 Сэтгэгдэл
Эрдэнэтийн 49 хувийг хууль зорчиж, хулгай хийж авсан нохдуудээс тор омч оо буцааж авсан нь МАШ ЗОВ ШИЙДВЭР тул УИХ-ын эрхэм гишуудэд, тэр дундаа МАН-аас УИХ-д сонгогдсон УИХ-ын 65 гишуунд талархал илэрхийлье. Харин АН-ын нохдууд ээ. Та нар чинь НЭГ ХУНД Эрдэнэтийнхээ 49 хувийг авч огохийн тулд УЛАЙРАН ЗУТГЭЭД Л, УЛМААР ЭНЭ ОЛОН АРВАН ЖУРАМЫН НОХДИЙНХОО, ОЛОН ЖИЛИЙН ХУЧ ХОДОЛМОРООР БИЙ БОЛСОН "ШУДАРГА ЕС, ХУУЛЬ ДЭЭДЛЭХ УЗЭЛ, УНЭТ ЗУЙЛЭЭ УСТГАЖ, АРДЧИЛСАН НАМАА ЗОЛИОСЛОХ АЖИЛ ХИЙГЭЭД Л БАЙНА УУ? ДААНА Ч ДЭЭ. Наад АН-ыг чинь торийн эрхийг барих хэмжээнд очих хуртэл нь миний бие хувь нэмэр ээ оруулж байсан юм шуу. Энэ бусармаг уйлдлийг АН-аар дамжиж ТОРИЙН ОНДОРЛОГТ ХУРСЭН ХЭДХЭН ХУН Л ХИЙГЭЭД БАЙГААГ МОНГОЛЧУУД БУГД МЭДЭЖ БАЙГАА БАЙХ ШУУ. Ер нь АН нь одоогийн НАМЫН ТОЛГОЙД БАЙГАА ХЭДХЭН ХУНИЙ ХУЛГАЙ ДЭЭРЭМ, ХУУЛЬ БУС УЙЛДЛИЙГ ХАМГААЛДАГ ХЭРЭГСЭЛ НЬ БОЛЖ ХУВИРСАН ЮМ УУ? АРАЙ Ч УГУЙ БАЙЛГУЙ ДЭЭ ДУУ НАР МИНЬ. Унэнийг хэлэхэд манай АН-аас Еронхийлогчоос сонгогдсон Ц.Элбэгдорж, Еронхий сайд болсон Ч.Сайханбилэг тэргуутэй хэдхэн нохдууд зохион байгуулалттайгаар “Хулгай хийсэн” л юм байна шуу дээ. Тэгээд энэ хулгайчуудыг АН-ын гишуун бид нар хамгаалах естой юм уу? Хэрэв тэр хулгайчуудыг УЛС ТОРЖУУЛЖ, ХУУЛЬ ЖУРМЫГ ЗОРЧИЖ ХАМГААЛАХ ЮМ БОЛ АРДЧИЛСАН НАМ ОЛНЫ ИТГЭЛ АЛДАЖ, БУХЭЛ БУТЭН НАМААРАА ХУЛГАЙЧ БОЛЖ ХУВИРНА БИЗДЭЭ. Энэ уед АН нь унэн чанартаа байхгуй болно шуу дээ шуу дээ. АН-ын анхны гишууд, дэмжигчид бид уунийг хэзээ ч хусэхгуй байгаа шуу дээ. Хулгай хийж, гэмт хэрэг хийсэн нохдууд хуулийн хариуцлага хулээх нь жам есны асуудал шуудээ. ОДОО БОЛЬЕ ДОО, ЖУРМЫН НОХОД МИНЬ. Энэ янзаар бол манай АН нь ШИНЭЧЛЭГДЭЖ ЧАДАХГУЙ НЬ ТОДОРХОЙ ЮМ БАЙНА. Та бухнийг ихээхэн СОЛИОРООД БАЙВАЛ АН-ыг ТАРЖ, БУТАРТАЛ НЬ УЛС ТОР ХИЙНЭ ШУУ.
Хамгийн их уншсан