Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөрөөдлөө эзэмдэгч


Б.ЦЭДЭВСҮРЭН


Хүн бүхэн л өөртөө оргилыг бий болгож, түүндээ тэмүүлэн амьдардаг аж. Гэхдээ тэр оргилоо мөрөөдөж бэлд нь хэвтсээр дуусдаг нэгэн байхад, анх тэмүүлсэн оргилдоо хүрээд дахин өндөр оргил өөд тэмүүлж, мөрөөдлөөсөө илүү амьдрах нэгэн байх. Хүн бүрийн оргил адилгүйн адил уул бүрийн оргил ондоо. Мөн уул бүрийн ааш, аяг өөр биз ээ. Монголын уулын бартаат түүхийг бас л оргилд нь хүртэл бичиж яваа нэгэн бий. Мэдээж тэр бол дэлхийн өндөр оргил бүхний түүхийг анх удаа монголоор бичсэн Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр.
2005 онд монгол хүн анх удаа дэлхийн ноён оргил Эверестэд хөл тавив. Уулчин аавын хүү хар багын мөрөөдлөө биелүүлж, монголынхоо төрийн далбааг дэлхийн дээвэрт мандуулсан нь энэ байв. Тэрээр энэхүү амжилтаа дахин нэг удаа баталсан түүхтэй. “Гарч үзээгүй уул бүхэн миний мөрөөдөл” хэмээн нэгэнтээ ярьсан түүний ойрын зорилт нь Seven summit буюу дэлхийн долоон тивийн ноён оргилыг эзлэх. Тэрээр бэртлийн улмаас уулын авиралтаа түр хойш тавиад байсан ч энэ сарын 10-нд Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа /6962 м/ оргилд гарснаар зорилгодоо нэг нүүдэлээр ойртов. Энэ зөвхөн түүний зорилго төдийгүй, уулчдын бахархал, монголчуудын хувьд баярт үйл явдал байв. Гэвч тэрхүү баярт үйл явдал К2 уулыг зорих хатуу мэдээний эхлэл байв. Андийн нуруунд хийсэн энэхүү түүхт авиралтаа Г.Өсөхбаяр “Алуурчин уул руу явах өндрийн бэлтгэл” хэмээлээ. Энэ бол мэргэжлийн уулчин хүний олон жил бодож, бэлтгэж, өөртөө өчүүхэн ч эргэлзээ үлдээгүй үедээ гаргаж тавих шийдвэр юм.

Учир нь олон аймшигт түүх, хүн байгалийн тэмцлийн гэрч болж ирсэн ч сүр хүчит К2 бол мэргэжлийн уулчдын мөрөөдлийн оргил юм. Эверестийн оргилд гарч, жинхэнэ уулчдын эрэмбэд хүрсэн ямар ч уулчин К2-ыг зүүдэлж эхэлдэг “бичигдээгүй хууль” уулчдын дунд бий. К2 өндрөөрөө Эверестийн дор бичигдэх ч оргилд хүрэх замын бартаа, саад хамаагүй хүнд гэдэг. Пакистаны нутаг дэвсгэр, Каракарум нуруунд орших К2 оргилыг уулчид “Алуурчин” уул гэдэг. Догшин, сүрлэг энэ оргил Хятад, Пакистаны хилийн заагт, далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршино. Дэлхийн ноён оргил Эверест /8850м/-ээс даруй 239 метрээр бага ч уулчдын хувьд К2-т авирах нь Эверестэд авирахаас хэд дахин илүү эрсдэлтэй гэж ярьдаг. Олон шилдэг уулчныг гэрт нь буцаагаагүй догшин ууланд зарим жилүүдэд нэг ч хүн оргилд нь гарч чадаагүй тохиолдол бий. Эверестэд авирсан уулчдын таван хувь нь осолдож, амь насаа алддаг гэсэн жилийн дундаж үзүүлэлт байдаг бол K2 оргилыг зорьсон уулчдын 25 хувьд нь энэ харамсалтай зүйл тохиолддог гэх. Дөрвөн уулчин тутмын нэг нь тэндээ төгсдөг гэхээр ямар бэрх даваа болох нь харагдана. Эверестийн оргилыг эзэлсэн уулчдын тоо 5600 хол давсан бол К2-ын оргилд тугаа ман­дуулсан уулчин ердөө 306.

Уулчин Г.Өсөхбаяр К2-ыг зорьж буй Монголын хоёр дахь уулчин болно. Өмнө нь 2013 оны долдугаар сард Гавьяат тамирчин Б.Гангаамаа К2-ыг зорьсон ч түүний багийнхан 7000 метрийн өндөрт хүрээд, авиралтаа зогсоосон юм. Б.Гангаамааг К2-ыг зорих үед тэдний багийнхан тухайн жилд оргил руу дайралт хийсэн 14 дэх экспедици болж очсон ч өмнөх 13 багийн адил байгалийн давагдашгүй бэрхшээлд бууж өгөөд, буцахаас өөр арга байгаагүй гэдэг. Энэ удаа уулчин Г.Өсөхбаяр хэрийн хүнийг зулайдаа гаргадаггүй К2 оргилыг зорьж байна. Тэр энэ уулын ааш аягийг олж, өөрийгөө болон байгалийн өөдөөс сөрж чадна гэдэгт монгол хүн бүхэн итгэж, амьсгаа даран хүлээж суух болно.

Уулчдын шүтээн, домогт уулчин Анатолий Букреев “Том уулс бол цас, мөс, хад, тэнгэр, сийрэг агаар гээд тэс өөр ертөнц. Чи тэднийг ялан дийлж, эзэлж чадахгүй. Зөвхөн хэмжигдсэн өндөрт нь богино хугацаанд байх боломжтой бөгөөд үүний төлөө тэд чамаас маш их зүйлийг шаардана. Тэмцэл бол спортод байдаг шиг өрсөлдөөн эсвэл дайсагнал бус харин сул талтайгаа, өөртэйгөө тэмцэх явдал юм. Энэ тэмцэл зүрх сэтгэлийг минь татсан учир би уулчин болсон” хэмээн хэлсэн байдаг. Уулчин Г.Өсөхбаяр “дэлхийд монголоос анх удаа” гэх уулын олон амжилтыг эзэмшдэг, энэ түү­хийг бүтээж чадсан учир өөрийгөө таниж, өөрийнхөө сул талыг гадарладаг болсон нэгэн.

Америкийн уулчин John Krakeur Эверестэд болсон нэгэн аймшигт ослын дараа ном бичжээ. Амьд үлдсэнийхээ дараа бичсэн тэр номондоо “Дэлхийн хамгийн онгироо, зоригтой, тэнэг хүмүүсийн цугларалт Эверестэд болдог юм байна. Гэхдээ тэр хүмүүсийг харж байгаадаа би үнэхээр баяртай байна” гэж бичсэн гэдэг. Харин уулчин Г.Өсөхбаяр нэгэн ярилцлагадаа “Энэ дэлхийн хамгийн сагсуу, онгироо хамгийн бүдүүлэг, хамгийн эр зоригтой хүмүүс Эверестэд  цугладаг.  Анх очиж байхдаа би тэр онгироо сагсуу хүмүүсийг шүтдэг байсан бол хоёр дахиа очихдоо тэндэхийн “хэлээр нь” л тэдэнтэйгээ ярьдаг болсон байсан” гэж ярьсан байдаг. Тэр тийм л нэгэн онгироо, сагсуу бас хамгийн зоригтой нэгэн учраас энэ удаа К2-ыг зорьж байгаа юм.

Мөн тэрээр нэг  удаа “Миний нэг уулчин найз “Хэрвээ Эверест дахиад хоёр метрээр л илүү өндөр байсан бол хүн төрөлхтөн очиж чадахгүй байсан байх. Хүн төрөлхтөнд хүч чадал, тэсвэр тэвчээрийн ямар л хэмжээ байдаг юм тэр нь Эверестийн оройд гарахад дуусдаг” гэж ярьж байсан юм. Үнэхээр хүнээс гарах тэвчээр хатуужил, хүч чадлын дээд хязгаар юм уу даа”  гэж. Тэр ингэж л явж Эверестэд анх бидний мөрийг тамгалсан юм.    Эверестийн дараа тэр Аляскийн ноён оргил Маккенлид авирсан. Энэ бол супер амжилт хийдэг, ууланд дархлагддаг оргил. Өөрөөр хэлбэл Эверестийг мэргэжлийн уулчин л юм бол хийх ёстой рекорд нь гэж үздэг бол Маккенлид гарсан уулчинтай олон юм ярих хэрэггүй болдог аж. Тийм ч учраас тэрээр “Би Маккенлид гарснаараа хамгийн их сагсуурдаг ш дээ” гэж нэг л удаа инээд алдан хэлсэн байдаг. Маккенлид гарах гарахдаа хамгийн хүнд зам буюу West Rib-гэдэг замыг нь сонгож авч манай хүн ямар “галзуу амьтан” болохоо үзүүлсэн гэдэг. Чингээд зогсохгүй Африк тивийн ноён оргил  Килиманжарод бас л анх удаа авирсан монгол хүн. Нар уул хоёрыг шүтдэг африкчуудын  шүтээн дээр нь гарч нар мандахыг харсан. Нар оргил хоёрыг хоёуланг нь “эзлээд” ирсэн хэрэг.

2013 онд зөвхөн урд зүгт л байдаг Хойд туйлын Хойд өргөргийн 90 градуст өөрийнхөө төрсөн өдрөөр очиж, өөртөө болон монголчуудад бэлэг барьж байв. Ингэж тэр онгироо, сагсуу, зоригтой нэгэн төдийгүй романтик нэгэн гэдгээ баталсан. Харин дараа нь Австрали тивийг зорьж, өөрөө төдийгүй тэнд амьдардаг монголчуудыг “уруу татаж” Костюшко оргилд гарсан байдаг. Энэхүү аяллынхаа дараа тэрээр “Би өмнө нь Хойд Америкийн ноён оргил Маккенлиа, Африкийн дээвэр Килиманжаро уулын оргил зэрэгт дандаа л ганц, хоёроороо гарч байсан. Харин энэ удаа зөндөө олон монголчуудтай гарсан. Авст­ралид амьдарч буй монголчууд хамт гарсан. Бараг 20 гаруй хүн гарсан байх. Миний хувьд энэ удаагийн авиралт үнэхээр сайхан дурсамж үлдээсэн гэдгийг хэлмээр байна. Нутаг нэгтнүүдтэйгээ, олуулаа нэг ч гэсэн тивийн оргилд гарсандаа баяртай байна. Одоо Өмнөд Америкийн Аконкагуагийн оргил, Антарктид тивийн Винсон Массиф оргилд гарах үлдээд байна” хэмээн ярьж байв.

Тэр бол оргилыг мөрөөдөгч, мөрөөдлөө эзэмдэгч аж. Түүнийг анх Эверестийн оргилд гарахаар хөрөнгө мөнгө хайж явахад ууланд авирахын утга учрыг ойлгодог, түүний мөрөөдлийг тоож сонсох хэн ч байсангүй. Тийм ч учраас түүний анхны авиралтыг орос хүн ивээн тэтгэсэн байдаг. Гэхдээ одоо монголчууд түүнийг ойлгодог, түүгээр бахархдаг, түүний мөрөөдөлд эзэмдүүлдэг, түүний араас нууцхан залбир­даг болж. Тэр энэ бүхнийг бүтээсэн. Өндөр уулын оргилд гарах бартаа саадаас, амиа ч алдаж болох эрсдэлээс айх ч завгүй зүтгэсээр энэ бүхнийг бий болгосон хэрэг. Энэ удаа ч тэр түүнийг К2-ыг зориход олон хүн сэтгэлдээ амжилт ерөөж, эрүүл саруул эргэн иртэл эрх чөлөөт, эрсдэл дүүрэн, хүний ертөнцийн бус уулын амьдралыг сонгосон тавиланд нь зовинон хүлээнэ. Харин тэр дахиад л баярт мэдээ дуулгана...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан