Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрсдэлийг эргүүлэх хүч актив удирдлагын компани

Т.ЭРДМАА

Монгол Улсын санхүүгийн салбар зөвхөн банкны системд дээр тогтдог гэж хэлж болно. Учир нь, энэ салбарын 95.6 хувийг банк эзэлж буй юм. Сүүлийн жилүүдэд эдийн засаг хямарч тус салбарт ид шидээ үзүүлж эхлээд байгаа. Банкны орлогын эх үүсвэрийн нэг нь зээл олгох. Гэтэл өнөөдөр арилжааны банкууд зээлээ хумьж, хүүг нь өсгөсөн. Учир нь урд нь гаргасан зээлүүдийнх нь чанар муудах хурдац нэмэгдсэн билээ. Нэг ёсондоо иргэд, аж ахуйн нэгжүүд зээлээ хугацаанд төлж чадахгүйд хүрсэн. Иймд нэмж зээл олгох тусам зардал нь өсч ашиг нь буурхад хүрсэн аж. Арилжааны банкууд нийт 11.7  их наяд гаруй төгрөгийн зээл аж ахуйн нэгж иргэдэд олгоод байгаа. Энэ зээлийн 1.1 их наяд төгрөг нь чанаргүй гэсэн ангилалд ороод байна.

Нөгөө талаар Төв банкны бодлогын хүү өссөн тул түүнд зээлд гаргах байсан мөнгөө хадгалуулж амь зууж буй юм. Мөн харилцах, хадгаламжийн өсөлт саарсан байна. Эдгээр шалтгааны улмаас банкууд харьцангуй өндөр хүүтэй, хөрвөх чадвар сайтай Төв банк болон Засгийн газрын бондод мөнгөө байршуулж эхэлсэн. Монголбанкнаас гаргасан Санхүүгийн тогтвортой байдлын тухай тайланд дурдсанаар өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар банкуудын худалдаж авсан төв банкны богино хугацаад үнэт цаасны үлдэгдэл 71.9 хувиар өсч, 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь арилжааны банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварт сөрөг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, харилцагч “бэлэн мөнгө авъя” гэхэд маргааш, нөгөөдөр, хэд хоногийн дараа ир. Одоо мөнгө алга гээд суухгүй байх нөхцөлийг хэлж буй билээ.

Тэгэхээр бизнесүүд хямралын хүйтэн шуурганд царцаж иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого буурч, зээлээ хугацаанд нь төлөхөд хэцүүхэн болов.  Өөрөөр хэлбэл, дээрх хэмжээний төгрөг хямрал гэсэн хаягтай сейфэнд түгжигдсэн гэсэн үг.  Энэ сейфний түгжээг мулталж, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах арга нь Актив удирдлагын компани хэмээн эдийн засагчид хэлж буй юм.

Монголбанкнаас Актив удирдлагын компанийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж буй. Үүнд, Азийн хөгжлийн банк техникийн зөвлөмж өгч байгаа. Олон  улсын туршлагаар ийм компани өөрийн гэсэн тусдаа хуультай, банкны тухай хуульд нь холбогдох тусгай заалтууд тусгаж өгсөн байдаг. Актив удирдлагын банкны нэг үүрэг  нь хүндрэлд орсон банк санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээлийг худалдаж авах, удирдах явдал юм. Товчхондоо зээл чөлөөлөх үүрэг хүлээнэ гэсэн үг.  Мөн хувь эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас, авто машин болон бусад актив худалдан авах боломжтой.

Олон улсад ийм Актив удирдлагын компанийг тодорхой хугацаатай байгуулдаг туршлага бий. Нэг ёсондоо банк санхүүгийн байгууллагууд хямралт байдлаас гарах хүртэл хугацаанд ажиллуулж эдийн засаг сэргэхэд үйл ажиллагаа нь зогсдог байна. Үүнээс гадна байнгын ажиллагаатай Актив удирдлагын компанитай улс орон ч бий. Ялангуяа манай улс шиг хөгжиж буй орнууд байнгын ажиллагаатай байлгах сонирхол их байдаг. Учир нь, чанаргүй зээлийг шийдвэрлэх асуудал нэлээд цаг хугацаа шаарддаг. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хямрал үе үе тохиож байдагтай холбоотой. Зарим улс орон актив удирдлагын компанийг хувийн хэвшилтэй хамтран байгуулах нь ч бий. Жишээ нь Ирланд төрийн мэдэлд 49, хувийн хэвшил 51 хувийн оролцоотой банк байгуулж байжээ.

Нэгэнт эрсдэл үүрэн ажилладаг тул Актив удирдлагын компанийн засаглал сайн байх учиртай. Иймд  Актив удирдлагын компанийн удирдлагын хороо зайлшгүй байх ёстой. Энэ хороонд Сангийн яам, Хадгаламжийн даатгал, хараат буй ашиг сонирхолын зөрчилгүй төлөөлөл, зөвлөхүүд багтдаг аж.  Мөн аудит болон санхүүгийн хяналт шалгалт жилд нэг удаа хийдэг байна. Зарим улс орон Актив удирдлагын компани байгуулахдаа төрөөс 100 хувь санхүүжүүлжээ. Тухайлбал, Индонез, Япон, Тайвань юм. Харин Өмнөд Солонгос, Малайз, Тайланд 0.6-20 хүртлэх хувийг нь төрөөс санхүүжүүлдэг туршлага байгаа. Гэхдээ манай улс ямар байдлаар Актив удирдлагын компани байгуулах нь одоогоор тодорхойгүй, судалгааны шатандаа явна. Монголбанк энэ онд хэрэгжүүлэх төрийн мөнгөний бодлогодоо ийм компани байгуулна хэмээн тусгаад байгаа. Өнөөдөр чамгүй хэмжээний мөнгө чанаргүй зээлд түгжүүлсэн арилжааны банкууд Актив удирдлагын компани аль болох богино хугацаанд байгуулаасай хэмээн хүлээж сууна. 

Харин эрсдэл үүнийг хүлээхгүй. Сар, улирлаар уяагаа чангалж буй гэдгийг төр засгийн удирдлагууд ойлгох хэрэгтэй юм. Иймд банк, санхүүгийн салбарт бодитоор учирч буй болон учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд хурдан ажиллах нь чухал болоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан