Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ашигт малтмалын үнэ найдвар төрүүлж эхлэв


Т.ЖАНЦАН

Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд нэг хувиар өсөв. Энэ нь Дэлхийн банк, ОУВС-гийн эдийн засагчдын тооцоолж байснаас арай өндөр болох нь. Гэвч өнгөрсөн оны эхэнд эдийн засгийн өсөлт 3.1 хувьтай гарч байсан. Иймд эдийн засгийн өсөлт хамгийн доод цэгтээ хүрсэн хэмээн зарим судлаач хэлж буй. Харин энэ онд гурван хувь хүртэл өсөх боломж бий гэж үзэж байгаа эдийн засагч цөөнгүй.

Манай улсын экспортын бүтээгдэхүүний гол худалдан авагч Хятад. Гэтэл тус улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд саарч байна. Мөн АНУ, Европын холбооны улсуудын эдийн засаг ч таагүй байгаа.

Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ уналтын байдалтай байгаа билээ. Гэвч энэ онд ашигт малтмалын үнэ өсөх төсөөлөл судлаачид хийсэн. Энэ онд дэлхийн эдийн засаг 3.4 хувиар өсөх төлөв гарлаа.

Судлаачид газрын тосны үнэ хямдхан байгаа нь АНУ, Евро бүсийн эрэлтийг өсгөнө. Гэхдээ эдийн засгийн өсөлт нам түвшинд хэвээр байна хэмээн үзжээ. 

Тэгвэл манай улсын экспортын бүтээгдэхүүн гол худалдан авагч Хятадын эдийн засаг өнгөрсөн онд 6.5 хувиар өссөн. Судлаачдын үзэж буйгаар тус улс эдийн засгаа тэлэх бодлого хэрэгжүүлж Засгийн газрын хэрэглээ, жижиглэн худалдаа, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжиж буй. Энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн. Гэвч үйлдвэрлэлийн  салбарын хөрөнгө оруулалт саарсан нь эдийн засгийн өсөлт буурахад нөлөөлжээ. Судлаачид Хятадын эдийн засагт тулгамдаж байгаа нэг асуудал нь хурдацтай өсөн нэмэгдэж байгаа өр гэж үзжээ. Хятадын өр өнгөрсөн оны хоёрдугаар улиралд  ДНБ-ий 250 хувьтай тэнцсэн байна. Гэвч тус улсын эрх баригчид өрийн асуудал нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгдсэн. Харин олон улсын эдийн засгийн шинжээчид Хятадын хувийн хэвшлийн өр ДНБ-ий 145 гаруй хувийг эзэлж байгаа нь компаниуд өрийн хямралд өртөх, чанаргүй зээлийн хэмжээ эрс нэмэгдэх, цаашлаад банкны системд тогтворгүй байдал үүсгэх эрсдэл бий хэмээн анхааруулж байгаа юм. Энэ бүгдээс үзэхэд энэ онд дэлхийн эдийн засагт онцын өөрчлөлт гарахгүй нь. Харин ашигт малтмал, түүхий эдийн үнэ ханш ямар байх төсөөлөл гарч байгаа вэ.  


Зэсийн эрэлт нэмэгдэнэ

Хятад дэлхийн хэмжээнд жилд борлуулж буй  зэсийн нийт хэрэглээний 50 хувийг худалдан авдаг. Нэг тонн цэвэр зэсийн дундаж үнэ өнгөрсөн оны эхний хагас жилд 5560 ам.доллар байв. Гэтэл оны төгсгөлд 5960 ам.доллар болж өслөө. Үнэ өсөхөд дэлхийн зах зээлд зэсийн нийлүүлэлт буурсан явдал мөн нөлөөлжээ. Хятад  өнгөрсөн оны эхний хагас жилд 2076.8 мянган тонн цэвэршүүлсэн зэс импортолжээ. Харин  оны сүүлийн хагаст зэсийн импорт нь  25 хувиар буурч 1552.5 мянган тонн болсон байна. Энэ нь тус улсын эдийн өсөлт сул, дотоодын эрэлт хумигдсан гэж судлаачид дүгнэлээ. Цаашид эдийн засгийн өсөлт сул байх төлөвтэй ч тус улсын зэсийн импорт буурсан, эрчим хүч, нүүрс олборлолтоо бууруулсан нь зарим метал, зэсийн үнэ өсөхөд нөлөөлжээ. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч ирэх жилүүдэд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхээ зарласан нь зэсийн үнэ сэргэхэд нөлөөлсөн. Гэвч энэ онд  зэсийн үнэ огцом өсөх хандлага төдийлэн бүрдээгүй байна. Гэхдээ  АНУ, БНХАУ-ын зэсийн эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа нь зах зээлд зэсийн үнэ өсөх хүлээлтийг бий болгожээ.  Энэхүү хүлээлтээс үүдэлтэй нийлүүлэлт нэмэгдсэн тохиолдолд зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр огцом өсөхгүй байх магадлалтай гэж судлаачид дүгнэж байгаа юм. Түүнчлэн АНУ-ын зэсийн хэрэглээ харьцангуй бага бөгөөд дахин боловсруулсан зэсийг ихээр хэрэглэдэг тул эрэлтийг хэт өндрөөр үнэлэхгүй байхыг судлаачид зөвлөж байна.  Манай улс экспортод гарч буй зэсийн үнийг энэ сард 5736 ам.доллар байхаар тооцсон. Ирэх сарын үнэ ч үүнээс буурахгүй байх төлөв ажиглагджээ.


Нүүрсний үнийн өсөлт зургаан сарын настай

Австралийн нэг тонн коксжих нүүрсний үнэ Хятадын зах зээлд өнгөрсөн оны сүүлчээр 230 ам.доллар болов.  Коксжих нүүрсний үнэ ийнхүү өсөхөд Хятадын Засгийн газраас зарим ашиггүй ажиллаж байгаа уурхайг хаах, уурхайн ажиллах цагийг бууруулах шийдвэр гаргасан нь нөлөөлсөн. Гэвч тус улсын Засгийн газар уурхайн ажиллах цагыг уртасгах шийдвэрээ түр зуур зогсоогоод байгаа. Иймд нүүрсний уурхайнууд нь одоогоор цагийн хуучин хуваариараа ажиллаж буй юм. Үүнээс гадна нүүрсний олборлолтоор тэргүүлдэг  Шанси мужид өнгөрсөн зун үер буусан нь үнэд шууд нөлөөлсөн билээ. Хятад импортын нүүрсэнд татвар ногдуулах шийдвэр гаргаад байгаа. Иймд Австрали, ОХУ энэ татварыг тэглэх гэрээ хэлцэл хийж байна. Энэ нь  ч бүтэмжтэй болжээ. Олон улсын шинжээчид нүүрсний үнийн өсөлтийг түр зуурын шинжтэй, ирэх зургаан сарын хугацаанд буурч болзошгүй хэмээн үзэж байна. Тэгвэл манай улс экспортод гарч буй боловсруулаагүй нүүрсний жишиг үнийг одоогоор 58-127 ам.доллар хэмээн тогтоогоод байгаа юм. Хэрэв боловсруулсан бол 100-141 ам.доллар байна. Манай улс энэ онд 23 сая тонн нүүрс экспортлох төлөв бий.


Дэлхий нийт алтыг шүтэж байна

Алтны үнэ тогтвортой өссөөр. Нэг унци алт өнгөрсөн оны эхний улиралд 1098 ам.доллар байв. Ингээд тасралтгүй өссөөр  долдугаар  сард хамгийн өндөр түвшинд буюу 1339 ам.долларт хүрсэн.  Гэвч эдүгээ 1200 орчим ам.долларт хэлбэлзэж байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт саарсан, хямрал арилаагүй, Евро бүсийн улс төр нийгмийн тогтворгүй байдал зэргээс шалтгаалж алтны үнэ өснө гэсэн хүлээлт давамгайлж байна. Өөрөөр хэлбэл, хөрвөх чадвартай хамгийн найдвартай санхүүгийн хэрэгсэл нь өнөөдөр алт боллоо. Манай улс энэ онд алт олборлолтоо нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа. Ингээд “Алт-2” хөтөлбөр энэ оноос хэрэгжүүлэх болсон. Иймд 25 орчим тонн алт олборлох төлөв бий. Монголбанкинд тушаасан алт сүүлийн арван жилд хамгийн өндөр хэмжээнд хүрсэн. Тухайлбал, Монголбанк 17.6 тонн алт  худалдан авчээ. Энэ өнөөгийн үнэ цэнээр 680 орчим сая ам.доллартай тэнцэнэ.

Өөрөөр хэлбэл, энэ хэмжээгээр валютын нөөц нэмэгдсэн гэсэн үг.  Монголбанкинд алт тушаах сонирхол эрс нэмэгдсээр. Жишээ нь, 2013 онд давхардсан тоогоор 1449 аж ахуйн нэгж, гурван иргэнээс алт худалдан авч байж. Тэгвэл  эдүгээ давхардсан тоогоор 2026 иргэн , 1858 аж ахуйн нэгж алт тушаажээ. Алт тушаалт ийн нэмэгдсэн нь

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж  “Монголбанк түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээг 0 хувьтай тэнцүү” байхаар тусгасан явдал нөлөөлсөн хэмээн дүгнэж буй юм.


Энэ онд 1.1 сая тонн газрын тос экспортолно

Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд унаад эргээд сэргэж байна. Брент маркийн газрын тосны үнэ өнгөрсөн оны эхний хоёр улиралд нэг баррель нь дунджаар 35-47 ам.доллар байсан. Харин гуравдугаар улиралд 8.7 хувиар өсч  51.1 ам.долларт хүрсэн юм. Харин оны сүүлчээр Газрын тос экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн гишүүн улсууд олборлолтоо бууруулах тохиролцоонд хүрсэн билээ. Энэ нь газрын тосны үнэ өсөхөд голлон нөлөөлж байна. Тус байгууллагаас газрын тосны үйлдвэрлэлийг энэ оны эхний хагас жил хүртэл  олборлолтоо өдөрт  32.5 сая баррелиар бууруулаад байгаа юм.

Харин эрэлт талаас нь авч үзвэл буурах хандлага бий. Учир нь Хятад, Энэтхэг улс газрын тосны томоохон хэрэглэгч. Эдгээр улс  газрын тосны нийт хэрэглээний дөрөвний нэгийг бүрдүүлдэг.

Тэгэхээр нэг баррель газрын тосны үнэ энэ онд 45-75 ам.доллар хэлбэлзэнэ хэмээн судлаачид үзэж байна. Манай улс жилд нэг сая гаруй тонн газрын тос олборлож Хятадад экспортолдог. Одоогоор газрын тосны эрэл хайгуул хийх 32 талбай ялгаад байгаа. Үүний 21 талбайн хөрөнгө оруулагч нартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Монгол Улсын хэмжээнд 1996-2015 онд 35.5 сая баррель буюу 4.8 сая тонн газрын тос олборлосон дүн бий. Ингээд газрын тосны орлогоос улсын төсөвт 952 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Өнгөрсөн онд л гэхэд найман сая баррелль буюу нэг сая тонн газрын тос экспортолж улсын төсөвт 134 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ онд мөн хэмжээнээс буурахгүй гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдээд байгаа. Энэ онд Тосон-Уул XIX талбайд 210 сая ам.доллар, Тамсаг XXI талбайд 231 сая ам.доллар, БХГ-97 талбайд 11 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус хийж, 1.1 сая тонн тос олборлож экспортлох төлөвлөгөө бий. Ингээд  улсын төсөвт 188 тэрбум төгрөг төвлөрүүлэх ажээ.

0 Сэтгэгдэл
Яаж ч нэмэгдээд дээдсүүд гадаадынхантай хуваагаад идчихээр улс ард иргэд ядуураад баялаг нь хомсдоод байдаг гайтай учирсан болохоор хэцүү байна.
Хамгийн их уншсан