Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн халамж, асрамжийн газраас татгалзья


Б.МЯГМАРЖАВ


Манай улсад хүүхдийн асрамж, халамжийн 32 байгууллага үйл ажиллагаа явуулж тэнд 1060 хүүхэд хүмүүжиж байна. Үүнээс гурав нь улсын асрамжийн төв, бусад нь хувийн аж ахуйн нэгж болон олон нийтийн сайн дурын байгууллага аж. Эцэг эх нь ял эдэлж байгаа болон өнчин, асран хамгаалах хүнгүй зэрэг шалтгаанаас хүүхдүүд дээрх төвүүдийг гэрээ болгохоор ирдэг. Харамсалтай нь, асрамж халамжийн төвүүд төдийлэн сайн үйлчилгээ үзүүлж, төрсөн гэр шиг нь биш юмаа гэхэд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадахгүй байгаа юм. Мөн  манайд мөрдөгдөж буй хүүхэд хамгааллын халамжийн бодлого нь асрамжийн төвийн хүүхдүүдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй, нийгэмд ажиллаж амьдрах чадваргүй болгон хүмүүжүүлсээр байгааг судлаачид анхааруулж байна. Энэ талаар “Өнөр бүл” хүүхдийн төвийн Хүүхэд хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Г.Ойнбаяр “Манай улс халамжийн хувилбарт үйлчилгээ рүү  хурдан шилжихгүй бол халамжийн төвөөс насанд хүрсэн хүүхдүүд нийгэмд хөл нийлүүлэн ажиллах чадвар эзэмшиж чадахгүй хохирч байна. Халамж асрамжийн газрын хүүхдүүдийг төвлөрсөн үйлчилгээнээс татгалзах аль болох хувилбарт үйлчилгээг нэвтрүүлэх зарчмыг манай улс дагаж мөрдөж ажиллаасай. Халамжийн төвүүдэд амьдарч байгаа хүүхдүүд бие дааж амьдрах чадвар сул, бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлах болсон. Тухайлбал, нэг төвд 100 гаруй хүүхэд амьдардаг.  Хоол, хувцас бүгд бэлэн байгаа нь тэдэнд насан туршдаа ийм байх нь  гэсэн харалган нөхцөлийг үүсгэж  байна. Мөн ид сэтгэн бодож,  даган дуурайх насандаа дандаа бэлэнчлэх сэтгэлгээгээр амьдарч  буй нь харамсалтай. Энэ нь бие даан хоолоо ч  хийж чадахгүйд хүргэдэг. Хэдийгээр ногоо арилгаж махаа хэрчиж байгаа ч ямар дарааллаар хэрхэн хоол тухай  мэдлэг олгодоггүй. Ер нь, хүүхдүүд халамжийн төвд хүмүүжиж  байхад  бүх зүйл нь бэлэн тул хоол хийх хэрэгцээ ч байхгүй” гэдгийг тэрээр хэлсэн.

“Өнөр бүл” төвийг 1984 оноос хойш 514 хүүхэд гэр орноо болгон, хүмүүжиж насанд хүрч гарсан. Энэ хүүхдүүдээс 300 хүүхдийг сонгон боловсролын төвшин амьдрах чадварын талаархи  судалгаанд хамруулжээ. Эдгээр хүүхдийг боловсролын түвшингөөр нь үзэхэд 36 хувь нь дээд, 24 хувь нь тусгай дунд боловсролтой, 20 хувь нь бүрэн бус дунд боловсролтой бол  10 хувь нь их дээд сургууль, коллежид суралцаж байгаа гэжээ. Гэвч бараг хүн бүр их дээд сургууль төгсдөг болсон өнөө үед боловсролын түвшин асрамжийн төвүүдийг төгсөн гарч байгаа хүүхдүүдийн амьдрах чадварыг тодорхойлох үзүүлэлт болж чадахгүй. Харин гэр бүлийн хувьд 51 хувь нь гэр бүлтэй 2 хувь нь гадаад хүнтэй гэр болсон 22 хувь нь гэр бүлгүй, 5 хувь нь салсан 12 хувийнх нь мэдээлэл тодорхойгүй байгаа аж. Гэр бүлгүй гэж байгаа нь хүмүүстэй эвлэлдэн нийцэж хамтран амьдрах хүсэлгүй байж болзошгүй гэнэ. Түүнчлэн хүнээс бэлэн юм аваад сурсан ч  өгч сураагүй хүн бэлтгэгдээд байгаа учир нийгэмд эр хүн гэр бүлээ хэрхэн авч явж тэжээх, эхнэр хүн ямар үүрэгтэй байх юм гэдгийг мэдэхгүйд хүргэдэг.  Энэ нь эргээд халамж хүсэгчдийг бий болгоод байна уу даа гэсэн эмзэглэл төрүүлсээр байна. Манай улсын асрамжийн төвүүдэд хэрэгжүүлж буй бодлогын талаар энэ мэтчилэн харамсалтай судалгаа гарчээ. Нөгөө талаар халамж, асрамжийн төвийн хүүхдүүдэд халамж тусламжаас илүүтэйгээр олон нийттэй харилцах, амьдралын дадал туршлага олгох сургалт хэрэгтэй байгааг дээрх судалгаанууд баталж байна.
Тэгвэл өөр ямар шийдэл байж болох тухай  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн Хүүхэд хамгаалал, хөгжлийн газрын дарга Ц.Алтанзаяагаас тодруулахад “2016 оны дөрөвдүгээр улиралд манай улсад үйл ажиллагаа явуулж буй асрамж, халамжийн төвүүдэд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар улсын  асрамж халамжийн төв стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байна гэсэн дүгнэлт гарсан.

Харин цаашдаа бид төвлөрсөн асрамжийн газраас татгалзаж гэр бүлд суурилсан тусламж, халамжийн үйл ажиллагааг дэмжих ёстой юм байна гэдгийг олж харсан. Энэ хүрээнд эхний ээлжинд “Өнөр бүл” төвд гурван өрөө гаргаж гэр бүлийн орчинтой болгож төгсч гарсан ах, эгч нар нь хажуудаа дүүгээ аваад хамтран амьдрах хувилбар руу чиглүүлнэ. Асрамжийн төвүүдэд нэг айлын дөрвөн хүүхэд хүртэл хүмүүждэг. Мөн халамжийн төвд хамт амьдрах хугацаандаа төрсөн эгч, ах шиг нь болсон бие биендээ дассан хүүхдүүд бий. Тиймээс том нь дүү нараа асарч, өсгөх байдалд шилжүүлээд нэгээс хоёр өрөөнд гэр бүлийн орчин үүсгэх юм. Өмнө нь, асрамжийн төвд хийгээд өгсөн бэлэн хоолыг иддэг байсан бол гэр бүлийн орчин үүсгэж өөрсдөө хоолоо хийж, хувцсаа угаадаг, дүүгээ асардаг дүүгийнхээ хичээлийг зааж өгдөг болно” хэмээн ярилаа.

Дэлхий дахинд хүүхдийн халамж асрамжийн газраас аль болох татгалзаж, гэр бүлд суурилсан хувилбарт үйлчилгээ рүү шилжсээр байгаа гэнэ. Мөн улс орон бүр өөр өөрийн онцлогт тохируулан халамжийн бодлого хэрэгжүүлдэг. Тухайлбал, АНУ-д ихэвчлэн айл өрхүүдэд хүүхдүүдийг богино хугацаагаар амьдруулах боломжоор  хангаж өгдөг бол ОХУ хүүхдийг ажил хөдөлмөрөөр дамжуулан сургах төвлөрсөн үйлчилгээнээс татгалзах чиглэлд  орж байгаа гэнэ. Тэгвэл Франц улс тухайн хүүхдийг арьс өнгөний үзэлтэй хүүхэд болгохгүйн төлөө хүмүүжүүлэхэд анхаарал хандуулдаг байна.

 
Г.Ойнбаяр: Амьдрах ур чадвар амьдрах ухааны сургалтаар хэмжигдэхгүй

Дээрх асуудалтай холбогдуулан “Өнөрбүл” хүүхдийн төвийн Хүүхэд хөгжил хамгааллын хэлтсийн дарга Г.Ойнбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Таны судалгаанд асрамжийн төвүүдэд хүмүүжиж байгаа хүүхдүүд мөнгөн дэвсгэрт ялгахгүй, банкаар үйлчилгээ авах талаар анхны мэдлэг байхгүй гэх мэт зүйл дурдагдлаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Одоо хүмүүжиж байгаа хүүхдүүдээс амьдрах ур чадварын судалгаа авсан. Ингэхэд 14-өөс доош насны хүүхдүүд нь мөнгөн дэвсгэртийг ялгадаггүй, бараа бүтээгдэхүүний үнийн ялгааг ч мэдэхгүй байсан. Мөн банкаар үйлчлүүлэх нь “холын мөрөөдөл” мэтээр ярьж байсан. Иймээс олон нийттэй харилцах нийгмийн харилцаанд оруулж харилцах ур чадварыг эзэмшүүлэх шаардлагатай байгаа юм. Ядаж л ажил хийхдээ цалингаа хаанаас авах вэ гэдгээ мэддэг болгомоор байна.  Дээр нь гэр хороололд амьдрахгүй гэсэн сэтгэлгээтэй гарч байна. Амьдрах ур чадвар гэхээр амьдрах ухааны сургалтаар хэмжигддэггүй гэдгийг ойлгох ёстой. Төгсөөд юу хийж, хаана хэрхэн амьдардаг юм бэ. Энэ талаар төвийг төгссөн 20-26 насны залуустай бүлгийн ярилцлага хийж үзсэн. Ингэхэд бүх зүйл нь бэлэн байхад хичээлдээ шамдаж сурах минь яав даа гэсэн харамсал тээж явдгаа  олонхи нь хэлж байв. Түүнчлэн бэлэн юман дээр санаа зовох зүйлгүй өссөн болохоор мөнгөний үнэ цэнийг ч мэддэггүй байснаа дурдсан.

-Ер нь манай улсын асрамжийн бодлогод олон шинэчлэл хэрэгтэй гэдэг нь харагдаж байна л даа?
-Одоо “Өнөр бүл” төвд хүмүүжиж байгаа 153 хүүхдэд  сард 20-30 төрлийн мэдээлэл өгдөг. 2-3 газраас судалгаа авдаг. Энэ нь муугаар зүйрлэвэл хүнийг амьтны хүрээлэнд байгаа юм шиг үзүүлэн болгоод байна. Нэг хэсэг нь ирээд толгой сэгсрээд баахан юм яриад явна. Удалгүй ахиад өөр хүмүүс ирээд зөвлөгөө өгнө. Үнэндээ халамжийн байгууллага  ийм байж болохгүй. Тэгэхээр цаашид олон өөрчлөлт хийх ёстой болчихоод байна. Бас нэг бодит жишээ байна. Төгсч гарсан хүүхдүүдийг ажилд зуучилж оруулъя гэхээр энэ юм нь бэлэн үү, тэр нь байгаа юу гэж  асуудаг. Яг багш нар нь хоолыг нь бэлдэж өгдөг зарчмаар нийгэмд амьдрах гээд байх нь бий. Төвлөрсөн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн хүмүүжил төлөвшил доголдолтой байдаг. Очсон газраасаа  бүх зүйлээ хайдаг. Энэ байдал манайд 40 жил үргэлжиллээ. Төгсч гарсан хүүхдүүд маань  гудамжинд, шоронд хүртэл байна. Тэгэхээр бид ийм хүүхдүүд хүмүүжүүлээд байж болохгүй. Тиймээс хувилбарт үйлчилгээнд шилжүүлж дотор нь эргэлт хийх боломж бий гэдгийг л хэлээд байгаа. Мөн манайхыг төгсч байгаа хүүхдүүд амьдрал дээр ийм ийм чадвартай төгсөнө гэсэн шаардлага тавих хэрэгтэй.

-Асрамжийн төвөөр хүмүүжсэн хүүхдүүд гэр бүлийн хувьд хэр тогтвортой байдаг юм бэ?
-Төгсөн гарсан хүүхдүүд гэр бүлийн хувьд тогтворгүй, ажил эрхлэлт нь боловсролын байдлаас шалтгаалан өөр байна. Төгсөгчдийн тал хувь нь байнгын ажил эрхэлж байхад 49 хувь нь төлөвшөөгүй. Ийм болохоор бид анхаарал хандуулахаас өөр аргагүй. Түүнчлэн бага насны хүүхдүүдийг үрчлүүлэх боломж олгох хэрэгтэй. Хүүхдийн байгууллагууд үрчлэлтэд оролцдоггүй гэдэг.  Тиймээс  гэр бүлд хүүхдийг түр байршуулах зарчмыг судалъя. Гэр бүлтэй хүүхдүүдийн гэр бүлийг дэмжиж гэртээ өсөх боломжоор хангаж өгөх. Өнчрөлийг бий болгохгүйн тулд гэр бүлийн амьдралаа сайжруулсан хойноо хүүхдээ авах боломжтой болгох ёстой. Энэ хооронд төрөөс хүүхдийг нь асарч хамгаалдаг байх систем байдаг.

0 Сэтгэгдэл
8 цаг харахдаа элдвээр хїїхэд хэлж дарамтлаад байхад чинь насанд хїртэл нь харахад хар элгийн хїмїїс аав ээж ах дїїг нь орлож чадахуу.....................?
Хамгийн их уншсан