Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гурван жилийн хугацаанд 5.5 тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирэхээр болов


-Үүний 440 сая ам.долларыг ОУВС өгч, давхар төсвийн хяналт тавина-

Б.ШИРНЭН

Засгийн газар, Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хамтарсан ажлын хэсэг өчигдөр мэдээлэл хийж, Монгол Улсад “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болсон гэж зарлалаа. Шийдвэрийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөл баталгаажуулдаг ч “...Эрх баригчид урьдчилсан нөхцлөө биелүүлбэл ОУВС-гийн Захирлуудын зөвлөл энэ гэрээ, хэлэлцээрийг ямар нэг асуудалгүй баталгаажуулна” гэж манай улсад ажиллаж буй ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Коши Матай хэллээ.

ОУВС-гийн ажлын хэсгийнхэн энэ сарын 1-19-ний хооронд Улаанбаатар хотод ирж, ажилласан бөгөөд 314.505 сая зээлжих тусгай эрх (Монгол Улсын квотын 435 хувь) буюу ойролцоогоор 440 сая ам.долларын гурван жилийн хугацаатай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр Засгийн газартай бүрэн тохиролцсон байна. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон, БНСУ зэрэг олон улсын түншүүд энэ хөтөлбөрийг дэмжихээ мэдэгдсэн бол өчигдөр БНХАУ-ын Ардын банк “Монголбанкинд нээсэн 15 тэрбум юанийн своп хэлэлцээрээ дахин гурваас доошгүй жилээр сунгах боломжтой” гэж Монголбанкинд албан ёсоор мэдэгджээ. Ингэснээр хөтөлбөрийн нийт гадаад санхүүжилт 5.5 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарчээ. Манай улсын “Extended Fund Facility” хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг ирэх сард ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр ярилцах бөгөөд үүнээс урьтаж, Монгол Улс урьдчилсан нөхцлөө биелүүлэх, мөн олон улсын түншүүд санхүүжилт олгоно гэх баталгаа гаргах ёстой юм байна.

Хөтөлбөрт хамрагдсанаар юу болох вэ?
Бид хөтөлбөрт хамрагдсанаар гурван үндсэн бодлого хэрэгжүүлэх ёстой болж байна.
Энэ нь:
1.    Төсвийн бодлого
2.    Мөнгөний бодлого
3.    Банкны салбарын бодлого юм.
Харин ирэх сард ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр “Extended Fund Facility” хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг хэлэлцэхээс өмнө:
1.    Монгол Улсын 2017 оны төсөвт тодотгол хийх
2.    Монголбанк ипотекийн хөтөлбөрт санхүүжилт гаргахгүй байх, шинээр гарах зээлийн хүүгийн зардлыг улсын төсвөөс хийх
3.    Монголбанк төсвөөс гадна, төсвийн шинж чанартай үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй байх ёстой болж байна.
 
Хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг дараах байдлаар гарна гэж тооцжээ

Засгийн газар, УИХ-ын явуулж буй үйл ажиллагаа болон одоогийн төсөвт өөрчлөлт оруулахгүй гэж тооцвол, ОУВС-гийн ажлын хэсгийнхний тооцсоноор төсвийн алдагдал 2017 онд 14.2 хувьтай, 2018 онд 14.3, 2019 онд 11.1 хувь байхаар гарчээ. Харин ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар энэ оны төсвийн алдагдлыг 3.4 хувь, 2018 онд 6.4 хувь, 2019 онд 6 хувиар төсвийн алдаглыг сайжруулахаар тооцлоо. Өрийн тогтвортой байдал нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах үндсэн шаардлага тул төсвийн алдлагдлыг бууруулах зайлшгүй болзол тавигдаж, төсвийн тодотгол хийхээр болж байгаа юм. Гэхдээ төсвийн алдагдлыг бууруулахын тулд төсвийн орлого нэмэгдүүлэх хэрэгтэй тул Засгийн газар хэд, хэдэн татварын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.

НЭМЭГДЭХ ТАТВАРУУД
Нэгдүгээрт, Шатахууны олборлолт багассанаас үүдэн 2016 он гарсаар манай улсын Засгийн газар шатахууны онцгой албан татварыг гурван удаа бууруулсан. Тэгвэл 2017 оны долдугаар сарын 1-нээс эхний удаад бууруулсан шатахууны онцгой албан татварын хөнгөлөлтийг буцаахаар болж байна. Ингэснээр өмнө нь хөнгөлж байсан тонн тутамд нь 260-520 мянган төгрөгийн хөнгөлөлт байхгүй болох юм. Мөн 2017 оны аравдугаар сараас өмнө хоёр, гурав дах удаагийн хөнгөлөлт үзүүлсэн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож, онцгой албан татварыг нэмэхээр боллоо.

Хоёрдугаарт, Хувь хүний орлогын албан татварыг шатлалттай болгох юм байна. ОУВС-гаас  орлогын хэмжээнээс шалтгаалж, 10, 15, 20 хувийн татвар авах шаардлагатай гэж үзжээ. Тиймээс Засгийн газар холбогдох хуульд өөрчлөлт оруулж, татварын хэмжээг өсгөх юм байна. Гэхдээ одоогийн мөрдөгдөж байгаа хуульд жилд 84 мянган төгрөгийн орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлдөг. Тиймээс татвар нэмж буйтай холбогдуулан энэ хөнгөлөлтийг 120, 160, 200, 240 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр болжээ.

Гуравдугаарт, Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байна. 2018 онд 2 хувиар, 2019 нэг хувиар, 2020 онд 2 хувиар нийт таван хувиар нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх юм байна. Ажилтан 10, ажил олгогч 10 хувийг төлдөг байсан бол 2018 онд аль, аль нь 12, 12 хувийн татвар төлөх болно гэсэн үг юм.

Дөрөвдүгээрт, Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар нэмэгдүүлэх гэж байна. Хэрвээ, цилиндрын багтаамж нь 4501-с илүү бол насжилтаас нь хамаарч 40-250 хувиар татвар нэмэгдүүлэхээр болжээ.

Тавдугаарт, Согтууруулах ундаа болон тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлнэ. 2018 онд тус бүр нь 10 хувиар нэмэгдүүлэх бол 2019 болон 2020 онд тус бүр 5 хувиар албан татварыг нь нэмэгдүүлэхээр болжээ.

Зургаадугаарт, Иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахаар боллоо. Энэ асуудлыг өмнө нь УИХ-аар хэлэлцэж, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хадгаламжийн хүүгийн орлогоос хувь хүний албан татвар авахаар болсон. Харин ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаа тул хуулийн хэрэгжих хугацааг наашлуулж, энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс татвар авахаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна.

Долдугаарт, Импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэгдүүлэхээр боллоо. Манай улс дэлхийн худалдааны төвтэй импортын тамхины гаалийн албан татварыг 5 хувь байхаар тохирсон байдаг. Харин одоо энэ хувийг 30 хувиар нэмэгдүүлж, өсгөх юм байна.

Наймдугаарт, Татварын орлогын удирдлагыг сайжруулж, татвар хураах, орлогоо нэмэгдүүлэх чиглэлд ажиллах юм байна. Энэ асуудалд ОУВС-гаас оролцож, хяналт тавих юм.

ХАСАГДАХ ЗАРЛАГУУД

Татвар нэмэгдүүлж буйн эсрэг талд зарлагаа хянах асуудал мөн бий. Энэ хүрээнд хэд, хэдэн асуудлаар тохиролцсон бөгөөд Засгийн газар, УИХ цаашид нийгмийн халамжид чиглэсэн бодлогоо багасгах бололтой.

Тухайлбал:

Нэгдүгээрт, Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын нэгдсэн тендер зарлаж, 10 орчим хувиар өртгөө танахаар болжээ.

Хоёрдугаарт, Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхээр боллоо. Эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2026 онд 65, эмэгтэй хүнийг 2036 оноос 65 наснаас тэтгэвэрт гаргах юм байна. Ингэхдээ эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг жилд зургаан сараар, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг жилд зургаан тус бүр нэмэгдүүлэх аж. Тэтгэврийн насны судалгааг гаргаж, дээрх шийдвэрт хүрсэн гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ.

Гуравугаарт, 2018 он хүртэл цалингийн зардал нэмэх боломжгүй гэж мэдэгдлээ.

Дөрөвдүгээрт, Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох шийдвэр гаргах юм байна. Өнөөдрийн байдлаар нийт хүүхдийн 60 хувьд хүүхдийн мөнгө олгож, 40 хувьд нь 2019 онд бэлнээр олгохоор ажиллаж байгаа билээ. Гэвч, ОУВС хөтөлбөрт хамрагдахын тулд заавал 60 хувийг 40 хувь болгох шаардлагатай гэж үзсэн байна. Энэ талаар “60-с 40 хувь болгож бууруулсан ч гэсэн зөрүүнд нь гарч буй 20 хувийг бид төсвийн орлого болгож авахгүй. Харин ОУВС-гаас 20 хувьтай дүйх хэмжээний мөнгийг ядуу бүлэгт байгаа хүүхдүүдэд хоолны талон болгож олгох саналтай байгаа” гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ.

Тавдугаарт, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өнгөрсөн есдүгээр сард оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгохоор болжээ. Энэ заалт нь цэргийн байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан цэргийн алба хаагчид орон сууцын дэмжлэг үзүүлнэ гэсэн байдаг. Хэрвээ, ийм дэмжлэг үзүүлж чадахгүй бол орон сууцны түрээсийг төрөөс даана гэсэн байдаг юм. Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлж эхэлбэл, төсөвт 10-с дээш тэрбум төгрөгийн дарамт учрах юм байна. Тиймээс дээрх заалтыг хүчингүй болгох чиглэлтэй ажиллах юм байна.

Цаашид төсвийн зардлыг УИХ-аар нэмэгдүүлдэг байдлыг өөрчлөхийн тулд төсвийн зөвлөл байгуулахаар болжээ. Энэ нь УИХ-тай зөвшилцөж, Засгийн газрын өргөн барьснаас төсвийг нэмэгдүүлэхгүй байх, хэрвээ нэмэх бол өөр зардал хасах гэх мэтээр Засгийн газраас өргөн барьсан нийт дүнд өөрчлөлт оруулахгүй байх чиглэлээр ажиллах аж.

Коши Матай: 2009 оноос 20 дахин их хэмжээний санхүүжилт олгоно

ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч

Бид “Extended Fund Facility” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрлээ. Энэ гурван жилийн хугацаанд үргэлжилнэ. ОУВС-гийн зүгээс 440 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээл олгоно. Япон, Солонгос, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэх мэт хоёр талт болон доноруудаас нийт гурван тэрбум ам.долларын санхүүжилт авах боломж бүрдсэн. Ингээд хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын санүүжилт бий болж байна. Харьцуулж хэлэх юм бол 2009 онд хэрэгжиж байсан ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 300 сая ам.доллар хүрэхгүй хэмжээний санхүүжилт байсан бол түүнээс 20 дахин их хэмжээний санхүүжилт орж ирнэ гэсэн үг.

Өнөөдрийн зарлаж байгаа тохиролцоо бол ОУВС-гийн ажлын хэсгийн түвшинд хүрсэн тохиролцоо. Энэ тохиролцоог баталгаажуулахын тулд олон талт болон хоёр талт байгууллагуудаас албан ёсны баталгаа гаргуулж авах ёстой. Мөн ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурал болох хүртэл Монгол Улсын Засгийн газар урьдчилсан арга хэмжээ буюу 2017 оны төсөвт тодотгол оруулах, банкны салбарт хийх ёстой үнэлгээний процессыг эхлүүлэх, Монголбанкинаас санхүүжүүлдэг төсөвтэй адилтгах үйл ажиллагааг зогсоох гэсэн ажлыг хийх шаардлагатай. Монголын талаас эдгээр нөхцөл шаардлагуудаа биелүүлэх, хэрэгжүүлээд эхэлсэн тохиолдолд ирэх гуравдугаар сард ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж, шийдвэр гаргана гэж бодож байна. Монгол гэлтгүй олон улсад төсвийн бодлого тэлэх байдлаар хэрэгжсэнээр төсвийн алдагдал хүлээдэг. Бид энэ асуудлыг шийдвэрлэх байдлаар ажиллаа. Төсвийн бодлогийг цэгцлэхийн тулд Засгийн газар олон ажил эхлүүллээ. Эхний ээлжинд төсвийн алдагдлыг бууруулах арга хэмжээ авлаа. Гэхдээ танай Засгийн газар нийгмийн халамжид гарч байгаа зардлыг ямар нэг байдлаар бууруулахгүй байх зарчим баримталж байсан. Үүнийг бид дэмжсэн. Жишээ нь, хүүхдийн мөнгөний тодорхой хувийг танж байгаа ч, түүнийг төсөвт суулгахгүйгээр эмзэг бүлэгт байгаа хүүхдүүдэд зарцуулахаар болсон.

Мөн Хөгжлийн банкны тухай хуулийг баталж, эмх цэгцэнд нь оруулж өгсөн. Цаашдаа цэвэр зах зээлийн зарчмаар ажиллах байх. Монголбанк дан ганц Мөнгөний бодлогийн хэрэгжилтэд анхаарлаа хандуулж, үнийн тогтвортой байдлыг хангах гэсэн ганцхан гол үүргээ гүйцэтгэнэ. Түүнээс гадна Засгийн газар төсвийн сахилга батыг бэхжүүлэх арга хэмжээ авах гэж байна. Нэгэнт боловсруулсан төсвийг өөрчлөхгүйгээр баталдаг бодит хэрэг болгодог тогтолцоо тогтох байх гэдэгт найдаж байна.

0 Сэтгэгдэл
butcaaj yaaj tulnuuu?
Хамгийн их уншсан